| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/00177/и |
| Дугаар | 183/ШШ2018/00967 |
| Огноо | 2018-04-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2018/00967
| 2018 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2018/00967 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч...1008 тоотод байрлах, А... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ...тоотод оршин суух, А.. адуун овогт М..н Б../РД:ЕЙ88022811/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 006 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,
2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээний 1.4, 2.5 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 2017 оны 6 сарын 30-ны өдөр А ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 45 000 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар гэрээний хавсралтын дагуу төлөх нөхцөлтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож М.Б ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг... м.кв орон сууцны зориулалттай Ү-2201007324 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулж хуулийн дагуу УБЕГ-т бүртгүүлж харилцах дансаараа дамжуулан мөнгөө авсан. Гэтэл М.Б нь зээлийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд М.Б аас 2018 оны 1 сарын 03-ны өдрөөс 2018 оны 3 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүү 12 513 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48 130 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг нийт 57 570 130 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улс орны эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалан манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж борлуулалт удааширсантай холбоотой бүрэн төлөлт хийж чадаагүй. Миний зүгээс нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд 50 000 000 төгрөгийг хоёр хувааж төлөх саналтай байна гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие А ББСБ ХХК-тай 2017 оны 6 сарын 30-ны өдөр 45 000 000 төгрөгийг 30 хоногийн 3.9 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай байхаар зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл А ББСБ ХХК нь 2017 оны 6 сарын 30-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкны 417000499 тоот харилцах дансанд 44 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ тухай зээлдэгч байгууллагад зээлээ бүрэн олгоогүй тухай хандахад зээлийн гэрээний 1-т заасан зээлийн үйлчилгээний шимтгэлийн хураамж авсан гэж тайлбарласан. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн олгоогүй атлаа үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь шаардах нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд А ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний 1.1 дэх заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн байх тул зээлийн гэрээний 1.4, 2.5-т дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б нь 1 хувийн зээлийн шимтгэлийг төлөх боломжгүй талаараа манай байгууллагад бичгээр хүсэлт гаргасны дагуу манай ББСБ нь шимтгэлийг хасаж, зээлийг олгосон. Хариуцагчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсан Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь манай ажиллагаанд хамааралгүй заалт юм. Ер нь үйлчилгээний шимтгэлийг ямар нэг байдлаар банк болон банк бус байгууллагууд авдаг. Энэ нь явцын дунд иргэд зээлээ зөв ашиглаж байна уу гэх зээлийн хяналт, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хоцролтыг араас нь хөөцөлдөж авах зардлыг урьдчилсан байдлаар авдаг. Энэ мөнгийг зээлдэгч нар зээл авахдаа төлдөг боловч зарим харилцагч нар урьдчилан төлөх боломж алга зээлсэн зээлээс суутгаач гэсэн хүсэлт тавьдаг. Энэ хүсэлтийг С.Б өөрийн гараар бичиж гаргасан бөгөөд тухайн баримт нь байгаа гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч М.Б ад холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 006 500 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 563 630 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 57 570 130 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч М.Б нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээний 1.4, 2.5 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хамт хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээ, БГ17/06/10 тоот барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр А ББСБ ХХК нь 45 000 000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3.9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 6-7/
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 22б байр 28 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай Y-2201007324 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ./хх-ийн 8-10/
Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.Б ад 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 44 550 000 төгрөгийг А ББСБ ХХК нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар хүлээлгэн өгсөн байх ба хариуцагч М.Б нь уг зээлийн хүүнд 2 удаа нийт 2 462 500 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.
Харин хариуцагч М.Б нь нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээний 1.4, 2.5 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь дараах үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээний 1.4-т “Зээлийн үйлчилгээний шимтгэл нь нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээтэй байна.”, 2.5-д “Зээлийн гэрээний хугацаа сунгуулах тухай зээлдэгчийн хүсэлтийг зээлдүүлэгчийн зээлийн хорооны хурлаар зөвхөн нэг удаа хэлэлцэж шийдвэрлэж болох бөгөөд зээлийн хугацаа сунгаж, гэрээний бүтцэд өөрчлөлт оруулахад зээлдэгч төлөгдөөгүй зээлийн үлдэгдлээс 1,0 хувийн үйлчилгээний шимтгэлийг нэг удаа зээлдүүлэгчид төлнө.” гэж тохиролцжээ.
Дээрх заалтын дагуу зээлийн үйлчилгээний шимтгэлд 450 000 төгрөгийг суутгаж, хариуцагч М.Б ад 44 550 000 төгрөгийг А ББСБ ХХК нь шилжүүлэн өгсөн байна.
Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг “талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г” хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар дээрх заалтууд талуудын зарчимд үндэслэсэн байна.
Мөн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.” гэж, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д “стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.
Эдгээрээс дүгнэхэд талуудын тохиролцсон зээлийн үйлчилгээний шимтгэл тооцох тухай заалт нь гэрээнд оролцогч талуудын тэгш эрхийн зарчимд нийцээгүй, түүнчлэн хуулиар тогтоосон журмыг алдагдуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд хариуцагч М.Б нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 4.2, 4.2.2 дахь хэсэгт зааснаар ББСБ өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээ цуцлагдсан гэж, энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 563 630 төгрөгөөр нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд хариуцагч М.Б аас үндсэн зээлийн 45 000 000 төгрөг, үндсэн хүү 9 998 000 төгрөг, нотариатын зардал 8 500 нийт 55 006 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Б нь дээрх зээлийн гэрээний нэхэмжлэлийн хувийг шүүхэд өөрөө ирж гардаж авсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Л.Золзаяаг оролцуулсан байна.
Мөн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Л.Золзаяа сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч нэхэмжлэгчийн төлөөлөгчид гардуулж хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөх хугацаагаар хангаж 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсан бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад Л.Золзаяа гарын үсэг зурсан байна. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Л.Золзаяа хариуцагчийг төлөөлөх итгэмжлэлээ шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт баримтын хамт ирүүлсэн ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хэлэлцэгдэж хойшилсон бөгөөд А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Б ад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан тухайн хурлаас өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр товлогдсон ба уг хуралд оролцох боломжтой байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б аас зээлийн гэрээний үүрэгт 55 006 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 2 563 630 төгрөгийн шаардлагыг, хариуцагч М.Б ын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ17/06/10 тоот зээлийн гэрээний 1.4, 2.5 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Б нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 22б байр 28 тоот хаягт байрлах 40 м.кв гурван өрөө М.Б ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 559 190 төгрөгийг, хариуцагч М.Б ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Б аас улсын тэмдэгтийн хураамжинд 503 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ