Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/02861

 

2021 оны 12 сарын 07 өдөр                    Дугаар 183/ШШ2021/02861                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Н -н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ТӨБЗГ

 

 

2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 19,416,600 төгрөг, 6 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 17,388,000 төгрөг, нийтдээ 36,804,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-нийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Н , хариуцагчийн төлөөлөгч Т.Л  Ө.С, хариуцагч  Б.Э, нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, тэтгэмжийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шийдвэрийг шүүхээр гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Засгийн газрын 2019.10.02-ны өдрийн “Арьс ширний салбарт авч хэрэгжуүлэх арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолоор манай байгууллагын чиг үүргийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяанд "Хөнгөн үйлдвэрийн судалгаа туршилт, үйлдвэрлэл бизнесийн корпораци Төрийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар” нэртэйгээр шилжүүлсэн. Засгийн газрын 2020.09.03-ны өдрийн 93 дугаар тогтоолоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа туршилт, үйлдвэрлэл бизнесийн корпораци ТӨААТҮГ-ыг ХХААХҮЯ-ны харъяа “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” УТҮГ-тай нийлүүлэх замаар /Иргэний хуулийн 31.2 заалт/ “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв" УТҮГ-ыг байгуулж, хуучин байгууллагын бүхий л эрх мэдэл, үүрэг хариуцлага шинэ байгууллагад шилжсэн. Засгийн газрын 2019 оны 370 дугаар тогтоол гарсны дараа ХХААХҮ-ийн сайдын 2020.03.18-ны өдрийн 01/10178 тоот албан бичгээр ирүүлсэн саналд үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.05.05-ны өдрийн 232 дугаар тогтоолоор миний бие тус байгууллагын захирлаар томилогдон *****контракт гэрээний дагуу ажиллаж байсан. Засгийн газрын 2020 оны 93 дугаар тогтоол гарсны дараа ХХААХҮ-ийн сайд З.******** өөрөө над руу утсаар ярьж дуудан уулзаж, “шинэ байгууллагын захирлаар ******** гэдэг хүн очно, та дэд захирлын албан тушаалд очно” гэж хэлсэн. Би тус байгууллагад 20 гаруй жил бүх шатанд нь шат дараалан ажилласан мэргэжлийн хүний хувьд байнгын эрдэм шинжилгээ судалгааны сэдэвтэй, мэргэжилдээ маш сонирхолтой тул З.******** сайдын саналыг баяртай хүлээн авч, ажиллана гэдгээ хэлсэн юм. Ингээд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд 2 байгууллагыг нэгтгэх ажлын хэсгийн дарга Ц.******** тэргүүтэй ажлын баг ирж Б.********г захирлаар 2020.09.28-ны өдөр томилсон тухай ХХААХҮ-ийн сайдын тушаалыг уншиж танилцуулснаар би байгууллагын тамга, гэрчилгээг тухайн өдөр нь хүлээлгэн өгсөн. Би цаашид шинээр байгуулагдсан газарт дэд захирлаар ажиллана гэж бодож байтал гэнэт 2020 оны 10 дугаар сард Д.******** гэдэг хүн дэд захирлаар томилогдон ирж намайг албан ёсоор ажлаас чөлөөлөөгүй байхад өрөөгөө суллаж өгөхийг Б.******** захирал шаардаж “Та өөрөө энэ байгууллагын захирал байсан хүн, хаана ямар сул өрөө байгааг мэдэх учраас өөрөө сул өрөө олоод орчих” гэж хэлсэн. Надад байгууллагын баримтууд, гэрээ, гэрчилгээ, төслийн тайлан, оюуны өмч хадгалагдаж байдаг, мөн эдгээр баримтуудыг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй байсан тул лабораторийн ашиглахгүй байгаа сул өрөөнд дээрх баримт бичгүүдийг оруулж байршуулан ажиллаж байсан. Б.******** захирал томилогдсон ирж надаас тамга, гэрчилгээ хүлээн авсан хэдий ч албан ёсны ажил хүлээлцэх үйл явц дуусаагүй байсан тул миний бие 2020 оны 11 дүгээр сарын дунд хүртэл өдөр бүр ирсээр байсан бөгөөд үүнээс хойш ажил дээр ирэхийг Б.******** захирал хориглосон. Ажил хүлээлцэж дуусаагүй, намайг албан ёсоор ажпаас чөлөөлөөгүй байхад надад 2020 оны 11 дүгээр сарын цалинг бодож өгөөгүй. Учрыг лавлахад Б.******** захирал “Та манай байгууллагын ажилтан биш, таны цалин хөлсийг ажил хүлээлцэж дууссаны дараа шийднэ, иймд ажил дээр өдөр бүр ирэх шаардлагагүй, бас цаг бүртгэл хийлгэх хэрэггүй" гэж хэлээд, цаг бүртгэгч цаг бүртгэхээ больсон, мөн ковидын хязгаарлалтын үед онлайнаар ажиллаж онлайнаар цагаа бүртгүүлэх ёстой байхад намайг онлайнаас хассан байсан. Миний ажлыг хүлээлцэхэд байгууллагын балансын эцсийн тайлан тэнцэл, санхүү, үндсэн болон бусад эд хөрөнгө, албан хэргийн баримт материалуудыг тоолж хүлээлцэх хоёр ажлын хэсэг томилогдон ажилласан байдаг. Тус ажлын хэсгүүдэд намайг оруулсан. Үүнд; ХХААХҮ-н судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын захирал Б.********гийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн **** тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг. Энэхүү ажлын хэсэг нь байгууллагын эд хогшил тоолж бүртгэн хүлээн авах. Эдгээр зүйлийг хүлээлцсэн нь ч 2020.10.30-ны өдрийн УТҮГ-ын илтгэх хуудсаар нотлогдоно. Хоёр дахь ажлын хэсэг нь ХХААХҮСайдын 2020.09.09-ны өдрийн 295 дугаар тушаалаар байгуулагдсан бөгөөд энэ ажлын хэсэг байгууллагын санхүүгийн байдал, орлого зарлагын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн баримтууд, балансын эцсийн тайлан тэнцэлд санхүүгийн аудитыг Үндэсний аудитын газраас томилогдсон аудитын байгууллагаар гүйцэтгүүлж Үндэсний дүгнэлт хийлгэх, балансыг шинэ өмчлөгчид хүлээлцэх. Дээрх ажил хүлээлцэх хоёр ажпын хэсгийн гишүүнд орсны хувьд /нэгэнт ажил дээр өдөр бүр ирүүлэхгүй байгаа тул/ ажпын хэсгийн дарга, бусад гишүүд, аудитын дуудсан цагт бэлэн ирж, шаардаж буй бүхий л баримт, материалыг цаг тухай бүрд нь гарган өгч чирэгдэлгүй ажилласаар ирсэн. Ажил хүлээлцэж дуусаагүй, намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй байхад цалин хөлс өгөхгүй, ээлжийн амралт олгохгүй байсан учир миний бие ХХААХҮ-ийн сайд З.********тай хэд хэдэн удаа уулзахыг хүссэн боловч огт хүлээж авч уулзаагүй тул 2021 оны 3 сарын 11 өдөр миний цалин хөлсийг олгож, цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн өргөдөл, гомдол өгсөн боловч огт хариу өгөөгүй. Мөн ажлын хэсгийн дарга Ц.********тай удаа дараа утсаар ярьж “..миний ажил хүлээлцэх хугацааны цалингийн асуудлыг шийдэж өгнө үү ...” гэж ярихад “... Б.******** захиралд өг гэж хэлсэн, наад байгууллага чинь л хариуцах ёстой, өгөх үүрэгтэй гэж хэлдэг байсан ба сүүлдээ ажлаас чөлөөлөх тогтоол гарсны дараа шийднэ” гэж хэлсээр өдийг хүрсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн захирал Б.******** “******** дарга төсөв шийдээд өгвөл, надад татгалзах зүйл огт байхгүй гэж хэлдэг. Бас л Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын манай асуудлыг хариуцсан мэргэжилтэн Т.*******тэй утсаар ярьж “...намайг хэдийд албан тушаалаас чөлөөлөх талаар асуухад “ Та *****тоот контрактын гэрээний 1.3-д заасан дагуу “"Хөнгөн үйлдвэрийн, судалгаа, туршилт, үйлдвэрлэл бизнесийн корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 4 дүгээр улирлын санхүүгийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан 7,117,783,337 төгрөгний үндсэн, 137,711,403 төгрөгний эргэлтийн, нийт 7,255,494,740 /долоон тэрбум, хоёр зуун тавин таван сая, дөрвөн зуун ерэн дөрвөн мянга, долоон зуун дөчин/ төгрөгний хөрөнгийг хүлээн авч, хариуцан хамгаалах өндөр үүрэгтэй ажиллаж байсан. Ийм учраас Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн тооллогын акт, Үндэсний аудитын газрын аудитаар баталгаажуулсан балансын эцсийн тайлан тэнцэл, ХХААХҮЯ-ны сайдаас томилогдсон ажлын хэсгийн илтгэх хуудас, эцсийн актыг үндэслэн хурлаар асуудлыг оруулж таны контрактыг цуцална. Та контрактад заасан хөрөнгө эзэмшин, ашиглан захиран зарцуулах эрхээ хэрхэн гүйцэтгэсэн эсэхийг зөвхөн аудитын дүгнэлтээр баталгаажуулна. Зөвхөн байгууллага дээр байгаа эд хогшил тооллоо гээд ажил дуусдаггүй юм. Одоогийн байдлаар ХХААХҮЯ-аас ямар ч эцсийн акт, албан ёсоор ирээгүй байна гэж хэлдэг. Энэ хугацаанд Үндэсний аудитын газраас томилогдсон “ПИЙК ОМ” ХХК-ийн аудитын баг манайд ажиллаж, миний бие шаардлагатай мэдээлэл, материалаар ханган, байгууллагын бичиг баримтууд архивлахад бэлтгэн цэгцлэх, бүртгэлжуүүлэх зэргээр тасралтгүй ажлаа хүлээлгэж өгөх, ажлын хэсгийн гишүүний хувьд ажиллаж байсан. Үндэсний аудитын газрын Аудитын эцсийн дүгнэлт 2021.03.10 нд гарч 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн *********албан бичгээр Зөрчилгүй дүгнэлтийг ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Ц.********д хаяглан гарсан байдаг бөгөөд энэхүү дүгнэлтийг тооллогын актын хамт Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжпийн төв УТҮГ- аас 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/******* тоот албан бичгээр ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд ажпын хэсгийн дарга Ц.********д хүргүүлсэн байдаг. Улмаар ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.*******гийн 2021 оны 03 сарын 30-ний өдрийн “тайлан хүргүүлэх тухай” ******* албан бичгээр хаалтын балансын нэгдсэн тооллого хийсэн илтгэх хуудас, санхүүгийн аудитын тайлан нийт 50 хуудас тайланг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргэгдсэн байна. Энэхүү албан бичгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн нэхэмжлэлийн тайлбарт баримтаар хавсаргасан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны ******* тоот тогтоолоор П.***** намайг “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл биенесийн корпораци” ТӨААТҮГ-ын захирлын ажлаас ЗГ-ын 2020 оны 93 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр контракт гэрээний хугацаа дуусахаас өмнө чөлөөлсөн ба би энэ тогтоолтой маргахгүй байгаа. Би уг тогтоолыг 2021 оны 05 сарын 25-ны өдөр гардаж аваад “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ -ын захирал Б.******** болон ХХААХҮ-ийн сайд З.********д “... миний ажил хүлээлцэх хугацааны цалин, тэтгэмж, амралтын мөнгийг олгоно уу” хэмээн 2021 оны 5 сарын 28-ны өдөр өргөдөл өгсөн. “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Я.Болдбаатар төсөв мөнгө байхгүй гэж хэлээд миний цалин хөлс, амралтын тооцоо, тэтгэмжийг өгөөгүй. Миний өргөдлийн хариуг ХХААХҮЯ-аас албан ёсоор огт өгөөгүй харин шинээр байгуулагдсан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, УТҮГ-ын захирал Б.******** 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот Тогтоолыг хэрэгжүүлж миний цалин хөлс, тэтгэмж, амралтын тооцоог хийхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд ажлын хэсгийн дарга Ц.********д төсөв шийдүүлэхээр ******* тоот албан бичгээр хүсэлт гаргасан байдаг. /би энэ албан бичгийг нотлох баримтаар гаргуулахаар шуухэд хүсэлт гаргасан/ Дээрхи хугацаанд миний бие ХХААХҮ-ийн сайд З.********д 2 удаа, Төрийн нарийн бичгийн дарга Т.*******д 1 удаа, “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын захирал Б.********д хандан 1 удаа албан ёсны өргөдөл өгч цалин хөлсөө авах, ажилд орох хүсэлтээ илэрхийлж, утсаар маш олон удаа ярьж байсан. Харамсалтай нь ХХААХҮЯ, ТӨБЗГ, “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ, Бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд 2 байгууллагыг нэгтгэх ажлын хэсгийн дарга Ц.******** дээрхи асуудлыг огт шийдэж өгөөгүй тул миний бие аргагүй эрхэнд шүүхэд хандахад хүрсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны ******* дугаар тогтоол, надтай байгуулсан контракт гэрээнд заасны дагуу би ажил хүлээлцэх хугацааны цалин, тэтгэмжийг Хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно гэж заасны дагуу энэ нэхэмжпэлийг гаргаж байгаа юмаа. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ыг байгуулж, хуучин байгууллагын эрх мэдэл, үүрэг хариуцлага уг байгууллагад шилжсэн бөгөөд удирдах дээд байгууллага нь ХХААХҮЯ юм. Гэвч ХХААХҮЯ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ зэрэг төрийн байгууллагууд нь та манай байгууллагын ажилтан биш, манайх таныг томилоогүй, манайх ажил олгогч биш гэдэг. Гэтэл намайг анх томилсон 2020 оны 05.05 өдрийн 232 дугаар тогтоол нь ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 01/1078 тоот албан бичгээр ирүүлсэн саналд үндэслэсэн байдаг бөгөөд 93 дугаар тогтоол гарсантай холбоотой намайг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг ч ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/3540 албан бичгээр ТӨБЗГ-т хүргүүлсэн байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь “манай байгууллага цалин өгдөг байгууллага биш, мөн та өөрийн ажиллаж байсан байгууллагаас цалинжиж байсан ба одоо энэ үүргийг шинээр эрх шилжүүлж авсан байгууллага олгоно. Хэдийгээр ТӨБЗГ нь цалин хөлс, ээлжийн амралт, олговор, тэтгэмж зэргийг гарган өгөхгүй ч гаргасан тогтоол шийдвэрийнхээ араас хяналт тавиагүй. Иймд би дээрхи байгууллагуудыг хариуцагчаар татаж хуулийн дагуу шийдүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно. Би гол хариуцагчаа Хүнс, хөдөө аж ахуйн яамны Судалгаа хөгжлийн төвийг  тодорхойлсон. Намайг ажлаас чөлөөлсөн ******* дугаар тогтоолд би гомдол гаргаагүй, харин энэ тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлж 2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 19,416,600 төгрөг, 6 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 17,388,000 төгрөг, нийтдээ 36,804,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүсч байна гэв.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Саранцэцэг шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Манай байгууллагын хувьд 2020 оны 93 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн төв УТҮГ болон өөрчлөн байгуулагдсан ба улсын төсөт үйлдвэрийн газар болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдгийг хариу тайлбартаа хуулийн заалттай нь тодорхой бичсэн. Манайх хариуцагч биш Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2-т зааснаар хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ гэж заасан учраас манай байгууллагын бүх эрх үүрэг шинээр байгуулагдсан байгууллагад шилжсэн. Төрийн өмчийн бодлого захицуулалтын газрын 2021.05.20-ны өдрийн ******* дугаар тогтоолд заасан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулий 18 дугаар зүйлийн 18.1-д аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яам, агентлагтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө гэж заасан, 19 дүгээр зүйлийн 19.1-д аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг /цаашид "захирал" гэх/ томилохдоо гэрээ байгуулна, гэрээнд дараахь нөхцөлийг тусгана гэж тус тус тодорхой заасан. Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлыг Төрийн өмчийн бодлого захицуулалтын газар томилж чөлөөлөх ба төсвийн байгууллагатай адилтгаж үздэг тухайн салбарын төсвийг төсвийн шууд захирагч томилж чөлөөлнө. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиралтай контрактын гэрээ байгуулж ажиллахдаа цалин, хөлсийг тухайн үйлдвэрийн газрын санхүү төсвөөс гарган олгодог бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар цалин хөлсийг олгодоггүй. Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан 2021.05.20-ны өдрийн ******* дугаар тоот тогтоолын 2 дахь заалтад П.*****д ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог зохих журмын дагуу хийхийг шинээр байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн Судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуйг хөнгөн үйлдвэрлэлийн яам нь 2021.03.30-ны өдрийн 01/1028  дугаартай тайлан хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн ба үүнд хаалтын баланс, нэгдсэн тооллого хийсэн илтгэх хуудас, санхүүгийн аудитын тайланг хүлээн авснаас хойш П.*****ыг ажлаас чөлөөлөх тушаал гарсан байна. Иймд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар эрх шилжүүлэн авсан байгууллага П.*****тай  цалин хөлс, ээлжийн амралтын тооцоог хийх үүрэгтэй гэж үзэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Засгийн газрын 93 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа хөгжлийн төв нь байгуулагдсан. 2020.09.28-ны өдөр тамга тэмдэг гэрчилгээгээ өгсөн ба гэрчилгээ аваад захирал нь томилогдоод П.***** 2020.10.03-ны өдөр хаалтын баланс дээр гарын үсэг зуруулах ажиллагааг хийж, 2020 оны 11 дүгээр сараас шинэ байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Судалгаа хөгжлийн төвд П.***** томилогдоогүй, ажилд томилогдсон тушаал байхгүй, дээрх 2 байгууллага бүх ажилчдынхаа ээлжийн амралтын тооцоог хийж дуусгасан.  2020.09.28-ны өдөр хаалтын баланс хийснээс хойш энэ хүн манайд ажиллаагүй. Манай ажилтан биш гэв.

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Лшүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Засгийн газрын 93 дугаар тогтоолын талаар нэхэмжлэгч болон бусад хариуцагч нар ярьсан учраас энэ асуудлыг орхиж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2020.09.29-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай 295 дугаар тушаалаар дээрх 2 байгууллагыг нэгтгэж шинэ байгууллага байгуулах ажлын хэсэг томилогдсон ба ажлын хэсэг байгуулагдаад хийх ёстой ажлаа хийгээд Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар тухайн байгууллагыг татан буулгах эрх бүхий этгээдээс томилсон ажлын хэсэг тухайн байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу тухайн ажлын хэсэг П.*****аас тамга тэмдгийг хүлээж аваад эрх үүрэг нь дуусгавар болоод шинээр томилох ажиллагааг хийсэн. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан ажллагааг хийж, 2 байгууллагын үйл ажиллагааг зогсоож байгаа ажлын хэсэг эрх үүргийн дагуу тухайн байгууллагын хаалтын тайлан баланс гаргах ажиллагааг хйиж өмнөх захирамж буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилогдсон П.*****ыг 2020.10.08-ны өдрийн 01/3540 албан бичгээр П.*****ын эрх үүрэг дууссан тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож өгнө үү гэсэн албан бичгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар албан ёсоор хүргүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны зүгээс процесс ажиллагааны дагуу холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлж, харилцаа дуусгавар болохоо сануулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тогтоол гаргаад 2021.05.20-ны өдрийн ******* дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас хаалтын баланс үйлдэгдээгүй ба хаалтын баланс үйлдэгдсэний дараа тогтоол гарах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тогтоол нь 2021.05.20-ны өдөр гарсан. 2021 оны 03 дугаар сард хаалтын балансыг үйлдэж хүргүүлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт  3 сар болсон байна. Нэхэмжлэгч өөрөө жинхэнэ хариуцагчийг тодорхойлж байх шиг байна. Үндсэн хариуцагч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буюу тухайн контрактыг байгуулсан газар нь мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар учраас манайх энэхүү нэхэмжлэлд хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Иймд манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улсын үйлдвэрийн газруудыг нэгтгэх ажлын хэсгийн дарга Ц.******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хүртэлх хугацааны цалин хөлс, амралтын мөнгө, тэтгэмжийн хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Монгол улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн өмчийн үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай” 93 дугаар тогтоолоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг нийлүүлэх замаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 295 дугаар тушаалаар дээрх байгууллагуудыг нэгтгэх үүрэг бүхий ажлыг гүйцэтгэж ажлын хэсэг нь ажил үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон мөн миний бие нь ажил олгогч биш бөгөөд ямар нэгэн байдлаар цалин олгох төсөв зарцуулах эрх бүхий албан тушаалтан биш тул энэхүү иргэний хэргийн хариуцагч биш юм. Иймд Ц.******** миний бие нь тус иргэний хэрэгт хариуцагч биш, ажил олгогч биш тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Шүүх нэхэмжлэгч П.*****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

 Нэхэмжлэгч П.***** тус шүүхэд гаргасан 2021.06.18-ны өдрийн нэхэмжлэл болон 2021.10.05-ны өдрийн нэхэмжлэлийг тодруулсан залруулга гэсэн нэхэмжлэлдээ 2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 19,416,600 төгрөг, 6 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 17,388,000 төгрөг, нийтдээ 36,804,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-нийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн байна.

 

Нэхэмжлэлдээ  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улсын үйлдвэрийн газруудыг нэгтгэх ажлын хэсгийн дарга Ц.********, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төв УТҮГ нарыг хариуцагчаар тодорхойлж, нэр бүхий 4 хариуцагчид холбогдуулан дээрх нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нар “...нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв сонгоогүй, энэ хэргийн хариуцагч биш” гэх  үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020.05.05-ны өдрийн 232 дугаар тогтоолоор П.***** нь Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон, тэрээр 2020.06.03-ны өдрийн *****дугаартай контрактын гэрээг Төрийн өмчийн бодлого зохицуулатын газартай байгуулсан байна.

 

Контрактын гэрээний хугацаа нь 2020.06.03-ны өдрөөс эхлэн 2021.06.02-ныг хүртэл 1 жилийн хугацаанд хүчинтэй байхаар гэрээний 1.2-т заасан байх боловч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021.05.20-ний өдрийн ******* дугаар тогтоолоор П.*****ыг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан контрактын гэрээг дуусгавар болгосон байна.

 

П.*****ыг ажлаас чөлөөлсөн дээрх тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 9, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Засгийн газрын 2020 оны Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай 93 дугаар тогтоолыг үндэслэн гарсан байх бөгөөд энэ тогтоолд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, үндэслэлийн талаар маргаагүй болно.

 

Харин дээрх тогтоолын 2-т зааснаар ээлжийн амралтын болон холбогдох бусад тооцоог зохих журмын дагуу хийхийг шинээр байгуулагдсан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Я.Болдбаатарт даалгасан нь хэрэгжих боломжгүй болсон гэх үндэслэлээр нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

 

П.***** нь цалин, тэтгэмжийг хуулийн дагуу олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхийг хүссэн 2021.03.11-ний, 2021.05.28-ны өдрийн өргөдлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.********д, мөн 2021.05.28-ны өргөдлийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төвийн захирал Б.******** нарт  удаа дараа гаргасан байх боловч тухайн үед нь шийдвэрлээгүй албан тушаалтны буруу байна.

 

Хэрэгт авагдсан Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-ын 2021.06.04-ний өдрийн ******* дугаар албан бичигт “...цалин хөлс болон амралтын мөнгийг олгох төсөв, санхүүгийн эх үүсвэр байхгүй, холбогдох төсөв хөрөнгийг шийдвэрлэхийг хүссэн”  байх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.******** хариу өгөөгүй байна.

 

  Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “контрактыг энэ хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно”, 41.1.3-т “ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн”,  41.2-т “энэ хуулийн 41.1.3-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 2021.06.18-ны, 2021.10.05-ны өдрийн нэхэмжлэл болон нэр бүхий хариуцагч нарт гаргаж байсан 2021.03.11-ний, 2021.05.28-ны өдрийн өргөдөлдөө цалин, тэтгэмжийг хуулийн дагуу олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн байна.

Иймд П.*****тай байгуулсан 2020.06.03-ны өдрийн *****дугаартай контрактын гэрээний 4.1-д заасан захирлын албан тушаалын сарын үндсэн цалин 2,898,000 төгрөгөөр тооцож, 2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-ний өдрийг хүртэлх 5 сар 20 хоногийн хугацааны цалин хөлс 17,125,000 төгрөг, 3 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 8,694,000 төгрөг, нийтдээ 25,819,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,985,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-нийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-т даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газрын 2020 оны Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай 93 дугаар тогтоолын 1-д зааснаар  “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” ТӨҮГ болон “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” УТҮГ-ыг нийлүүлэх замаар “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулсан байна.

 

Засгийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах эрхтэй бөгөөд дээрх ТӨҮГ, УТҮГ-ыг нийлүүлэх замаар шинээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулсан байна.

Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно”,  31.2-т “хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ” гэж тус тус заажээ.

Иймд хариуцагчаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ыг сонгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй тул хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улсын үйлдвэрийн газруудыг нэгтгэх ажлын хэсгийн дарга Ц.******** нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.2 дахь  хэсэгт зааснаар******** УТҮГ-аас 25,819,000 төгрөг гаргуулж П.*****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 10,985,600  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч ******* нарт холбогдуулан гаргасан П.*****ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар П.*****ын 2020.11.01-ний өдрөөс 2021.05.20-нийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-т даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-аас 287,045 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ