Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

            Хохирогч: О.Долгор

            Шүүгдэгч: Б.Ганцэцэг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Барга овгийн Батдоржийн Ганцэцэгт холбогдох 201603000175 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлэгт эх баригч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 38-25А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Барга овогт Батдоржийн Ганцэцэг /РД:АД92112401/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эх баригч ажилтай яллагдагч Б.Ганцэцэг нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн төрөхийн өмнөх өрөөнд иргэн О.Долгорыг амаржуулж, түүний хүүхдийг эх барьж авах явцдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нярай Ц.Очирбатыг шалан дээр унагааж, түүний бие махбодид амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Долгорын мэдүүлсэн: ...2016 оны 03 сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтэж 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 17 цаг 20 минутад төрсөн. Намайг төрөх үед эмч, эх баригч болон бусад эмнэлгийн ажилтнууд төрж байна гэж анзаарч байгаа шинжгүй намайг төрөхийн өмнө зүрхний бичлэг хийх гэж байгаа гээд орж ирж шалгасан. Намайг орон дээр гарах чадалгүй байхад орон дээр албан хүчээр гаргаж, албан хүчээр орон дээрээс буулгасан. Би маш их өвдөөд төрөх гээд байна шүү дээ гэж хэлэхэд арай болоогүй гэж хэлээд эх баригч нар гараад явсан. Төрөх гээд өвдөөд би төрөхийн өмнөх өрөөны цонхон талын орон дээр сөгдөөд суучихсан хүүхдийн толгой гараад ирлээ гээд 2-3 удаа хашгирсан боловч орж ирээгүй. Тэгээд хажууд төрөх гээд надтай хамт хэвтэж байсан Пүрэвдолгор гэх эхээс та, эх баригч нарыг дуудаад өгөөч гэж хэлээд эх баригчийг дуудуулаад орилсон чинь Б.Ганцэцэг эх баригч орж ирсэн. Би хүүхдийн толгой гараад ирлээ энэ өрөөндөө төрчихье гэхэд заавал төрөх орон дээр гарах ёстой, төрөх өрөө рүү явъя гээд босгосон. Би босоод эргэж харах гээд эргэтэл миний хүүхэд газарт унасан. Хүүхэд уначихлаа шүү дээ гэж хэлэхэд Б.Ганцэцэг миний ард хараад зогсож байсан, миний хүүхдийг газар унасан байхад аваагүй. Б.Ганцэцэг эх баригчийг орж ирэхэд араас нь Шинэбаяр эх баригч ариутгалын даавуу аваад ир, хүүхэд төрчихлөө гэж хэлсэн чинь Долгорсүрэн гэх үйлчлэгч эгч орж ирээд та нар ямар хариуцлагагүй юм, хүүхэд төрчихөөд байна, хүн хариуцаж авч чадахгүй гэж эх баригч нарт хэлж байсан. Шинэцэцэг ариутгалын даавуу авч ирээд Б.Ганцэцэг хүйг таслах гэсэн миний хүүгийн дуу ч гарахгүй чимээгүй байж байгаад хүйг нь таслахад миний хүүгээс дуу гарч орилж эхэлсэн. Дараа нь намайг төрөх өрөөнд оръё гээд дагуулж ороод, төрөхийн орон дээр гараад эхэс нь дутуу гарсан байна гээд оёдол тавьсан. Түүний дараа манай нөхөр над дээр орж ирсэн бөгөөд намайг төрсөн гэж ар гэрийнхэнд хэлээгүй байсан. Надаас дараа нь хэзээ төрсөн юм, яагаад бид нарт хэлээгүй юм гэж надаас асууж байсан. Одоо миний хүү эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд мөнгө болон эм тарианы мөнгө маш их орсон. Мөн Улаанбаатар хотод очоод хагалгаанд орсон. Улаанбаатар хот руу явахдаа би анхны төрөлт байсан учраас ээжийнхээ хамт явсан. Миний ээж ажил ихтэй байсан хэдий ч ажлаа хаяад явсан учраас ээжийгээ давхар хохироосон учраас одоо нийт 3.891.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээр нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт болох эмчилгээний зардал болон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 1.308.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна... гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганцэцэгийн мэдүүлсэн: ...2016 оны 03 сарын 29-ний өдрийн орой 16 цагийн үед би оройн ээлжтэй байсан. 16 цаг 40 минутад ажил дээрээ ирээд 16 цаг 55 минутад хүлээн авах руу ороход хүлээн авах хэсэгт жижүүртэй байсан Лхагвасүрэн эх баригч байхгүй, Содномдорж эмчтэй хүн үзэж, төрүүлэх гээд явсан байсан. Тэгээд 17 цаг 00 минутад төрөх өрөөний эх баригч эмч Шинэбаяртай хамт төрөхийн өмнөх өрөөгөө хүлээлцсэн. Тухайн үед анхны төрөлт гээд О.Долгор, хоёр дахь төрөлт гээд Пүрэвдолгор гэх хүмүүс байсан. Би эхлээд О.Долгорыг хүлээж авахад Баянмөнх эмч 16 цаг 40 минутад О.Долгорт дотуур үзлэг хийсэн байсан бөгөөд дотуур үзлэгээр 7 см нээлттэй, умайн хүзүү зузаан төрөх болоогүй гэсэн онош тавьсан байсан. Би эмчийн тавьсан оношийг харчихаад хүүхэд нь бага зэрэг бүтэлттэй байж болзошгүй гэх үүднээс бичлэг хийж хүлээж авсан. Тухайн үед хагалгаанд орсон Сэржмядаг гэх эх хагалгааны 2 нойморын өрөөнд хэвтэж байсан. Сэржмядагийг хүлээж аваад постон дээр ирээд төрөлтийн бүртгэлээ хүлээж аваад зогсож байтал Пүрэвдолгор өрөөнөөс гарч ирээд О.Долгор өвдөөд байна, таныг дуудаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрөхийн өмнөх өрөө рүү гүйгээд орсон чинь О.Долгор цонхон талын орны хажууд гудсан дээр өвдөглөөд суучихсан байсан. Би О.Долгорыг төрөх өрөө рүү явъя гэж хэлээд сугадаад босгосон. Тухайн үед О.Долгор юу ч ярилгүй, босоод өрөөны голын орны дэргэд ирэхэд О.Долгор ор түшээд зогсохоор нь бие чинь яаж байна гэж асуусан чинь өвдөөд байна гэж хэлсэн. Өөр ямар нэгэн юм хэлсэн зүйл байхгүй. Тэгээд тэр зогсоод явахгүй болохоор нь памперснийх нь нэг талыг тайлаад хартал хүүхдийн толгой цухуйчихсан, өгзөг хэсэг нь гараад байж байхаар нь би Шинэбаярыг дуудсан. Шинэбаярыг төрөхийн өмнөх өрөө рүү орж ирэхэд хүүхэд бүрэн гарч ирсэн. Тухайн үед Долгорсүрэн эгчийг дуудахад эхийн туслах Долгорсүрэн, нярайн сувилагч Болортуяа нар орж ирсэн, харин Шинэбаяр багажиндаа гүйгээд багажаа авчирч ирээд хүйг таслаад нярайн сувилагч Болортуяад өгсөн. Энэ үед нь Шинэбаяр бид хоёр О.Долгорт памперсийг нь өмсүүлээд орон дээр гаргасан. Төрөлтийн хоёрдугаар үе нь төрөхийн өмнөх өрөөнд үргэлжилсэн. Төрөлтийн гуравдугаар үед нь О.Долгорыг орон дээр гаргаад эхэсийг нь харсан бүрэн бүтэн байсан. Баянмөнх эмч төрөөд дууссаны дараа 18 цаг 05 минутад орж ирсэн. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтын шатанд 201603000175 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч О.Долгорын мэдүүлсэн: ...Би 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед намайг төрөх гээд өвдөж байхад тэр өдөр гараанд гарч байсан эх баригч Ганцэцэг, Шинэбаяр нар байгаагүй, намайг төрөх гэж байхад огт тоогоогүй учраас би өвдсөөр байгаад сүүлдээ миний хүүхэд гарах гэхээр нь би төрөхийн өмнөх өрөөнөөс орилж хүн дуудсан. Тэр үед нилээн олон дуудуулж, Ганцэцэг эх баригч өрөөнд орж ирээд, чи заавал төрөх өрөөнд төрөх ёстой гэхэд хүүхэд шууд доошоо гарсан бөгөөд төрөх үед миний хүүхэд толгой хэсгээрээ газарт унаж толгойдоо гэмтэл авсан. Тэгээд миний хүүхдийг төрөөд газар уначихсан байх үед Ганцэцэг эх баригч газраас авахгүй, хүн дуудаж ариутгалын даавуу аваад ир гэж хэлж байсан, тэгээд Шинэбаяр эх баригч орж ирээд намайг төрөх өрөө рүү аваад орсон. Намайг төрөх өрөөнд орохоос өмнө төрөхийн өмнөх өрөөнд хүүгийн хүйг тасалсан. Тухайн үед манай хүүхэд газар унаж төрсөн бөгөөд надтай хамт төрөх гээд өвдөж байсан эх Пүрэвдолгор харж байсан. Пүрэвдолгор гэх хүн хаана байдаг талаар би мэдэхгүй байна. Тэгээд би тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Би эмнэлгээс гарахаас өмнө хүүхдээ усанд оруулах үед Ариунзаяа гэх нярайн эмч манай хүүхдийг үзэхээр нь би Ариунзаяа эмчид манай хүүхдийг шалан дээр унагааж төрүүлсэн гэж хэлсэн чинь Ариунзаяа эмч эх баригч  нар надад хэлэхдээ хүүхдийг газар унагаагаагүй, хоёр гар дээрээ тосч авсан гэж байсан ш дээ гэж хэлж байсан. Тэгээд манай хүүхдийн толгой дээр  хаван үүссэн байсанг Ариунзаяа эмч үзээд төрөхийн дүлэлтийн хаван аяндаа зүгээр болчихно гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь би эмнэлгээс гарсан, тэгээд эмнэлгээс гараад гэртээ 2 хоносон, эхний шөнө манай хүүхэд уйлалгүй зүгээр хоносон, дараа өдөр нь шөнөжин уйлж хоносон тэгээд нярайн эмчид үзүүлж, хүүхдийн тасагт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэх үед хүүхдийн эмчид үзүүлсэн мөн мэс заслын эмчид үзүүлэхэд мэс заслын эмч манай хүүхдийн зулайн хэсэгт үүссэн байсан хаванг ирмэгтэй байна, яс мэдрэгдэж байна, яаралтай хот яв гэж хэлэхээр нь Улаанбаатар хот руу хүүхдээ авч яваад маргааш нь хагалгаанд орсон. Тэр үед миний хүүгийн тархины яс хугаралтай, хуйхан доороо цус хуралттай байна гэж хэлж байсан. Миний хүүгийн тархинд үүссэн гэмтэл, ясны цуурал нь эх баригч Ганцэцэг, Шинэбаяр нарын буруутай үйлдлээс болж үүссэн. Би хүүхдээ төрөх үедээ газар шалан дээр толгой хэсгээрээ унаж төрөхийг өөрөө харсан. Тэр үед хүй нь татагдаад л газар унасан юм. Энэ үйл явдлыг надтай хамт төрөх гэж байсан Пүрэвдолгор хүртэл харсан байгаа. Намайг төрөх үед эх баригч Ганцэцэг миний хүүхдийг 2 гар дээрээ тосч аваагүй, би хүүхдээ газар шалан дээр унахыг нүдээрээ харсан. Харин Ганцэцэг эх баригч би өөрөө 2 гар дээрээ тосч авсан гээд байгаа юм. Хэрэв миний хүүхдийг газар унагаагаагүй, 2 гар дээрээ тосч авсан бол миний хүүхэд эсэн мэнд, эрүүл төрөх байсан. Миний хүүхдийн тархины яс нь цуурсан байгаа. Би эмнэлгээс гарахаасаа өмнө нярайн эмч Ариунзаяад энэ талаар хэлэхэд Ариунзаяа эмч миний хүүгийн зулайн зүүн хэсэгт байсан овгорыг төрөхийн үеийн дүлэлтийн хаван учраас удахгүй зүгээр болно гэж хэлж байсан бөгөөд тэр нь зүгээр болохгүй байсаар нарийн шинжилгээ өгч зургийг нь авахуулахад гэмтэл байсан. Миний хүүхдийн тархинд үүссэн гэмтэл бол эмч нарын буруутай үйлдлээс болж үүссэн гэмтэл бөгөөд намайг төрсний дараа л уг гэмтэл нь үүссэн байсан. Би маш их гомдолтой байна. Би хүүхдийнхээ эмчилгээнд зориулсан бүх мөнгийг нэхэмжилнэ. Би цаашдаа ч гэсэн гомдолтой байх болно. Миний хүүхэд 17 нас хүртлээ яаж ч магадгүй байдалтай байгаа. Манай хүүхдийг эх баригч газар шалан дээр төрүүлсэн талаар мэдэж байгаа ганц хүн нь Пүрэвдолгор юм. Тухайн үед төрөх тасагт ганц нэг өөр хүмүүс байсан л байх, гэхдээ тэр хүмүүс манай хүүхдийг эх баригч төрүүлэх үедээ газар шалан дээр унагаасан талаар мэдэхгүй. Тухайн үед манай гэрт би аав, ээж, хүүхдийн хамт л байсан. Манай хүүхэд гэртээ байх үедээ ямар нэгэн байдлаар гэмтэл авсан зүйл огт байхгүй. Намайг төрөх үед эх баригч Б.Ганцэцэг манай хүүхдийг газарт унагаасаны улмаас манай хүүхэд толгойдоо гэмтэл авсан. Тухайн үед миний өмсөж явсан памперс газарт унасан. Намайг эх баригч Б.Ганцэцэгийн хамтаар төрөх ор руу явах гээд ганц хоёр алхаж байх үед миний өмсөж явсан памперсний нэг тал нь мултраад миний хүүхэд гарч, газар шалан дээр уначихсан бөгөөд араас нь миний өмсөж явсан памперс унасан. Би өөрийнхөө хүүхдийг газарт унасан байхыг харсан, тэр үед манай хүүхэд газар шалан дээр унасан байхад эх баригч манай хүүхдийг аваагүй. Тухайн үед надад ярих ч тэнхээ байгаагүй, харин болсон үйл явдлыг хараад л зогсож байсан. Тэр үед эх баригч ариутгалын даавуу аваад ир гэж хэлээд даавуу аваад иртэл эх баригч манай хүүхдийг газраас аваагүй л байсан. Тэгээд ариутгалын даавуу ирэхээр манай хүүхдийг газраас аваад хүйг нь тасдаад төрөх ор руу авч явсан. Ариутгалын даавууг эх баригч Шинэбаяр гэх хүн авч ирсэн. Долгорсүрэн гэх асрагч гаднаас орж ирээд та нар ямар хариуцлагагүй юм, хүн аллаа шүү дээ гэж орилоод байсан. Долгорсүрэн гэх хүн манай хүүхдийг газарт унасан байхыг харсан талаар мэдэхгүй байна. Ариутгалын даавуу авч ирсэн Шинэбаяр эх баригч уг асуудлын талаар харсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл манай хүүхдийг газарт уначихсан байх үед Шинэбаяр орж ирээд, эх баригч Б.Ганцэцэг ариутгалын даавуу аваад ир гэхэд Шинэбаяр гарч яваад ариутгалын даавуу авч ирсэн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 36-38, 39-40 хуу/

 

Гэрч Т.Шинэбаярын мэдүүлсэн: ...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би өглөө 09 цагаас 17 цаг хүртэл “Төрөх” тасагт жижүүрийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн үед их эмч Баянмөнх 18 цаг хүртэл үүрэг гүйцэтгэх, Даваажав эмч хонох ээлжтэй байсан. Энэ өдөр 12 цагт Даваажав эмч О.Долгорыг үзээд 14 цагт төрөлт эрчимжүүлэх тариаг залгаарай гэж Баянмөнх эмчид хэлээрэй гэж надад хэлээд явсан. Тэгээд 14 цагт би Баянмөнх эмчид төрөлт эрчимжүүлэх тариа залгаарай гэсэн талаар нь хэлж зөвшөөрөл авч түүний дагуу би 14 цагт О.Долгорт төрөлт эрчимжүүлэх тариа залгасан. Тэр үед О.Долгор өвдөж байсан бөгөөд түүний даралтыг хэмжиж ургийн зүрхний цохилтыг хянаж бичлэг хийж байсан дуслынхаа тоог 30 минут тутам хянаж нэмж байсан. Мөн Долгороос бөгс рүү нь тулж байна уу, баах гэж байгаа юм шиг болж байна уу гэж байнга асууж байсан. Тэгээд 16 цагт Баянмөнх эмч О.Долгорыг үзсэн бөгөөд тэр үед Долгорт хүүхдийн ургийн зүрхний цохилт хянах бичлэг хийх үед Долгор өвдөлтөндөө болоод бичлэг хийлгэхгүй байхаар нь ургийн зүрхний цохилтыг хянах даачигаар хянаж сонсож байсан. Тэгээд 16 цаг 40 минутанд нөгөө ээлжийн эх баригч Ганцэцэг ирээд төрөхийн өмнөх өрөөнд орж ирэхээр нь О.Долгорыг Ганцэцэгт хүлээлгэж өгөөд хагалгааны хэсгээр тойроод төрсний дараахаас ямар нэгэн анхаарал татсан хүн байхгүй гэж хэлээд 17 цагт ээлж хүлээлцэж дуусаад бид 2 постон дээр ирсэн. Тэгээд Ганцэцэг анхан шатны бичиг баримтаа хөтөлж дуусаад төрөлтийн түүхийн эмчилгээний хуудсаа бөглөөд сууж байсан, мөн тэр үед би Ганцэцэгийн хажууд сууж байсан. Тэр үед О.Долгорын төрөлт эрчимжсэн бөгөөд өвдөж байсан учраас би тухайн үед Ганцэцэгт хандаж Долгорыг төрөх орон дээр гаргахгүй юм уу гэж асуухад тэр яагаачгүй эрт гаргаж хүний хүүхдийн толгой шовойлгоод яах вэ гэж хэлэхээр нь би дуугүй болчихсон. Тухайн үед би олон жил ажилласан хүнтэй юу ярих юм гэж бодоод орхисон. Тэгээд байж байтал Долгор төрлөө шүү дээ гэж орилохоор нь эх баригч Ганцэцэг төрөхийн өмнөх өрөө рүү гүйгээд орсон бөгөөд нэг их удалгүй, Ганцэцэг нь төрчихлөө хүн байна уу гэж орилсон. Тэгээд би гүйгээд очтол Ганцэцэг Долгорын хүүхдийг зүүн гар дээрээ барьчихсан Долгорын ар талд зогсож байсан. Тэгээд би үүдэн дээрээс буцаж гарч гүйгээд ариутгасан бээлий, материал аваад буцаад төрөхийн өмнөх өрөөнд авч очсон. Тэр үед Долгорсүрэн гэх манай асрагч орж ирчихсэн Ганцэцэгтэй хамт зогсож байсан бөгөөд тэр баахан л юм яриад үглээд байсан. Тэгээд би ариутгасан бээлийгээ өмсөөд багажаа онгойлгоод эхээс хүйг салгаж өгөхөд Ганцэцэг хүүхдээ авч яваад, би Долгорыг түшээд төрөх өрөөний үүдэнд хүргэж өгөөд ажлаасаа буугаад явсан. Долгор төрлөө шүү дээ гэж орилоход Ганцэцэг эх баригч төрөхийн өмнөх өрөө рүү гүйгээд орсон, тэгээд нэг их удалгүй, төрчихлөө хүн байна уу гэж Ганцэцэг эх баригч орилохоор нь би төрөхийн өмнөх өрөө рүү гүйгээд очих үед Долгор мониторын хажуу талын орны толгойноос барьчихсан алцайгаад зогсож байсан. Ганцэцэг тэр үед Долгорын ард талд хагас суугаа байдалтай өөрийнхөө зүүн гар дээр хүүхдээ барьчихсан зогсож байсан. Намайг орох үед Долгорын хүүхэд Ганцэцэгийн зүүн гар дээр байсан. Тухайн үед уг өрөөнд Ганцэцэг, Долгорын хүүхэд, Долгор нар л байсан бөгөөд өөр хүн байсан талаар би анзаараагүй. Уг нь бол төрөхийн өмнөх өрөөнд Долгортой хамт байсан Пүрэвдолгор хамт өвдөж байсан бөгөөд би түүнийг байсан талаар анзаарч хараагүй. Манай төрөхийн өмнөх өрөөний шалны доод тал нь юу байдаг талаар мэдэхгүй байна, ямар ч байсан дээрээ хулдаастай шал байдаг. Тухайн үед эхийн биеийн онцлогоос л шалтгаалж хурдан, удаан төрөх асуудал шийдэгддэг. Долгорын хүүхдийн гавлын яс нь цуурсан талаар би сүүлд нь сонсож мэдсэн. Намайг төрөхийн өмнөх өрөөнд орохоос өмнө Долгор төрсөн байсан учраас яг юу болсон талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Хүүхэд газар унаад дараа нь Ганцэцэг газраас авсан юм уу эсвэл төрөх үед анхнаасаа Ганцэцэг гар дээрээ авч төрүүлсэн юм уу гэдгийг би мэдэхгүй байна... Төрөх гэж байгаа эхийг төрөх өрөөнд төрөх орон дээр төрүүлэх ёстой байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/

 

Гэрч Ч.Пүрэвдолгорын мэдүүлсэн: ...Би 2016 оны 03-р сарын 27-ны өдөр Архангай аймгийн эмнэлэгт төрөхөөр очсон юм. Тэгээд амрах байранд байж байгаад 2016 оны 03 сарын 29-ний өдөр төрөхийн өмнөх өрөөнд төрөхөөр орсон. Тэр үед Долгор гэх эмэгтэй төрөхийн өмнөх өрөөнд төрөх гээд байж байсан бөгөөд бид хоёр хоёулахнаа байсан, уг өдөр эх баригч, сувилагч нар нь орж ирээд О.Долгорын даралтыг үзэж, дусал хийж байсан. Тэгээд байж байтал гарах гээд байна, эмч дуудаарай гэж О.Долгор орилсон. Би төрөхийн өмнөх өрөөнөөс гарч постон дээр байсан эмч, сувилагч нарыг дуудсан. Тэр үед постон дээр байсан эх баригч гэх 2 эмэгтэй гүйгээд төрөхийн өмнөх өрөө рүү орсон. Тэгээд би араас нь алхаад орох үед О.Долгорын хүүхэд унжчихсан байгаа харагдаж байсан, хажууд нь 2 эх баригч байсан бөгөөд хүйг нь таслаад Долгорыг хүүхэдтэй нь хамт төрөх өрөө рүү аваад орсон. Тухайн үед О.Долгор төрөхийн өмнөх өрөөнд төрсөн. Намайг эх баригч нарыг дуудчихаад араас нь төрөхийн өмнөх өрөөнд орох үед О.Долгор босоогоороо төрсөн, түүний хүүхэд нь доошоо газар унжчихсан байсан. Би эх баригчийг О.Долгорын хүүхдийг гар дээрээ тосч авсан байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Би өөрөө өвдөж байсан учраас сайн анзаарч хараагүй. О.Долгор тухайн үед надад хэлэхдээ эх баригч нар миний хүүхдийг газар шалан дээр унагаачихсан гэж ярьж байсан. Би бол тэгж яриагүй. Би худлаа мэдүүлэг өгөөгүй, өөрийн харсан зүйлээ л мэдүүлж байна. Би тухайн үед О.Долгорын хүүхдийг гар дээрээ тосч аваад байж байгааг бол хараагүй бөгөөд Долгорын хүүхэд доошоо унжсан байдалтай хүй нь тасраагүй байсан. Харин эх баригч нар хүйг нь тасдаад О.Долгор болон хүүхдийг нь аваад төрөх ор руу явсан. Тухайн үед ээлж солигдож байгаа гэж ярьж байсан, харин Долгорыг төрөх үед бол 2 эх баригч хоёулаа байх шиг байсан. Долгорын хүүхдийн толгой газарт шүргэсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан хүүхэд нь унжчихсан О.Долгор өөрөө босоо байдалтай байж байсан. Харин эх баригч нь хажууд нь байсан бөгөөд гар дээр нь хүүхэд бол харагдаагүй. Тухайн үед би өөрөө бас өвдөж байсан болохоор тодорхой сайн анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 хуу/

 

Гэрч А.Отгоны мэдүүлсэн: ...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн юм. Тухайн үед манай охин Долгорыг төрөх болчихсон өвдөж байх үед болоогүй байна гээд жижүүрт гарч байсан сувилагч нь хүлээлгэж байгаад манай охиныг төрөх үед нь босоогоор нь төрөхийн өмнөх өрөөнд төрүүлж, хүүхдийг нь газарт шалан дээр унагаасан байсан бөгөөд үүний улмаас манай охин О.Долгорын хүүхдийн тархинд хүнд гэмтэл учирсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гарч гэртээ байсан, тэгээд нэг хоноод л манай охины хүүхэд уйлагнаад байхаар нь эмч нарт үзүүлж эмнэлэгт хэвтсэн юм. Тэгээд улмаар Улаанбаатар хот руу явж тархины хагалгаанд орсон. Тухайн үед манай хүүхдийг төрүүлж эх барьж авсан эх баригч нь төрөх гээд байна шүү дээ гэж хэлээд байхад нь болоогүй гэж байгаад босоогоор нь төрүүлж, хүүхдийг нь газар шалан дээр унагаасан байсан. Тухайн үед Б.Ганцэцэг гэх эх баригч байсан бөгөөд би энэ талаар өөрийн охиноос сонсож мэдсэн юм. Тэр үед манай гэрт манай эхнэр Я.Энхтуяа, манай охин О.Долгор хүүхэдтэйгээ бид нар л байсан. О.Долгорын хүүхэд эмнэлэгт төрөх үедээ тархиндаа гэмтэл авсан, гэрт ямар нэгэн байдлаар унагаасан болон ямар нэгэн байдлаар хүүхдийн тархинд гэмтэл авах зүйл огт болоогүй бөгөөд эмнэлгээс гарсан орой уйлж хоноод, маргааш нь эмнэлэгт хэвтсэн. Манай охин О.Долгорын хүүхэд нь эмнэлэгт төрөх үедээ тархиндаа гэмтэл авсан, тухайн үед гарч байсан эх баригч нь манай охин О.Долгорын хүүхдийг шалан дээр унагааж төрүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

 

Гэрч Ш.Өлзиймаагийн мэдүүлсэн: ...2016 оны 04 сарын 02-ны өдөр манай эмнэлгийн нярайн эмч Ариунзаяа нь О.Долгор гэх эмэгтэйг хүүхэдтэй нь хамт авчраад надад үзүүлж байсан. Тухайн үед нярайн эмч Ариунзаяа энэ хүүхдийн толгойны хуйхан доор цус хуралттай гематомтой рентгенд харуулах гэсэн юм гэж хэлсний дагуу би хүүхдийн гавлын ясыг харахад гавлын яс рентгенд тод бус харагдаж байсан учраас эмнэлэгт хэвтсэний дараа рентген зураг авч нягталж үзэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд биеийн байдал тогтвортой болсны дараа Улаанбаатар хотод СТ, MRI, of head хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд уг хүүхэд Улаанбаатар хот руу явсан байсан. О.Долгорын хүүхдийн гавлын ясыг рентгенд 2 удаа харсан. Тухайн үед нярайг эхтэй нь хамт эмнэлэгт хэвтүүлснээс хойш 3 хоногийн дараа дахин гавлын ясны рентген зураг авах үед хүүхдийн зулайн зүүн доод талд босоо цууралттай байж болзошгүй байсан тул СТ, MRI, of head хийлгэх шаардлагатай талаар санал гаргасан бөгөөд үүний дагуу О.Долгорыг хүүхдийнх нь хамтаар манай эмнэлгийн эмч Улаанбаатар хотод хүргэж өгсөн. Тухайн үед нярайн эмч Ариунзаяа надад уг хүүхдийг үзүүлэхдээ хуйхан доороо цус хурсан нярай байгаа гэж хэлээд үзүүлж байсан бөгөөд гэмтлийн шалтгааны талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х/

 

Гэрч Ч.Ариунзаяагийн мэдүүлсэн ...2016 оны 03 сарын 29-ний өдөр 16 цагийн үед би “Төрөх” тасгаас хүүхдийн тасаг руу ажлаар яваад эргээд ирэх үед О.Долгорын нярай төрсөн, О.Долгор төрөх орон дээр, хүүхэд эхийн хэвлий дээр байсан. Би тэр үед эхийн хэвлий дээрх хүүхдэд үзлэг хийхэд хүүхдэд ямар нэгэн онц өөрчлөлт мэдэгдээгүй хэвийн байсан. Тэгээд би ажлаасаа буугаад явсан. Тэр үед би О.Долгорыг яаж төрсөн талаар мэдээгүй. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 03 сарын 30-ны өдөр би ажил дээр ирэх үед эх баригч Б.Ганцэцэг надад хэлэхдээ О.Долгор хүүхдийг нь газарт унагаасан гэсэн бодолтой байгаад байна, тухайн үед би хүүхдийг нь 2 гар дээрээ барьж аваад, төрөх орон дээр гаргаж хүйг нь тасалсан гэж хэлж байсан. Мөн Б.Ганцэцэг надад хэлэхдээ тухайн үед О.Долгорын памперс газар унасан бөгөөд үүнийг л О.Долгор хүүхдийг газарт унагаачихлаа гэж бодоод байх шиг байна, би хүүхдийг 2 гар дээрээ тосч авсан гэж ярьж байсан. Тэгээд уг өдрийн өглөө би Долгорын хүүхдийг үзэж байхад О.Долгор надад хандаж манай хүүхдийг төрөх үед нь газар унагаачихсан гэж хэлэхээр нь би түүнд хандаж танай хүүхэд газар унаагүй гэсэн, эх баригч нь хүүхдийг чинь 2 гар дээрээ тосч авсан гэж байна лээ гэж би хэлсэн. Тэгээд О.Долгорын хүүхэд ямар нэгэн зовиургүй хөхөө сайн хөхөж байгаа гэж байсан. Намайг О.Долгорын хүүхдийг үзэж байхад ил харагдах шарх, шалбархай харагдаагүй, харин толгой хэсэгт нь төрөхийн бага зэрэг хаван толгойн зүүн дээд хэсэгт гемотом байсан бөгөөд уг гемотомыг хэрхэн яаж үүссэн талаар би сайн мэдэхгүй. Тэгээд О.Долгор 2016 оны 03 сарын 31-ний өдөр эмнэлгээс гарсан бөгөөд би тэр үед нь О.Долгорт зөвлөгөө өгч гемотомын хэмжээг ажаарай, хүүхдэд зовиур илэрвэл ирж үзүүлээрэй гэж хэлээд, сайн зөвлөгөө өгөөд эмнэлгээс гаргасан. 2016 оны 04 сарын 02-ны өдөр О.Долгорын ээжээс хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар асуухад 2016 оны 04 сарын 01-ний өдөр хүүхдийг усанд оруулж байх үедээ хүүхдийн толгой дээр овгор болсонг харсан тэгээд эх баригч нь хүүхдийг төрүүлэх үедээ газар унагаасан талаар мэдлээ гэж ярьж байсан. Мөн энэ шөнөө уйлагнаж хоносон гэж ярихаар нь би О.Долгорыг хүүхэдтэй нь дуудуулж ЭХО-ны рентген эмчид үзүүлж толгойн зураг авахуулж, зулайг ЭХО-д харуулсан. Тэгээд мэс заслын эмч Нарантуяад үзүүлж эмчилгээ бичүүлж аваад О.Долгорыг хүүхэдтэй нь хамт хүүхдийн тасагт хэвтүүлсэн. 2016 оны 03 сарын 31-ний өдөр О.Долгор эмнэлгээс гарсан, тэгээд 2016 оны 04 сарын 02-ны өдөр О.Долгорын ээж надтай ярихдаа 2016 оны 04 сарын 01-ний өдөр хүүхдээ усанд оруулж байх үедээ толгойн зүүн дээд хэсэгт овгор гемотом үүссэн байна, О.Долгорыг төрөх үед эх баригч нь хүүхдийг нь газар унагаасан гэж байна, энэ талаар 2016 оны 04 сарын 01-ний өдөр мэдлээ гэж ярьж байсан. О.Долгорын хүүхэд гэрт байх үедээ гэмтэл, бэртэл авсан эсэх талаар би ямар нэгэн зүйл сонсож мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

 

Гэрч Ю.Долгорсүрэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 03 сарын 29-ний өдөр О.Долгор гэх эмэгтэйг төрөх үед төрөх тасагт байгаагүй, харин сүүлд нь О.Долгор гомдол гаргасан байх үед нь уг асуудлын талаар сонссон. Тухайн үед О.Долгорыг төрөх үед эх баригч Б.Ганцэцэг хүүхдийг нь газарт унагаасан гэж О.Долгор ярьж байсан. Харин эх баригч Ганцэцэг О.Долгорыг төрөх үед хүүхдийг нь 2 гар дээрээ барьж авч төрүүлсэн, газарт унагаагаагүй гэж ярьж байсан. Уг хэргийн талаар надад тодорхой мэдэх зүйл байхгүй. Би төрөх тасагт тасгийн менежер хийдэг. Манай төрөх тасагт эмч, эх баригч, сувилагч нарын ажлаа хүлээлцдэг бүртгэл тэмдэглэл байдаггүй. Тухайн үед эх баригч Б.Ганцэцэг ээлж авсан ажиллаж байсан. Шинэбаяр эх баригч 17 цаг 00 минутанд  ээлжээ Б.Ганцэцэгт өгөөд ажил хүлээлцэж, өвчтөнүүдээ хүлээлцэж байсан үед О.Долгор 17 цаг 20 минутанд төрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

 

Гэрч Ц.Долгорсүрэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 16 цаг 40 минутаас 17 цагийн хооронд эх баригч Т.Шинэбаяр, эх баригч нар ажил хүлээлцэж байсан, тухайн үед төрөхийн өмнөх өрөөнд 2 эх төрөх гээд өвдөж байсан. Тэр үед би Шинэбаяраас О.Долгорыг төрөх болж байгаа юу гэж асуухад арай болоогүй гэж хэлж байсан тэгээд би төрөхийн өмнөх өрөөнөөс гараад явсан бөгөөд тэр үед Шинэбаяр, Ганцэцэг нар жижүүр хүлээлцээд явж байсан юм. Тэгээд би төрөх өрөөнөөс гараад хагалгааны өрөө рүү орсон байсан. Тэр үед Ганцэцэг төрчихлөө гээд намайг дуудсан юм, тэгэхээр нь би гүйгээд орох үед Ганцэцэг О.Долгорын хүүхдийг гар дээрээ бариад зогсож байсан бөгөөд тэр үед би Ганцэцэг, Шинэбаяр хоёрт хандаж та нар чинь ямар хариуцлагагүй юм бэ, хүнээ хянахад яадаг юм гэж хэлсэн чинь Шинэбаяр гарч гүйгээд ариутгалын даавуу бусад зүйлсээ авч орж ирээд хүүхдийн хүйг тасалж аваад О.Долгорыг хүүхэдтэй нь хамт төрөх өрөө рүү аваад орсон. О.Долгорын хүүхэд газар шалан дээр унаж төрсөн талаар би мэдэхгүй, би О.Долгорыг төрсний дараа очсон. Намайг төрөхийн өмнөх өрөөнд орох үед Б.Ганцэцэг О.Долгорын хүүхдийг 2 гар дээрээ бариад О.Долгорын хойд талд сууж байсан. Намайг төрөхийн өмнөх өрөөнд орох үед эх баригч Ганцэцэг, Шинэбаяр, О.Долгор болон бас төрөх гээд өвдөж байсан нэг эх байсан бөгөөд би тэр эхийн нэрийг мэдэхгүй байна. Би тухайн үед та нар ямар хариуцлагагүй юм, хүнээ хянахад яадаг юм гэж хэлснээс биш хүний хүүхэд алах нь байна ш дээ гэж хэлсэн зүйл байхгүй... Б.Ганцэцэг О.Долгорын хүүхдийг газар уначихсан байхад нь аваад гар дээрээ бариад зогсож байсан юм уу эсвэл анхнаасаа гар дээрээ тосч төрүүлсэн юм уу гэдэг талаар нүдээрээ хараагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/

 

Гэрч Я.Энхтуяагийн мэдүүлсэн: ...2016 оны 03 дугаар сарын 29-ны өдөр манай охин О.Долгор Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн юм. Манай охин төрөх тасагт 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэвтсэн байсан. Тэгээд манай охин О.Долгорыг төрөх үед төрөх тасгийн эх баригч Б.Ганцэцэг манай охиныг төрөх болсон байхад төрөх орон дээр гаргалгүй байж байгаад төрөхийн өмнөх өрөөнд босоогоор нь төрүүлж, үүний улмаас манай охины хүүхэд төрөхийн өмнөх өрөөний шалан дээр унаж толгойдоо гэмтэл авсан байсан. Би энэ талаар өөрийн охин О.Долгороос сонсож мэдсэн. Манай охин 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гарсан. Тэгээд эмнэлгээс гараад гэртээ байж байгаад орой нь өөрийн охины хүүхдийг угаах гээд өлгийг нь тайлаад толгойноос нь эхэлж угаах гээд толгойг нь илж үзэхэд толгойны зүүн дээд хэсэгт овоосон байсан тэгэхээр нь би дарж үзсэн чинь овоочихсон байхаар нь би О.Долгороос яасан юм гэж асуухад О.Долгор миний хүүхдийг төрөх үед нь эх баригч авалгүй шалан дээр унагааж төрүүлсэн гэж хэлсэн. Тэгээд тэр оройноо манай охины хүүхэд уйлж хоносон бөгөөд маргааш орой нь бүр их уйлж хонохоор нь эмнэлэгт ирээд нярайн эмч Ариунзаяад үзүүлсэн. Тухайн үедээ би хүүхдийн толгойн зүүн дээд хэсэгт овгор болсон байна, танай эх баригч төрөх үед нь газар унагааж төрүүлсэн байна гэж хэлээд ЭХО-д харуулсан, тэгээд нарийн шинжилгээний зураг авхуулъя гээд Улаанбаатар хот руу Нэгдсэн эмнэлгийн эмч нар манай охиныг 13А маягтаар хүргэж өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд манай хүүхдийн толгойн зүүн дээд хэсэгт хаван үүсч, гавлын яс нь цуурсан байсан. Манай охин төрөх тасагт төрсний дараа нярайн эмч үзэж толгойн зүүн дээд хэсэгт нь бага зэрэг овгор байна гэж хэлсэн байсан бөгөөд түүний дагуу манай охин эмнэлэгт байхдаа нярайн эмчид нь манай хүүхдийг газар унагаасан талаар хэлж мэдэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

 

            Гэрч Т.Баянмөнхийн мэдүүлсэн: ...2016 оны 03 сарын 29-ний өдөр би гараатай байсан. Тухайн үед эх Долгор болон өөр нэг эх төрөхийн өмнөх өрөөнд төрөхөөр өвдөж байсан. Эх О.Долгор нь төрөх хүчний сулралтай учир окситоциноор төрөлтийг эрчимжүүлж төрлөгийн үйл ажиллагаа явагдаж байсан. Би 30, 30 минутын зайтай эхэд үзлэг хийж хянаж байсан. Би тухайн үед би эх баригч Ганцэцэгийн хяналтанд эхийг үлдээгээд хүлээн авах дээр өвчтөн үзэхээр явсан. Тухайн үед би тасагт ганцаараа ажиллаж байсан. Тэгээд хүлээн авах дээр өвчтөн үзчихээд эргээд 2 давхар руу гараад төрөхийн өмнөх өрөөнд ороход эх Долгор төрчихсөн, эхэс нь гараагүй байсан. Би төрөхийн 3 дугаар үе болох ихэсийг гаргасан бөгөөд эхийн биед цус алдсан болон ямар нэгэн хүндрэл байгаагүй. Тэгээд үргэлжлүүлэн ажлаа хийгээд явсан. Тухайн үед эх О.Долгорт дусал зоосон байсан. 2 эх хоёулаа төрөхөөр өвдөж байсан. Би хяналтаа сайн тавиарай гээд зааварчилгаа өгөөд хүнээ үзэхээр буусан. Би хүлээн авах дээр хүнээ үзэж дуусаад эргээд эхийн биеийн байдлыг шалгахаар ирэхэд эх Долгор төрчихсөн байсан. Эх баригч нь их эмчийн шаардлага гарсан тохиолдолд их эмчид мэдээлэл өгөх, дуудах үүрэгтэй. Ганцэцэг тухайн үед намайг дуудаагүй, мэдээлэл өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 хуу/

           

            Гэрч А.Болортуяагийн мэдүүлсэн: ...2016 оны 03 сарын 29-ний өдөр орой 16 цаг 40 минутаас бууж байгаа нярайн сувилагчаасаа ээлж хүлээн аваад бүх өрөөгөөр тойрч хүмүүсээ хүлээж авсан. Нярайн сувилагч нар төрсөн нярайгаа нарийн хүлээлцдэг юм. Тэгээд ээлж хүлээж аваад ээлж хүлээлгэж өгсөн сувилагч Баясгалан буугаад явсан байсан. Би өрөөндөө анхан шатны маягттай танилцаж байтал асрагч Долгорсүрэн төрөхийн өмнөх өрөөнд хүн төрчихлөө, өлгийгөө авчраарай гэж дуудсан. Тэгэхээр нь өлгийгөө аваад төрөхийн өмнөх өрөө рүү ортол Долгор гэдэг эх төрөхийн өмнөх өрөөнд төрчихсөн зогсож байсан. Би тэгээд хүүхдийг нь аваад өлгийдөж ороогоод төрөх өрөө рүү орсон. Тэгээд бүгдээрээ төрөх өрөө рүү орсон. Баянмөнх эмч удалгүй ирээд үзлэг хийсэн. Ийм л асуудал болсон, би яг хаана ямар байрлалтай төрснийг бол хараагүй. Намайг ороход төрсөн эх Долгор, эх баригч Ганцэцэг, Долгорсүрэн бас нэг өвдөж байгаа ээж байсан бас эх баригч Шинэбаяр үүдний хэсэгт зогсож байсан. Би сайн санахгүй байна, ямар ч байсан намайг ороход Ганцэцэг хүүхдийг нь гар дээрээ тавьчихсан зогсож байсан. Долгор зогсож байсан санагдаж байна. Би тухайн үед яахаараа төрөхийн өмнөх өрөөнд төрдөг билээ гээд нилээн гайхсан байдалтай байсан. Би хүүхдийг аваад амин үзүүлэлтийг шалгахад хэвийн байсан. Тэгээд ээжийнх нь бие дээр тавьсан. Тухайн үед би ямар нэгэн зүйл ажиглаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 169-170 хуу/

 

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

...Б.Ганцэцэгийн үйл ажиллагааг үнэлэхэд 2016 оны 03 дугаарс арын 29-ний өдрийн 17 цагийн ээлж хүлээлцэхээр “окситоциноор төрөлт сэдээж төрүүлэх” заалтаар төрлөг явагдаж буй эхийг хүлээн авсан боловч явцын хяналтыг тавиагүй, улмаар эхийн төрлөгийн 2 дугаар үе /төрөх/ төрөхийн өмнөх өрөөнд явагдаж эхэд үзүүлэх эх барихын тусламж үйлчилгээг зохих ёсоор / төрөх өрөөнд/ явуулаагүй байна. Окситоциноор төрөлт сэдээж төрүүлэх заалтаар төрлөг явагдаж буй эхэд явцын хяналт тавиагүй, төрөх өрөөнд эхийг төрүүлээгүй зөрчил гаргасан байна. Гаргасан зөрчил нь төрөх тасгийн “төрөхийн өмнө, төрөх үед төрсний дараа үйлчлэх дотоод журам, эрүүл мэндийг хамгаалах технологи эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 стандартын 3.14-д заагдсан окситоциноор төрөлт сэдээж түргэсгэх үйлдэлийн 3.14.5, 3.14.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн...гэх дүгнэлт /хх-ийн 137-138 хуу/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 5258 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Очирбатын биед зүүн зулай ясанд хугарал, зүүн зулайн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, аалзан бүрхүүлийн цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Тогтоогдсон гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...гэх дүгнэлт /хх-ийн 62 хуу/

 

            Шинжээч Т.Номинжаргалын мэдүүлэг: ...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд 10 хоногтой эрэгтэй Д.Очирбатын биед шүүх эмнэлгийн дүгнэлтийг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн 17829 дугаартай өвчний түүхийг үндэслэн зүүн зулай ясанд хугарал, зүүн зулайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн зулайд хуйханд зөөлөн эдийн няцрал, аалзан бүрхүүлийн цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Д.Очирбатын биед учирсан гэмтэл төрөхөөс өмнө үүссэн байх боломжгүй. Хүүхэд гэдсэнд байхад болон төрлөгийн үед дээрх гэмтлүүд үүссэн байх боломжгүй. Эхийн хүй нь урт бөгөөд хүн болгонд харилцан адилгүй, дундажаар 50-60 см орчим байдаг. Эхийн өндөр, хүйн уртыг мэдэхгүй болохоор нарийвчлан тогтоох боломжгүй байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 хуу/

 

            Шинжээч М.Цагаандалайн мэдүүлэг: ...Би Архангай аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Дашдондовоос хүсэлт ирсний дагуу иргэний хувиар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тус болохоор шинжээч томилсон тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гарган, тавьсан асуултанд хариулт өгсөн. Б.Ганцэцэгийн эх Долгорыг төрөх өрөөнд төрүүлэлгүй төрөхийн өмнөх өрөөнд төрүүлсэн нь тухайн төрөх тасгийн дотоод журам, эрүүл мэндийг хамгаалах технологи эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлийн MNS 4621:2008 стандартын III.14-т заагдсан окситоциноор төрөлт сэдээж түргэсгэх үйлдлийн III.14.5, III.14.6 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж хэлж болноо. Би энэ тухай дүгнэлтэндээ дурьдсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 176-177 хуу/

 

            Б.Ганцэцэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: ...2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 20 минутанд О.Долгор гэх эмэгтэй төрөх тасагт төрсөн. О.Долгорыг төрөхөөс өмнө би 17 цаг 00 минутанд жижүүрээ хүлээж авсан бөгөөд тэр үед төрөхийн өмнөх өрөөнөөс эхэлж жижүүрээ хүлээж авч эхэлсэн. 17 цаг 00 минутанд О.Долгорыг төрөхийн өмнөх өрөөний орон дээр хэвтүүлж, ургийн бичлэгийг 17 цаг 10 минут хүртэл хийсэн. Тэгээд базлалтыг нь үнэлж, ургийн зүрхний цохилтыг үнэлж О.Долгорыг хүлээж авсан. Тэгээд дараа нь О.Долгортой хамт өвдөж байсан Пүрэвдолгор гэх эмэгтэйг хүлээж аваад 17 цаг 17 минут орчим төрөхийн өмнөх өрөө рүү орох гээд постны хажууд явж байх үед Пүрэвдолгор гэх эмэгтэй нь эх баригчаа дуудаж байна гэж хэлэхээр нь би ганцаараа гүйгээд ортол О.Долгор цонхон талын орны хажууд газар өвдөглөөд суучихсан байхаар нь би түүнээс яаж байна, доошоо тулж байна уу гэж асуухад өвдөж байна, доошоо тулж байна гэж Долгор хэлсэн. Тэгээд Долгор хэлэхдээ би босч чадахгүй нь ээ гэхээр нь би чамд тусалъя гээд Долгорын суганаас өргөж босгоод, орны доогуур байсан тавчикыг нь авч өгсөн чинь Долгор би өмсөхгүй гээд тавчикаа тайлчихсан. Тэгээд бид 2 баруун гар талдаа дуслын хөлийг түрээд, зүүн гараараа О.Долгорыг сугадчихсан явж байсан. Тэр үед Долгор голын орны хажууд ирээд зогсчихсон тэгэхээр нь би яаж байна, доошоо хатуу юм гарах гэж байна уу гэж асуухад О.Долгор үгүй гэж байсан. Тэгээд О.Долгор хариулахгүй байхаар нь хүүхэд чинь гарчихаж байгаа юм биш биз дээ гээд би Долгорын урд гарч зогсож байгаад О.Долгорын памперс руу гараа хийж үзэхэд хүүхдийн толгой гарчихсан байхаар нь би баруун гараараа хүүхдийн толгойг барьсан чигээрээ О.Долгорын ард гарч зогсоод би хүүхдийг нь 2 гар дээрээ тосч авсан. Тэгээд би Шинэбаяр гэх эх баригчийг дуудсан чинь Шинэбаяр эх баригч орж ирсэн бөгөөд би түүнд багажаа аваад ир гэж хэлэхэд тэрээр багажаа авч орж ирсэн. Тэр үед хүйн лугшилт зогсоогүй байсан учраас би хүлээж байгаад хүйг хайчилсан. Тэгээд нярайг Болортуяа гэх нярайн сувилагчид өгөөд О.Долгорыг аваад төрөх орон дээр гаргасан. Тэгээд эмчилгээг нь хийгээд их эмч Баянмөнхийг дуудаад, эмч орж ирээд оёдол тавьсан. Би тухайн үед О.Долгорын хүүхдийг газарт шалан дээр унагаагаагүй, би хүүхдийнх нь толгой гараад ирсэн байх үед нь 2 гар дээрээ тосч авч төрүүлсэн. Эмчийн үзлэг 16 цаг 35 минутанд хийгдэж 16 цаг 50 минутанд төрөх орноос буулгасан байсан. Тэгээд би Шинэбаяраас ээлж авах үедээ хамгийн сүүлд хэзээ дотуур үзлэг хийсэн юм, нээлт нь хэд юм гэхэд 16 цаг 45 минутанд дотуур үзлэг хийсэн, нээлт нь 7 см байгаа гэж хэлж байсан. Тэгээд би дараагийн үзлэг хийх хугацаа нь 20 цаг 35 минутанд үзэх ёстой байсан. Харин О.Долгор энэ цагаас өмнө төрчихсөн. Миний бодлоор О.Долгор дотуур үзлэгийг алдаатай хийсний улмаас О.Долгор хугацаанаасаа өмнө төрсөн. Би эх барихынхаа бүх үзлэгийг хийсэн, харин дотуур үзлэгийг их эмч хийх ёстой байдаг. Би тухайн үед хүүхдийг газар шалан дээр унагаагүй, 2 гар дээрээ тосч авч төрүүлсэн. Тухайн үед Долгор бид 2 байсан мөн Пүрэвдолгор гэх эмэгтэй үүдэнд зогсож байсан. Шинэбаяр эх баригч О.Долгорын хүүхэд яг төрөх гэж байхад орж ирсэн. Эх баригч нар 16 цаг 40 минутанд ирэх ёстой байдаг тэгээд 17 цаг 00 минутанд эхэлж ээлжээ хүлээлцдэг. Тухайн үед би жижүүрээ бүрэн хүлээж аваагүй байсан. О.Долгор ээлж хүлээлцэж байх үед төрсөн. Тухайн үед О.Долгор төрөх үедээ миний хүүхэд газар уначихлаа ш дээ гэж хэлэхээр нь би О.Долгорт хандаж чиний хүүхдийг би барьчихсан, ард чинь зогсож байна ш дээ гэж хэлсэн. Хүүхдийн толгойд үүссэн гэмтэл хэний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн талаар би сайн мэдэхгүй байна. Би 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.Долгорыг төрөх орон дээр байх үед нярайн эмч Ариунзаяа үзчихээд хүүхдийн зулайн оройн хэсэгт төрөхийн хаван үүссэн байна гэж ярьж байсан. Маргааш нь Ариунзаяа эмч нөгөө зулайн орой хэсэгт үүссэн төрөхийн хаван нь одоо шимэгдээд буусан байна гэхдээ хурдацтай бууж өгөхгүй байна гэж хэлж байсан. Би тухайн үед Ариунзаяа эмчид О.Долгор намайг хүүхдийг нь газар унагаачихсан гээд байна би хүүхдийг нь газар унагаагаагүй, 2 гар дээрээ тосч авч төрүүлсэн гэж хэлж байсан. Ямар ч байсан Пүрэвдолгор төрөхийн өмнөх өрөөний үүдэнд зогсож байсан. Шинэбаяр эх баригч орж ирэх үед О.Долгорын хүүхдийн бие гараад ирчихсэн, хүй нь бүрэн гарч ирээгүй байсан. Төрөх тасагт дагаж мөрддөг стандартанд эх төрөх орон дээр төрөх ёстой байдаг. Төрөхийн өмнөх өрөө болон төрөх ор хоорондоо жаахан зайтай байдаг. Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 92-94, 145-146 хуу/

 

            Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 120-122, 162-164, 165-166 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 129-131 хуу/

            Нярайн түүхийн хуулбар /хх-ийн 64-68 хуу/

            Төрөлтийн түүхийн хуулбар /хх-ийн 70-76 хуу/

            Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн комьпютер томографийн дүгнэлт /хх-ийн 77-85 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-97 хуу/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 100-101 хуу/

            Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 102 хуу/

            Дипломын хуулбар /хх-ийн 103-104 хуу/

            Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 105 хуу/

            Ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 106-107 хуу/

            Хохирлын баримт /хх-ийн 128 хуу/

            Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 156/

            Шүүх хуралдааны үед хохирогч О.Долгорын шинээр өгсөн хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өгсөн багийн засаг даргын тодорхойлолт, цахим үнэмлэхийн хуулбар, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, “Ар-Энхжин” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Ганцэцэг нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн төрөхийн өмнөх өрөөнд “окситоциноор төрөлт сэдээж төрүүлэх” заалтаар төрлөг явагдаж буй эх О.Долгорыг хүлээн авсан боловч явцын хяналтыг тавиагүйгээс төрөлт төрөхийн өмнөх өрөөнд явагдаж, эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Долгорын...Тэр үед нилээн олон дуудуулж, Ганцэцэг эх баригч өрөөнд орж ирээд, чи заавал төрөх өрөөнд төрөх ёстой гээд хүүхэд шууд доошоо гарсан бөгөөд төрөх үед миний хүүхэд толгой хэсгээрээ газарт унаж толгойдоо гэмтэл авсан...гэх мэдүүлэг, гэрч Т.Шинэбаярын ...Тэр үед О.Долгорын төрөлт эрчимжсэн бөгөөд өвдөж байсан учраас би тухайн үед Ганцэцэгт хандаж Долгорыг төрөх орон дээр гаргахгүй юм уу гэж асуухад тэр яагаачгүй эрт гаргаж хүний хүүхдийн толгой шовойлгоод яах вэ гэж хэлэхээр нь би дуугай болчихсон. Тухайн үед би олон жил ажилласан хүнтэй юу ярих юм гэж бодоод орхисон. Тэгээд байж байтал Долгор төрлөө шүү дээ гэж орилохоор нь эх баригч Ганцэцэг төрөхийн өмнөх өрөө рүү гүйгээд орсон бөгөөд нэг их удалгүй, Ганцэцэг нь төрчихлөө хүн байна уу гэж орилсон...гэх мэдүүлэг, гэрч Ч.Пүрэвдолгорын... Эмч дуудаарай гэж  О.Долгор орилсон. Тэр үед нь би төрөхийн өмнөх өрөөнөөс гарч постон дээр байсан эмч, сувилагч нарыг дуудсан. Тэр үед постон дээр байсан эх баригч гэх 2 эмэгтэй гүйгээд төрөхийн өмнөх өрөө рүү орсон. Тэгээд би араас нь алхаад орох үед О.Долгорын хүүхэд унжчихсан байгаа харагдаж байсан, хажууд нь 2 эх баригч байсан бөгөөд хүйг нь таслаад Долгорыг хүүхэдтэй нь хамт төрөх өрөө рүү аваад орсон. Тухайн үед О.Долгор төрөхийн өмнөх өрөөнд төрсөн. Намайг эх баригч нарыг дуудчихаад араас нь төрөхийн өмнөх өрөөнд орох үед О.Долгор босоогоороо төрсөн, түүний хүүхэд нь доошоо газар унжчихсан байсан...гэх мэдүүлэг, гэрч А.Отгоны...Тухайн үед манай охин Долгорыг төрөх болчихсон өвдөж байх үед болоогүй байна гээд жижүүрт гарч байсан сувилагч нь хүлээлгэж байгаад манай охиныг төрөх үед нь босоогоор нь төрөхийн өмнөх өрөөнд төрүүлж, хүүхдийг нь газарт шалан дээр унагаасан байсан бөгөөд үүний улмаас манай охин О.Долгорын хүүхдийн тархинд хүнд гэмтэл учирсан... гэх мэдүүлэг, гэрч Ш.Өлзиймаагийн.... Тухайн үед нярайн эмч Ариунзаяа энэ хүүхдийн толгойны хуйхан доор цус хуралттай гематомтой рентгенд харуулах гэсэн юм гэж хэлсний дагуу би хүүхдийн гавлын ясыг харахад гавлын яс рентгенд тод бус харагдаж байсан учраас эмнэлэгт хэвтсэний дараа рентген зураг авч нягталж үзэх хэрэгтэй гэж хэлсэн. О.Долгорын хүүхдийн гавлын ясыг рентгенд 2 удаа харсан. Тухайн үед нярайг эхтэй нь хамт эмнэлэгт хэвтүүлснээс хойш 3 хоногийн дараа дахин гавлын ясны рентген зураг авах үед хүүхдийн зулайн зүүн доод талд босоо цууралттай байж болзошгүй байсан тул СТ, MRI, of head хийлгэх шаардлагатай талаар санал гаргасан бөгөөд үүний дагуу О.Долгорын хүүхдийн хамтаар манай эмнэлгийн эмч Улаанбаатар хотод хүргэж өгсөн...гэх мэдүүлэг, гэрч Ч.Ариунзаяагийн мэдүүлсэн ... харин толгой хэсэгт нь төрөхийн бага зэрэг хаван толгойн зүүн дээд хэсэгт гемотом байсан бөгөөд уг гемотомыг хэрхэн, яаж үүссэн талаар би сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг, гэрч Ю.Долгорсүрэнгийн... Тухайн үед О.Долгорыг төрөх үед эх баригч Б.Ганцэцэг хүүхдийг нь газарт унагаасан гэж О.Долгор ярьж байсан...гэх мэдүүлэг, гэрч Ц.Долгорсүрэнгийн мэдүүлсэн: ... Тэр үед Ганцэцэг төрчихлөө гээд намайг дуудсан юм, тэгэхээр нь би гүйгээд орох үед Ганцэцэг О.Долгорын хүүхдийг гар дээрээ бариад зогсож байсан...гэх мэдүүлэг, гэрч Я.Энхтуяагийн... Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд манай хүүхдийн толгойн зүүн дээд хэсэгт хаваж үүсч, гавлын яс нь цуурсан байсан...гэх мэдүүлэг, гэрч Т.Баянмөнхийн... Би тухайн үед би эх баригч Ганцэцэгийн хяналтанд эхийг үлдээгээд хүлээн авахад өвчтөн үзэхээр явсан. Би хүлээн авах дээр хүнээ үзэж дуусаад эргээд эхийн биеийн байдлыг шалгахаар ирэхэд эх Долгор төрчихсөн байсан. Эх баригч нь их эмчийн шаардлага гарсан тохиолдолд их эмчид мэдээлэл өгөх, дуудах үүрэгтэй. Ганцэцэг тухайн үед намайг дуудаагүй, мэдээлэл өгөөгүй...гэх мэдүүлэг, гэрч А.Болортуяагийн...Би өрөөндөө анхан шатны маягттай танилцаж байтал асрагч Долгорсүрэн төрөхийн өмнөх өрөөнд хүн төрчихлөө өлгийгөө авчраарай гэж дуудсан. Тэгэхээр нь өлгийгөө аваад төрөхийн өмнөх өрөө рүү ортол Долгор гэдэг эх төрөхийн өмнөх өрөөнд төрчихсөн зогсож байсан... гэх мэдүүлэг, Шинжээч Т.Номинжаргалын...2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд 10 хоногтой эрэгтэй Д.Очирбатын биед шүүх эмнэлгийн дүгнэлтийг “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-ийн 17829 дугаартай өвчний түүхийг үндэслэн зүүн зулай ясанд хугарал, зүүн зулайн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн зулайд хуйханд зөөлөн эдийн няцрал, аалзан бүрхүүлийн цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Д.Очирбатын биед учирсан гэмтэл төрөхөөс өмнө үүссэн байх боломжгүй. Хүүхэд гэдсэнд байхад болон төрлөгийн үед дээрх гэмтлүүд үүссэн байх боломжгүй... гэх мэдүүлэг, Шинжээч М.Цагаандалайн... Б.Ганцэцэгийн эх Долгорыг төрөх өрөөнд төрүүлэлгүй төрөхийн өмнөх өрөөнд төрүүлсэн нь тухайн төрөх тасгийн дотоод журам, Эрүүл мэндийг хамгаалах технологи эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлийн MNS 4621:2008 стандартын III.14-т заагдсан Окситоциноор төрөлт сэдээж түргэсгэх үйлдлийн III.14.5, III.14.6 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж хэлж болно... гэх мэдүүлэг, Б.Ганцэцэгийн сэжигтэнээр мэдүүлсэн ... Тэгээд дараа нь О.Долгортой хамт өвдөж байсан Пүрэвдолгор гэх эмэгтэйг хүлээж аваад 17 цаг 17 минут орчим төрөхийн өмнөх өрөө рүү орох гээд постны хажууд явж байх үед Пүрэвдолгор гэх эмэгтэй нь энд өвдөж байгаа ээж эх баригчаа дуудаж байна гэж хэлэхээр нь би ганцаараа гүйгээд ортол О.Долгор цонхон талын орны хажууд газар өвдөглөөд суучихсан байхаар нь би түүнээс яаж байна, доошоо тулж байна уу гэж асуухад өвдөж байна, доошоо тулж байна гэж Долгор хэлсэн. Тэгээд Долгор би босч чадахгүй нь ээ гэхээр нь би чамд тусалъя гээд Долгорын суганаас өргөж босгоод, орны доогуур байсан тавчикыг нь авч өгсөн чинь Долгор би өмсөхгүй гээд тавчикаа тайлчихсан. Тэр үед Долгор голын орны хажууд ирээд зогсчихсон тэгэхээр нь би яаж байна, доошоо хатуу юм гарах гэж байна уу гэж асуухад О.Долгор үгүй гэж байсан тэгээд О.Долгор хариулахгүй байсан тэгэхээр нь хүүхэд чинь гарчихаж байгаа биш биз дээ гээд би О.Долгорын урд нь гарч зогсож байгаад О.Долгорын памперс руу гараа хийж үзэхэд хүүхдийн толгой гарчихсан байсан тэхээр нь би баруун гараараа хүүхдийн толгойг барьсан чигээрээ О.Долгорын ард гарч зогссон тэгээд л би хүүхдийг нь 2 гар дээрээ тосч авсан... гэх мэдүүлэг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 5258 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 Иймээс шүүгдэгч Б.Ганцэцэгийг өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Б.Ганцэцэг нь О.Долгорыг төрүүлэх үедээ хүүхдийг нь газар унагаагүй гар дээрээ тосож авсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдахгүй байна. Тухайн үед Б.Ганцэцэгтэй хамт байсан гэх Ц.Долгорсүрэн нь... Б.Ганцэцэг О.Долгорын хүүхдийг газар уначихсан байхад нь аваад гар дээрээ бариад зогсож байсан юм уу эсвэл анхнаасаа гар дээрээ тосч төрүүлсэн юм уу гэдэг талаар нүдээрээ хараагүй болохоор мэдэхгүй байна...гэж, Т.Шинэбаяр нь...Намайг төрөхийн өмнөх өрөөнд орохоос өмнө Долгор төрсөн байсан учраас яг юу болсон талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Хүүхэд газар унаад дараа нь Ганцэцэг газраас авсан юм уу эсвэл төрөх үед анхнаасаа Ганцэцэг гар дээрээ авч төрүүлсэн юм уу гэдгийг би мэдэхгүй байна...гэж,  А.Болортуяа нь...би яг хаана ямар байрлалтай төрснийг бол хараагүй. Намайг ороход төрсөн эх Долгор, эх баригч Ганцэцэг, Долгорсүрэн бас нэг өвдөж байгаа ээж байсан бас эх баригч Шинэбаяр үүдний хэсэгт зогсож байсан. Би сайн санахгүй байна, ямар ч байсан намайг ороход Ганцэцэг хүүхдийг нь гар дээрээ тавьчихсан зогсож байсан. Долгор зогсож байсан санагдаж байна... гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд эдгээр нь хүүхдийг газар унагаагүй гэх Б.Ганцэцэгийн мэдүүлгийг баталж чадахгүй байна гэж үзлээ.

 

Харин хохирогч О.Долгор нь өөрийн хүүхдийг төрөхдөө шалан дээр унасан энэ үед Б.Ганцэцэг хүүхдийг гар дээрээ тосож аваагүй, шалан дээр унасаны дараа  хүмүүс ирэх үед гар дээрээ авсан, гэрч Ч.Пүрэвдолгор нь О.Долгорын хүүхдийг доошоо газар унжчихсан байсан талаар тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд шинжээч Т.Номинцэцэг нь хүүхэд эхийн хэвлийд байхад болон төрөх үед шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтэл үүсэх боломжгүй, унах үед үүсэх боломжтой талаар мэдүүлэг өгсөн, гэрч Ч.Ариунзаяа нь О.Долгорыг эмнэлэгээс гарахаас өмнө нь хүүхдийг нь үзэхэд толгойн зүүн дээд хэсэгт овгор гемотомтой байсан талаар мэдүүлсэн, Д.Очирбатын биед зүүн зулай шугаман хугаралтай, тэр хэсгийн хуйх хаван хавдартай, зүүн зулайд 1.3 см зузаан, 4.2 см өргөн, 3.4 см өндөртэй цус хуралттай байсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд эдгээрээс үзэхэд О.Долгорын хүүхэд төрөх үедээ газар унаж гэмтэл авсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Ганцэцэг нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олгосон 0001046 дугаартай 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээтэй, Архангай аймгийн С.М. Немойн нэрэмжит нэгдсэн эмнэлэгийн даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар эх баригчаар тус эмнэлэгт ажиллаж байгаа нь тогтоогдож байх бөгөөд түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект болох эмч гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ганцэцэг нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн төрөхийн өмнөх өрөөнд “окситоциноор төрөлт сэдээж төрүүлэх” заалтаар төрөлт явагдаж буй эх О.Долгорыг хүлээн авсан байх бөгөөд О.Долгор нь төрөхийн өмнөх өрөөнд төрж хүүхдийн биед гэмтэл учирсан ба уг гэмтэл нь шүүгдэгч Б.Ганцэцэгийн зүгээс эх О.Долгорт хяналт тавиагүй, түүнийг төрөх өрөөнд төрүүлээгүй эс үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд Б.Ганцэцэгийг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэв.

            

Шүүгдэгч Б.Ганцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүүхэд төрүүлсэн бөгөөд одоо 3 нас хүрээгүй хүүхэдтэй эх болох нь шүүх хуралдааны явцад түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, “Ар-Энхжин” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганцэцэгт хорих ял оногдуулсан шүүхийн  шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ганцэцэг нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ганцэцэгээс 245.500 төгрөг гаргуулан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн Бортолгойн 34-17 тоотод оршин суух Чуул овогт Отгоны Долгорт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч О.Долгор нь нийт 5.271.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт баримтаар нэхэмжилсэн 245.500 төгрөгөөс бусад хохирлын баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны үед гаргаж өгсөн 630.800 төгрөгийн баримт нь санхүүгийн тэмдэг дарагдаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж, хохирогч О.Долгор нь бусад хохирлоо баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Барга овгийн Батдоржийн Ганцэцэгийг өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний биед хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганцэцэгийг эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.Ганцэцэгт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ганцэцэгээс 245.500 төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн Бортолгойн 34-17 тоотод оршин суух Чуул овогт Отгоны Долгорт олгуулж, хохирогч О.Долгор нь бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Ганцэцэгт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Арханай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОДХҮҮ