Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0002

 

Б.М, Б.Х, Т.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Ц.И Шүүгдэгч Б.М, Б.Х, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б Хохирогч Ё.Б, М.О Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.М, Б.Х, Т.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М, Б.Х нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын Иргэн,  О овогт Б-н М.

Монгол Улсын иргэн, Д овогт Б-н Х.

Монгол Улсын иргэн,  С овогт Т-н Л.

Шүүгдэгч Б.М, Б.Х, Т.Л нар нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6-16 дугаар байрны зүүн талд байх зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Хатан төрх” оёдлын цехэд нэвтэрч Ё.Б-н ягаан хөлтэй торгон эмэгтэй дээл 2 ширхэг, цэцэгтэй хар эрээн торгон платье 1 ширхэг, улаан хүрэн торгон эрэгтэй цамц 2 ширхэг, хүүхдийн цэнхэр торгон цамц 1 ширхэг, ногоон торгон дээлний эсгэсэн өмсгөл 1 ширхэг, хөх даавуун дээл 1 ширхэг, улаан торгон эмэгтэй дан дээл 1 ширхэг, хүргэн торгон дээл 1 ширхэг, саарал даавуун платье 1 ширхэг, шар торгон хүүхдийн дан дээл 1 ширхэг, хүүхдийн саарал торгон хүрэм 1 ширхэг зэргийг хулгайлж 1.435.000 төгрөгний хохирол,

М.О-н хүрэн хамбан дээл 1 ширхэг, хүрэн даавуун дээл 1 ширхэг, хүрэн торгон дээл 1 ширхэг, цагаан шаргал өнгийн хөлтэй торгон дээл 1 ширхэг зэргийг хулгайлж 720.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч О овгийн Б-н М, Д овгийн Б-н Х, С овгийн Т-н Л нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Т.Л нарыг тус тус 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Х-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М, Б.Х, Т.Л нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-н цагдан хоригдсон 71 хоног, шүүгдэгч Т.Л-н цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож, Шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Б.М, Т.Л нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Б.М, Т.Л нараас тус бүр 478.333 төгрөг гаргуулан хохирогч Ё.Б-д тус бүр 240.000 төгрөг гаргуулан хохирогч М.О-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Х цагдан хоригдоогүйг дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “ ... миний бие нь Орхон аймгийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлчлэлийн 2.1 гэх зүйл ангиар 2018 оны 11 дүгээр сарын 14- нд 3 жил нээлттэй хорих байгууллагад ял эдлэхээр шийтгүүлсэн болно... өөрийнхөө мунхаг тэнэг үйлдлээсээ болж бусдад болон ар гэрт нь бага хэмжээний хохируулж ажил төрлийнх нь цаг хугацааг нь алдагдуулж хохироосноо энэ чийгтэй өрөөнд байхдаа голдоо ортол ойлгож ухаарсан. Цаашдаа миний бие тус байгууллагад засрал хүмүүжлээ олох хугацаандаа гэрээтэй ажил хийж хохирогчийнхоо хохирол мөнгийг 100 хувь барагдуулна гэдгээ төрийн шүүх болон хуулийн өмнө бичгээр амалж байна. Миний ээж Э нь Улаанбаатар хотод ганцаараа байр түрээслэж группийн мөнгөөрөө өнөө маргаашаа аргацааж амьдардаг. Мөн миний ээж нь 2018 оны 10 дугаар сард ходоодны шарх гэдэг оношоор хагалгаанд ороод одоогоор эмнэлгийн хяналтанд хэвтэрт байгаа болно. Иймд миний бие тус байгууллагаас гараад Улаанбаатар хотод амьдарч ээждээ тус нэмэр болж ажил хөдөлмөр эрхэлж бусдын адил сайхан амьдарч Монгол улсдаа жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулж цаашдын өөрт олдох цаг хором бүрийг өөртэй болон ээждээ зарцуулж цаг наргүй хөдөлмөрлөж амьдрах хүсэл тэмүүлэл зорилготой байгаа. Миний бие нь ахин Монгол улсынхаа хууль дүрмийг зөрчихгүй, бусдыг болон өөрийнхөө залуу насыг хохироохгүй ээжтэйгээ сайхан амьдарна гэдгээ амлаж байна. Иймээс миний залуу нас болон ээжийн минь хэвтэрт байгааг харгалзан үзэж надад оногдсон 3 жилийн ялыг минь нааштайгаар шийдэж өгөхийг өөрийнхөө чин сэтгэлийн гүнээс хичээнгүйлэн гуйж илэрхийлж байна...” гэжээ.

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдолдоо: “...миний бие 2018 оны 11 дүгээр сарын 14-нд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхээр орж 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх зүйл ангиар 2 жил хорих ялаар шийтгэгдсэн. Хохирогч нарынхаа хохирлыг бүрэн барагдуулсан. Би эхнэр бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг, ам бүл 3. Эхнэр маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьдралын түвшин маш муу өрх юм. Иймд миний амьдрал, нөхцөл байдлыг харгалзан үзэж миний ялнаас хуульд заасан боломжтой хэмжээгээр хөнгөлж өгөхийг хүсье. Би дахин хууль зөрчиж гэмт хэрэг гаргахгүй байхаа амлаж байна. Цаашид ажил хөдөлмөр хийж амьдрах болно...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...”

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Х нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Б.М, Б.Х, Т.Л нар нь 2018 оны 07 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-16 дугаар байрны 4 дүгээр подвольд байрлах “Хатан төрх” оёдлын цехэд хууль бусаар нэвтэрч иргэн Ё.Б, М.О нарын эд зүйлийг бүлэглэн хулгайлсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ё.Б, М.О, гэрч Л.Х, Б.М нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Б.М, Б.Х, Т.Л нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ё.Б, М.О нарт нийт 2.155.000 төгрөгийн хохирол учирсан нь “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ны шинжээчийн гаргасан алдагдсан гэх эд зүйлийн үнэлгээг тогтоосон 18/184 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай хэлбэртэй ба гэмт этгээдүүд тухайн гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй ч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон тохиолдолд бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Б.М, Б.Х, Т.Л нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хуульчилсан.

Шүүгдэгч Б.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тул хуульд заасан хөнгөрүүлэн үзэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин Б.М, Т.Л нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн шинж болон тэдний хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.Х “...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, Б.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 359 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Х-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэснийг ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.М-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Х-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Б.Х нь хохирогч Ё.Б-д 478.500 төгрөг, хохирогч М.О-т 240.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурьдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ