| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2018/0362/Э |
| Дугаар | 0011 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 0011
Г.Чт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.О
Шүүгдэгч Г.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д
Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Чт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч Г.Ч, хохирогч М.Т-д нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Ч.
Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө аймгийн сумын багийн тоотод М.Т-дийн цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б овогт Г-н Ч-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чийг 3 / гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чт оногдуулсан 3 жил, 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч М.Тамэд нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах гомдолдоо:
“... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Хэргийг Эрүүгийн хуулийн 11.2 /Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах/ дугаар зүйлийн 1.д зааснаар өөрчлөн зүйчлэх үндэслэлтэй. Шүүх мэтгэлцээний дундаас улсын яллагчийн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа бол хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл байгаа талаар:
Болсон үйл явдлыг тоймолбол “... Т-д Ч руу хутга аваад дайрахад нь баруун гараараа хутгыг хаахад Ч-н баруун гарын шуу хэсэгт хорсоод зүсэгдэх шиг болсон. Гарсан цусаа хараад, Т-д дахиад хутгаараа чичихэд хутгыг нь булааж аваад цааш юу болсныг санахгүй. Т-д “чи дүрчихлээ ш дээ” гэхэд Ч сэргэнэ...” энэ тухай шүүх хуралдаан дээр мэдүүлсэн Ч-н мэдүүлэг, хохирогч М.Т-н өмгөөлөгч нарын асуусан асуултанд хариулсан зэрэг байдалд шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй.
Өмгөөлөгчийн зүгээс “хохирогчийн зүй бус харьцаа /хутга 2 удаа авч дайран улмаар баруун шууг зүсэж, гарийн цусаа хараад/-ны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хувьд хэвийн байдал алдагдаж, өөрийгөө хянах чадваргүй болсны улмаас хохирогч Т-г хутгалж, хүнд гэмтэл учруулжээ.” гэж дүгнэдэг.
Сэтгэл санаа цочирдох гэдэг нь: Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан /Өөрт нь, ... хүч хэрэглэсэн... хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас/ нөхцлүүдийг хүч хэрэглэсэн, заналхийлсэн үйлдэл болсон даруйд хүний сэтгэл зүйд нөлөөлөх асуудал бөгөөд М.Т-д 2 дахь удаа хутга аваад Г.Ч-н баруун гарын шуунд гэмтэл учруулсны дараа дахиад үргэлжлүүлээд чичиж байгаа нөхцөл байдлын үед Ч-н сэтгэл зүйд нөлөөлсөн нөлөөллийг тодорхойлох асуудал юм. Үүнийг зөв тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэнэ гэдэг хэтэрхий хийсвэр дүгнэлт болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд:
Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэг /шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудас/-т “... Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтэндээ “Г.Ч нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсны улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж мэтгэлцэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ч-н сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлийн 2.3.т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамаарал, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон, ... няцаасан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхойлсон байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдааг залруулж, тухайн үйл явдал нь Г.Чийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн нөлөөллийг зөв тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу.
Гомдлын үндэслэлээ шүүх хуралдаанд үйлчлүүлэгч Г.Чийн хамт оролцож, дэлгэрэнгүй тайлбарлах болно” гэжээ.
Шүүгдэгч Г.Ч давж заалдах гомдолдоо:
“Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаар шийтгэх тогтоолд Г.Ч миний хэргийн талаар мэдүүлснийг “... Т-д ах согтчихсон жаахан агсрах шинжтэй болоод ... би та аавд тэгж их баярладаг юм бол намайг жаахан байхад ээж бид хоёрыг агсам согтуу тавиад хөөж туугаад байдаг байсан юм бэ гэж хэлсэн ... бид хоёр муудалцаад ... Т-тэй гарч тамхилчихаад өвөөгийнх рүү орсон чинь Т-д ах жаахан ууртай чи яагаад олон жилийн өмнө болсон зүйлийг одоо болтол мартаж чаддаггүй, арчаагүй банди вэ гээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон чинь Т-д ах надад цохиулсан уурандаа хутга аваад би чамайг алчихна шүү, гэхдээ би хүүхэдтэй болохоор чамайг алж чадахгүй, хүүхдээ л бодож байна, тэрнээс биш би чамайг алчихмаар байна гээд хутга бариад байхаар нь Ц ах, Т хоёр хутгыг нь булааж аваад шүүгээ рүү далд хийсэн. Гэхдээ Т гараа зүсүүлчихсэн. Дахиад жаахан байж байгаад Т-д ах уурлаад дахиж хутга авч над руу дайрахаар нь би баруун гараараа хаагаад баруун гараа зүсүүлчихээд цусаа арчаад байж байсан чинь Т ах дахиад над руу хутгаараа чичихээр нь хутгыг нь булааж аваад тэгээд нэг мэдсэн чинь Т ах чи дүрчихлээ шүү дээ гээд орилохоор нь хүн хутгалснаа мэдсэн ...” гэж тусгажээ.
Эхлээд Т ах хутга аваад над руу дайрсан. Тэрийг “бариад байхаар нь” гэж тусгасан нь агуулгын хувьд алдаатай байна.
Болсон үйл явдал: Т ах эхэлж хутга авч дайраад Ц ах, Т 2 хутгыг булааж аваад шүүгээ рүү хийсэн. Т-н гар зүсэгдсэн байсан. Дахиад хутга авч дайраад миний баруун гар зүсэгдээд цус гарч байхыг хараад дахин над руу чичих тэр агшинд би Т ахаас хутгыг нь булааж авснаа мэдэж байна. Цаашаа юу болсныг огт санадаггүй. Энэ тухай би цагдаад байцаалт өгөхдөө хэлсэн. Тэр үед маш их айж цочирдсон. Энэ үеийг санах бүрд одоо ч их айдас, түгшүүр мэдэрдэг.
Шүүх хурал дээр олон зүйлийг яръя гэж бодож байсан ч тулгамдаад өөрийн бодсон санаснаа хэлж чадаагүй. Хохирогч болох Т ахаас дахин уучлалт гуйж байна. Таныг согтохоороо авиртай гэдгийг мэдсээр байж, урдаас нь өрвөлзөж, хутга бариад дайрахаар зөрүүлээд цохиж л байдаг. Нэг биш хэдэн удаа хутга авахаар нь заавал дийлэх гэж сарвалзаж л байдаг. Ц ах боль гэртээ ор гэхэд нь үгэнд нь орохгүй байгаа эдгээр байдлууд миний буруу. Ц ах, Т нар салгаад сануулаад болиулаад байхад ухаалаг хандсан бол асуудал ийм хүнд байдалд орохгүй байсан.
Т ах шүүх хурал дээр миний ярьсныг огт үгүйсгээгүй. Энэ талаар шүүхийн тогтоолд дурьдаагүй, дүгнэлт хийгээгүй. Шүүх улсын яллагчийн дүгнэлтээр “Т ахыг санаатайгаар хутгалж, хүнд гэмтэл учруулсан” гэж буруутгаж байгаад гомдолтой байна. Миний хувьд цочролд орсон болоод Т ахыг хутгалж байгаа. Тэр агшинд би өөрийгөө хянах чадвартай байсан бол яагаад ч ахыгаа хутгалахгүй. Би хүнд муу зүйл хэзээ ч хийж байгаагүй. Аав эрт биднийг орхиж явсан. Би ээжтэйгээ ойр өссөн болохоор аливааг эвээр шийдэж, өрөвч зөөлөн зан надад бий. Иймд миний гомдлыг хүлээн авч, “сэтгэл санаа хүчтэй цочирдсон” гэдгийг тогтоож, 02 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Г.Ч би 28 хоног цагдан хоригдож байна. Тэр үед өөрийгөө жолоодох чадваргүй болтлоо хүчтэй цочирдоогүй бол үйл явдлыг ингэж хүндрүүлэн Тамэд ах минь эрүүл мэндээрээ хохирч, миний бие хоригдож, шаналахгүй байсан. Шүүх хуралдаанд өмгөөлөгч Э.Г, Б.Д нарын хамт оролцоно” гэжээ.
Хохирогч М.Т давж заалдах гомдолдоо:
“... Шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Чийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэсэн хэсэгт гомдол гаргаж байна. Учир нь би дүүгээ архинд явуулж хажуудаа суулгаж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж хутга авч дайрсан. Миний болчимгүй зангаас болж дүү маань хэрэгтэн болоод зогсохгүй хорих ял авлаа.
Шүүх хурал дуусаад эрэгтэй шүүгч Та насанд хүрээгүй хүүхдийг архинд явуулж хамт байлгаж архи ууж улмаар хутга авч дайрч ахмад настай ах хүний хувьд үлгэргүй явдал гаргаснаас болж өнөөдөр хамаатны дүү чинь ял эдлэх болоод байна. Цаашид энэ байдал дээрээ анхаараарай гэж сануулсан. Аав ээж эгчээсээ санаа зовж дүүгээ тэнд хэцүү байгаа гэж бодохоор сэтгэл санаа ч гундуу байх юм. Би тухайн үед болсон зүйлийг орон гаран санадаг. Ч руу нэг биш удаа хутга авч дайраад гарыг нь зүсээд дахиад чичээд байхад залуу хүн балмагдсандаа буцаагаад намайг хутгалсан нь шүүх хурал дээр хэлээд байгаа өөрийгөө хянах боломжгүй цочролд ороод байгаа үйл явдал болжээ гэж би бодож байгаа.
Ийм золгүй явдал болоход ах миний үлгэргүй үйлдэл их бий. Хагалгаанд ороод анх мэдүүлэг авахад л дүүгээ уучилсан, гомдолгүй гэдгээ хэлсэн. Миний дүү надаас хэд хэдэн удаа уучлалт гуйсан. Эцэг нь надад тусалж ажил амьдралыг минь өдий хүртэл залгуулж явахад би ганц хүүг нь хэрэгтэн болгоод шоронд суулгаж байгаадаа ачлалгүй хүн боллоо.
Хохирогч надад гомдол байхгүй, болсон үйл явдлыг Ч, Т нар хэлээд байгааг шүүх анхааралдаа авч хэргийг шийдвэрлэхдээ хохирогч М.Т миний “гомдолгүй” Ч хэргийн талаар шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй хэлсэн, хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж дүүд минь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл
шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын багийн тоотод М.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаас түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүх Г.Ч-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хуульд зааснаас доод хэмжээгээр хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна.
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 553 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Т-ийн биед “цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушиг ба үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний хөндий ба үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, цус алдалтын шок” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч Г.Ч, хохирогч М.Т-д нар нь “...сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах тухай ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан, бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангид хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгаатай байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Т тухайн үйл баримтын талаар “...Би тэр хоёрыг гэрт үлдээчихээд гарч бие засаад буцаад байшинд ороход Ц том өрөөндөө хүнтэй утсаар ярьж байх шиг байсан. Гал тогооны өрөөнд Ч хаанаас хутга авсан бүү мэд баруун гартаа хар иштэй хутга барьчихсан сандал дээр сууж байсан Т-д ах дээр очоод цээж хавь руу нь 3 удаа хутгалсан. Тухайн үед Т-д ах Ч-н барьж байсан хутгыг хаах оролдлого хийж байсан...хар иштэй хутгаар Т-ийн цээжин тус газар 3 удаа хутгалсан...” гэж мэдүүлснээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх мэдүүлгээ үгүйсгээгүй байна.
Мөн гэрч Т.Ц нь “...Т-д хоолны шкафнаас хар иштэй хутга авахаар нь би хутгыг булааж аваад буцааж хоолны шкафанд хийсэн. Би том өрөөнд орчихоод буцаад ирэхэд хэн нэгэн хүн би дүрчихлээ ш дээ гэж байсан. Би гэрээс гүйж гараад Ж ахаар 103 дуудуулсан ...Тухайн үед тэр хоёрын хажууд Т байсан...” гэж мэдүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас дүгнэвэл хохирогч М.Т нь Г.Чийг санаа сэтгэл болон бие махбодын хувьд түүнийг хутгалж биед нь гэмтэл учруулахуйц хэмжээнд хүргэх хууль бус үйлдэл гаргаагүй, харин хоорондын маргааны улмаас Г.Ч нь уурлаж М.Т-г хутгалсан нь түүний гэмт санаа төрөх үйл явцыг өдөөснөөс бус санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч Г.Ч, хохирогч М.Т-д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 , 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, шүүгдэгч Г.Ч, хохирогч М.Т-д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ