| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/00329 |
| Дугаар | 183/ШШ2018/00920 |
| Огноо | 2018-04-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2018/00920
| 2018 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 183/ШШ2018/00920 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ..., өөрийн байр, Д.. ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ... тоотод байрлах, М.. ХХК-д холбогдох,
Шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Засварын зардалд оруулсан хөрөнгө 68 950 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О..., хариуцагчийн төлөөлөгч Б.Б..., нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ТӨХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани М ХХК-тай харилцан тохиролцож компанийн хөрөнгөнд бүртгэлтэй ашиглахгүй байгаа 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшинг 2015 оны 1 сарын 27-ны өдрөөс түрээслэгчийн өөрийнх нь хүсэлтээр, түүний хөрөнгөөр сэргээн засварлах, ашиглах нөхцөлтэйгөөр сарын 582 000 төгрөгөөр түрээслүүлэхээр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж 5 172 366 төгрөгийн үнэ бүхий шилэн хүлэмж 3 417 738.54 төгрөгийн үнэ бүхий модон байшинг түрээслэгчид актаар хүлээлгэн өгсөн. Түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар хийхдээ түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл М ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 12 м.кв талбай бүхий модон байшинг нурааж өөр тоосгон байшин барьсан нь түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон ба 2018 оны 1 сарын 01-ний өдөр төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгах боломжгүй болсон. Энэ тухайгаа М ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч эд хөрөнгийг хүлээлгэн өгөхгүй байна. Иймд түрээсийн гэрээний 3.3-т ..зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасны дагуу 12 м.кв талбай бүхий нэг өрөө модон байшинг буулгаж шинээр барьсан тоосгон байшинг компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэж, М ХХК-ийн эзэмшлээс шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 02 сарын 29 -ны өдрөөс 2 жилийн хугацаатай цаашид сунгах нөхцөлтэйгээр ... ТӨХК-ийн эзэмшлийн 1990-ээд оноос хойш ашиглагдаагүй бүрэн эвдэрч тоногдсон 8 590 074 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хүлэмж, модон модон байшинг засварлаж урт хугацаагаар түрээслэхээр тохиролцож өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн зөвхөн түрээсийн төлбөрт 21 000 000 төгрөг, ашиглалтын төлбөрт 9 000 000 төгрөг нийт 30 000 000 орчим сая төгрөгийн төлбөрийг тус компанид төлж үйл ажиллагаа явуулж байна. Биднийг зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулсан, өмч хөрөнгө нурааж устгасан, гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэн ... ТӨХКомпанийн удирдлагууд манай компанитай байгуулсан гэрээг цуцлах, өмч хөрөнгө хураан авах тухай мэдэгдэл ирүүлсэн. Манай компани гэрээг дуусгавар болгох асуудлаар маргахгүй байгаа бөгөөд харин уг байшинг завсарлахад зарцуулсан хөрөнгөө сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч М ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани уг 3х4 хэмжээтэй модон байшинг буулгаагүй бөгөөд яг тэр хэвээр нь арай томсгож, шинэчилж хөрөнгө оруулж засвар хийсэн. Уг засварын ажлыг ... ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 12-р сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор олгосон зөвшөөрлийн дагуу нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулан модон байшин болон шилэн хүлэмжийг сэргээн засварлаж гэрээ байгуулан ажилласан бөгөөд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй болно. Иймд ... ТӨХК-ийн өөрийнх нь удирдах дээд байгуулагынх нь зөвшөөрлөөр оруулсан 68 950 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг хөрөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М ХХК нь модон байшин болон хүлэмжийг сэргээн засварласан 68 950 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. М ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “...хүлэмж модон байшинг засварлаж урт хугацаагаар түрээслүүлэхээр тохиролцож...” гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Тус компани нь М ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх буюу 24 сарын хугацаатай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн ба гэрээг жил бүрийн эцэст хоёр тал гэрээг дүгнэж цаашид сунгах эсэх асуудлыг протокол үйлдэж баталгаажуулахаар харилцан тохиролцсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 тоот тогтоолоор өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж ашиглах нөхцөлтэйгээр түрээсийн төлбөрийн доод үнэ буюу хамгийн бага төлбөртэйгээр түрээслүүлэхийг зөвшөөрсөн ба сэргээн засварласан төлбөрийг нөхөн гаргуулахаар тохиролцоогүй тул хөрөнгө оруулсан гэх төлбөрийг олгох боломжгүй юм. Мөн түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хийх талаар зөвшөөрөл хүссэн, зардал төсвийн талаар танилцуулсан зүйл байхгүй. Хүлэмжийн сантехникийн бүх шугамыг шинээр угсарч суурилуулах ажлыг манай компанийн Засвар механик цехийн сантехникийн бригадын ажилчид компанийн хөрөнгөөр засварлаж гүйцэтгэсэн тул М ХХК нь нэхэмжлэх эрхгүй юм. Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “...Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй гэж заасан тул хөрөнгө оруулсан үнийг буцаан авах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжпэлийн шаардлага болох 68 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ТӨХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлэхээр шаардсныг хариуцагч засварын зардалд оруулсан хөрөнгө 68 950 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Талуудын хооронд 2015 оны 01 сарын 27-ны өдөр 1-2-121/15 дугаар “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ” нэртэй Төрийн өмчийн хороо, ... ТӨХК, М ХХК нарын хооронд 3 талт гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч М ХХК нь ХУД-ийн 3-р хороо, ... ТӨХК-ийн хашаанд байрлах 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшин бүхий төрийн өмч бүхий ... ТӨХК-ийн эзэмшлийн эд хөрөнгийг хүнсний ногоо тарьж ургуулах зориулалтаар 3 жилийн хугацаагаар эзэмшиж ашиглаж, түрээсийн байрны 1 м.кв талбайн төлбөрт 5 200 төгрөг буюу сард 582 400 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-ийн 6-10/
Түүнчлэн талууд 2016 оны 2 сарын 29-ны өдрийн 3-136/16 дугаар гэрээгээр гэрээний заалтуудад өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2 жил байхаар тохиролцсон байх ба уг гэрээ ... ТӨХК, М ХХК нарын хооронд байгуулагдсан байна./хх-ийн 12-13/
Талууд гэрээний дагуу 100 м.кв талбай бүхий шилэн хүлэмж, 12 м.кв талбай бүхий 1 өрөө модон байшин ашиглаж, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж байсан талаар болон гэрээний хугацаа 2018 оны 1 сарын 01-ний өдөр дуусгавар болсон асуудлаар маргаагүй байна.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсныг хуульд зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар “эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч...тухайн эд хөрөнгийг хөлслөгчид буцааж өгнө.” гэснээр хариуцагч М ХХК-иас эд хөрөнгийг буцаан хүлээлгэж өгөхийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс ... ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 12-р сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Компанийн хөрөнгөнд бүртгэлтэй, одоо ашиглагдахгүй байгаа шилэн хүлэмжийг, түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж ашиглах нөхцөлтэйгээр түрээслүүлэхийг зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь уг зөвшөөрлийн дагуу хүлэмжинд засвар хийж, 12 м.кв талбайтай 1 өрөө модон байшинг өргөтгөх, гадуур нь тоосгон хана өрж, иж бүрэн засаж, нийт 68 950 000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргаж, ажил гүйцэтгэх гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, хүлэмж болон байшингийн фото зураг зэргийг ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь “...түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр засвар хийхдээ түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна гэж заасныг зөрчиж, М ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 12 м.кв талбай бүхий модон байшинг нурааж өөр тоосгон байшин барьсан нь түрээсийн гэрээг цуцлах үндэслэл болсон... сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбар гаргажээ.
Талуудын байгуулсан 2016 оны 2 сарын 29-ны өдрийн 3-136/16 дугаар гэрээний 3.3-т “түрээслэгч нь түрээсэлсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна.” гэж, Иргэний хуулийн 288-р зүйлийн 288.2.4-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах” гэж тус тус заажээ.
Эдгээрээс дүгнэхэд ... ТӨХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 12-р сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “...ашиглагдахгүй байгаа шилэн хүлэмжийг, түрээслэгч нь өөрийн хөрөнгөөр сэргээн засварлаж ашиглах...” гэснийг түрээслүүлэгчийг зөвшөөрөл гэж үзэхээргүй байна.
Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 3.3-д “...эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна” гэж тохиролцсон тохиролцоо нь дээрх хуулийн заалттай нэгэн адил агуулгатай байна.
Хариуцагч нь түрээслэн авсан модон байшингийн хийцийг өөрчлөх засвар хийж, зардал гаргахдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл авсан талаараа баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч М ХХК-ийн эзэмшлээс шилэн хүлэмж, байшинг албадан чөлөөлүүлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч ... ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “...12 м.кв талбай бүхий нэг өрөө модон байшинг буулгаж шинээр барьсан тоосгон байшинг компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэж,...” гэснийг хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзээгүйн дээр, нэхэмжлэгч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 295 дугаар зүйлийн 295.1, 288 дугаар зүйлийн 288.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас ... ТӨХК-ийн өмчлөлийн шилэн хүлэмж, тоосгон байшинг албадан чөлөөлж, хариуцагч М ХХК-ийн 68 950 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ... ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 502 700 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ