Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Э.Одхүү даргалж

           Улсын яллагч: М.Батзаяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санги овогт Далхсүрэнгийн Мөнхбатад холбогдох 201603000464 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Халзангийн ам гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Санги овогт Далхсүрэнгийн Мөнхбат /РД:АО84051713/

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                   

            Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 22-23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт Шийртийн ам гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 86-41 УНЕ улсын дугаартай, Ланд Круйзер 80 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Д.Цэдэндолгорын жолоодож явсан 83-88 УНЧ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж Ц.Оюунцэцэгт 11.810.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Ц.Оюунцэцэгийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 04-ний орой ойролцоогоор 20 цагийн үед манай охин Цэдэндолгор миний эзэмшлийн 83-88 УНЧ улсын дугаартай Ланд Круйзер 200 маркийн автомашинтай дэлгүүр орохоор явсан юм. Цэдэндолгор 20 гаруй минутын дараа буцаад, уйлаад хүрээд ирсэн. Би түүнээс яасан талаар асуухад машинд мөргүүлсэн талаараа болон автомашин нь асахгүй байгаа талаар хэлсэн. Тэгээд хэргийн газар очиход миний автомашиныг 86-41 УНЕ улсын дугаартай Ланд Круйзер 80 маркийн автомашин урд талаас мөргөсөн байсан. Манай охин ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй шороон замаар явж байсан байна лээ. Тэгээд замын баруун гар тал руу гараад зогссон байсан. Уг шороон зам нь тэгш өгсүүрдүү зам байсан. Миний автомашины урд хэсэг нь маш их эвдэрсэн  байсан ба яг ямар эд ангиуд эвдэрсэн гэдгийг нэрлэж хэлж мэдэхгүй байна. Харин нөгөө мөргөсөн автомашин нь зүгээр шахуу байсан ба миний машиныг мөргөсөн чигээрээ зогсож байсан. Миний автомашины зүүн урд талаас мөргөсөн байсан. Манай охин Цэдэндолгор надад хэлэхдээ тухайн автомашиныг урдаас чиглээд яваад байхаар нь замын хажуу руу гарч зам тавьж өгөөд зогстол ирээд мөргөчихлөө гэж ярьж байсан. Зам тээврийн осол болсон газар нь Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийртийн ам гэх газар юм. Манай охин Цэдэндолгор нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, харин Ланд Круйзер 80 маркийн автомашины жолооч нь намайг очиход согтуу байсан, түүний амнаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Цэдэндолгор өөрийнхөө 2 настай охинтойгоо хамт явсан юм. Харин Цэдэндолгор биедээ гэмтэл аваагүй байсан бөгөөд охин нь биедээ гэмтэл авсан байна лээ. Мөн Ланд Круйзер 80 маркийн авто машины жолооч болох танихгүй залуугийн амнаас цус гарч байсан. Тухайн автомашинд ямар хүмүүс явсан талаар хэлж мэдэхгүй байна. Би Мөнхбатын эгч болон хүргэн ах хоёроос нь хохирлын мөнгө болох 12-13 сая төгрөг авсан. Мөнхбатын эгч болон хүргэн ах хоёр нь хамт ирээд надад хохирлын мөнгө өгсөн бөгөөд би тухайн хүмүүсийн нэрийг нь санахгүй байна. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Учир нь би хохирлоо бүрэн барагдуулж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

 

Гэрч Д.Цэдэндолгорын мэдүүлсэн: ...Манай аав, ээж хоёр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алтны уурхайд ажилладаг юм. Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Шийрт гэх газар байдаг дэлгүүр рүү юм авахаар ээжийн 83-88 УНЧ улсын дугаартай Ланд Круйзер 00 маркийн машиныг унаад явсан. Тэгээд юмаа авчихаад буцаад уурхай руугаа явж байтал урдаас нэг машин их хурдтай ирж байхаар нь баруун гар тал руугаа замаа чөлөөлж зогстол тэр машин миний унаж явсан машины урд хэсэг рүү ирж мөргөсөн. Ослын улмаас миний унаж явсан машиныг урд хэсэг болон зөв талын урд хэсгийн эд ангиуд эвдэрсэн. Ийм л асуудал болсон. Би тухайн үед өөрийн охин Анужингийн хамт хоёулаа явсан. Бид хоёрын биед ямар ч гэмтэл шарх учраагүй. Тухайн үед би охины хамт Улаанбаатар хот орж шинжилгээ өгсөн. Биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Тийм учраас охин бид хоёр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахгүй. Миний ээж Жамъянгийн Оюунцэцэгийн машин байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч Ч.Бат-Эрдэнийн мэдүүлсэн: ...Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд мал маллан амьдардаг. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед хүнтэй уулзах ажлаар Цэнхэр сумын Орхон багт мотоцикльтой ирсэн. Орхонд Шийртийн дэлгүүр дээр өөрийн танил залуу болох Мөнхбаттай тааралдсан. Тэгээд Мөнхбатын автомашинаар уулзах айл руугаа явсан боловч миний уулзах айлд хүн байгаагүй учраас 22-23 цагийн үед Мөнхбат бид хоёр Шийртийн дэлгүүр рүү явж байгаад нэг замын овгор хэсэг гараад дэлгүүр харагдахад урдаас нэг машин гарч ирээд мөргөлдсөн. Тухайн үед Мөнхбат эсрэг урсгалд буюу замынхаа зүүн гар талд явж байгаад уг автомашинтай мөргөлдсөн. Тухайн үед Мөнхбатаас архи үнэртэж байсан. Би гэхдээ тулж үнэртээгүй бөгөөд холоос бага зэрэг архи үнэртэж байсан. Би Мөнхбаттай хамт архи уугаагүй. Уг ослын улмаас миний бие гэмтэж бэртээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Гэрч Т.Дэлгэрдалайн мэдүүлсэн: ...Би Цэнхэр сумын Орхон багт байх алтны уурхай дээр ажилладаг. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21-22 цагийн үед уурхайн дарга Бямбаагийн хамт Хар чулуут гэх газар очиж, эксичин Баяраа гэх залууг аваад  уурхай руугаа буцаж явтал Шийртийн дэлгүүрийн хажуу талд Шийртийн зам дээр Цэдэндолгор охиноо тэвэрчихсэн ээжийнхээ автомашины хажууд зогсож байсан. Би очоод түүнийг өөрийнхөө автомашинд суулгачихаад Цэдэндолгорын жолоодож явсан автомашиныг урдаас нь мөргөөд зогссон Ланд-80 маркийн автомашин хөдлөх гэхээр нь цонхоор нь гараа оруулж автомашиных нь түлхүүрийг авсан. Би Бямбааг уг мөргөлдсөн 2 автомашины дэргэд үлдээчихээд Цэдэндолгорыг охиных нь хамт уурхай руу хүргэж өгсөн. Ланд-80 маркийн автомашины жолооч архи уучихсан нилээн согтуу байсан. Ланд-80 маркийн автомашинд 2 хүн л явж байсан. Шийртийн дэлгүүрээс дээшээ өгсөн шороон зам дээр дэлгүүрээс 400 орчим метрийн зайд замын товгор хэсэг дээр Ланд 200 маркийн автомашины урд зүг рүү харсан, урд зүгт чиглэлтэй замынхаа баруун гар тал руу шахсан байдалтай, харин Ланд 80 маркийн автомашин нь хойшоо чиглэлтэй, замынхаа зүүн тал руу шахаж орж ирээд, Ланд 200 маркийн автомашины урдаас нь мөргөсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч Д.Бямбаагийн мэдүүлсэн: ...Би Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулдаг Дэлгэрдалайгийн уурхайд уурхайн даргын албан үүрэг гүйцэтгэдэг. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дэлгэрдалайгийн хамт түүний автомашинаар Хар чулуут гэх газраас экски дээр ажиллах залууг аваад эргээд уурхай руугаа явж байтал замд Шийртийн дэлгүүр өнгөрөөд уурхай руу явдаг шороон зам дээр хоёр жип автомашин зогсож байсан. Би Дэлгэрдалайгийн хамт очоод зогстол Дэлгэрдалайгийн ахынх нь хүүхэд Цэдэндолгор нь хүүхдээ тэвэрчихсэн зогсож байхаар нь би буугаад Цэдэндолгорыг өөрийнхөө автомашинд суулгасан. Энэ үед Дэлгэрдалайгийн цаад талд байсан Ланд-80 машин асаад явах гэхэд нь Дэлгэрдалай намайг уг хоёр мөргөлдсөн автомашиныг харж бай гэж хэлчихээд, Цэдэндолгорыг хүргэж өгөх гээд явсан. Удалгүй Дэлгэрдалай хүрч ирээд бид хоёр явсан. Ланд-80 маркийн автомашинд жолоочоос гадна нэг хүн байсан. Ланд-80 маркийн автомашины жолооч нилээн согтуу байсан, харин зорчигч нь арай гайгүй байсан. Урдаасаа хойшоо чиглэлтэй яваа Ланд-80 маркийн автомашин нь замынхаа зүүн тал руу шахсан, эсрэг урсгал руу орж, урсгалдаа чигээрээ явсан автомашины өөдөөс ирж мөргөсөн байсан. Харин Ланд-200 маркийн автомашин нь баруун гар тал руугаа шахаад дүрмээрээ явж байгаад хоорондоо мөргөлдсөн болов уу гэмээр байрлалтай зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Гэрч Б.Батмөнхийн мэдүүлсэн: ... 2015 оны зуны эхэн сард шиг байх, сайн санахгүй байна, би Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Суварга хайрханд гарах гэж явахдаа танилцаж байсан юм. Тэгээд тэр үед би 86-14 УНЕ улсын дугаартай Ланд Круйзер машинтай явж байгаад надаас авахаар болоод хэд хоногийн дараа араас хотод ирж надтай худалдах, худалдан авах гэрээ хийж 28 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо надад наад машин чинь хамаагүй, би мэдэхгүй. Тухайн үед би худалдах, худалдан авах гэрээ хийж өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

 

Д.Мөнхбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: ...Би Цэнхэр сумын Орхон багийн Эмгэн толгой гэх газар мал маллаж амьдардаг. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед Шийртийн аманд ажиллаж буй алтны уурхайнуудаар явж үхэр зарах зорилготой өөрийн эзэмшлийн 86-41 УНЕ улсын дугаартай Ланд-80 маркийн автомашинаа унаад гэрээсээ хөдөлсөн. Тэгээд замдаа Одлог, Болдоо гэх айлуудаар орж нэг шил монгол архи уусан. Тэгээд дэлгүүр ортол Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат Болдбаатар гэх залуутай тааралдсан. Уг залуу надад 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво 2 ширхэгийг авч өгснийг бид хоёр миний машинд уучихаад Болдбаатар сум руугаа явсан. Би дэлгүүрийн ойролцоо зогсож байхад Маяа гэх залуу надтай тааралдаад миний автомашинд суугаад Шийртийн аманд байх уурхай руу хүнтэй уулзах хэрэг байна, надад унаа олдохгүй байна гээд намайг гуйхаар нь би хамт явсан. Тэгээд очиж хүнтэйгээ уулзчихаад буцах замдаа Шийртийн ам гэх газарт явж байгаад зам дээр байх овгор шороон дээгүүр гарахад урдаас хурц гэрэлтэй автомашин гарч ирээд би буруу тал руугаа дарж нөгөө талын эгнээнд явж байсан машиныг очиж мөргөсөн. Би тухайн осол болох үед 50 км цагийн хурдтай явж байсан. Миний машины тормос зүгээр ажиллаж байсан. Осол болсны дараа харахад буруу талын урд гэрэл хагарсан байсан. Миний машинд надаас гадна Маяа гэх манай найз байсан бөгөөд ослын улмаас манай найз бэртэж гэмтсэн зүйл байхгүй, би урд талын рулээ мөргөж хамарны дотор самалдаг нөгөө тийшээ мурийсан байсан, өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би тэр өдөр нь нэг шил монгол архи, орой нь 18 цагийн үед 2.5 литртэй 2 ширхэг пиво уусан байсан. Надад гомдол санал байхгүй. Би хохирогч талын хохирлыг бүрэн барагдуулж ямар нэгэн гомдол саналгүй болгосон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч Ж.Оюунцэцэгт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/   

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтэд: ...1. Д.Мөнхбатын гэх цусанд 0.9 промиль спиртийн алкоголь илэрсэн. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 58 хуу/

 

Архангай аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтэд: ...1. Жолооч Д.Мөнхбат нь ЗХАБТХуулийн 4.4, ЗХД-ийн 2.7.а, 8.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Д.Цэрэндолгор нь ЗХАБТХууль, ЗХД-ийн заалт зөрчөөгүй. 2. Жолооч Д.Мөнхбат нь ЗХАБТХуулийн 4.4-д “Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна”  шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтээр Д.Мөнхбатын биед 0.9 промиль спиртийн алкоголь илэрсэн нь жолооч Д.Мөнхбат нь ЗХД-ийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, ЗХД-ийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтууд зөрчсөн байна. 3. Д.Мөнхбатын ЗХД-ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтууд зөрчсөнөөс осол гарсан гэж үзэж байна. 4. Жолооч Д.Цэрэндолгор, Д.Мөнхбат нарын тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй, зам тээврийн ослын схем зураг үзлэгийн тэмдэглэлд тормосны мөр байхгүй байгаа нь Д.Мөнхбат нь зогсоох арга хэмжээ аваагүй байна. 5. Осол болсон замын гадарга шороон, хуурай, цаг агаар тогтуун, гэрэлтүүлэггүй байгаа нь осол гарахад замын орчин нөлөөлөөгүй. 6. Жолооч Д.Цэрэндолгор /ЙЮ90032106/ нь “ВС” ангилалын 530787 дугаарын, Д.Мөнхбат нь /АО84051713/ нь “В” ангилалын 236225 дугаарын үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 60 хуу/

 

Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын дүгнэлт: ...1. 86-41 улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашины техникийн бүрэн бүтэн байдал нь зүүн урд гэрэл, дохио хагарсан, урд копут бага зэрэг цөмөрсөн, зогсоолын тормос ажиллахгүй байв. 2. Уг тээврийн хэрэгслийн тормос нь бүрэн ажиллагаатай ба зогсоолын тормос ажиллахгүй байсан. 3. Дээрх тээврийн хэрэгслийн зүүн урд их гэрэл, дохио хагарсан, урд копут бага зэрэг цөмөрсөн байна. 4. Дээрх урд гэрэл, дохио хагарсан урд копут бага зэрэг цөмөрсөн зэрэг эвдэрлүүд осол болоход үүссэн болно. 5. Дээрх зогсоолын тормос барихгүй байгаа гэмтэл нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. 6. Дээрх тээврийн хэрэгсэл нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр техник хяналтын үзлэгт хамрагдсан болно. 7. Дээрх эвдрэл нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 83-84 хуу/ 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 10 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 хуу/

2016 оны 10 сарын 14-ний өдрийн 319 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-67х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-08, 12, 75 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 100-101 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 104-105 хуу/

Бэст эстимэйт ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 74 хуу/

Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 106-108 хуу/

Шүүх хуралдааны үед өмгөөлөгчөөс өгсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг болно.

 

            Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 22-23 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт Шийртийн ам гэх газарт согтуугаар 86-41 УНЕ улсын дугаартай, Ланд Круйзер 80 маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Д.Цэдэндолгорын жолоодож явсан 83-88 УНЧ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж Ц.Оюунцэцэгт 11.810.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Оюунцэцэгийн мэдүүлсэн: ...Тэгээд хэргийн газар очиход миний автомашиныг 86-41 УНЕ улсын дугаартай Ланд Круйзер 80 маркийн автомашин урд талаас мөргөсөн байсан. Миний автомашины урд хэсэг нь маш их эвдэрсэн  байсан ба яг ямар эд ангиуд эвдэрсэн гэдгийг нэрлэж хэлж мэдэхгүй байна. Манай охин Цэдэндолгор надад хэлэхдээ тухайн автомашиныг урдаас чиглээд яваад байхаар нь замын хажуу руу гарч зам тавьж өгөөд зогстол ирээд мөргөчихлөө гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/

 

Гэрч Д.Цэдэндолгорын мэдүүлсэн: ...Тэгээд юмаа авчихаад буцаад уурхай руугаа явж байтал урдаас нэг машин их хурдтай ирж байхаар нь баруун гар тал руугаа замаа чөлөөлж зогстол тэр машин миний унаж явсан машины урд хэсэг рүү ирж мөргөсөн. Ослын улмаас миний унаж явсан машиныг урд хэсэг болон зөв талын урд хэсгийн эд ангиуд эвдэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч Ч.Бат-Эрдэнийн мэдүүлсэн: ...Тэгээд Мөнхбатын автомашинаар уулзах айл руугаа явсан боловч миний уулзах айлд хүн байгаагүй учраас 22-23 цагийн үед Мөнхбат бид хоёр Шийртийн дэлгүүр рүү явж байгаад нэг замын овгор хэсэг гараад дэлгүүр харагдахад урдаас нэг машин гарч ирээд мөргөлдсөн. Тухайн үед Мөнхбат эсрэг урсгалд буюу замынхаа зүүн гар талд явж байгаад уг автомашинтай мөргөлдсөн. Тухайн үед Мөнхбатаас архи үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Гэрч Т.Дэлгэрдалайн мэдүүлсэн: ...Ланд-80 маркийн автомашины жолооч архи уучихсан нилээн согтуу байсан. Шийртийн дэлгүүрээс дээшээ өгсөн шороон зам дээр дэлгүүрээс 400 орчим метрийн зайд замын товгор хэсэг дээр Ланд 200 маркийн автомашины урд зүг рүү харсан, урд зүгт чиглэлтэй замынхаа баруун гар тал руу шахсан байдалтай, харин Ланд 80 маркийн автомашин нь хойшоо чиглэлтэй, замынхаа зүүн тал руу шахаж орж ирээд, Ланд 200 маркийн автомашины урдаас нь мөргөсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч Д.Бямбаагийн мэдүүлсэн: ...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дэлгэрдалайгийн хамт түүний автомашинаар Хар чулуут гэх газраас экски дээр ажиллах залууг аваад эргээд уурхай руугаа явж байтал замд Шийртийн дэлгүүр өнгөрөөд уурхай руу явдаг шороон зам дээр хоёр жип автомашин зогсож байсан. Урдаасаа хойшоо чиглэлтэй яваа Ланд-80 маркийн автомашин нь замынхаа зүүн тал руу шахсан, эсрэг урсгал руу орж, урсгалдаа чигээрээ явсан автомашины өөдөөс ирж мөргөсөн байсан. Харин Ланд-200 маркийн автомашин нь баруун гар тал руугаа шахаад дүрмээрээ явж байгаад хоорондоо мөргөлдсөн болов уу гэмээр байрлалтай зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Гэрч Б.Батмөнхийн мэдүүлсэн: ...Тэгээд тэр үед би 86-14 УНЕ улсын дугаартай Ланд Круйзер машинтай явж байгаад надаас авахаар болоод хэд хоногийн дараа араас хотод ирж надтай худалдах, худалдан авах гэрээ хийж 28 сая төгрөгөөр худалдаж авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

 

Д.Мөнхбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: ...Тэгээд очиж хүнтэйгээ уулзчихаад буцах замдаа Шийртийн ам гэх газарт явж байгаад зам дээр байх овгор шороон дээгүүр гарахад урдаас хурц гэрэлтэй автомашин гарч ирээд би буруу тал руугаа дарж нөгөө талын эгнээнд явж байсан машиныг очиж мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/   

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 60 дугаартай дүгнэлт: ...1. Д.Мөнхбатын гэх цусанд 0.9 промиль спиртийн алкоголь илэрсэн...гэх дүгнэлт /хх-ийн 58 хуу/

 

Архангай аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт: ...1. Жолооч Д.Мөнхбат нь ЗХАБТХуулийн 4.4, ЗХД-ийн 2.7.а, 8.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Д.Цэрэндолгор нь ЗХАБТХууль, ЗХД-ийн заалт зөрчөөгүй. 2. Жолооч Д.Мөнхбат нь ЗХАБТХуулийн 4.4-д “Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна”  шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 30 дугаартай дүгнэлтээр Д.Мөнхбатын биед 0.9 промиль спиртийн алкоголь илэрсэн нь жолооч Д.Мөнхбат нь ЗХД-ийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, ЗХД-ийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтууд зөрчсөн байна. 3. Д.Мөнхбатын ЗХД-ийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтууд зөрчсөнөөс осол гарсан гэж үзэж байна. 4. Жолооч Д.Цэрэндолгор, Д.Мөнхбат нарын тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй, зам тээврийн ослын схем зураг үзлэгийн тэмдэглэлд тормосны мөр байхгүй байгаа нь Д.Мөнхбат нь зогсоох арга хэмжээ аваагүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 60 хуу/

 

Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын оношлогч инженер М.Энхбатын дүгнэлт: ...1. 86-41 улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашины техникийн бүрэн бүтэн байдал нь зүүн урд гэрэл, дохио хагарсан, урд копут бага зэрэг цөмөрсөн, зогсоолын тормос ажиллахгүй байв. 2. Уг тээврийн хэрэгслийн тормос нь бүрэн ажиллагаатай ба зогсоолын тормос ажиллахгүй байсан. 3. Дээрх тээврийн хэрэгслийн зүүн урд их гэрэл, дохио хагарсан, урд копут бага зэрэг цөмөрсөн байна. 4. Дээрх урд гэрэл, дохио хагарсан урд копут бага зэрэг цөмөрсөн зэрэг эвдэрлүүд осол болоход үүссэн болно...гэх дүгнэлт /хх-ийн 83-84 хуу/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 хуу/, ослын газрын схем зураг /хх-ийн 10 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 хуу/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07-08, 12, 75 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос Д.Мөнхбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар  үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.     

Шүүгдэгч Д.Мөнхбат нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 100-101 хуу/ тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхбат нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 8641 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож уг автомашиныг Д.Мөнхбатад буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Санги овгийн Далхсүрэнгийн Мөнхбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журам зөрчсөнөөс бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 8641 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож уг автомашиныг Д.Мөнхбатад буцаан олгосугай.

 

5. Шүүгдэгч Д.Мөнхбат нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж,  түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

 7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Э.ОДХҮҮ