| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/02674/и |
| Дугаар | 183/ШШ2018/02000 |
| Огноо | 2018-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2018/02000
| 2018 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2018/02000 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ҮЭ гудамж, 0б байр, 00 тоотод оршин суух, Б овогт Ц Т /РД:**00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** *** дүүргийн * дугаар хороо, өөрийн байранд байрлах, “М” ХХК /РД:0000000/-д холбогдох,
0 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Т миний хариуцагч М ХХК-тай харилцан тохиролцож 2014 оноос үхрийн нүд нийлүүлж, хариуцагчийн зүгээс үнийг төлж хамтран ажиллаж байсан билээ. Миний бие үхрийн нүд нийлүүлэхээ зогсоосноос хойш 2 тал харилцан тохиролцож тооцоо нийлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар хариуцагч 00 000 000төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба үүнээс хойш М ХХК-иас дээрх төлбөрөөс хэсэгчлэн төлж явсаар өнөөдрийн байдлаар 0 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ төлбөрийг хариуцагч төлөх боломжгүй гэж мэдэгдсэн ба шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн тул нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Мөн хуулийн 466 дугаар зүйлд зааснаар буюу талууд тооцоо нийлэх акт үйлдэж харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг нэхэмжлэлийн шаардлага болох 0 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгүй, түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт, гэрчилгээ байхгүй, нэхэмжлэгчийн нотлох баримт болох тооцоо нийлсэн акт нь Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан НХМаягт МТЗ маягтын шаардлагыг хангахгүй байгаа тул санхүүгийн хүчин төгөлдөр баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн тооцоо нийлсэн акт үйлдсэн М ХХК-ийн нягтлан бодогч Н.Саранцэцэг нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-д өгч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан өдрөөс хойш буюу хуулийн хариуцлага хүлээх чадамжгүй үедээ 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Т-тай удирдлагын зөвшөөрөлгүйгээр тооцоо нийлсэн акт гэгчийг үйлдсэн нь хууль бус үйлдэл гэж үзэхээр байна. “М” ХХК нь иргэн Ц.Ттай үхрийн нүд худалдах, худалдан авах хэлцэл хийж тухайн хүлээж авсан үхрийн нүдний төлбөрт 8 удаагийн төлөлт хийгдсэн бөгөөд үлдэгдэл 0 000 000 төгрөгт маргаан байхгүй. “М” ХХК-ийн өмнөх захирал болон нягтлан бодогч н.Саранцэцэгтэй үхрийн нүд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байдаг. Манай байгууллагын зүгээс 0 000 000 төгрөгийг эвлэрлийн журмаар тодорхой хувиар тохирч төлөх санал гаргасан боловч нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь гаргуулах байр суурьтай байна. Өмнөх захирал болон нягтлан бодогч н.Саранцэцэгийн алдаатай хийсэн үйлдлийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тодорхой хугацаа өгвөл төлж барагдуулах саналтай байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т үхрийн нүд худалдсан төлбөрт 0 000 000 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үхрийн нүдний төлөгдөөгүй 0 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй тухайд маргахгүй, харин тухайн жимс нь гарал үүслийн гэрчилгээгүй, зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүнээс илүү өндөр үнээр нийлүүлсэн, эмийн борлуулалт муудаж эм нэмж үйлдвэрлэх шаардлагагүй болсон тул үлдэх 418 кг жимсийг буцаан өгөх, эсхүл үнийг тодорхой хэмжээгээр бууруулан төлөх талаар тохиролцох санал гаргасан боловч хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар, Ц.Т М ХХК-д 1 000 кг үхрийн нүд жимсийг худалдах худалдан авах тухай аман хэлцэл байгуулж, худалдагч тал жимсээ нийлүүлсэн, худалдан авагч зохих үнийг төлсөөр 0 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдох ба эдгээр үйл баримтад зохигч маргаангүй.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсоноор амаар хийх хэлцлийг байгуулагдсанд тооцохоор зохицуулсан ба талууд худалдах эд хөрөнгийн үнийг тохиролцож, өмчлөлийг шилжүүлсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч тухайн жимсний гарал үүсэл тодорхойгүй, зах зээл дэх ижил төрлийн бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй байсан гэж маргасныг шүүх худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой татгалзал гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрхийн талаар зохицуулахдаа баталгаат хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргахаар заасан.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Т болон хариуцагч “М” ХХК-ийн нягтлан бодогч Н.Саранцэцэг нарын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн 00 000 000төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталсан тооцоо нийлсэн актаас үзэхэд худалдан авагч талын гомдлын шаардлага гаргах хуульд заасан дээрх хугацааа нь өнгөрсөн байх тул хариуцагчйн эд хөрөнгийн доголдолтой холбоотой татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
Нөгөө талаас, тухайн жимс түүхий эд нь болдог эмийн бүтээгдэхүүний борлуулалт муудсан тул үлдэгдэл жимсийг буцаан өгөх тайлбар нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан гэрээний татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.
Дээрх үндэслэлээр хариуцагч М ХХК-иас үхрийн нүд жимсний үнэд 0 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК /РД:0000000/-аас 0 000 000 /зургаан сая есөн зуун далан зургаан мянга зургаан зуун хорин/ төгрөг гаргуулж Боржигин овогт Ц Т /РД:**00000000/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-иас 126 580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тд олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 580 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ