| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0130/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/129 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймаг ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., Дорноговь аймаг Замын-Үүд сум ... оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар нэг зуун хорин цагийн албадан ажил хийлгэх ял, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Д-ийн Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 09 сарын 28-ны орой 21 цаг орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 25 км зайд байрлах Эрдэнэ сумын орчимд байх гурван дөрвөлж гэх газарт согтуурсан Х.Х-ы толгой руу санаатайгаар сандал шидэж биед нь толгойн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн орой 20 цагийн үед тус сумын 3-р баг, Улаанхонхор жуулчны баазаас Ж гэх хүнтэй мотоциклтой хамт тус сумын 3-р баг, Гурван дөрвөлжийн хойд талын шороон замаар Улаанбадрах сум руу явахаар хөдөлсөн. Замдаа Гурван дөрвөлжид байрлах ... фермийн зүүн талаар гарч явтал байшингийн цонх гэрэлтэй харагдсан. Энэ үед би уг газарт Н нь байна гэж бодоод явж ортол Х ганцаараа байж байсан. Би Х-аас тамхи байна уу гээд асуугаад түүнийг айлгах гээд өмдний баруун талын халаасанд байсан жижиг бор өнгийн иштэй тонгорог хутгыг гаргаж Хүдэрчулуун руу айлгах гэж дайрахад тухайн хүн нь намайг барьж аваад арагшаа саваад, би унах үедээ галын зуухыг мөргөж, ухаан алдсан. Нэг сэрээд хартал Хүдэрчулуун нь гадаа утсаар яриад зогсож байхаар нь үүдэнд байсан төмөр хөлтэй, модон тавцантай сандлыг аваад шидчихсэн. Тэгээд гадаа намайг хүлээж байсан Ж гэх залууг явъя гэж хэлээд тухайн газраас шууд явчихсан. Ж гэх залуу нь намайг ороход гадаа мотоциклтойгоо үлдээд, би наад байшин руу чинь орохгүй, ёрын хүүхэд байдаг юм гэж хэлээд үлдсэн. Ж гэх залуу нь юу болсныг сайн мэдээгүй, намайг явах гээд очиход юу болоод байгаа юм гэж асуугаад мотоциклоо асаагаад намайг сундлаад явсан. Би Улаанхонхор жуулчны баазад байх үедээ архи уусан. Яг хэдийг уусан эсэхээ мэдэхгүй байна. Архи пивыг хольж уусан. Би Х-ыг 2019 оны сүүлээр таарч, танилцаж байсан. Анх ... ферм гэдэг газарт хамт ажиллаж эхэлсэн. Х нь 2020 оны хавар намайг Н-тэй хардсаны улмаас миний толгой руу цохиж, надад гэмтэл учруулж байсан. Би тэр үед нь холбогдох байгууллагад мэдээлж, арга хэмжээ авхуулж байгаагүй. Мөн 2022 онд Хүдэрчулуунтай хамт архи ууж байгаад хоорондоо муудаж байсан гэжээ. /хх-ийн 58-59/
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Н-тэй намайг хардаж миний толгойг хаглаж байсан юм. 09 сарын 28-нд гэр лүүгээ явж байтал ... фермийн хажуугаар явахад гэртээ байсан. Н-ийг байгаа юм болов уу гэж бодоод ортол Х байсан. Урьд нь намайг зодож байсан тул би гутлын түрийнд байсан хутгаар айлгах санаатай гаргатал намайг түлхэж би унасан. Би унах үедээ галын зуухыг мөргөж, ухаан алдсан. Сэргээд санаандгүй сандал аваад шидсэн. Х-д учирсан гэмтэл миний үйлдлээс болсон. Буруугаа ойлгож байгаа гэв.
Хохирогч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд сумаас хойш 20 хэдэн километрт байрлах Гурван дөрвөлж гэх газарт ... дэлгүүрийн үхрийн ферм дээр ажлаа хийгээд үхрээ саах гээд байж байхад тус газар өмнө нь ажиллаж байсан С гэх залуу танихгүй залуугийн хамтаар 20:00-21:00 цагийн орчмын үед ирсэн. Би С-г ирэх үед үхрийн фермийн хажуу талын 1 давхар байшиндаа байсан юм. С орж ирээд сайн уу гэж мэндлээд Н чинь хаачсан юм гэж асуусан. Тэгснээ надаас гар утсаа өгөөдөх би хүнтэй яриад өгье гэж хэлэхээр нь би утсаа өгөөгүй. Тэгсэн чинь дахиад надаас Н чинь хаачсан юм гэж асуусан. Тэр үед нь би төв дээр дэлгүүр дээрээ байгаа гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа С над руу жижигхэн тонгорог буюу хутга дэлгээд чамайг ална гээд дайрсан. Би С-г барьж аваад дарж байгаад хутгыг нь булааж авсан. Тэр үед хамт ирсэн үл таних залуу миний зүүн гарын бугуйнаас хойш нь татаад байсан. Тэгж дарж байгаад би С-ийн дээрээс босоод хутгыг аваад шургуулганд байсан хутгануудыг аваад мотоцикл дээрээ суугаад зугтаах гэтэл С миний араас гарч ирээд мотоциклийн түлхүүрийг булааж авсан. Тэгээд буцаж байшин руу гүйж ороод төмөр бөөрөнхий хөлтэй модон тавцантай сандал авч гарч ирээд миний толгой руу 1 удаа цохисон. Цохиулсны дараа миний толгойноос цус гарсан. Би С-аас булааж авсан хутгыг нь гартаа бариад шууд төв замыг чиглээд зугтаасан. Зугтааж байхдаа Нараа руу залгаад С намайг хутгалчихлаа чи цагдаа дууд гэж хэлээд утсаа салгасан. Миний ажиллаж байсан үхрийн фермээс Замын-Үүд сумаас хойшоо гарч байгаа төв зам 5-6 км байгаа байх би гүйгээд төв зам дээр очсон. Н харин эмнэлгийн байгууллагын автомашинтай ирж намайг авсан. Тэрний дараа цагдаагийн алба хаагч нартай хальт уулзаад болсон асуудлын талаар хэлчхээд С-ийн барьж байсан хутгыг нь байцаагч гэх залууд өгсөн. Тэгээд эмнэлэг дээр ирээд анхан шатны тусламж авч толгойныхоо орой хэсэгт 2 оёдол тавиулсан. Өөр зүйл болоогүй гэжээ. /хх-ийн 17-18, 80/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь мэндийн тусламж, үйлчилгээний зардлын хохирсон даатгуулагчийн эрүүл төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Х.Х нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 369.223 төгрөгийн зардал тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Д-ийн Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 27-29/
Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд суманд гэртээ байж байсан. Тус өдрийн 20 цагаас 21 цагийн хооронд сумаас хойш 20 км байрлах үхрийн ферм дээр ажиллаж буй Х нь ... дугаарын утсаар миний гар утас руу залгаж хэлэхдээ "Б нь нэгэн үл таних хүнтэй согтуу ирчхээд намайг сандлаар цохичихлоо" гэж хэлэхээр нь би өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар залгаж, дуудлага мэдээллийг өгч, цагдаагаас эмнэлгийн байгууллага руу дуудлага өгч, яаралтай түргэн тусламж 103 дээр би өөрөө явж очоод, Х-ы байгаа газарт очсон. Би очихоосоо өмнө Х-ы гар утас руу ярьж байгаад машины гэрэл дохиж байгаад фермээр хойш буюу засмал замын урьдхан талд уулзсан. Х-ы толгойноос цус гарсан байдалтай байгаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Буцаж төв руу орж ирээд би гэртээ бууж үлдсэн. Харин манай хүү болох Т нь цагдаагийн байгууллагын алба хаагч нартай цантын фермийн байшин руу очсон. Ер нь цагдаагийн алба хаагч нар нээх удаагүй байхад бидний араас ирчихсэн. Б гэдэг залуу нь 2023 онд манай ... ферм дээр ажиллаж байсан хүн юм. Нөгөө хамт ирсэн гэх хүнийг огт танихгүй байна гэжээ. /хх-ийн 31-32/
Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 21 цаг 40 минутад Замын-Үүд сумын 3-р баг, ... /... ферм/ гэх газарт эргүүлийн цагдаа нартай очсон. Тус дуудлага мэдээлэл нь анх өгөгдсөн утга нь толгойн хутгалуулсан байдалтай гэх дуудлага мэдээлэл байсан ба газарт дээр шалгаж, хохирогчтой уулзахад хохирогч Х.Х гэх хүн нь толгойн хэсэгтээ сандлаар цохиулсан байдалтай эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Х.Х-тай уулзаж, хэрэг учрал болсон гэх газрыг заалгаж, тухайн газар нь хэргийн газрын үзлэг хийхээр болсон. Харин эмнэлгийн байгууллагын хүмүүс нь яаралтай /103/ руу явах шаардлагатай байна гэж үзээд хохирогчийг сумын төв рүү аваад явсан. Хохирогчийн зодуулсан гэх байшинд ороход гэр доторх зүйлс маш замбараагүй эд зүйлс хөглөрсөн байсан. Байшингийн хойд хэсэгт нь шургуулаг газарт унаж, дотор нь ахуйн хэрэглээнд ашиглагдах хутга, заазуур дотор байсан. Байшингийн гадна талд улаан өнгийн мотоцикл, түүний хажууд төмөр дугуй хөлтэй, модон тавцантай сандал хэвтэж байсан. Уг сандлаар хохирогчийн толгойн цохисон гэж хэлсэн тул эд мөрийн баримтаар хураан авахаар болсон гэжээ. /хх-ийн 35/
Гэрч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Замын-Үүд суманд гэртээ байж байхад манай ээж ... ферм руу яв, чи цагдаагийн хүмүүстэй хамт яваад ир гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн машинтай Замын-Үүд сумаас хойш 20 орчимд км-н зайд очиж, тухайн хүмүүсийн муудсан гэх газарт очсон. ... фермийн байшинд ороход гэр нь замбараагүй байсан. /Ер нь Х нь байгаа орчиндоо өөрөө их замбараагүй, бараг л тэмээ туйлчихсан юм шиг/. Байшингийн дотор хэсэгт шургуулганы нүдийг нээгээд хутга, заазуур хийдэг хэсгийг нь гаргаад газарт унгаачихсан байсан. Дотор нь хутга болон заазуур нь байсныг санаж байна. Мөн байшингийн гадаа нэг сандал байсан ба тухайн сандлаар цохиулсан гээд цагдаагийн ажилтан сандлыг аваад явж байсан. Цохисон зодсон гэх хүмүүс нь тухайн газраа байгаагүй. Би уг хүмүүсийн талаар сайн мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 37/
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 сарын 14-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Х.Х-ны биед толгойн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Эмнэлгийн бичиг баримтыг учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. /хх-ийн 44/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06/
Эд зүйл хураан авсан баримт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 08, 10/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын хохирлын баримт /х-ийн 20-21/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 50-53/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-82/
Иргэний нэхэмжлэлд 369,223 төгрөг төлсөн Төрийн банкны баримт /хх-ийн 85/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 09 сарын 28-ны орой 21 цаг орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 25 км зайд байрлах Эрдэнэ сумын орчимд байх ... гэх газарт согтуурсан Х.Х-ы толгой руу санаатайгаар сандал шидэж биед нь толгойн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Х-ы мэдүүлэг /хх-ийн 17-18, 20/, гэрч Э.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч /хх-ийн 31-32/, гэрч Б.У-ын мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч Ч.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 37/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 сарын 14-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 44/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Д.Б-ны гэм буруутай үйлдэл, хохирогч Х.Х-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Хохирогч Х.Х эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч хэрэгт нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно, иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл 369,223 төгрөгийг шүүгдэгч нь 2024 оны 11 сарын 11-ны өдөр төлж барагдуулсан нь Төрийн банкны мемориалын баримт /хх-ийн 85/-аар тогтоогдож байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр бөөрөнхий дугуй хөлтэй модон тавцантай 1 ширхэг сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Б-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр бөөрөнхий дугуй хөлтэй модон тавцантай 1 ширхэг сандлыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б