Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01828

 

А.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01347 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Аийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н газарт холбогдох

 

Ш газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Ббын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар хариу мэдэгдэх хуудас албан бичиг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгох ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамжаар Б.Нт 71 477 200 төгрөг төлөхөөр болсон. Барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 дугаар байр, 43 тоот хаягт байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсаныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, хурааж, 2 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй гэдэг үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний байрыг Б.Нт 37 000 000 төгрөгт тооцон өгч, үлдэгдэл төлбөрийг шүүхийн шийдвэргүйгээр гаргуулахаар удаа дараа мэдэгдэл өгсөн тул шийдвэр гүйцэтгэгч н.Хажидмаагийн мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дд хандаж, дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж тус тус хариуг аваад шүүхэд хандаж байна. Ш газар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хариундаа миний хаягийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 21а байр 7 тоот гэж буруу бичиж явуулснаас хугацаа алдаж 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр хүлээж авсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 156/04 тоот мэдэгдэх хуудсаар байраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/1740, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү. Мөн орон сууцыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6054 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Арслангийн Аээс 71 477 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй учраас барьцаа хөрөнгийг шинжээч томилж шинжээч 74 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу барьцаа хөрөнгийг 51 800 000 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу 37 000 000 төгрөгөөр үнэлж хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Санал болгох хурал 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр болсон ба үүнд төлбөр авагч Б.Н, төлбөр төлөгч А.А, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч А.Отгоннэргүй нар оролцсон. Санал болгох хурлаар төлбөр төлөгчид төлбөрөө төлж барьцаа хөрөнгөө авах 21 хоногийн хугацаа өгсөн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж тус тус заасан байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцно гэж заасан нь нэхэмжлэгч А.А гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Нэхэмжлэгч А.А хуульд заасны дагуу санал болгох хурлаас хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй мөртлөө 5 сарын дараа шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нэрийдлээр санал болгох хурлыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж заасныг тус тус зөрчсөн. Иймээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Төлбөр төлөгч А.А нь шүүхэд хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, төлөх ёстой төлбөрөөсөө нэг ч төгрөг төлөөгүйн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, 2013 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр авсан зээлээ төлөхгүй 5 жил болж, шүүхэд 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэл гарган хүү зогссоноос хойш 4 жил мөнгийг хүүгүйгээр ашиглаж төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3., 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг тус тус баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан 2017 оны 05 сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгож, Ш газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 дугаар хариу мэдэгдэх хуудас албан бичгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй учраас барьцаа хөрөнгийг шинжээч томилж шинжээч 74 000 000 төгрөгөөр үнэлсэн. Дуудлага худалдаанд ороод 37 000 000 төгрөг хүртэл буухад нэг ч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байрыг төлбөр авагч 71 000 000 төгрөгний төлбөрт тооцон авахад хохиролтой байгааг шүүх анхаарч үзэхгүй зөвхөн нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна. А.А нь хуулинд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна. Нэхэмжлэгч А.А хуулинд заасны дагуу санал болгох хурлаас хойш 7 хоногийн дотор биш 12 хоногийн дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, цаашид шүүхэд хандсан боловч эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхээс нэхэмжлэлээ буцаалгасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан үндэслэл нь санал болгох хурлыг хүчингүй болгуулах бус санал болгох хурлаас хойш төлбөрөө төлөхгүй байсан учраас шийдвэр гүйцэтгэгчийн өгсөн байр чөлөөлөх мэдэгдэлд гомдол гаргасныг хүлээн аваагүй ахлах шийдвэр гүйцэтгэгчийн  2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/1740, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/768 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгох шаардлага байна. Гэтэл анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлж гаргасан санал болгох хурлыг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагын гомдол гаргах хугацаа хэдэн сараар хэтэрсэн байгааг анхаарч үзэлгүйгээр хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэдгүй, шударга бус байна. Санал болгох хурлаас хойш 5 сарын дараа шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх нэрийдлээр санал болгох хурлыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүслэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүх анхаарч үзэлгүйгээр илт нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн санал болгох ажиллагааг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Ббын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар хариу мэдэгдэх хуудас албан бичиг болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 05 сарын 10-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй төлбөрт хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид санал болгох ажиллагааг тус тус хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч“...5/1740, 4/768 тоот албан бичгүүд нь тус байгууллагад хандсан гомдол, хүсэлтэд хуулийн дагуу өгсөн хариу албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ. /хх-1-2, 18/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01347 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариу өгсөн Ш газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа С.Ббын 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 5/1740 дугаар бүхий Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дгийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 4/768 дугаар хариу мэдэгдэх хуудас албан бичиг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. /хх-83-85/

 

Учир нь дээрх албан бичгүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны бус мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан журмаар гаргасан гомдолд хариу өгсөн албан бичиг юм.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 6054 дугаар захирамж, 2015 оны 03 сарын 03-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авч хуульд заасан ажиллагааг явуулсан мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01189 дугаар шийдвэрээр А.Аийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ тогтоосон болон үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаа, хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-6-7, 28-32/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох ажиллагаанд нэхэмжлэгч А.А оролцсон ба санал болгох ажиллагааны шийдвэрийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасанд хариуцагч талаас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Уг тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч А.А Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. /хх-47-53/

 

Дээрх баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба энэ талаар хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж заасан нь уг эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээгээр төлбөр авагчид төлбөрт тооцон санал болгохоор хариуцагчид шууд эрх олгосон заалт биш талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           ШҮҮГЧИД                                                    Т.ТУЯА

                                                                                           Ш.ОЮУНХАНД