Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 56

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Г.Мөнхбат  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,  

Хохирогч: У.Адъяасүрэн,

Иргэдийн төлөөлөгч: Т.Цолмон,

         Шүүгдэгч: Б.Ууганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ууганбаатарт холбогдох .... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

          Шүүгдэгч Б.Ууганбаатар нь урьд танхайрах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын төвд У.Адъяасүрэнг ямар ч шалтгаангүйгээр түүний зүүн гуянд 2 удаа хутгалж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч У.Адъяасүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө гэрлүүгээ ортол гэрийн ар талд хашааны хойд талд хоёр хүн хашгиралдаад чанга чанга яриад байхаар нь би гэрээс гараад нөгөө хоёр хүн дээр очиход манай сумын Шинэхүү, Ууганбаатар хоёр байхаар нь “та хоёр эндээс яваад өөр газар очоод ярь хүмүүс унтаж байна” гэхэд хажуунаас Ууганбаатар “энэ хэн юм бэ” гээд намайг Шинэхүүгээс асуухаар нь би “миний хэн байх нь чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь тэр баруун гартаа хутга бариад босоод ирэхээр нь би эргээд гүйсэн Ууганбаатар араас гүйж ирээд миний зүүн гуяны ар талд хоёр удаа хутгалсан. Би гэр лүүгээ орж ирээд гэрэл асаагаад гэрт байсан эгч Эрдэнэчимэгт болсон асуудлын талаар хэлэхэд гадаа мотоцикль дуугараад нөгөө хоёр яваад өгсөн. Тэгээд эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Харин Шинэхүү, Ууганбаатар хоёр архи уусан байсан. Би Шинэхүүг манай сумын хүн гэдгээр нь мэднэ. Харин Ууганбаатарыг танихгүй нэрээр нь л мэднэ. Ууганбаатар нь Мандал-Овоо сумын хүн гэсэн. ...Ууганбаатар хутга гаргасан би түүнийг хутга барьсныг нь мэдэнгүүтээ эргээд гэр лүүгээ гүйхэд тэр араас гүйж ирээд миний зүүн гуяны ард хоёр удаа хутгалсан. Ууганбаатар баруун талаасаа хутга гаргаж ирсэн байх. Гэнэт л гарт нь хутга байсан. Тэр ямар хутга барьсныг нь би анзаараагүй. Одоо миний бие гайгүй болсон. Надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

          Хохирогч Н.Эрдэнэ-Очир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын эхээр Булган сумын төвд байсан. Үдээс хойш 17 цагийн үед Төмөрийнд очиход мотоцикльтой Ууганбаатар ирсэн байсан. Тэгсэн тэр Ууганбаатар гэдэг нь намайг яасныг мэдэхгүй миний шанаа руу гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би хашаанаас гараад гадаа сууж байгаад гэрлүүгээ явсан. Би Төмөрийг таньдаг болохоор тэр хоёртой уулзах санаатай хашаанд нь ороод очиход Ууганбаатар согтуу мотоциклийнхоо хажууд сууж байсан. Өөр хүн байгаагүй. Үгийн зөрөөгүй Ууганбаатар миний шанаа руу нэг удаа цохиод авсан. Би Ууганбаатартай огт хэрэлдээгүй. Би түүнийг нэрнээс цааш танихгүй. Би тухайн үед архи бага зэрэг уусан байсан. Төмөрийн хашаанд очиход Ууганбаатар нэлээд согтуу байж байсан. Ууганбаатар амбаарын өмнө талд нь мотоциклийнхоо хажууд сууж байсан. Төмөрийн эхнэр нь Ууганбаатар ална гээд хутга гаргаж ирээд байхаар нь хутгийг булааж аваад шидсэн гэж хэлж байсан. Ууганбаатар миний өөдөөс хутга гаргаагүй. Ууганбаатарыг хутга барьсан байсныг нь хараагүй. Төмөрийн эхнэр л Ууганбаатарыг хутга бариад ална гэсэн байсан. Тэгэхээр нь би хутгийг нь булааж аваад хашаан дээгүүр давуулаад шидсэн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,

          Хохирогч С.Сүрэнжаргал  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын эхээр нөхөр Баттөмөрийн хамт Булган сумын төвд байдаг хашаа байшиндаа очсон. Манай хашааны зүүн талд Эрдэнэчимэг эгчийнх байдаг. Тэгсэн тэр өдрийн орой 18 цагийн үед нөхөр бид хоёрыг хашаандаа байхад Ууганбаатар, Шинэхүү хоёр мотоцикльтой ирсэн. Бадамхорол, Мөнгөн нар байсан. Тэгээд байж байтал Оёо бас хүрээд ирсэн. Ууганбаатар архи уусан согтуу байсан. Тэгсэн тэр гэнэт Оёо ахыг зодох гээд давшилж байгаад гутлынхаа түрийнээс урт хар иштэй хутга гаргаж ирээд Оёо ахыг хутгална гээд байсан. Тэгэхээр нь би Ууганбаатарын барьж байсан хутгийг нь булааж аваад хойш нь хашаан дээгүүр давуулаад шидсэн. Тэгсэн Ууганбаатар хутганыхаа хойноос гүйгээд явсан. Шинэхүү Ууганбаатарын араас гараад явсан тэр хоёр чигээрээ яваад өгсөн. Оёо, Бадамхорол, Мөнгөн бид хэд юм ярьж байгаад удаагүй тарцгаасан. Нөхөр бид хоёр айлд очиж хоол идчихээд шөнө ирээд байшиндаа унтаад өгсөн. Тэгсэн шөнө Эрдэнэчимэг эгч гэрэл тусгаж орж ирээд Адъяасүрэнг хутгалчихлаа гэхээр нь би хэн хутгалсан юм бэ? гэхэд Эрдэнэчимэг эгч Ууганбаатар Адъяасүрэнг хутгалчихлаа. Тэгээд Шинэхүү тэр хоёр мотоцикльтой яваад өгсөн гэж хэлэхээр нь түүнтэй хамт тэдний гэрт ороход гэрийн үүдний шалан дээгүүр нил цус болчихсон байсан. Адъяасүрэнг эмнэлэг ирээд аваад явсан гэж хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь би Бадамхоролынд очиход Ууганбаатар тэдний гэрийн гадаа унтаж байхаар нь түүнийг сэрээгээд чи Адъяасүрэнг хутгалсан байна, очиж уулз гэхэд тэр дуугарахгүй босоод мотоциклоо асааж аваад чигээрээ яваад өгсөн түүнээс хойш Ууганбаатартай уулзалдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Шинэхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ”...2016 оны 07 дугаар сард нэг өдрийн үдийн алдад би сумын төв орж хүнтэй архи хувааж уучихаад эмнэлгийн хавьд явж байхад Ууганбаатартай таарсан. Тэр архи уусан согтуу байсан. Унтаж байгаад шөнө босоод Халзаадайгийнд очих гээд гарахад хашааны үүдэнд Ууганбаатар мотоцикльтой хүрээд ирсэн. Тэр Төмөрийнд хамт очьё гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний мотоциклийн араар нь сундлаад явсан. Төмөрийнх жижиг шавар байшингийн хойд талд нь Ууганбаатар мотоциклио тавьчихаад бууж Төмөрийг гараад ир гээд хашгираад байсан. Би хашааны ар талд сууж байсан. Тэгтэл зүүн талын хашаанаас Адъяа гэдэг залуу гараад ирсэн. Тэр гэрээс гарч ирээд мэндэлчихээд хамт яваа хүн чинь хэн юм бэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь танихгүй яв яв гэж хэлсэн. Тэгсэн чинь Ууганбаатар Адъяагийн ардаас нь чамайг алнаа гээд гүйх шиг болсон. Удаагүй Ууганбаатар буцаж ирээд би тэр залууг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгснээ чи морд гэж намайг мотоцикль руугаа заасан. Тэгэхээр нь би түүний араар нь сундлаад эргээд Халзаадайгийн хашаанд очсон. Ууганбаатар хашаа руу түрүүлээд орсон. Тэгэхээр нь би тэндээс зугтаагаад ахындаа очиж хоносон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

       Хохирогч О.Мөнгөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 сарын эхээр сумын төвд гэртээ байж байхад орой 19 цагийн үед Майнбаяр, Ууганбаатар хоёр халамцуу бололтой манайд ирж хоносон. Бид хэд ойр зуур юм ярьж сууцгааж амарсан. Маргааш өглөө нь Ууганбаатар Майнбаяр бид гурав Төмөр ахынд очоод 2 шил архи хувааж ууцгаасан. Төмөр ах, Ууганбаатар, бид гурав архиа хувааж уучихаад байж байтал манай эхнэр ирээд намайг аваад явсан. Би гэртээ харьж унтаж байгаад орой ахиад Төмөр ахынд очоод байж байтал гаднаас Ууганбаатар нилээн халамцуу орж ирчээд түрийнээсээ хар иштэй хутга гаргаж ирээд газарлуу хутгаараа шаагаад агсам тавьж байснаа гадаа гараад Төмөр ахын эхнэртэй маргалдаад хэрэлдээд байхаар нь би гарч очсон. Тэгсэн чинь хашааны арын пингийн завсраар Ооёо гэдэг хүн орж ирж таарсан. Тэгсэн чинь тэр Ооёоо руу агсамнаад барьж заамдаад цохьсон. Ооёотой барилцаж заамдалцаад байхаар нь би очоод салгасан намайг тэр хоёрыг салгах зуур Төмөр ахын эхнэр Жаргал Ууганбаатарын гутлын түрийнээс нь хутгыг нь аваад пингийн дээгүүр шидсэн чинь Ууганбаатар хутгаа эрж байснаа олж аваад за яахав би явлаа гээд мотоциклио асаагаад баахан хаазалж байгаад явсан. Тэгээд би эхнэртэйгээ цуг гэртээ харьчихаад хөдөө явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/,

          Хохирогч Б.Бадамхорол мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 сард өдрийг сайн санахгүй байна. Бид хэд сумын төвд гэрт байж байхад орой 19 цагийн үед Майнбаяр Ууганбаатар хоёр нилээд халамцуу бололтой манайд ирж хоночихоод маргааш өглөө нь Төмөр ахынд очно гээд манай нөхөр Мөнгөн найз Майнбаяр Ууганбаатар 3-уулаа цуг явцгаасан. Тэгээд би хүүхдээ эмчлүүлэх гээд эмнэлэг явчихаад өдөр нь Төмөр ахынд очиход тэр хэд нилээн согтуу байцгаасан. Би гэрт очиж хүүхдээ үлдээчихээд эргэж ирээд Мөнгөнг аваад гэрлүүгээ явсан гэрт унтуулчихаад байж байтал Ууганбаатар орж ирчихээд Мөнгөнг дуудаад байхаар нь унтаж байгаа хүнийг яах гээд байгаа юм сэрэхээр нь мал руу нь явуулна гэсэн чинь надад тэгвэл ганц шил архи аваад өгчих гэж нэхэж байснаа гараад явсан. Тэгээд Мөнгөнийг унтаж байгаад сэрэхээр нь бид хоёр Төмөр ахынд очоод байж байтал Ууганбаатар орж ирчихээд Төмөр ах Мөнгөн хоёр руу агсарч байснаа түрийнээсээ хутга гаргаж ирээд газар руу шаагаад байсныг Жаргал эгч булааж аваад амбаарын дээгүүр шидсэн хашааны ард Ооёо гэдэг хүн явж байсан чинь барьж аваад цохих шиг болсон тэгэхээр нь манай нөхөр Мөнгөн тэр хоёрыг салгасан, тэгээд бид хэд гэрлүүгээ явсан. Манай нөхөр Мөнгөн удалгүй хөдөө яваад өгсөн. Тэгсэн шөнийн 02 цагийн үед Ууганбаатар гэнэт гэрт орж ирээд хүн хутгалчихлаа гэж ярьж байснаа би Төмөр ахынд тамхиа орхичихсон байна гээд гэрээс гараад явахаар нь бид хэд айлд очиж хоноцгоосон. Түүнээс хойш Ууганбаатартай тааралдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,

 Гэрч Т.Шинэхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би өдрийг нь сайн санахгүй байна 7 дугаар сар гарсан байсан. Би найз Халзаадай, Майнбаяр хоёртой уулзаад нэг шил архи хувааж уугаад ах Жуулхүүгийнд унтаж байгаад шөнө баруун хашаа руу орох хашааны үүдэнд Ууганбаатартай таарахад тэр намайг Төмөрийнд очьё гээд бид хоёр хамтдаа Төмөрийнд очсон. Ууганбаатар Төмөрөө гараад ир гэж хашгираад байсан Тэгсэн зүүн хашаанаас Адъяасүрэн гараад ирсэн. Тэр надтай уулзаж мэндэлчихээд хэн бэ? гэхээр нь би Шинэхүү байна гэсэн. Тэгсэн тэр энэ хэн юм бэ? гэж Ууганбаатарыг асуухаар нь би чи танихгүй гэж хэлсэн. Адъяасүрэн гэр лүү гээ эргээд явахад Ууганбаатар ална гэж хэлээд Адъяасүрэнгийн араас гүйсэн. Тэгээд удаагүй эргэж ирээд Адъяасүрэнг хутгалчихлаа гэж хэлээд араар хурдан морд гэж хэлэхээр нь түүний мотоциклийн араар сундлаад эргээд Халзаадайгийнд очсон. Ууганбаатар түрүүлээд тэдний гэр лүү орсон. Би тэднийд ороогүй тэндээсээ яваад ахындаа очиж амарсан. Би Ууганбаатарыг муухан таньдаг. Ууганбаатар Мандал-Овоо сумын хүн манай тэр хавиар хаад зусдаг байсан юм. Тэр өдөр 14 цагийн үед эмнэлгийн хойд талд би Ууганбаатартай таарсан. Тэгэхэд Ууганбаатар архи уусан нэлээд согтуу муу сайн пиздануудыг ална гэж хэлээд зогсож байсан. ...Тэр хоёр хоорондоо ч яриагүй, Ууганбаатар морд пизда минь гэж намайг хэлэхээр нь би айгаад түүний мотоциклийн араар нь мордсон. Адъяасүрэн архи уугаагүй эрүүл байсан. Ууганбаатар нэлээд согтуу байсан би өдөр нь архи уугаад унтаж байгаад сэрсэн байсан гайгүй байсан. Би Ууганбаатарыг хүн хутгалж байхыг нь хараагүй, би тухайн үед хашааны ар талд буланд сууж байсан. Ууганбаатар тухайн үед түрийтэй гуталтай өмд, подволктой явж байсан, гарт нь юу байсныг нь хараагүй. Тэр өдрийн өдөр нь Майнбаяр надад Ууганбаатарыг хутгатай яваад байгаа тэр хутга гаргаад байгаа наадхаас чинь хурдхан зайгаа барья гэж хэлээд байсан. Хөдөөнөөс Ууганбаатар, Майнбаяртай хамт ирсэн юм билээ. Би Ууганбаатар намайг хутгалчих байх гэж айсан. ...Тэгсэн маргааш нь Адъяасүрэн Ууганбаатарт 2 хутгалуулаад эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Э.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан. Манай дүү Адъяасүрэн гаднаас хөлөө барьчихсан цусаа гоожуулаад ёолоод орж ирсэн. Би сэрээд юу болов яав гэхэд гадаа байгаа хүн намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би босоод дүүгийнхээ хөлийг боогоод гар чийдэн аваад гартал гадаа байсан 2 хүн хоёр тийшээ зугтаасан. Тэгээд би цагдаа руу дуудлага өгч эмч дуудахаар явсан. Намайг гараад очиход гадаа Төмөрбаатарын Шинэхүү, нөгөөх нь Мандал-Овоо сумын залуу Ууганбаатар гэдэг хүмүүс байсан. Манай дүүг Ууганбаатар хутгалсан гэж надад Адъяасүрэн хэлсэн. Ууганбаатар дараа нь хүн амьтанд би хүн хутгалчихлаа гээд яриад яваад байсан байна лээ. Манай дүү Адъяасүрэн хэлэхдээ гадаа хүмүүс шуугиад унтаж байгаа хүмүүсийг сэртэл чанга яриад хашгичаад байхаар нь явуулах гэж гарч очоод чимээгүй бай гэж хэлсэн юм байна лээ, тэгэхэд нь Ууганбаатар шууд хутгалсан гэсэн, манай дүү тэр Ууганбаатар гэдэг залууг танихгүй хоорондоо маргалдаагүй юу ч болоогүй гэж хэлсэн. Хэрвээ маргалдаж зодоон болвол би өөрөө сэрэх байсан байх. Тэгээд Ууганбаатар гэдэг залуу манай дүүг хутгалчихаад манайхаас зугтаахдаа Халзаадай гэдэг хочтой Мөнгөн гэдэг залуугийнд очсон байна лээ. Тэнд очоод би хүн хутгалчихлаа үхмээр байна гээд байсан гэсэн. Би тэр хавиар гэрийн хашааны ойролцоо явж үзсэн хутга нь харагдаагүй, тэр залууд өөрт нь байгаа байх. Урд нь хутганы хэргээр шоронд явж байсан гэж хүнээс дуулсан. Тэр өдөр хутга барьчихсан айлын пинд байсан хүмүүс рүү хутга гаргаж айлгаж газарлуу хутга зоогоод байсан гэсэн. Тэгэхэд нь тэнд байсан айлын Төмөр гэдэг хүний эхнэр Жаргал гэх эмэгтэй гарт нь байсан хутгыг булааж аваад хашаа давуулаад шидсэн гэж хэлсэн. Төмөр гэдэг айл манай хөрш байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч О.Мөнгөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын эхээр манай эхнэр хүүхдээ хараад сумын эмнэлэгт хэвтсэн. Намайг тэр өдөр гэрт байж байхад орой Майнбаяр, Ууганбаатар хоёр шар юмнаас ирлээ гэж хэлээд ирсэн. Тэр хоёр манайд ирж хоносон бид гурав нэг том савтай пиво хувааж уусан. Өглөө нь нөгөө хоёр гэрээс гараад явсан удаагүй би Төмөр ахынд хүрээд очиход Төмөр ах Ууганбаатар Майнбаяр гурав байж байсан. Тэгээд би эхнэртэйгээ хамт гэрлүү харьсан. Би гэртээ очоод унтсан орой эхнэр бид хоёр ус авах гээд Төмөр ахынд ирээд буцах гэж байхад Ууганбаатар согтуу ганцаараа ирсэн. Тэр Жаргал эгчтэй хэрэлдээд байсан тэгж байснаа Төмөр ах бид хоёрыг хутгална гэж хэлээд гутлын түрийнээсээ хутга гаргаж ирээд газар шаагаад байсан. Тэгсэн хажуунаас Жаргал эгч Ууганбаатарын барьж байсан хутгийг нь булааж аваад амбаар дээгүүр давуулаад шидсэн чинь Ууганбаатар хутганы араасаа өөрөө очоод хутгаа авсан. Тэгээд сууж байхад Оёо хүрээд ирсэн чинь Ууганбаатар нэг юм хэлээд шууд түүний нүүр лүү нэг удаа гараараа цохихоор нь бид нар Ууганбаатарыг хориод болиулсан чинь Оёо яваад өгсөн. Ууганбаатар хэсэг агсарч байгаад мотоциклоо унаад яваад өгсөн. Эхнэр Бадамхорол бид хоёр гэртээ харьсан. Би 18 цагийн үед хөдөө яваад буцаад шөнө нэлээд аажуухан ирсэн. Намайг гэртээ ирэхэд манайд хэн ч байгаагүй. Би гэртээ ороод унтсан маргааш өглөө нь эрт эхнэр хүрч ирээд шөнө Ууганбаатар, Шинэхүү хоёр орж ирсэн Ууганбаатар хүн хутгалсан гэж хэлэхээр нь би айгаад Шинэхүүгээр дүүгийндээ хүргүүлээд тэндээ унтаад ирлээ гэж хэлж байсан. Ууганбаатар хар өнгийн иштэй хужаагийн урт хутга түрийлээд яваад байсан. Тэр баруун талынхаа гутлын түрийндээ хийгээд яваад байсан. Би Ууганбаатарыг хутга гаргаж ирэхэд нь харсан юм. Тэгээд тэр хутгаа бариад Төмөр ах бид хоёрыг ална гэж хэлээд далайгаад газар шаагаад байсан болохоос бид хоёрт хүргээгүй. Оёо ахыг зүгээр хүрээд ирэхэд Ууганбаатар үгийн зөрүүгүй түүний нүүр лүү цохиод авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

         Гэрч Б.Бадамхорол мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын эхээр эмчилгээгээ хийлгээд гэртээ ирэхэд гэрт Ууганбаатар, Майнбаяр хоёр шар юмнаас ирлээ гэж хэлээд ирсэн. Нэг том савтай пиво манай нөхөр Мөнгөний хамт хуваагаад ууж байсан. Шөнө 21 цагийн үед нөгөө гурав амрахаар болоод бүгдээрээ амарсан. Маргааш өглөө нь би хүүхдийнхээ эмчилгээг хийлгэж яваад гэртээ ирэхэд нөгөө гурав байхгүй байхаар нь нөхрөө хайгаад явж байхад Төмөрийн амбаарын хаалга нь нээлттэй хашаанд Майнбаяр, Ууганбаатар, Төмөр ах, Жаргал эгч, манай нөхөр нар байцгааж байсан. Жаргал эгчээс бусад нь архи уугаад байж байхаар нь би нөхрөө аваад гэр лүүгээ явсан. Манай нөхөр гэрт ирээд унтсан түүнийг унтаж байхад 17 цагийн үед Ууганбаатар гаднаас орж ирээд манай нөхрийг дуудаад бос бос гээд байхаар нь би Ууганбаатарт яах гээд наад хүнээ сэрээх гээд байгаа юм бэ бид хоёр орой малдаа явна гэж хэлэхэд Ууганбаатар надад архи аваад өг гэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлэхэд Ууганбаатар намайг чамайг ална шүү гичий минь чамаас гуйхгүй гээд хараагаад байсан. Ууганбаатар манай нөхрийг боссонгүй намайг мөнгө өгсөнгүй гээд уурлаад хараагаад байсан. Тэгсэн манай 4 настай хүү Ууганбаатараас утсаа өгчих гэхэд Ууганбаатар надад гаргасан уураа хүүд гаргаад нэг алгадсан. Тэгэхээр нь би Ууганбаатар чи яаж байгаа юм бэ би чамайг цагдаад хэлнэ шүү гэхэд тэр чи чаддаг юм бол цагдаад хэлээрэй гэж хэлчихээд яваад өгсөн. Би цагдаад хэлээгүй хүүхдийн эмчилгээний цаг болсон болохоор хүүхдийнхээ эмчилгээг хийлгэх гээд эмнэлэг явж эмчилгээг нь хийгээд буцаад гэртээ 20 цагийн үед ирсэн. Манай нөхөр сэргэчихсэн байсан манай гэрт ус байхгүй байхаар нь бид хоёр Төмөр ахынхруу ус авах гээд явсан. Тэднийд очиход Жаргал эгч Төмөр ах хоёр хоёулаа байж байсан ус аваад гарах гэж байхад Ууганбаатар хүрээд ирсэн. Нэг том савтай пиво авч ирээд манай нөхрийг задлаад аягалаатах гэж хэлчихээд манай нөхрийг хоёулаа зодолдох уу Булган дээр надтай зодолдох хүн байхгүй байна гээд Төмөр ах манай нөхөр хоёрыг өдөөд байсан. Төмөр Ууганбаатарыг чи хаашаа юм боль гэхэд хажуунаас манай нөхөр бас Ууганбаатарыг чи яагаад байгаа юм бэ хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн Ууганбаатар гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд байсан. Тэгсэн хажуунаас Жаргал эгч Ууганбаатараас барьж байсан хутгийг нь булааж аваад амбаарын ар тал руу шидсэн. Тэгсэн дараа нь Ууганбаатар босож очоод хаясан хутгийг олж аваад түрийндээ хийж байгаа харагдсан. Тэгээд больцгоо гэж байтал хажуугаар Оёо гэдэг ах явж байсан чинь Ууганбаатар түүнийг дуудаад би чамайг ална шүү гэж хэлээд түүний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгсэн манай нөхөр Ууганбаатарыг боль гэж хэлээд хорьсон Оёо ах уурлаж байгаад яваад өгсөн Ууганбаатар бас уурлаж байгаад яваад өгсөн. Нөхөр бид хоёр гэртээ ирсэн манай нөхөр хөдөө явсан. Би гэртээ хоёр хүүхэдтэйгээ унтаж байхад шөнө 02 цагийн үед гаднаас Шинэхүү, Ууганбаатар хоёр орж ирээд Ууганбаатар би хүн хутгалсан гэж хэлээд байсан. Тэгээд тэр би тамхиа хүн хутгалсан газраа үлдээсэн байна гэж хэлээд гараад Шинэхүү үлдсэн, би Ууганбаатарыг хүн хутгалсан гэхээр нь айгаад байсан хажуунаас Шинэхүү Ууганбаатар хутгатай байгаа, хүн хутгалсан байгаа гэж хэлэхээр нь би айгаад Шинэхүүгээр айл руу хүргүүлээд үлдсэн. Тэгээд өнгөрсөн, маргааш нь гэртээ ирэхэд манай нөхөр ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

         Шүүгдэгч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед би Шинэхүүтэй хамт Булган сумын төв дээр Төмөр ахынд түлхүүр багажаа авах гээд очиход тэдний зүүн айлд хүмүүс архидаж байсан. Тэгээд  түлхүүрээ аваад явах гээд мотоциклийнхоо хажууд очиход хашаанаас хүн гарч ирээд юун хүмүүс хашгиралдаад байна гээд яах гээд энэ хавиар эргэлдээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би түлхүүр багажинд байсан хутгаа аваад гэрээс гарч ирсэн залуугийн хөл рүү нь шаасан. Тэгсэн тэр залуу гэррүүгээ орсон. Тэгээд би Шинэхүүг сундлаад гэрт нь хүргэж өгөөд Мөнгөнийд очиж унтсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82, 84-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 396 дугаартай дүгнэлт: Адъяасүрэнгийн биед зүүн гуяны 2 хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмерийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,

Булган сумын Баянхошуу багийн 2-14 тоот хаягийн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-р хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ууганбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ууганбаатарын дансны банкуудын тодорхойлолт /хх-ийн 44-53-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай сэжигтнээр цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 75-р хуудас/,

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн засаг даргын Б.Ууганбаатарын талаархи тодорхойлолт /хх-ийн 88-89-91-р хуудас/,

Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42-р хуудас/,

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 58 дугаартай магадлал /хх-ийн 112-115-р хуудас/,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 85  дугаартай хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамжийн хуулбар /хх-ийн 110-111-р хуудас/,

Шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 103, 104-р хуудас/

Өмнөговь аймгийн Прокурорын газрын яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 115-р хуудас/ зэрэг болно.

             Шүүгдэгч Б.Ууганбаатар нь ялтай байх хугацаандаа 2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын төвд У.Адъяасүрэнг ямар ч шалтгаангүйгээр түүний зүүн гуянд 2 удаа хутгалж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч У.Адъяасүрэнгийн:”...2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө гэрлүүгээ ортол гэрийн ар талд хашааны хойд талд хоёр хүн хашгиралдаад чанга чанга яриад байхаар нь би гэрээс гараад нөгөө хоёр хүн дээр очиход манай сумын Шинэхүү, Ууганбаатар хоёр байхаар нь “та хоёр эндээс яваад өөр газар очоод ярь хүмүүс унтаж байна” гэхэд хажуунаас Ууганбаатар “энэ хэн юм бэ” гээд намайг Шинэхүүгээс асуухаар нь би “миний хэн байх нь чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь тэр баруун гартаа хутга бариад босоод ирэхээр нь би эргээд гүйсэн Ууганбаатар араас гүйж ирээд миний зүүн гуяны ар талд хоёр удаа хутгалсан. Би гэр лүүгээ орж ирээд гэрэл асаагаад гэрт байсан эгч Эрдэнэчимэгт болсон асуудлын талаар хэлэхэд гадаа мотоцикль дуугараад нөгөө хоёр яваад өгсөн. Тэгээд эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Харин Шинэхүү, Ууганбаатар хоёр архи уусан байсан. Би Шинэхүүг манай сумын хүн гэдгээр нь мэднэ. Харин Ууганбаатарыг танихгүй нэрээр нь л мэднэ. Ууганбаатар нь Мандал-Овоо сумын хүн гэсэн. ...Ууганбаатар хутга гаргасан би түүнийг хутга барьсныг нь мэдэнгүүтээ эргээд гэр лүүгээ гүйхэд тэр араас гүйж ирээд миний зүүн гуяны ард хоёр удаа хутгалсан. Ууганбаатар баруун талаасаа хутга гаргаж ирсэн байх. Гэнэт л гарт нь хутга байсан. Тэр ямар хутга барьсныг нь би анзаараагүй. Одоо миний бие гайгүй болсон. Надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

          Хохирогч С.Сүрэнжаргалын:”...2016 оны 07 дугаар сарын эхээр нөхөр Баттөмөрийн хамт Булган сумын төвд байдаг хашаа байшиндаа очсон. Манай хашааны зүүн талд Эрдэнэчимэг эгчийнх байдаг. Тэгсэн тэр өдрийн орой 18 цагийн үед нөхөр бид хоёрыг хашаандаа байхад Ууганбаатар, Шинэхүү хоёр мотоцикльтой ирсэн. Бадамхорол, Мөнгөн нар байсан. Тэгээд байж байтал Оёо бас хүрээд ирсэн. Ууганбаатар архи уусан согтуу байсан. Тэгсэн тэр гэнэт Оёо ахыг зодох гээд давшилж байгаад гутлынхаа түрийнээс урт хар иштэй хутга гаргаж ирээд Оёо ахыг хутгална гээд байсан. Тэгэхээр нь би Ууганбаатарын барьж байсан хутгийг нь булааж аваад хойш нь хашаан дээгүүр давуулаад шидсэн. Тэгсэн Ууганбаатар хутганыхаа хойноос гүйгээд явсан. Шинэхүү Ууганбаатарын араас гараад явсан тэр хоёр чигээрээ яваад өгсөн. Оёо, Бадамхорол, Мөнгөн бид хэд юм ярьж байгаад удаагүй тарцгаасан. Нөхөр бид хоёр айлд очиж хоол идчихээд шөнө ирээд байшиндаа унтаад өгсөн. Тэгсэн шөнө Эрдэнэчимэг эгч гэрэл тусгаж орж ирээд Адъяасүрэнг хутгалчихлаа гэхээр нь би хэн хутгалсан юм бэ? гэхэд Эрдэнэчимэг эгч Ууганбаатар Адъяасүрэнг хутгалчихлаа. Тэгээд Шинэхүү тэр хоёр мотоцикльтой яваад өгсөн гэж хэлэхээр нь түүнтэй хамт тэдний гэрт ороход гэрийн үүдний шалан дээгүүр нил цус болчихсон байсан. Адъяасүрэнг эмнэлэг ирээд аваад явсан гэж хэлж байсан. Тэгээд маргааш өглөө нь би Бадамхоролынд очиход Ууганбаатар тэдний гэрийн гадаа унтаж байхаар нь түүнийг сэрээгээд чи Адъяасүрэнг хутгалсан байна, очиж уулз гэхэд тэр дуугарахгүй босоод мотоциклоо асааж аваад чигээрээ яваад өгсөн түүнээс хойш Ууганбаатартай уулзалдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Шинэхүүгийн”...2016 оны 07 дугаар сард нэг өдрийн үдийн алдад би сумын төв орж хүнтэй архи хувааж уучихаад эмнэлгийн хавьд явж байхад Ууганбаатартай таарсан. Тэр архи уусан согтуу байсан. Унтаж байгаад шөнө босоод Халзаадайгийнд очих гээд гарахад хашааны үүдэнд Ууганбаатар мотоцикльтой хүрээд ирсэн. Тэр Төмөрийнд хамт очьё гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний мотоциклийн араар нь сундлаад явсан. Төмөрийнх жижиг шавар байшингийн хойд талд нь Ууганбаатар мотоциклио тавьчихаад бууж Төмөрийг гараад ир гээд хашгираад байсан. Би хашааны ар талд сууж байсан. Тэгтэл зүүн талын хашаанаас Адъяа гэдэг залуу гараад ирсэн. Тэр гэрээс гарч ирээд мэндэлчихээд хамт яваа хүн чинь хэн юм бэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь танихгүй яв яв гэж хэлсэн. Тэгсэн чинь Ууганбаатар Адъяагийн ардаас нь чамайг алнаа гээд гүйх шиг болсон. Удаагүй Ууганбаатар буцаж ирээд би тэр залууг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгснээ чи морд гэж намайг мотоцикль руугаа заасан. Тэгэхээр нь би түүний араар нь сундлаад эргээд Халзаадайгийн хашаанд очсон. Ууганбаатар хашаа руу түрүүлээд орсон. Тэгэхээр нь би тэндээс зугтаагаад ахындаа очиж хоносон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

Гэрч Т.Шинэхүүгийн:”...7 дугаар сар гарсан байсан. Би найз Халзаадай, Майнбаяр хоёртой уулзаад нэг шил архи хувааж уугаад ах Жуулхүүгийнд унтаж байгаад шөнө баруун хашаа руу орох хашааны үүдэнд Ууганбаатартай таарахад тэр намайг Төмөрийнд очьё гээд бид хоёр хамтдаа Төмөрийнд очсон. Ууганбаатар Төмөрөө гараад ир гэж хашгираад байсан Тэгсэн зүүн хашаанаас Адъяасүрэн гараад ирсэн. Тэр надтай уулзаж мэндэлчихээд хэн бэ? гэхээр нь би Шинэхүү байна гэсэн. Тэгсэн тэр энэ хэн юм бэ? гэж Ууганбаатарыг асуухаар нь би чи танихгүй гэж хэлсэн. Адъяасүрэн гэр лүү гээ эргээд явахад Ууганбаатар ална гэж хэлээд Адъяасүрэнгийн араас гүйсэн. Тэгээд удаагүй эргэж ирээд Адъяасүрэнг хутгалчихлаа гэж хэлээд араар хурдан морд гэж хэлэхээр нь түүний мотоциклийн араар сундлаад эргээд Халзаадайгийнд очсон. Ууганбаатар түрүүлээд тэдний гэр лүү орсон. Би тэднийд ороогүй тэндээсээ яваад ахындаа очиж амарсан. Би Ууганбаатарыг муухан таньдаг. Ууганбаатар Мандал-Овоо сумын хүн манай тэр хавиар хаад зусдаг байсан юм. Тэр өдөр 14 цагийн үед эмнэлгийн хойд талд би Ууганбаатартай таарсан. Тэгэхэд Ууганбаатар архи уусан нэлээд согтуу муу сайн пиздануудыг ална гэж хэлээд зогсож байсан. ...Тэр хоёр хоорондоо ч яриагүй, Ууганбаатар морд пизда минь гэж намайг хэлэхээр нь би айгаад түүний мотоциклийн араар нь мордсон. Адъяасүрэн архи уугаагүй эрүүл байсан. Ууганбаатар нэлээд согтуу байсан би өдөр нь архи уугаад унтаж байгаад сэрсэн байсан гайгүй байсан. Би Ууганбаатарыг хүн хутгалж байхыг нь хараагүй, би тухайн үед хашааны ар талд буланд сууж байсан. Ууганбаатар тухайн үед түрийтэй гуталтай өмд, подволктой явж байсан, гарт нь юу байсныг нь хараагүй. Тэр өдрийн өдөр нь Майнбаяр надад Ууганбаатарыг хутгатай яваад байгаа тэр хутга гаргаад байгаа наадхаас чинь хурдхан зайгаа барья гэж хэлээд байсан. Хөдөөнөөс Ууганбаатар, Майнбаяртай хамт ирсэн юм билээ. Би Ууганбаатар намайг хутгалчих байх гэж айсан. ...Тэгсэн маргааш нь Адъяасүрэн Ууганбаатарт 2 хутгалуулаад эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Э.Эрдэнэчимэгийн:”...Би 2016 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан. Манай дүү Адъяасүрэн гаднаас хөлөө барьчихсан цусаа гоожуулаад ёолоод орж ирсэн. Би сэрээд юу болов яав гэхэд гадаа байгаа хүн намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би босоод дүүгийнхээ хөлийг боогоод гар чийдэн аваад гартал гадаа байсан 2 хүн хоёр тийшээ зугтаасан. Тэгээд би цагдаа руу дуудлага өгч эмч дуудахаар явсан. Намайг гараад очиход гадаа Төмөрбаатарын Шинэхүү, нөгөөх нь Мандал- Овоо сумын залуу Ууганбаатар гэдэг хүмүүс байсан. Манай дүүг Ууганбаатар хутгалсан гэж надад Адъяасүрэн хэлсэн. Ууганбаатар дараа нь хүн амьтанд би хүн хутгалчихлаа гээд яриад яваад байсан байна лээ. Манай дүү Адъяасүрэн хэлэхдээ гадаа хүмүүс шуугиад унтаж байгаа хүмүүсийг сэртэл чанга яриад хашгичаад байхаар нь явуулах гэж гарч очоод чимээгүй бай гэж хэлсэн юм байна лээ, тэгэхэд нь Ууганбаатар шууд хутгалсан гэсэн, манай дүү тэр Ууганбаатар гэдэг залууг танихгүй хоорондоо маргалдаагүй юу ч болоогүй гэж хэлсэн. Хэрвээ маргалдаж зодоон болвол би өөрөө сэрэх байсан байх. Тэгээд Ууганбаатар гэдэг залуу манай дүүг хутгалчихаад манайхаас зугтаахдаа Халзаадай гэдэг хочтой Мөнгөн гэдэг залуугийнд очсон байна лээ. Тэнд очоод би хүн хутгалчихлаа үхмээр байна гээд байсан гэсэн. Би тэр хавиар гэрийн хашааны ойролцоо явж үзсэн хутга нь харагдаагүй, тэр залууд өөрт нь байгаа байх. Урд нь хутганы хэргээр шоронд явж байсан гэж хүнээс дуулсан. Тэр өдөр хутга барьчихсан айлын пинд байсан хүмүүс рүү хутга гаргаж айлгаж газарлуу хутга зоогоод байсан гэсэн. Тэгэхэд нь тэнд байсан айлын Төмөр гэдэг хүний эхнэр Жаргал гэх эмэгтэй гарт нь байсан хутгыг булааж аваад хашаа давуулаад шидсэн гэж хэлсэн. Төмөр гэдэг айл манай хөрш байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

         Гэрч Б.Бадамхоролын:”...2016 оны 07 дугаар сарын эхээр ...Би гэртээ хоёр хүүхэдтэйгээ унтаж байхад шөнө 02 цагийн үед гаднаас Шинэхүү, Ууганбаатар хоёр орж ирээд Ууганбаатар би хүн хутгалсан гэж хэлээд байсан. Тэгээд тэр би тамхиа хүн хутгалсан газраа үлдээсэн байна гэж хэлээд гараад Шинэхүү үлдсэн, би Ууганбаатарыг хүн хутгалсан гэхээр нь айгаад байсан хажуунаас Шинэхүү Ууганбаатар хутгатай байгаа, хүн хутгалсан байгаа гэж хэлэхээр нь би айгаад Шинэхүүгээр айл руу хүргүүлээд үлдсэн. Тэгээд өнгөрсөн, маргааш нь гэртээ ирэхэд манай нөхөр ирсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

         Шүүгдэгч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн үед би Шинэхүүтэй хамт Булган сумын төв дээр Төмөр ахынд түлхүүр багажаа авах гээд очиход тэдний зүүн айлд хүмүүс архидаж байсан. Тэгээд  түлхүүрээ аваад явах гээд мотоциклийнхоо хажууд очиход хашаанаас хүн гарч ирээд юун хүмүүс хашгиралдаад байна гээд яах гээд энэ хавиар эргэлдээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би түлхүүр багажинд байсан хутгаа аваад гэрээс гарч ирсэн залуугийн хөл рүү нь шаасан. Тэгсэн тэр залуу гэррүүгээ орсон. Тэгээд би Шинэхүүг сундлаад гэрт нь хүргэж өгөөд Мөнгөнийд очиж унтсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82, 84-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 396 дугаартай дүгнэлт: Адъяасүрэнгийн биед зүүн гуяны 2 хэсэгт зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмерийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/, Булган сумын Баянхошуу багийн 2-14 тоот хаягийн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-р хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-р хуудас/ зэрэг нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Ууганбаатарыг ялтай байхдаа зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

          Шүүгдэгч Б.Ууганбаатар нь Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял гэж өөрчилж шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалаар тогтоогдож байна.

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 85 дугаартай шүүгчийн захирамж болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Б.Ууганбаатарын эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

         Шүүгдэгч Б.Ууганбаатарын ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаа нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дуусах ёстой атал шүүгдэгч нь мөн оны 7-р сарын 2-ноос 7-р сарын 3-нд шилжих шөнө энэхүү гэмт хэргийг үйлдсэн ба ялгүйд тооцох хугацаа дуусахад 26 хоног үлдсэн байжээ.

         Иймд шүүгдэгч Б.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.4 дэх хэсэгт заасан хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ууганбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181. 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагч шүүгдэгч Б.Ууганбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.4-т зааснаар танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт нь яллахаас татгалзсан тул шийтгэх тогтоолд дурдаж, шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

        Прокурорын газраас шүүгдэгч Б.Ууганбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.3-т зааснаар  урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь:

        Шүүгдэгч нь урьд зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж, хорих ялыг биеэр эдэлсэн талаар дээр тодорхой тайлбарласан. Шүүгдэгч нь урьд үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ялыг биеэр эдэлсэн байхад, хорих ял биечлэн эдэлсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан дахин 3-5 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаагийн зэрэгцээ Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэв.

        Иймд шүүгдэгч шүүхээс оногдуулсан хорих ялыг бүрэн эдэлж дуусахаас өмнө буюу 26 хоног дутуу байхад гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байх тул шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ял болох 3 сарын 1 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасныг журамлан шийдвэрлэсэн болно.       

        Хохирогч У.Адъяасүрэн энэ гэмт хэргийн улмаас биедээ хүнд гэмтэл авч хохирол төлбөргүй болсон болох нь хохирогч У.Адъяасүрэнгийн “...Миний биед хохирол учруулсан Б.Ууганбаатар нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг өгч гомдолгүй болгосон нь үнэн болно” гэсэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд оролцож хохирол төлбөргүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Ууганбаатарыг хохирогч У.Адъяасүрэнд хохирол төлбөрт 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

        Шүүгдэгч Б.Ууганбаатар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг давтан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

         Шүүгдэгч Б.Ууганбаатар нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай сэжигтнээр цагдан хорих тухай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба нийт 143 хоног цагдан хоригдсон байна.

         Шүүгдэгч Б.Ууганбаатарын биеийн байцаалттай холбоотой  бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ууганбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг улсын яллагч яллахаас татгалзсан болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дожив овгийн Бямбажавын Ууганбаатарын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Дожив овгийн Бямбажавын Ууганбаатарыг ялтай байхдаа зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Сум дундын 15 дугаар шүүхийн  2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 хоногоос эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж, шүүгдэгч Б.Ууганбаатарын биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоногоор тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарын цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  8. Шүүгдэгч Б.Ууганбаатарын биеийн байцаалттай холбоотой  бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ууганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА

                                                 ШҮҮГЧИД                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                    Г.МӨНХБАТ