Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/012670

 
 

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/02670

Улаанбаатар хот

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 1 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, Шарнууд овогт*******/рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах Зорчигч******* ОНӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /ШТЭҮД-0195/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал /ШТЭҮД-1581/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч******* нь 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Зорчигч******* ОНӨААТҮГ-т үйлдвэр бригадад жолоочоор ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хариуцлагатай хийж гүйцэтгэж байтал 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус байгууллагын даргын Б/1184 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилсон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/458 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч ажил хүлээлгэж өгөхгүй байсаар 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Зорчигч******* ОНӨААТҮГ-ын даргын Б/497 дугаар тушаалаар дахин ажлаас үндэслэлгүй халлаа. Энэхүү тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Баярсүрэнгээс хүлээн аваад хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг байдаг. Ажил олгогчийн тушаал нь хууль тогтоомжид нийцсэн, үндэслэх хэсгийг зөв баримталсан тушаал байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ажил мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэл байгаа.******* хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажлаа биелүүлж ирсэн. Ажлын байранд согтуу ирж ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагч хариу тайлбар дээрээ дурдсан байдаг. Энэ зөрчлөөр ажлаас халагдсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийг ажлын байран дээр согтуу ирээгүй, ноцтой зөрчил гаргаагүй байна гэж тогтоосон. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ жолооны эрх хасагдсан гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажилд томилохдоо нэгдүгээр баазын 3 дугаар хэсгийн ажилд томилсон тул шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч******* нэгдүгээр хэсгийн жолооч буюу 36 тоот автобусны ажилдаа эгүүлж томилогдоно гэж захиргаандаа амаар хүсэлт тавьсан боловч захиргаа ажил хүлээлцэж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй асуудал гаргаагүй. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр******* жолооны эрхээ хасуулахдаа******* өөрөө хасуулаагүй найз нь явж байгаад зөрчил гаргаж*******ын үнэмлэхийг харуулаад хасуулсан. Гэхдээ найздаа жолооны үнэмлэхээ ашиглуулж эрхээ хасуулсан талаарх хариуцлагыг******* өөрөө хүлээж байгаа. Ажил олгогчдоо 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл жолооны эрхээ хасуулсан байгаа учраас энэ өдрийг хүртэл өөр төрлийн ажил хүлээлгэж өгнө үү гэсэн боловч анхнаасаа ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүсэл сонирхолгүй байсан учир хүсэлтийг хүлээж аваагүй. 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн үед******* ямар нэгэн зөрчил гаргаагүй.  Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг өгөөд ажиллуулж байх явцдаа зөрчил гаргаагүй учир хөдөлмөрийн гэрээний 5.1.14 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гэж үзэхгүй. Үүнийг хариуцагч байгууллагын хуульч нар мэдэж байгаа. Иймд Зорчигч******* ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Н.Буянжаргалын хамт тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ажил хүлээлцээгүй, 3 дугаар хэсэгт ажилд томилсон гэж маргаж байх боловч байна үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй байна. Ажилд авсан тушаалд нэгдүгээр баазын 3 дугаар хэсэг гэж заасан боловч ажлаас чөлөөлөхдөө нэгдүгээр баазын 1 дүгээр хэсэг гэж заасан. 3 дугаар хэсэг гэдэгт техникийн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх иргэн, аж ахуйн нэгж байгууллага заавал дагаж мөрдөж биелүүлэх үүрэг байдаг учраас*******ыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, олон нийтийн аюулгүй байдалтай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагын хувьд урьдчилан бүхий л эрсдэлийг тооцох судлах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тул ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилд нь эгүүлэн авахаас гадна замын цагдаагийн газраас зохих лавлагаа авсан, уг лавлагаагаар******* нь жолоодох эрхээ хасуулсан байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна гэж заасан. Замын хөдөлгөөний журмын 3 дугаар хавсралтад иргэн албан тушаалтны үүргийг тодорхойлсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор иргэн албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ. Хуульд тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэж заасан учраас Зорчигч*******ийн зүгээс*******ыг тухайн жолоочийн ажилд ажиллуулах боломжгүй болсон буюу******* 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл жолоочийн ажил мэргэжлээ биелүүлэх ур чадварын хувьд боломжгүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын иргэдэд үйлчлэх төвийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23/706 тоотоор тогтоогдож байна. Эрхээ хасуулсан этгээд Засгийн газраас баталсан журмын дагуу дахин шалгалт өгөөд жолоодох эрхийн ур чадваргүй байгаа эсэхийг шалгаж жолоодох эрхийг өгдөг. Жолоодох эрхийг найз нь хасуулсан талаар******* өөрөө тайлбарладаг боловч жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн үнэмлэхээ шилжүүлэх нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил байдаг. Нэгэнт эрхээ хасуулсан тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар тухайн хүн үүргээ биелүүлэх боломжгүй болж байгаа. Жолооч хүн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлнэ, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхийг шаардсан үед үзүүлэх, биедээ заавал авч явах ёстой байдаг.******* үнэмлэх байхгүй учраас нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үйлчилгээ эрхлэх боломжгүй байсан учраас ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3б заасантай бүрэн нийцэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчид тушаал гарсан ирж хөдөлмөрийн гэрээгээ байгуул гэж хэлсэн боловч өмнөх хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байгаа гээд ирээгүй тул нэхэмжлэгчийг хурлаар оруулаад ажлаас халах тушаал гаргасан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Дугар нь хариуцагч Зорчигч******* ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч******* жолоодох эрхээ хасуулсны улмаас 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл жолоочийн ажил мэргэжлээ биелүүлэх ур чадварын хувьд боломжгүй болсон тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Г.Дугар нь Зорчигч******* ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/497 дугаар тушаалыг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гомдлоо гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч******* нь тус шүүхэд хариуцагч Зорчигч******* ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00493 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан*******ыг Зорчигч******* ОНӨААТҮГазрын Нэгдүгээр баазын 1 дүгээр хэсгийг жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3 202 704 төгрөгийг хариуцагч Зорчигч******* ОНӨААТҮГазраас гаргуулан*******т олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч Зорчигч******* ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/458 дугаар тушаалаар*******ыг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 1 дүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний 3 дугаар хэсэгт нийтийн тээврийн автобусны жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар болсон байна.

 

Гэвч хариуцагч Зорчигч******* ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/497 дугаар “Г.Дугарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар*******ыг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 сараар автомашин жолоодох эрх хасагдсан гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.13, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.14 дэх хэсгийг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хх4/  

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдол бүрт эрхийн акт буюу тушаал гаргах ба энэхүү тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэж, хуулинд нийцсэн байхыг шаарддаг тул ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсноор Хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “...ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаардаг.

 

Хэргийн баримтаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвийн 2017 оны 4 дүгээр  сарын 27-ны өдрийн 23/706 тоот албан бичигт “...Галбадрах овогтой Дугар ... /ВСДЕ/ ангиллын 234031 дугаартай жолооны үнэмлэхтэй, 2017 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 7 дугаар сарын 14 хүртэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.1 дэх заалтаар жолооны эрх 6 сараар хасагдсан төлөвтэй байна”, талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5-д “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, гэрээг цуцлах”, 5.1-д “ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дараах тохиолдолд цуцална”, “Дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрийг гаргасан тохиолдолд байгууллага ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй”, 5.1.14-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” гэжээ.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан явдал нь талуудын хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох нэр төрлийг тухайлан тусгасан ноцтой зөрчилд тооцогдохоор байхад ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.     

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч*******ын ажилгүй байсан 132 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт / нэг өдрийн цалин хөлсийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр тогтоосон 48 994 төгрөгөөр тооцож 48 994х132 хоног=6 467 208 төгрөг/ 6 467 208 төгрөгийг хариуцагч Зорчигч******* ОНӨААТҮГ-аас гаргуулан*******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 118 425 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Дугарыг Зорчигч******* ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоон, хариуцагч Зорчигч******* ОНӨААТҮГ-аас 6 467 208 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Дугарт олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Дугар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 118 425 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ