Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0610/з |
Дугаар | 221/МА2017/0082 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0082
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, Э.Бямбажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Сова” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.2-т заасныг тус тус баримтлан “Сова” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбажавын гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-00031-DA дугаар бүхий талбайд гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах, кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DA өргөдлийн бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэж огноолж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “....”Сова” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 47 га газарт Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх өргөдлийг Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан. Дээрх өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан байхад 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн 5/620 дугаар бүхий албан бичгийг хүлээн авсан. Уг албан бичигт тухайн өргөдлийг талбай нь өөр компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай бүхэлдээ давхцалтай байх тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр гарсан байх бөгөөд манай компани өргөдөл өгснөөс хойш бүтэн 6 сарын дараа ийнхүү шийдвэрлэсэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ” гэж заасан байдаг. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байдаг ч уг өргөдлийг хүргүүлэхдээ хуулийн хугацааг гажуудуулсан байдаг. Ингээд уг өргөдөлийг Ашигт малтмалын газар хүлээн аваад өмнө нь түрүүлж ирүүлсэн өргөдөлтэй давхцалтай тул олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд байх “өмнө нь түрүүлж ирүүлсэн” гэх XA-019391-001-NE(NE-026395) дугаар бүхий өргөдөл нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу манай компани өргөдөл өгсөнөөс хойш 8 хоногийн дараа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өгөгдсөн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу түрүүлж өргөдөл гаргасан этгээдийн асуудлыг шийдвэрлэх ёстой байтал дээрх хуульд заасныг зөрчиж байна. Хуулиараа манайх түрүүлж өгсөн учраас манай өргөдлийг түрүүлж бүртгэх ёстой байсан, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хуульд заасан хугацаанд нь норм журмынх нь дагуу явуулаагүй, манай өргөдлийг түрүүлж Ашигт малтмалын газар луу явуулаагүй хууль бус үйлдлийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр нь хавтаст хэрэгт байгаа. Процессынхоо хуулиар аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлыг хамгийн түрүүнд өргөдөл хүлээж аваад шүүлт хийх газар нь Ашигт малтмалын газар юм. Ашигт малтмалын газраас шүүлт хийж дүгнэлт ирсний дараа тухайн орон нутагт шийдвэрлэх ёстой юм. Ашигт малтмалын тухай хуулиар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжээс гаргасан өргөдлийг он, сар, өдөр, цаг минутын дарааллаар бүртгэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргахаар зохицуулсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурьдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл “Сова” ХХК-ийн гаргасан өргөдлөөс хойш биш түүнээс өмнө ирсэн өргөдлийг шүүж шалгаж үзэх ёстой байтал энэ ажиллагаа хийгдээгүй болно. Шийдвэрийн үндэслэх хэсэгт чухам ямар хуулийн аль зүйл заалтыг үндэслэн бүртгэх боломжгүй, эс үйлдэхүй нь тогтоогдохгүй гэж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд Ашигт малтмалын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дээрх шүүхийн шийдвэрт дурьдагдсан үндэслэл бүхий хуулийн зүйл заалт байхгүй болно. Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхээр нэгэнт тогтоогдсон зүйлийг бүхэлд нь шийдвэртээ дурьдсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж тогтооход ач холбогдол бүхий ажиллагаа, дүгнэлт хийгдээгүй нэхэмжлэлийг хуулийн тодорхой үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Сова” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбажав “Ашигт малтмалын газрын /хуучнаар/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-00031-DA дугаар бүхий өргөдлийн талбайд гаргасан дүгнэлтийг хүчингүй болгуулах, кадастрын бүртгэлийн системд ТХ-00031-DA өргөдлийн бүртгэлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон тус өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолж бүртгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “манай компани түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад өгсөн атал Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн XA-019391-001- NE(NE-026395) өргөдөлд дурдсан талбайтай давхцалтай гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж дүгнэлт гаргасан нь хууль бус, цаг хугацааны хувьд манай компани түрүүлж Дархан-Уул аймгийн Засаг даргад өргөдлөө гаргасан ч уг байгууллага хугацаа алдаж манай өргөдлийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн” гэж тайлбарлажээ.
Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Дархан-Уул аймгийн Засаг даргаас ирсэн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийг хүлээж аваад шүүлт хийж үзэхэд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-019391-001-NE дугаарын өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байсан тул “Сова” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, тус компанийн ТХ-00031-DA дугаартай өргөдөл 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ирж кадастрын системд бүртгэгдсэн тул 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ирсэнээр бүртгэх боломжгүй” гэж маргасан.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу “Сова” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийж дүгнэлт гаргуулах тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанжавын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5/320 дугаар албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучнаар/ 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авсан байх ба үүний дагуу шүүлт хийж “өмнө нь түрүүлж ирсэн ХА-019391-001-NE дугаарын өргөдлийн талбайтай бүхэлдээ давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн дүгнэлтийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Тодруулбал,
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тус тус эрхтэй бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Сова” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучнаар/ 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан “Унисис” ХХК-ийн XA-019391-001-NE(NE-026395) дугаар бүхий өргөдлөөс түрүүлж ирсэн гэж үзэх боломжгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэсэн зохицуулалтыг хариуцагч байгууллага зөрчөөгүй гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511 дүгээр тогтоолуудаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, энэхүү солбицлын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “Сова” ХХК-ийн өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр бүртгэх үүрэггүй, хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Хэдийгээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын “Сова” ХХК-ийн 2015 оны 9 дугээр сарын 22-ны өдрийн ТХ-00031-ДА дугаартай өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон байх боловч дээрх хууль бус эс үйлдэхүй нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах үндэслэл болохгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба шүүх хариуцагч байгууллагын эрх залгамжлагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг сольсон атлаа шүүхийн шийдвэрт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучнаар/ гэж тодорхойлсон байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН