Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

            Нарийн бичгийн дарга М.Э

            Улсын яллагч  О.А

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б

Орчуулагч Э.С

            Шүүгдэгч Ш Я /X Y/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш Я /X Y/-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дандун хотод төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ..., ам бүл ..., Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ... хот ... дүүрэг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш Я /X Y/ /CHN564111330/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Ш Я /X Y/ нь Монгол Улсын хилийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто зам шалган нэтрүүлэх цогцолбор 1 бүсэд гаалийн хяналтын гарах чиглэлд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өглөөний 08 цаг 30 минут орчимд 4,178,30 /дөрвөн килограмм нэг зуун далан найман грамм гучин миллиграмм/ хүндийн хэмжээтэй эрдэнэс болох алтыг биедээ нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.   

             Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш Я /X Y/ нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өглөөний 08 цаг 30 минут орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто зам шалган нэтрүүлэх цогцолбор 1 бүсэд гаалийн хяналтын гарах чиглэлд 4 кг 178 гр 30 миллиграмм хүндийн хэмжээтэй эрдэнэс болох алтыг биедээ нууж хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан ташаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-16/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-12/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Г-ын мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 35-36/, үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сооилын дүн /хх-ийн 45/, шүүгдэгч Ш Я /X Y/-ний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 132-133/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрднэсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш Я /X Y/-г 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, алтыг улсын орлого болгоход татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан Монгол банкны эрднэсийн санд хадгалагдаж байгаа 4кг 178гр 30 миллограмм хүндийн жинтэй 1,018,889,756.57 төгрөгийн үнэ бүхий алтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож шийдвэрлэв.     

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш Я /X Y/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш Я /X Y/-г 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш Я /X Y/ нь оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Монгол банкны эрднэсийн санд хадаглагдаж байгаа 4кг 178гр 30миллограмм хүндийн жинтэй 1,018,889,756 төгрөг 57 мөнгөний үнэ бүхий алтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш Я /X Y/ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.Б