Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0466

 

 

2020 оны 07 сарын 08 өдөр Дугаар 128/ШШ2020/0466 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Г, Б.Х, Б.Э

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Х

Гуравдагч этгээд: З.А

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар захирамжийн З.Ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Ж.Н, гуравдагч этгээд Б.Х, түүний өмгөөлөгч М.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х, Б.Э, Ц.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Х, Б.Э, Ц.Г бид ээж Цэцгээгийн хамт 2007 онд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 8 тоот хаягт хэний ч эзэмшиж ашиглаагүй, газрын өө ихтэй \дов, хонхор\ газрыг өөрсдийн зардлаар шороо асган тэгшилж янзлан амьдарч байгаад хашаагаа барьсан. 2007 оноос хойш өнөөдрийг хүрэл уг газарт бид ээж дүү тэдний хүүхдүүд\ нарын хамт тасралтгүй 13 жил амьдарч байна. Бид газрын албанд 2008 оны 3 дугаар сард, 2009 оны 8 дугаар сард газар өмчилж авах өргөдлийг өгч байсан ч хороо хариуцсан мэргэжилтэн солигдсон, ямар ч тийм өргөдөл алга байна гээд ямар нэгэн хариу өгөөгүй үүнээс хойш өргөдөл өгөхөөр очиход одоогоор өргөдөл авахгүй байгаа, намар нь очихоор хавар хүрээд ир, хавар нь очихоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байгаа гэхчлэн өргөдлийг авдаггүй байсан.

Гэтэл бид газраа өөрийн зардлаар тэгшилж \Уулын хажуу бөөрийн шороог түрж, зөөлгөн янзлаад амьдарч байхад гэрчилгээг нь тухайн газарт ямар ч хамааралгүй өөр хүнд өгсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний 12 жил тасралтгүй ашиглаж амьдарч байгаа газарт иргэн Б.Хд газар эзэмших эрх олгосон явдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргана гэж заасныг зөрчсөн.

2019 оны 05 дугаар сарын эхээр 2 казак иргэн шаардах хуудас гардуулсан гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан бөгөөд хаанаас ямар ажил албан тушаалтан явж байгаа гэдгээ танилцуулаагүй. Тэгэхээр нь 2019 оны 05 дугаар сард дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандахад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 12/1255 тоот албан бичгээр тус газрыг 2013 оны 200 дугаар захирамжаар Б.Хт ахуйн зориулалтаар олгосон тухай хариу өгсөн. Энэхүү албан бичгийг хүлээн авч газар дээр маань өөр хүмүүст газар олголт хийсэн болохыг албан ёсоор мэдсэн. \мөн энэ Б.Х Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн шүүхэд газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. Үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргахад 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 03\2783 тоот албан бичиг болон бүртгэл хяналтын картаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 -т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Б.Х нь Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ З.Ааас маргаан бүхий газрыг 2013 оны 01 сарын 25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх боловч хэрэгт хавсаргагдсан гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 2а-46 600б-д байрлалтай 474 м.кв газрыг шилжүүлэн авахаар тохиролцож З.Атай гэрээ байгуулсан нь харагддаг. Тодруулбал Б.Х нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 8 тоотод байрлах газрыг бус Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд наран 2а-46 600б-д байрлалтай газрыг эрх шилжүүлэх гэрээгээр авсан гэж харагдаж байна.

Түүнчлэн Б.Х нь СХД-ийн газрын албанд гаргасан өргөдөл хүсэлтдээ хүртэл СХД-ийн 31 дүгээр хороо Дунд наран 2а-46 6006- д байрлалтай 474 м.кв газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэж бичсэн байдаг. \баримтыг хавсаргав\ Мөн газар шилжүүлэн авах өргөдөлдөө тухайн хаягт түр оршин суудаг гэсэн СХД-ийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан нь илтэд үндэслэлгүй байгаа юм. Учир нь уг хаягт Б.Х нэг ч өдөр амьдарч байгаагүй. Учир нь бид 2007 оноос тасралтгүй амьдарч байсан болно.

Мөн 2013 оны 01 сарын 25-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байтал Б.Хурметбөкийн газар эзэмших эрхийн 000467314 дугаартай гэрчилгээнд 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200 тоот шийдвэрийг үндэслэж гэж бичигдсэн байгаа нь тухайн газрыг хууль ёсоор шилжүүлэн авсан гэж харагдахгүй байна. Бидэнд байгаа хуулбар баримтаар Б.Хт газар эзэмших эрх шилжүүлэн олгосон захирамж нь Сонгинохайрхан дүүргийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200 тоот шийдвэр байх ба энэхүү захирамжид зааснаар "... 2012 оны 103 дугаар захирамжийн З.А ... нарт хамаарах заалтуудыг хүчингүй болгосон байдаг. Тодруулбал Б.Х нь З.А гэх хүнээс эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр уг газрыг шилжүүлэн авсан гэх боловч З.А гэж хүний гэрчилгээ хүчингүй болоогүй байна. Тодруулбал дээрхи захирамж нь агуулгын болон он сар өдрийн зөрүүтэй, түүнчлэн захирамжийн үндэслэл болсон гэрээ нотлох баримтууд нь хуурамч, засвартай, шилжүүлэн авсан гэх газрын хаяг зөрүүтэй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэнтэй нийцнэ.

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүургийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200 тоот шийдвэрийн Б.Хт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 -т зааснаар Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлд маргаан бүхий газар дээр 13 жил амьдарсан байхад тухайн газрыг этгээдэд эзэмшүүлсэн гэж байх боловч нэхэмжлэгч нарын энэ үйлдэл нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/-т заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших эрхтэйг нотлох баримт биш юм.

Газрын тухай хуульд тухайн газарт олон жил амьдарсан иргэнд давуу эрхтэйгээр газар эзэмшүүлэх эрх олгохоор заагаагүй бөгөөд газрын тухай хуулийн 32, угаар зүйлд заасан хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг судлан үзэж зохих журмын шаардлага хангасан иргэнд газар эзэмшүүлэхээр хуульчилсан байна.

Иргэн Б.Х, З.А, нар нь 2013 оны 4 дүгээр сард 08-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэн авахаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.Эрхийн гэрчилгээг жүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 2.1.нотариатаар гэрчлүүлсэн гэрээ , 38.2.2. " Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч аа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3. Албан татвар, хураамж төлсөн тухай баримт.-т заасан материалыг бүрдүүлэн өгсөн нь Газрын тухай хуулийн 38 дугаар ийн 38.3-т заасан шаардлагыг хангаж байсан тул дүүргийн Засаг даргын 2013 оны А/200 дугаар захирамжаар иргэн Б.Хд дүүргийн 31 дүгээр хороо Хайрхан 1-8 хашааны нэгж талбарын 18638310166924 дугаар 474 мкв газрыг эзэмших эрх олгосон байна.

Дүүргийн Засаг даргын 2013 оны А/200 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бусд тооцох үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдүүд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 2013 оны 01 сарын 25-ны өдөр Заркым овогтой Авдилтай уг хаяг дахь газрыг харилцан тохиролцон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, З.Ааас өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 сарын 20-ны өдрийн 200 тоот шийдвэрийн дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулан, улсын бүртгэлд 2013 оны 06 сарын 10-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн 000467314 дугаар гэрчилгээ өөрийн нэр авч, дээрхи газрынхаа хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болсон юм.

Улмаар өөрийн газартаа хашаа барьж амжаагүй байтал 2012 онд иргэн Ууганбаяр уг газарт зөвшөөрөлгүй дур мэдэн ирж буусан байсан тул манай аав О.Бьтэй уулзан учир байдлыг хэлэхэд Ууганбаяр нь ойлгож, бид удахгүй нүүнэ гээд 2017 онд нүүсэн, гэтэл Ууганбаярын дүү гэх Ц.Г, Ц.Э нар нь 2017 онд зөвшөөрөлгүй, дур мэдэн ирж суурьшин өнөөг хүртэл амьдарч газрыг чөлөөлж өгөхгүй байгаа ба энэ их хугацаанд би өөрийн эзэмшлийн, газраа хашаа байшин бариж, тохижуулан амьдран суух хугацаа алдан, хохирч, хууль ёсны зөвшөөрөлтэй газраа эзэмших, өмчлөх миний эрх зөрчигдөж, уг газрын эзэмшигч болсон цагаасаа өөрийн эзэмших, өмчлөх эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлж чадахгүй байна. Миний эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй, хууль бусаар амьдарч байгаа Ц.Г, Ц.Э нартай би аав Бийн хамт уулзан, газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан газрын албаны хүмүүстэй хамт 2 удаа очиж шаардсан ба СХД-ийн газрын албанаас эдгээр хүмүүст албан ёсоор 3 удаа шаардах хуудас гардуулж, газар чөлөөлөх талаар шаардсан боловч газар чөлөөлж өгөхгүй, хууль бусаар дур мэдэн амьдарсаар байна.

Иймд иргэн Б.Х надад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий 474 м.кв газрыг эзэмшүүлэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200 тоот шийдвэр гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ц.Г Б.Х, Б.Э нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар захирамжийн З.Ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Х нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 138 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны үерийн сувгийн ард байрлах газрыг Уураг алтай ХХК-аас З.Ад эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар захирамжаар З.Аын газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, хайрханы 1-8 тоотод байрлах газрыг З.Ааас Б.Хд эрх шилжүүлэн, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд маргаан бүхий газарт иргэний эзэмших эрх 2004 оноос эхлэн үүссэн байна, илүү тодруулбал 2004 онд З.Ад газар эзэмших эрх үүсэж, улмаар уг газрыг Б.Хд эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Газар эзэмших эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдэд түрүүлж, өмнө нь үүссэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байх тул нэхэмжлэгч Ц.Г Б.Х, Б.Э нарын нэхэмжлэл үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Г Б.Х, Б.Э нар нь дүүргийн Засаг даргын 2004 оны 138 дугаар захирамжаас өмнө маргаан бүхий газарт амьдарч байсан болох нь, маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан болох нь нотлогдохгүй, тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ц.Г Б.Х, Б.Э нарын нэхэмжлэл үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжуудын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж байх боловч захиргааны акт илт хууль бус болох хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй дээрх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 200 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2012 оны 103 дугаар захирамжийн холбогдох хэсэг илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг тусгайлан тоочиж, нэрлэж заасан ба хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудаас үзэхэд Засаг даргад газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрх хууль тогтоомжоор олгогдсон, уг бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газрыг гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 200 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2012 оны 103 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гуравдагч этгээдүүд болон дүүргийн газрын албаны хооронд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй, З.Аын газар эзэмших эрхийн хугацаа 2009 онд дууссан байхад Засаг дарга 2009 онд газар эзэмших эрхийг сунгалгүйгээр, 2012 оны 103 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгасан нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн хугацааг сунгах нь захиргааны байгууллагын чиг үүрэг тул гуравдагч этгээдүүдийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч Ц.Г Б.Х, Б.Э нар нь маргаан бүхий газарт 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэж тайлбарлан маргаж буй боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нарын энэ тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Г Б.Х, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар захирамжийн З.Ад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.Г Б.Х, Б.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Г Б.Х, Б.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/-төгрөгөөс 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг Ц.Г Б.Х, Б.Э нарт буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ