Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2022/00504

 

 

 

 

 

 

 

        2022         03        15

 181/ШШ2022/00504

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт байрлах, “Б” ХХК -ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Э.Г-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 4.977.982 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:  

                                           

1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь Э.Гт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4.977.982 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Б” ХХК нь иргэн Э.Гтэй 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 2018/ТМБА04 тоот “Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээ” байгуулан хамтран ажиллаж байсан.  Гэрээний дагуу хариуцагч УБИДт байрлах өөрийн dreamland тоглоомын дэлгүүрээр манай тоглоомыг худалдан борлуулж, борлуулсан дүнгийн 20 хувийг хариуцагч авдаг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд хариуцагч 5.022.386 төгрөгийн өртэй гарсан. Хариуцагчийн зүгээс манайд сар бүр тогтмол 100.000 төгрөгөөр төлөх хүсэлт ирүүлж байсан ч тухайн авлага барагдуулах явц удаашралтай байгаа. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдэл 4.22.386 төгрөг байсан. Ковидын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төлбөр тооцооны үлдэгдлийг биечлэн уулзан баталгаажуулах боломжгүй, онлайнаар имэйлээр баталгаажуулж ирсэн. Иймд Э.Гээс үндсэн төлбөр 4.222.386 төгрөг, алданги 1.055.596 төгрөг, нийт 5.277.982 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр өглөөний байдлаар хариуцагч төлбөрөөс зарим хэсгийг төлж, үлдэгдэл 3.922.386 төгрөг болсон байх тул манай зүгээс энэ хэмжээгээр шаардлагаа багасгаж байна. Хариуцагч цар тахлын улмаас хүндрэл үүссэн, тоглоомын дэлгүүр хаагдсан гэж тайлбарлаж байх боловч манайх 2018 онд тоглоом нийлүүлсэн, цар тахлаас өмнө мөнгийг төлөх бүрэн боломжтой байсан тул алдангиа дэмжиж байна. Иймд үндсэн төлбөр 3.922.386 төгрөг, алданги 1.055.596 төгрөг нийт 4.977.982 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 3.922.386 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алданги 1.055.596 төгрөгийг эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Э.Г миний бие “УБИД” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 61 мкв талбайг түрээслэн “Дриймланд” 4015 кодтой хүүхдийн тоглоомын дэлгүүрийг хувиараа ажиллуулан 5 жил тасралгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2015 оноос эхлэн “Б” ХХК-тай хамтран ажиллаж 4 жилийн хугацаанд ойролцоогоор 100.000.000 төгрөгийн борлуулалтыг хийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Хамгийн сүүлд гэрээг шинэчилж 2018 онд хийсэн. 2019 онд эхний хагас жилд УБИДийн түрээс урьдчилан мэдэгдэлгүйгээр 25 хувиар нэмэгдэж түрээсийн зөрүү, барьцааны зөрүүг төлүүлж түрээслэгч миний биед санхүүгийн гэнэтийн хүндрэл учирсан хэдий ч “Б” ХХК-д 8.372.386 төгрөгийн үлдэгдлийг график гарган төлж байсан. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын эхээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн корона вирус илэрч, тус вирусийн халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолыг гарган хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү тогтоолын 7 дугаар зүйлд “Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслан болон тоглоомын газруудыг ажиллуулахгүй байх, кино, үзвэрийн газарт 18 наснаас доош насны хүүхдийг оруулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай” гэж заасан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамж гарч бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, хүүхдийг олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явах үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох холбогдуулан манай дэлгүүрийн үйл ажиллагаа доголдсон. Манай дэлгүүр 100 хувь хүүхдээс хамаарсан үйлчилгээ явуулдаг тул цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж худалдааны зөвлөхийн цалингаас давахгүй орлоготой болж, сарын орлого 90 хувиар буурсан. Онц байдал зарласан төр засгийн шийдвэр хэзээ цуцлагдах нь тодорхойгүй энэ цаг үед манай дэлгүүр ямар ч орлогогүй болж, бүрэн алдагдалд орон түрээсийн өрөнд орсон тул УБИДийн зүгээс үлдэгдэл барааг хураан авч эргэлтийн хөрөнгөгүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөр түрээсийн гэрээг дуусгавар болгон үйл ажиллагаа бүрэн зогссон. “Б” ХХК-д графикийн дагуу төлж байсан 5.022.386 төгрөгийн үлдэгдлийг харилцан тохиролцон сар бүр 100.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тооцоо нийлсэн актыг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үйлдсэн. Үүнээс төлөлт хийгдсээр 2022 оны 02 дугаар сарын байдлаар 3.922.386 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Миний бие эрхэлсэн ажилгүй бага насны 2 хүүхдээ харан гэртээ байдаг тул энэ байдлыг маань харгалзан орлогын эх үүсвэртэй болтол тус компанитай тооцоо нийлсэн актын дагуу сар бүр үндсэн төлбөрөө барагдуулах хүсэлтэй. Үлдэгдэл 3.922.386 төгрөгийг төлнө. Харин алдангийг чөлөөлж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгох итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах, хамтран ажиллах гэрээ”, “Б” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, “Б” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 462 тоот төлбөр нэхэмжилсэн албан бичиг, Э.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, цахим мэйлээр харилцсан захидлын зураг хуулбараар, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн акт, алданги тооцсон тооцоолол,  Э.Гийн “Б” ХХК-д гаргасан хүсэлт хуулбараар, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх тооцоо нийлсэн акт, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг баримтаар ирүүлжээ. /хх 4-21/

Хариуцагчаас нотлох баримтаар: , Э.Гийн “Б” ХХК-д гаргасан хүсэлт хуулбараар, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн акт хуулбараар тус тус ирүүлжээ. / хх 34-35/

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Э.Гт холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5.277.982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.  Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4.977.982 төгрөг болгон багасгаж байх тул шүүх энэ хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.  

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний дагуу худалдан борлуулсан барааны төлбөрийг төлөөгүй тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.922.386 төгрөг, алданги 1.055.596 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.922.386 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алдангийг цар тахлын улмаас орлогогүй болсон, бага насны хоёр хүүхэд харж байгаагаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

2.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “Б” ХХК, нөгөө талаас Э.Г нар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож, Нийлүүлэгч тал борлуулагч талд барааг худалдах үнээр зээлээр нийлүүлэхээр, Борлуулагч барааг худалдан борлуулах, барааны үнээс 20 хувийг борлуулалтын шимтгэлт тооцон авахаар тус тус тохиролцож 201/ТМБА04 тоот гэрээг байгуулжээ. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэйгээр илэрхийлэн хэлцлийг байгуулсан байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн гэдэгт маргаагүй.

3.Худалдагч тал гэрээний дагуу тоглоомыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж байсан, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 3.922.386 төгрөг  байгаа үйл баримтад маргаагүй. Хариуцагч энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

4.Харин хариуцагч алдангийг эс зөвшөөрч, цар тахлын улмаас тоглоомын дэлгүүр зогсонги байдалд байсан, бага насны 2 хүүхэд хардаг, орлогогүй гэж тайлбарлав. Нэхэмжлэгч барааг 2018 онд нийлүүлсэн тул цар тахлаас өмнө төлөх бүрэн боломжтой байсан гэж тайлбарлан, алданги 1.055.596 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.8-д борлуулагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-т нийцсэн тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 Нэхэмжлэгч алдангийг үндсэн төлбөрийн үлдэгдлээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 50 хоногт тооцон 1.055.596 төгрөг гаргуулахаар шаардсан. Шүүх хуралдааны явцад үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.922.386 төгрөгөөс дээрх хугацааны алдангийг тооцоход татгалзахгүй гэж  нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлав. Шүүх энэ аргаар тооцвол 50 хоногт ногдох алданги нийт 980.596  /3.922.386*0,5%=19.611,9*50 / төгрөг байна.

Шүүх хариуцагчийн гаргасан тоглоомын дэлгүүр хаагдаж орлогогүй болсон, бага насны хүүхдээ асарч байгаа тухай тайлбар, дэлхий нийтээр ковид-19 халдвар тархсан байдал, түүнчлэн төлбөрийг төлөөгүй хэтэрсэн хугацаа зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан “анзын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасныг баримтлан хариуцагчийн төлбөл зохих алдангийг 15 хувь болгон багасгах нь зүйтэй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 3.922.386 төгрөг, алданги 147.089 /980.596 төгрөг*15%/ төгрөг, нийт 4.069.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан Э.Гээс 4.069.475 /дөрвөн сая жаран есөн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг гаргуулж, “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 908.507 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 80.061 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОДГЭРЭЛ