Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 318

 

Д.Э, А.Г, П.Б, Ц.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүгдэгч А.Г-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр цагаатгах тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар магадлалтай, 201601000029 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнайн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, Х аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Д-гийн Э,

2. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, Х аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, М овогт А-гийн Г нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, “Х” ХХК-ийн захирал ажилтай, Булган аймгийн шүүхийн 1984 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 4 жил хорих ял, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, Х овогт П-гийн Б,

4. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, Х-ийн “Уулын үйлдвэрт” цахилгааны инженер ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Ц-гийн Д нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан Д.Э, А.Г нарт холбогдох хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан П.Б, Ц.Д нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Д.Э, А.Г, П.Б, Ц.Д нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнай гаргасан эсэргүүцэлдээ “...Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.С, гэрч Ц.Ц, Д.С, Д.Т, С.Б, Г.Б, М.А, Б.Б, Б.Ц нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э, А.Г, П.Б, Ц.Д нар нь урьдчилсан үгсэн тохиролцож бүлэглэн уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Шууд гэрээ нь тендерийн шалгаруулалтын нэг хэсэг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг хангасан байхаар заасан байна. Гэвч гэрээнд заасан техникийн шаардлага хангаагүй бараа нийлүүлсэн, түүнд захиалагч хяналт тавиагүй, шууд сумдын Засаг дарга нарт нийлүүлсэн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба тэдний үйлдэл, эс үйлдэхүй нь өөр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагч Д.Э-г Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж хуулийн нэр томъёоны тодорхойлолтоор албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж ...хийх ёсгүй үйлдэл хийсэн буюу нэгдүгээрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д заасан худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх, 47.6 дахь хэсэгт заасан Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна гэсэн заалтуудыг зөрчин мэргэшээгүй албан тушаалтнуудыг үнэлгээний хорооны гишүүдээр томилсон захирамжийг үндэслэн эхний тендер шалгаруулалтыг явуулсан нь “тухайн тендер шалгаруулалт хүчингүй болох үндэслэлтэй” гэх Монгол Улсын сайдын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/1341 дугаартай зөвлөмж тайлбар хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож тендерийг 2 удаа явуулсан гэж дүгнэх боломжгүй, хоёрдугаарт тендерээс татгалзвал шууд гэрээ байгуулах талаарх Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүлээн авсны дараа Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Х аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800,000,000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нарт хүсэлт гарган “тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажил болгон Байгаль орчны газрын дарга А.Г-д даалгаснаар шууд гэрээ байгуулж авсан трактор нь тендер шалгаруулалтад тусгагдсан техникийн нөхцөл шаардлагаас өөр буюу шаардлага хангахгүй бараа худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж...” гэснийг зөрчсөн Д.Э, А.Г нарын албаны эрх ашгийн эсрэг идэвхтэй үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Гэрээ байгуулж бараа нийлүүлсэн “ХХ” ХХК-ийн ажилтан 16 ширхэг тракторыг захиалагчид өгөлгүй Засаг даргын Тамгын газрын хашаанд байрлуулж үлдээснийг Д.Э-гийн үүрэг болгосноор техникийн бүрэн байдлыг шалгалгүйгээр сумдын Засаг дарга нарт шууд хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э-гийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Д.Э нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тухайн тендерийг зохион байгуулсан бөгөөд энэ нь дан ганц Д.Э-гийн саналаар бус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр зохион байгуулагдсан ажил юм. Мөн хохирогч байгууллага хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан гэдгээ нотолж чаддаггүй бөгөөд улсын яллагчийн зүгээс үүнийг нотолж тогтоосон зүйл байхгүй тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Г-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгчийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үздэг боловч тухайн үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа хэлсэн саналдаа “...Ц.Д-г улс төрийн албан тушаалтанд дэмжлэг үзүүлж өөртөө давуу байдал бий болгосон гэж тайлбарладаг боловч хэрхэн, яаж дэмжлэг үзүүлж давуу байдал олж авсан бэ гэдгийг нотолсон зүйл хэрэгт огт байдаггүй. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримтуудад няцаалт өгөлгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Мөн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болговол шүүхийн харьяаллын асуудлыг давхар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Э, А.Г, П.Б, Ц.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт заасан 15 сум, 1 тосгонд “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800 сая төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэжээ.

Энэ шийдвэрийн дагуу Д.Э нь Х аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргахдаа хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй Л.Б, М.А, Г.Б, Ж.Ч нарыг үнэлгээний хорооны гишүүдээр томилж, уг бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо хоёр удаа тендер зарлаж, уг ажиллагаанд оролцсон компаниудаас татгалзсан шийдвэр гаргасан байна.

Дээрх татгалзсан шийдвэрийн улмаас ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах тухай үнэлгээний хорооны зөвлөмж гарч, улмаар Д.Э аймгийн ИТХ-д хүсэлт гаргаж шийдвэрлүүлсний дагуу тэрээр “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх” тухай захирамж гарган аймгийн Байгаль орчны газрын дарга А.Г шууд гэрээг “ХХ” ХХК-тай байгуулж, тухайн үеийн зах зээлийн ханшаар нэг бүр нь 28,278,400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчийн шаардлага хангахгүй тракторыг нэг бүрийг нь 50,000,000 төгрөгөөр, нийт 16 трактор нийлүүлж, улсад дээрх үнийн зөрүү 347,545,600 төгрөгийн хохирол учруулсан, энэхүү тракторуудыг урьд үнэлгээний хорооноос татгалзагдаж байсан “Х” ХХК-ийн захирал П.Б-гийн санаачилгаар “ХХ” ХХК-ийн захирал Ц.Д нийлүүлсэн нөхцөл байдлуудыг нотолсон баримтууд хэрэгт авагдаж, уг нотлох баримтуудыг шүүх хуралдаанд улсын яллагч хэлэлцүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр бэхжигджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарыг цагаатгахдаа дээрх үйл явдлыг нотолж буй нотлох баримтуудын харилцан хамаарлыг шалгаж, үнэлэлгүй, тендерийн сонгон шалгаруулалтуудыг тус тусдаа, хоорондоо хамааралгүй гэж үзсэн нь үнэлгээний хороо байгуулах, эцэст нь аймгийн төсөвт учирсан байж болох хохирол хооронд гэмт хэргийн шалтгаант холбоо бий эсэхэд дүгнэлт өгч чадахгүй байдалд хүргэсэн байна.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “улсын яллагчийн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг зайлшгүй няцаан үгүйсгэх” шаардлагатай бөгөөд хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон яллах дүгнэлтийн үндэслэл болж буй шүүгдэгч нарыг ялласан нотлох баримтууд шүүхийн шийдвэрүүдийн тодорхойлох хэсэгт огт няцаагдаагүйгээс цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр цагаатгах тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э, А.Г, П.Б, Ц.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН