Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2021/00006 |
Дугаар | 183/ШШ2021/02909 |
Огноо | 2021-10-21 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2021/02909
2021 оны 12 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2021/02909 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У
Хариуцагч: Ч
үйлчилгээ үзүүлсний хөлс 4,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С хариуцагчийн төлөөлөгч А.Ө, нарийн бичгийн даргаар Ч.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 11 дүгээр сард ********* ХХК-ийн захирал н.***** гэдэг бүсгүйтэй ********* ХХК-ийн Үйлдвэрийн байран дээр танилцаж 2 компанийн санхүүгийн тайлан, татварын тайлан болон холбогдох ажлуудыг хийж өгөхөөр тохиролцсон. Тухайн компанийн 2018 оны санхүүгийн тайлан болон татварын тайлан хийгдээгүй, компани нь маш их өр төлбөрт орсон байсан. н.***** нь надад би санхүүгийн талаар мэдлэггүй учраас та энэ асуудлыг зохицуулж өгөөч гэж хэлсэн. Гол нь Н.***** надаас асуухдаа танд танил тал байгаа юу, та энэ асуудлыг цэгцэлж өгч чадах уу гэж асуухаар нь би дараагийн жилээс өмнө тайланг нь засаад хийж өгч болно гэж хэлсэн. Ингээд би 2018 оны санхүүгийн тайланг засаж хийж өгсөн. Анх уулзахдаа гэрээ хийх талаар хэлэхэд он гарч байгаад гэрээ хийнэ гэж надад хэлсэн. Ингээд он гарсны дараа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд гэрээ хийсэн. 2018 он, 2020 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд гэрээ хийгээгүй. Надад өгч байсан мөнгүүд нь 2018 оны ажлыг хийлгэсэн мөнгөө 2019 онд өгч байсан. Би 2019 оны гэрээтэй хугацааны мөнгийг болон 2020 оны 05 дугаар сарыг хүртэл хугацааны мөнгийг огт аваагүй. Мөнгөө авахаар удаа дараа залгаж нэхэхэд элдэв шалтаг хэлж төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Н.*****гийн зорилго нь надаар дутуу байсан ажлуудаа хийлгэж бүх баримт материалаа бүрдүүлж аваад надад мөнгө өгөхгүй байсныг би сүүлд ойлгосон. Н.***** нь харилцахад их хэцүү хүн, уурлах шалтгаан гараагүй байхад хүртэл шалтаг хайж уурладаг байсан. Би 2020 оны хагас жилийн тайланг нь хийж өгсөн. Би мөнгөө өгөөч гэж удаад дараа учирлаж гуйж байсан. н.***** надад хэлэхдээ манайх зээл хөөцөлдөж байгаа тэр мөнгө орж ирэхээр мөнгөө өгнө гэж хэлсэн. Ингээд би мөнгөө өгөхгүй юм байна гэж бодоод 2020 оны 12 дугаар сард шүүхэд хандсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч А.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайх 2019 оны ажил гүйцэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаагүй 2018 он, 2020 оны мөнгийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2020 онд ямар нэгэн байдлаар тайлан бэлтгэх, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийх тохиролцоо байгаагүй. Харин талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд санхүүгийн тайлан баланс бэлтгэхтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2018 оны ажил алдаа дутагдалтай байсныг засаж хийж өгсөн гэх боловч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс ирсэн тоотоор 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт ороогүй гэсэн хариу өгсөн. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн албан бичгээр ****** ХХК нь 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа засварласан гэсэн байна. Нэхэмжлэгчийг гэрээтэй байх жил санхүүгийн тайланд засвар хийсэн болохоос биш. Гэрээнээс өмнөх болон хойшхи хугацаанд санхүүгийн тайлан засварлаагүй. Хэргийн оролцогч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгч тал 2019 оны ажлыг зохих журмын дагуу хийсэн, мөн 2018 оны алдаатай баримтыг торгууль мөнгийг нь зохицуулж өгсөн гэж худлаа яриад байна. 2018 онд ********ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. 2020 оны 01 дүгээр сараас эхэлж манайх нэхэмжлэгчтэй ажил хэргийн харилцаагаа тасалсан. Хийсэн ажил нь хангалтгүй байсан учраас манайх 2020 оны 01 дүгээр сараас *********** ХХК-тай санхүүгийн үйлчилгээ авах гэрээ байгуулсан. Маргаан бүхий зүйлтэй хамааралтай 2019 оны ажлыг хийсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2020 он гаргаад н.***** өөрийн НӨАТ-ын баримтаа санхүүгийн баланстайгаа тусгахад үнийн дүнгийн зөрүү гараад алдаатай байсан учраас Сүлд аудитын байгууллагад хандсан. Гэрээтэй байх хугацаанд хариуцагч нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Хавтаст хэргийн материалд авсан дансны хуулганууд болон өөрийнх нь тайлбарт тодорхой байгаа нийт 7 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг төлсөн. 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс бусад өдрийн баримт тогтоогдож байгаа ба энэ үнийн дүнг нэхэмжлэгч компанийн захирал 100,000 төгрөг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч нь гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй мэргэжлийн нягтлан бодогчийг тухайн компанийн ерөнхий нягтлан бодогчоор тооцох ёстой байдаг. 2019 онд нэхэмжлэгч компаниас томилогдсон нягтлан бодогч нь ********* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор тооцогдоно, гэвч уг этгээд ажлаа сайн гүйцэтгээгүй гэдэг нь Сүлд аудит ХХК-ийн дүгнэлтээс тодорхой харагдана. Жишээ нь бараа материалын тооцоо болон үндсэн хөрөнгийг тооцохдоо алдаа гаргасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан, энэ хуулиар алдаатай байгаа бол залруулах боломжийг олгосон байна. Манайхаас алдаатай байгаа тайлангаа залруулахдаа өөр байгууллагад 1,800,000 төгрөг төлж илүү зарлага гаргасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг гарсан шалтгаан, залруулах аргыг тодорхой тусгасан баримт, тайланг үндэслэн залруулах бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. Залруулга гэдэг нь алдаа юм гэж Нягтлан бодох бүртгэлийн тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тодорхой заасан. Үүнтэй холбоотойгоор 2021 оны эхний 3 сарыг манай компанийн нягтлан бодогч болон нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нар Сангийн яаманд хариуцагчийн санхүүгийн тайлангийн цахим системд үзлэг хийсэн. Энэ үзлэгээр хариуцагчийн тайланд залруулга хийсэн нь нотлогдсон. Татварын ерөнхий газрын 2019 оны А/******** тоот тушаалаар татварын тайлан хүлээн авах, боловсруулах, залруулга хийхийг тодорхой заасан. Хэрэв алдаатай байвал дараагийн санхүүгийн жилд цахим системийн бүртгэлд өөрчлөлт оруулж болдог ба өөрчлөлт оруулсан нь Сүлд аудит ХХК-ийн тайлангаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, манайх 2,000,000 төгрөг төлсөн учраас үлдсэн 1,000,000 төгрөгийг төлөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх ********ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлсний хөлс 4,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн, харин хариуцагч тал “...ажлын гүйцэтгэл хангалтгүй, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.
Хэрэгт авагдсан ********ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд санхүүгийн тайлан баланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх үйл ажиллагааг шинээр 2020.04.06-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд ****** ХХК-тай 2019.01.05-ны өдрийн ******** дугаар Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан, гэрээний 1.1-д зааснаар гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн 2019.01.01-ний өдрөөс хойшхи 1 жилийн хугацааны хавсралт 1-д заасан нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, нийтлэг зориулалттай тусдаа санхүүгийн тайланг болон татварын тайланг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бэлтгэн гаргах үүргийг хүлээжээ.
Дээрх байдлаас үзэхэд санхүүгийн тайлан баланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх үйл ажиллагааг явуулах эрх олгогдохоос өмнө гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний 3.1-д зааснаар талууд гэрээний 1.1-д заасан ажлыг гүйцэтгэх нэг сарын төлбөрийг 250,000 төгрөгөөр тогтоож, үйлчлүүлэгч нь төлбөрийг тухайн сарын 15-ны дотор шилжүүлж байхаар тохирсноос үзэхэд 1 жилийн төлбөрт 3,000,000 төгрөгийг хариуцагч ****** ХХК төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч тал 2019.01.31-ний өдөр 250,000 төгрөг, 2019.03.12-ны өдөр 400,000 төгрөг, 2019.05.02-ны өдөр 100,000, 2019.05.14-ний өдөр 250,000 төгрөг, 2019.07.08-ны өдөр 250,000 төгрөг, 2019.08.02-ны өдөр 500,000 төгрөг, 2019.09.03-ны өдөр 250,000 төгрөг нийтдээ 2,000,000 төгрөгийг төлсөн гэх бөгөөд үлдэгдэл 1,000,000 төгрөг төлөхөөс татгалзсан үндэслэл нь “...ажлын гүйцэтгэл хангалтгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээг сунгаагүй, 2019.12.31-ний өдрөөс хойш үйлчилгээ аваагүй” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч тал үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 2019.03.12-ны өдөр 400,000 төгрөг, 2019.05.02-ны өдөр 100,000 төгрөг, 2019.05.14-ний өдөр 250,000 төгрөг, 2019.07.08-ны өдөр 250,000 төгрөг, 2019.09.03-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус хүлээн авснаа зөвшөөрсөн, нийтдээ 1,250,000 төгрөг авсан гэжээ.
Гэвч хариуцагчийн тайлбар, ****** ХХК-ийн болон захирал Ц.Гантулга, нягтлан Х.*****, нэхэмжлэгч ********ХХК-ийн захирал ******* нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нийтдээ 2,000,000 төгрөгийг хариуцагч талаас төлсөн болох нь тогтоогдсон байна.
Шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж заасан байна.
Гэрээнд заасан ажил үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх талаар талууд маргаантай байх бөгөөд ****** ХХК-ийн 2019 оны бүтэн жилийн санхүүгийн тайланд шалгалт хийж, алдаа дутагдлыг илрүүлсэн, нэмэлт залруулга засвар хийсэн болох нь ****** ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайланд залруулга хийж аудитлагдсан санхүүгийн тайланг хүргүүлсэн талаарх Сүлд аудит ХХК-ийн 2020.12.24-ний өдрийн 20/95 тоот албан бичиг, тэрээр үйлчилгээ үзүүлсний хөлс 1,800,000 төгрөгийг төлсөн ****** ХХК-ийн 2020.12.31-ний өдрийн төлбөрийн баримт, “...****** ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Сангийн сайдын 2017 оны 243 дугаар тушаалын дагуу засварласан, 2018, 2020 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг засварлаагүй болно” гэсэн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021.11.11-ний өдрийн 02/2229 дугаартай албан тоот зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон болно.
Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө, 367 дугаар зүйлийн 367.2-т зааснаар ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана.
Иймд нэхэмжлэгч тал 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн гэх, мөн гэрээний хугацаанд буюу 2019.01.01-ний өдрөөс хойшхи 1 жилийн хугацааны хавсралт 1-д заасан нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, нийтлэг зориулалттай тусдаа санхүүгийн тайланг болон татварын тайланг гаргах ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэх, гэрээний 2.2.3, 2.2.4, 2.2.8, 2.2.9-д заасан үүргийг биелүүлсэн эсэх талаар нотолсон баримтгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн Гэрэлт хөхийн тэнцвэр аудит ХХК-ийн гаргасан гэх хараат бус аудиторын дүгнэлт нь огноогүй, гарын үсэггүй, захиалагч нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2021.11.29-ний өдрийн 04/1650 тоот албан бичигт “...тайланд татварын хяналт шалгалт хийгдсэний дүнд зөрчилтэй эсэх нь тогтоогдоно, ****** ХХК-ийн 2018, 2019, 2020 онуудад ирүүлсэн тайланд эрсдэл тооцож, татварын хяналт шалгалтад хамрагдаагүй болно” гэснийг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.2 дахь хэсэгт зааснаар ****** ХХК-иас гэрээний үүрэгт 4,250,000 төгрөг гаргуулахыг хүссэн ********ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ