| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Х, О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х, О.А
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, яс үндэс ..., ..., ... настай, ... боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бул ..., ... хамт, Дорноговь аймгийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б. овгийн Э-ын Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орой 23 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг төв талбай дээр хохирогч Э.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагасны улмаас биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн зүүн хацар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр найз М-ын төрсөн өдөр болоод Ялгуун нэртэй караокед М, Б бид гуртав ууж, идээд, дуулцгааж байсан. Тэгээл орой 01 цагийн орчим Б эхнэртэйгээ ярьчихаад ирье гээд гарсан. Тэгээд иргэж орж ирээд Б гарч тамхилах уу гээд бид гурав Ялгууны үүдэн тамхи татаад зогсож байтал нэг үл таних хоёр хүн ирээд арай жижиг биетэй нь ирээд Б-ийг заамдаад намайг мэдэх үү би тоочикийн атомаан намайг мэдэх үү гээд байхаар нь бид гурав мэдэхгүй ямар атомаан тэгээд яасан юм гэсэн чинь намайг тэр залуу нааш ир уулзъя гэхээр нь би яваад очтол намайг хавирах гэхээр нь би зөрүүлж татаад доороо оруулаад унагаачихсан. Тэгээд дахин хөл рүү орох гэхэд нь би нүүрлүү нь мангасдаад түлхэсэн тэгээд манай найзууд болон тэр залуутай хамт явсан хүн нь салгаад тэгээд цагдаа нар ирсэн. Э.А гэх хүн намайг хавирах гэхэд нь би татаад доороо оруулж унагаасан. Тэгэхдээ нүүрээрээ газарт унасан. Би дээр нь дарж унасан. Мөн нүүр хэсэг нь нэг удаа мангасдаж тухайн гэмтлүүд үүссэн. Тухайн гэмтлийг би учруулсан. Би А гэх хүнийг огт танихгүй. Би тухайн хүнийг цохисон асуудал байхгүй. Харин намайг хавирах гэхэд нь татаад миний доор унасан. Тэгээд хөлрүү орох гэхэд нь нүүрлүү нь мангасдсан. Цагдаа руу орж ирж драгер үлээх үед зүүн талын нүд нь хавдсан хөхөрч эхлэж байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх хараагүй. Би зүгээр тамхи татах гээд зогсож байтал манай найзыг заамдах аваад та нар намайг мэдэх үү би тоочикийн атоман гэх мэт зүйл яриад би чамай багаас чинь мэднэ гэх мэт зүйл ярьж байгаад маргалдсан. Тэгээд намайг хавирах гэхэд би татаад доороо оруулаад уначихсан. Би хохирогчид одоогоор ямар нэгэн хохирол мөнгө төлсөн төлбөр байхгүй. Би ажил хийж байгаад хохирогчид бага багаар мөнгийг нь төлнө гэжээ. /хх-ийн 50-51/
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн орчим Булган нэртэй баар О гэх найзтайгаа хамт ороод хүний 3 лааз пиво уусан. Тэгээд баар хаагаад 00:00 цагт баар хаасны дараа Титэм нэртэй буудалд буусан байсан тул харих замаараа вокзал орж түргэн хоолны газарт хоол захиалчихаад байж байтал зүс таних дүү нэг залуутай ачаа барааны талаар яриад байж байхаар нь би хажуугаар нь ороод зүс таних дүүд хандаж архины халуунд чи хэзээ ийм том болчихсон юм бэ гэсэн чинь чи муу сураггүй хэн бэ танихгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад салцгаачихаад хоолоо аваад иргээд явах гэтэл маргалдаж байсан дүү өөдөөс гурвуулаа гарч ирээд нэг өндөр залуу нь намайг нэг удаа гараараа нүүр хэсэгт цохисон. Тэгээд манай найз салгаад тэгээд цагдаа дуудаад би эмнэлэг орсон. Намайг нэг өндөр залуу нь цохиж унагааснаас өөр зодолдсон асуудал байхгүй. Би зүс таних дүүтэй жоохон маргалдаад салцгаасан байсан. Тухайн өндөр залуу нь манай зүс таних дүүгийн найз нь байсан байхаа. Тэгээд найзтай нь маргалдсан гээд цохисон гэж бодож байна. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн хацарны яс чихэгдсэн, хамарны салст муруйсан байна. Намайг тухайн өндөр залуу нэг удаа гараараа цохисон. Тэгээд би унасан өөр цохисон асуудал байхгүй. Би өөрт учирсан эмчилгээний зардалаа нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 05-06/
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э.А нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,151,196 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.А-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 13-14/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 09 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн орчим найз А-ын хамт Булган баарлуу орчихоод баар хаах үеэр нь гараад вокзал орж хоол авах гээд түргэн хоолны газар зогсож байтал манайн найз А ачаа бараа яриад чи ямар том болсон юм гэж манай найз А хэлж байсан. Тэгээд тухайн муудалцаж байсан залуу нь яваад өгсөн. Тэгээд бид хоёр хоолоо авчихаад буудал руугаа явах гэж байтал нөгөө муудалцаж байсан залуу 2 хүнтэй хамт ирээд та нар манай найзыг яагаад байгаа юм гэх мэтээр маргалдаж байгаад нэг өндөр залуу нь А-ыг нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. А шууд толгойгоо бариад доош суусан. Тэгээд би орж салгаад байж байтал цагдаа ирсэн. Анх нэг залуутай А муудалцаад байсан тэр залуугийн найзууд нь ирээд манай найзыг яасан юм та нар гэх мэт зүйл ярьж байгаад цохичихсон гэжээ. /хх-ийн 16-17/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 09 дүгээр сарын 18-ны орой 22:00 цагийн орчим Ялгуун нэртэй кароекед Б, М нарын хамт сууж байсан. Тэгээд манай эхнэр байн байн залгаад байхаар нь тус караокеноос гараад утсаар ярьж байгаад ундаа авах гээд буфет дээр зогсож байтал манай найз Д мөн хамт юм авах гээд зогсож байхаар нь би найзтайгаа юм яриад зогсож байсан чинь хоёр үл таних хүн явж байгаад нэг залуу нь чамайг би шороо идэж байхыг чинь мэднэ бацаан минь худлаа яриад байгаарай гэх мэтээр дайраад байсан. Тэгэхээр нь би таныг танихгүй юм байна зүгээр байгаарай гэсэн чинь би тоочикийн байрны атаман байсан санахгүй байна уу гээд байсан. Тэгээд эхнэр залгаад байхаар нь би буцаж яваад Ялгууны гадна 30 орчим минут утсаар ярьчихаад буцаад Ялгуун караокеруу ороод цаг дуусч байсан тул 1 цаг сунгуулчихаад 1 дуу дуулчихаад Б, М бид гурав тамхи татахаар гарсан. Тэгээд караокены үүдэнд тамхи татах гээд зогсож байтал нөгөө үл таних хоёр залуу ирээд нөгөө надруу дайраад байсан хүн нь миний цамцнаас зулгаагаад байхаар нь Б хөөе зүгээр байгаач чи гэсэн чинь чи тоочикийн байрны атаман гэж таних уу? Чи харин овоо бие хаатай залуу байна хоёулаа нэг барилдчих уу гээд Б-ийг дагуулаад зогсоолын хэсэгрүү алхаад явцгаасан. Тэгэхээр нь цуг явж байгаа залууд нь та энэ хүнээ аваад явчихаа та арай гайгүй юм байна гээд яриад зогсож байтал Б нөгөө хамт явсан залуутайгаа дээр дээрээсээ давхаралдаад унасан. Тэгээд бид нар яваад очтол мөн цаанаас нь цагдаа нар ирж таарсан Б-ийн биед ямар нэгэн гэмтэл байгаагүй. Харин нөгөө үл таних залуугийн нүдний доогуур нь улайчихсан, хацар хэсэг нь шалбарсан харагдсан. Би яг сайн хараагүй. Тэр хоёр цааш яваад Б хөөе энийгээ аваачээ гэхээр нь бид нар яваад очтол Б нөгөө үл таних залуугийн дээр нь давхаралдаад унасан байсан. Бид нар зүгээр тамхи татах гээд зогсож байтал үл таних залуу ирээд Б-ийг хоёулаа барилдчихъя гээд дагуулаад явсан тэгээд л тийм зүйл болсон. Б 2 пиво уусан байсан, би пивоноос 1 балгасан байсан. Бараг эрүүл шахуу байсан. Нөгөө үл таних хоёр залуу бол маш их согтолттой шал согтуу байсан. Б үл таних залуугийн дээр нь дарж унаснаас өөр зодолдсон асуудал мөн гэмтсэн хүн байхгүй гэжээ. /хх-ийн 19-20/
Шинжээчийн 2024 оны 10 сарын 04-ны өдрийн ... тоот дүгнэлт: 1.Э.А-ын биед зүүн хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна ханы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан зүүн хацар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна ханы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Учирсан зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 7.Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 30-31/
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл /хх-ийн 02/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 сарын 24-ны өдрийн ... дугаартай албан тоот, хохирлын тооцоо /хх-ийн 07-09/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 44-46/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/
Хохирлын тооцоо, баримтууд /хх-ийн 59-65/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-67/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орой 23 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг төв талбай дээр хохирогч Э.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, газарт унагасны улмаас биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний ухархайн гадна хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн зүүн хацар ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.А-ын мэдүүлэг /хх-ийн 05-06/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/, шинжээчийн 2024 оны 10 сарын 04-ны өдрийн ... тоот дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Э.Б гэм буруутай үйлдэл, хохирогч Э.А-т учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Э.А нь эмчилгээний зардалд нийт 1,318,247 төгрөг, иргэний нэхэмжлэгч байгууллага нь 3,151,196 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Дээрх хохирлыг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгчээс 1,318,247 төгрөгийг гаргуулж Э.А-т 3,151,196 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ээс 1,318,247 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-т, 3,151,196 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б