| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2017/04149/И |
| Дугаар | 210/МА2018/01799 |
| Огноо | 2018-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2018/01799
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01898 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Ит холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 380 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Э.Ит 21 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 1 сарын 7%-ийн хүүтэй зээлдүүлсэн. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг зээлийн гэрээтэй хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Э.И нь зээлийн гэрээний хугацаа дуусахад 2 сарын хүү 2 940 000 төгрөгийг төлсөн. Нэг сарын хүү 1 470 000 төгрөг болон үндсэн зээлийг төлөлтийг огт хийгээгүй. Талууд гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 сарын 24 хүртэл 3 сараар сунгасан. Уг 3 сарын хугацаа дуусахад Э.И сунгасан 3 сарын хугацааны хүү болон үндсэн зээл 21 000 000 төгрөгийн төлөлтийг төлөөгүй ба 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр үндсэн зээл 21 000 000 төгрөгийг төлсөн. Хүү, алдангийг төлөөгүй. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 24 өдөр хүртэл нийт 4 сарын хүү 5 880 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 24 өдрөөс үндсэн зээл төлсөн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүртэл 128 хоногийн алданги нь 12 810 000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн дүн 21 000 000 төгрөгийн 50 хувь 10 500 000 төгрөг нийт 16 380 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан тайлбартаа: Б.И нь гэрээний үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ хэргийг зохих журмын дагуу эрүүгийн журмаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Иаас зээлийн гэрээний үүрэг, алдангид 8 295 000 төгрөг /найман сая хоёр зуун ерэн таван мянга/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 085 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 050 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Иаас 144 310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э.И нь “Э” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг сунгахдаа зөвхөн хүүг төлөхөөр тохирсон байдаг ба зээлийн гэрээний сунгалтад гарын үсэг зураагүй,энэ талаар шүүхэд гарын үсэг шинжлүүлэх хүсэлт тавьсан ч шүүх хангаагүй. Хүү хэт өндөр буюу 7 хувийг шүүх бууруулж шийдэх боломжтой байхад дүгнэлт өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч нь Э ХХК нь хариуцагч Э.Ит холбогдуулан зээл, алдангид нийт 16 380 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа багасгаж өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт нийцжээ.
Зохигч 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр №16032401 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч 21 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр, 03 сарын хугацаатай хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлээс 0,5 хувийн алданги тооцохоор бичгээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээний хугацааг 3 сараар үргэлжүүлэн сунгасан гэж тайлбарласан боловч хэргийн 15 дугаар хуудасны баримтаас үзэхэд фидуцийн гэрээний хугацааг талууд сунгасан агуулгатай бичвэр үйлджээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээг байгуулсанд тооцох юм. Гэтэл гол нөхцөл нь тодорхойгүй, фидуцийн гэрээнд гарын үсэг зурсан нэмэлт бичвэрийг зээлийн гэрээний нөхцөлийг үргэлжлүүлэн сунгасан гэж дүгнэх боломжгүй. /хх-ийн 15 дугаар тал/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж үзэхэд зээл 21 000 000 төгрөгийн сарын 7 хувийн хүү нь 1 470 000 төгрөг бөгөөд 3 сарын хугацаанд 4 410 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагч 2 940 000 төгрөгийг төлсөнд талууд маргаагүй.
Түүнчлэн хариуцагч буюу зээлдэгч нь үндсэн зээл 21 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 17 дугаар тал/
Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж буруу дүгнэсэн ч алдангийг талуудын гэрээнд зааснаар үндсэн зээлээс тооцсон нь зөв байна. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гэрээний дагуу тооцоход 9 765 000 төгрөг болж байгаа бөгөөд анхан шатны шүүхээс 8 085 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илтэд хохиролтойгоор тогтоогдсон талаар, түүнчлэн зээлийн хүүг багасгах талаар хүсэлт гаргаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Агийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ш.ОЮУНХАНД