Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01830

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01387 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Тын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 185 944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Тны гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01695 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг Тны Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төв-ийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн Тны гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Т ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд ажиллуулахаар буцаан томилсон. Иймд хариуцагч Т ХХК-иас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс ажилд томилсон тушаал гарсан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 232 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 16 185 944 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дугаартай шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр биелүүлж Д.Тыг Т ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа ШУТИС тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд томилсон. Т ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэрийн дагуу гарсан ажилгүй байсан хугацааны цалин 4 977 273 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д тус тус зааснаар Т ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 15 613 449 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 572 495 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 236 017 төгрөг гаргуулж Д.Тт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрийг үндэслэн Тны гүйцэтгэх захирлын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/692 тоот тушаалаар албан тушаалд эгүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Д.Ттай холбоотой иргэний хэргийг шүүн хэлэлцэж шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15 613 449 төгрөгийг Д.Тт олгож нэхэмжлэлээс үлдэх 572 495 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосн билээ. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нотлох баримтыг үнэлэх замаар хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 185 944 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ажилгүй байсан хугацааны хөлсийг нэхэмжлэгчид олгосон” гэж маргажээ. /хх-ийн 1-2, 42/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийг Т ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 977 273 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1755 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн7-23/

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан.  Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/01695 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1755 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 24-30/

 

Т ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2018 оны 04 сарын 27-ны өдөр ажилд нь буцаан томилсон шийдвэр гаргасан ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 сарын 29-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. /хх-ийн 82-86/

Учир нь хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянагдах хугацаа, ажилд эгүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэр гарах хүртэлх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамааруулан тооцох юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

 

Дээрх заалт нь ажил олгогч Т ХХК, ажилтан Д.Т нарын хоорондын харилцаанд хамааралтай заалт юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Т нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ажилгүй байсныг эрхийн зөрчил үргэлжилж байсан гэж үзэх бөгөөд дээрхи зөрчилд хариуцагчийг буруугүй гэж үзэх боломжгүй юм.

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилсон тушаал 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гарсан , 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна. /хх-ийн 1-2, 6 дугаар хуудас/

 

Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу тооцсон, шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/01387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           ШҮҮГЧИД                                                    Т.ТУЯА

                                                                                Ш.ОЮУНХАНД