Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга    М.Пүрэвдорж

Улсын яллагч    Б.Төрболд

Шүүгдэгч  *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******

 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын*******-ны өдөр Завхан аймгийн******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, ээж, эгч, 3 дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн******* сумын******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* овогт*******

 Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны ард байх сагсан бөмбөгийн талбайд хохирогч маргалдаж улмаар түүний толгой, хүзүүний хэсэгт нь архины шилээр цохиж, цээж нүүрний хэсэгт гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд зүүн чихний дэлбээний дотор хэсэгт, хүзүүний зүүн талд эрүүний ар хэсэгт шарх, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн өвдөгний үений хэсэгт зулгаралт, зүүн хацар, чих, чамархай хэсгээр хаван бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                            

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч******* овогтой******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны арын сагсан бөмбөгийн талбайд хохирогч маргалдаж улмаар түүний толгой, хүзүүний хэсэгт нь архины шилээр цохиж, цээж нүүрний хэсэгт гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

*******т зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч “...2024 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг  ард талд байдаг хүүхдийн тоглоомын талбайд найзтайгаа хамт сууж байтал хажууд байсан танихгүй 4-5 залуутай хэл амаараа жаахан үл ойлголцож маргалдсан.

Тэдгээр 4-5 залуу явахдаа хэн нь мэдэхгүй нэг нь миний хойноос толгой руу архины шилээр нэг удаа цохичхоод зугтаад явсан. Манай найз бид хоёрын тухайд тэдгээр 4-5 залууг огт танихгүй, өмнө нь харж байгаагүй. Тэгээд эмнэлэгт очиж өөрийн биеийг үзүүлтэл зүүн талын чихний доод хэсэг хүзүүнд арьс язарсан, гүн зүсэгдэлтэй, мөн зүүн талын чих зүсэгдэлтэй байсан...” гэсэн мэдүүлгээр,

******* зодсоныг шууд тусган мэдүүлсэн гэрч “...Бид хэдийг тоглож байхад хоёр согтуу ах хүрч ирээд тэр талбайн хажууд байдаг саравч дотор архи уугаад байсан. Хэсэг тэндээ сууж байгаад бид 5-ыг дуудаад архиа шахаад бас дээрээс дээрэлхэж “Манай өссөн талбай дээр ирлээ, намайг таних уу” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Төд удалгүй зодоон эхэлсэн яасан гэсэн чинь манай найзыг тэр ах нар мөрлөж бас цохиж аваад байсан. тухайн хоёр ахтай барьцалдчихсан байсан ба манай найз гэх залуу үл таних 2 ахын нэгийг нь архины шилээр хүзүү, толгойны хэсэгт нь цохичихсон. Тухайн үед тэр ахтай хамт ирсэн согтуу нэг ах нь зугтаад явчихсан. Би өөрийн найз болох хамтыг зодоон хийж байхад нь салгаж аваад тухайн газраас зугтаад явсан. Энэ үйл явдал шөнийн 02 цагийн орчимд болсон байх. Ойролцоогоор 1-ээс 2 минутын хугацаанд болсон. Маргааш нь бид 3 таараад ярилцахад би нэгийг нь архины шилээр толгой руу нь цохичихсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч “...Бид 5 нийлээд багийн байрны ард байрлах сагсны талбайд очиж сагс тоглож байтал шөнийн 01 цагийн орчимд үл таних 2 согтуу ах хүрч ирсэн. Бид нарын тоглож байсан сагсны талбай дотор орж ирээд архи уугаад суугаад байсан. Үүний дараа бид нарыг дуудаад хэл амаар доромжлоод байсан ба бид нар очиход архи шахаад байсан...Манай найз гэх залуу үл таних 2 ахын нэгийг нь архины шилээр хүзүү, толгойны хэсэгт нь цохичихсон. Тэгээд нүүр лүү нь нэлээн олон удаа гараа атгаж байгаад цохисон. Тэр ахтай хамт ирсэн согтуу ах зугтаад явчихсан. Би өөрийн найз болох хамтыг зодоон хийж байхад нь салгаж аваад тухайн газраас зугтаад явсан...” гэсэн мэдүүлгээр,

насанд хүрээгүй гэрч “...Бид нар ... багийн нутагт байрлах ...60 байрны ар талын сагсан бөмбөгийн талбай дээр ... тоглож байтал үл таних 2 согтуу ах талбай дээр хүч ирсэн. Тэгээдөвгөн,, ах нарыг дуудаад байсан. Би насанд хүрээгүй болохоор өөрийн найз болох хамт сагс тоглож байсан. Тэд нар хоорондоо юм яриад маргалдаад байх шиг байсан. Гэтэл гэнэт зодоон болж эхэлсэн. ах болон ах хоёр бид хоёрыг хурдан зугт гэж хэлсэн болохоор бид хоёр тухайн газраас шууд зугтаж гэртээ орсон...” гэсэн мэдүүлгээр,

насанд хүрээгүй гэрч “...Бид нар ...Арлын байрны ар талын сагсан бөмбөгийн талбай дээр... тоглож байтал үл таних 2 согтуу ах ... хүрч ирсэн. Тэр ах нарөвгөн,, ах нарыг дуудаад байсан. Би өөрийн найз болох хамт сагс тоглож байсан. Тэд нар хоорондоо юм яриад маргалдаад, хоорондоо зодолдож магадгүй нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Тэгээд байж байтал гэнэт зодоон болж эхэлсэн.,өвгөн, ах нар бид хоёрыг хурдан зугт гэж хэлсэн болохоор бид хоёр тухайн газраас шууд зугтаж гэртээ орсон...” гэсэн мэдүүлгээр,

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын  “...2024 оны 08 дугаар сарын 26-.ны шөнө... шийдний сандал дээр  хоёр ах ирж суугаад... дуудахаар нь,  бид гурав очсон... ууж байсан архиа шахаад... уухгүй гэсэн чинь... хаана ирчхээд том дугараад байгаа юм гээд миний мөр лүү түлхэж аваад цохиод байхаар нь бид нар явлаа архи уухгүй гэсэн... тэр хоёр ахын нэг нь архины шил сандал цохиж хагалаад архи авчирч өгөхгүй бол бүлнэ шүү... миний энгэрээс бариад авахаар нь би доош суугаад... би газраас архины шил аваад шил барьчихсан байсан ахын мөр хэсэг рүү нь цохичих шиг болсон... хамт байсан залуу нь зугтаагаад явчихаар нь би нөгөө ахыг дөрвөн удаа өшиглөж авчхаад зугтаачихсан... Намайг гишгүүлэхгүй гээд байсан залуу нь зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай “...1. биед зүүн чихний дэлбээний дотор хэсэгт, хүзүүний зүүн талд эрүүний ар хэсэгт шарх. Зүүн чамархайн хэсэгт зулгаралт. Зүүн өвдөгний үений хэсэгт зулгаралт. Зүүн хацар, чих, чамархай хэсгээр хаван тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 2. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэрэг учрал болсон гэх 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. 3. Үзүүлэгч  биед учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.  биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн******* дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг архины шилээр болон гараараа цохиж, өшиглөхөд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* хохирогч цохиж, өшиглөсөн  үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн******* дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогчид хохирол нөхөн төлсөн болох нь хохирогч “ хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх  зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.             

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Шүүгдэгч******* овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.    

5. Шүүгдэгч *******т 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.            

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ