Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/03064

 

2021 оны 12 сарын 17 өдөр                  Дугаар 183/ШШ2021/03064                              Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Н.З

 

Хариуцагч: Ш.Г

Хариуцагч: Н.Э

 

Хариуцагч: Х.Б ХХК

 

хамтран ажиллах гурвалсан гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ********** апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гаражийг  тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.З, хариуцагч Н.Э төлөөлөгч Д.Х хариуцагч Ш.Г, гэрч Ц.Жа нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Н.З Ш.Г Н.Э нар гурвалсан гэрээ байгуулсан ба гэрээний агуулга нь иргэн Ш.Г газар дээр Н.Э ХК нар өөрөө хөрөнгөө гаргаад 14 давхар орон сууцны барилга барихаар болсон. Ш.Г бол газрын эзэн, *******ний эх ХХК хөрөнгө оруулагч, Н.З би энэ 2 хүнийг зуучилсан зуучлагч. Энэ гэрээнээс өмнө би 2013 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн зуучлалын ажил хийдэг байсан ба сонинд зар тавьж, газаргүй хүмүүст газрыг нь олж өгч барилга бариулна гэж зар тавьдаг байсан. Би өмнө нь Ш.Г таньдаггүй байсан ба миний сонинд тавьсан зарын дагуу уулзаж би газрыг нь маш олон хүнд харуулсан. Ш.Г газар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан ба ямар ч барилга барих зөвшөөрөл аваагүй байсан. Тухайн үед ямар нэгэн үл хөдлөх хөрөнгөгүй, вагончик тавьчихсан хаягдал төмөр хүлээж авдаг байсан. Мөн Н.Э надад зарын дагуу хандаад орон сууц баръя гэж тохиролцсон. Би орон сууц барих газрыг зуучилж, орон сууц барих бүх техникийн зөвшөөрлийг авч, бүх зургийг гаргах байсан ба Ш.***** газраа гаргаж, Н.Э бүх техник хөрөнгө материалаа гаргахаар тохиролцож 140 айлын 14 давхар орон сууц барьсан. Би зуучилж байгаа учраас зуучлалын хөлсөө эхлээд Ш.Г яриад барьсан барилгын 15 хувийг би авахаар тохиролцсон. Н.***********тай болохоор би газар олж өгсөн учраас 200,000 ам доллар буюу тухайн үеийн 400,000,000 гаруй төгрөгийн зуучлалын хөлс авахаар тохиролцсон ба энэ үнэнд  бүх зөвшөөрөл, зургийг гаргаж өгөхөөр тохиролцсон. Ингээд 2018 оны 04 дүгээр сард гурвалсан гэрээ хийсэн ба гэрээндээ хэдэн төгрөг хэрхэн авах талаараа тодорхой тусгаж өгсөн. Эхний ээлжинд 278,000,000 төгрөг авч, үлдэх 200,000,000 төгрөгөө улсын комисст хүлээлгэж өгсний дараа өгнө гэж тохиролцсон. Ш.*****той гэрээ хийгээгүй гэрээ хийх явцад Ш.Г надад чи түшиц хана хийх юм байна, би чамд 1 гарааш өгнө гэж хэлсэн. Гэрээний  дагуу бүх үйл ажиллагаа явагдсан ба орон сууц барьсан хойно надад ирэх байсан 200,000,000 төгрөгт будилаан гарсан. Би түшиц ханаа хийе гэж Н.***********д хэлэхэд одоохондоо түшиц хана хийх боломж байхгүй байна гэж хэлсэн. Түшиц ханыг би өөрийнхөө мөнгөөр хийлгэх байсан учраас би төсвөө гаргая гэхэд та байж бай гэж хэлсэн. Хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын үед надад 122,000,000 төгрөгөөр н.Н гэдэг хүнээр төсөв хийлгэчихсэн гэхээр нь би ийм өндөр үнэтэй хийлгэхгүй би өөрөө өөрийнхөө мөнгөөр хийлгэх учраас би өөрөө төсвийг нь гаргуулж, хүмүүсээрээ хийлгэнэ гэж хэлсэн. Надаас хэдэн төгрөгөөр хийлгэхийг  асуухаар нь би түшиц хана хийлгэхээр  хэд хэдэн хүмүүстэй уулзахад 40,000,000-80,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Би Н.Э түшиц хана хийх хүнээ олчихлооо би мөнгөө авъя гэхэд үгүй та заавал тусгай зөвшөөрөлтэй компани ол гэж хэлсэн. Би түшиц ханыг ийм өндөр үнээр хийлгэхгүй хувь хүнээр хийлгэе, тусгай зөвшөөрөлтэй компани надад олдоно, би өөрийнхөө мөнгөөр хийлгэж байна гэж хэлэхэд, Н.Э надад тусгай зөвшөөрөлтэй компани байна гээд 100,000,000 төгрөгөөр хийгээд өгье гэнэ гэж хэлсэн. Би тусгай зөвшөөрөлтэй компани олоод уулзахад Н.*********** надад 122,000,000 төгрөгийн 50 хувиар тооцоод 62,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 14-ны өдөр шилжүүлж өгсөн ба би *******ХХК-тай гэрээ хийгээд хоорондоо уулзаад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаа эхлэх гээд очиход хүмүүс тухайн газрыг ухчихсан байсан. Тэр үед Н.Э байгаагүй, утсаар ярихад таны 62,000,000 төгрөгийг өгсөн та 3, 4 хоног ажлаа эхлээгүй учраас би өөр газраар хийлгэх гэж тохироод ажлаа эхэлсэн гэж хэлсэн. Анх 122,000,000 төгрөг гэсэн төсөв хийгдэх явцдаа будилаан үүсч 154,000,000 төгрөгөөр хийлгэсэн гэж хэлсэн. Би Ш.*****той гараашийн асуудлаа яриад уулзахад би чиний гараашийг Н.***********д өгсөн гэж хэлсэн. Ш.Г гэрээний үнээр 2,000,000,000-2,500,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Ш.Г 1 гарааш гаргуулахаар болсон, орон сууц барьсан хөлсөнд би Ш.*****оос нэг ч төгрөг аваагүй. Би Н.Э 200,000,000 төгрөг авах ёстойгоос 61,000,000 төгрөгийг авсан ба 149,000,000 төгрөгнөөс түшиц хана хийсэн мөнгөө хасаад үлдэгдэл 50,000,000 төгрөг нэхэмжилж байгаа, *******ний эх ХХК-иас түшиц ханаа хэдэн төгрөгөөр хийлгэсэн баримтаа гаргаад өгчихвөл би үлдэгдэл мөнгийг авна гэв.

 

Хариуцагч Ш.Г шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Н.З ярьсан зүйлүүд зарим талаараа үнэн, зарим нь худлаа байна. Би орон сууц бариулах эрхтэй газартай байсан, энэ 2 хүнтэй зуучлалаар танилцсан ба орон сууц бариулах талаар ярилцсан. Ямар ч гэрээ хийгээгүй байж байснаа гэнэт төсөв гарчихлаа гэхээр нь миний газар дээр дураараа юм хийхгүй байхыг хэлсэн. Надад олон хүнээс үнийн санал ирж байсан, нэгэнт ажил хийх гэж байсан учраас надад эргэж буцах боломжгүй байсан. Бид хоорондоо маш олон талаар ярьж байгаад энэ гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш өмнөх яриаг тооцохгүй шүү гэж хэлсэн. Гурвалсан гэрээнд бүх зүйл тодорхой байгаа. Түшиц ханын тухайд Н.З түшиц ханыг хийх байсан  боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Н.Э бас хөрөнгийн маргаан байгаа. Би эхнэртэйгээ хамт бичиг баримт хөөцөлдөөд Д.С талбайд өнждөг байсан. Би Н.********ын хийх ажлыг хийдэг байсан. Сүүлийн үед Н.З утас холбогдохгүй, ямар ч холбоогүй байсан. Би хоёр талаас аль алинаас нь ажил шахаж байсан. Түшиц ханын асуудал яригдаад яваад байсан ба Н.********ын ярьсан шиг түшиц хана хийх үнийн дүн дээр Н.З Н.Эн нар маргалдсан ба энэ асуудалд би оролцоогүй. Сүүлд Н.Э намайг дуудаад Н.З ахтай уулзах хэрэгтэй байна, та уулзуулаад өг гэж хэлсэн. Тэгээд би тэр уулзалтыг хийсэн ба уулзалт хийсэн бичлэгийг би гар утсан дээрээ хийсэн. Н.Э мөнгөө өгөхгүй хаширлаад байсан ба би Н.Зөмөөрч гэрээний дагуу ажлаа хийх ёстой гэж Н.Э хэлсэн. Дараа нь Лордскай ХХК-тай дахиж гэрээ хийсэн. Энэ зогсоол нь дахиж маргаан үүсгэсэн. Н.З Н.Э 62,000,000 төгрөг шилжүүлж аваад утас нь холбогдохгүй болсон. Н.*********** над руу залгаад та мөнгийг Н.******** ах руу шилжүүл гэж хэлж мөнгө шилжүүлүүлсэн, одоо таниас гараашийг чинь авна гээд авсан. Би Н.********ын өмнөөс хийх ёстой байсан ажлыг нь хийсэн. Би гараашаа Н.Э нэхэмжлэх гээд Баянзүрх дүүргийн шүүхэд хандаж байгаа. Н.Э, Н.Знарын асуудлыг би мэдэхгүй байна. Гэрээнд зааснаар ажиллана гэдгээ би өөрөө хэлсэн, энэ талаар гэрээнд оруулсан гэв.

 

Хариуцагч Н.Э, *******ний эх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Н.Эгэдэг хувь иргэн бол хариуцагч биш. Н.З Ш.Г, *******ний эх ХХК нар хамтран ажиллах гэрээ байгуулаад энэ гэрээгээр Ш.*****ын газар дээр *******ний эх ХХК хөрөнгөө гаргаад 14 давхар орон сууц барихаар болсон. Энэ гэрээнд Н.З оролцоо бол 3 ажил хийх байсан ба талуудын байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Н.З нь гэрээний дагуу хэрэгжүүлэх барилга угсралтын ажилд шаардлагатай бүхий л бичиг баримт материалыг бүрдүүлэх, шаардлагатай баримт бичгүүдийг эрх бүхий этгээдээр батлуулж, хянуулах, шаардлагатай бүхий л зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авах, энэхүү акттай холбоотой шаардах баримт бичгүүдийг боловсруулах, бүрдүүлэх, хамтран ажиллах явцад эрх бүхий этгээдийн хяналтад хүлээлгэн өгөх болон зөвшөөрөл авах, хамтын ажиллагааны үр дүн буюу ажлын эцэст ажлыг улсын комисст хүлээлгэж өгөх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэж заасан. Талуудын хувьд Ш.Г өөрийн эзэмшлийн газраар хөрөнгө оруулсан. Н.З гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ажлыг бодитоор хэрэгжүүлж орон сууцны барилгын ажил явагдах боломжийг хангаж, уг ажил дууссаны дараа барилгыг улсын комисст хүлээлгэж өгснөөр хамтын ажиллагаан дахь оролцоогоо дуусгаснаар хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцох байсан. Н.******** нь барилга угсралтын ажлын явцад бүх шаардлагатай баримтаа бүрдүүлж, тухайн ажлуудаа эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгөөд холбогдох зөвшөөрлийг авч, барилга угсралтын ажил дууссаны дараа улсын комисст хүлээлгэж өгсөн тохиолдолд гэрээний үр дүнд бий болсон ашгаас гэрээнд заасан хэмжээгээр хүртэх эрхтэй байсан. Гэрээний 4.2-т талууд 478,200,000 төгрөгийг хэрхэн тооцох талаар гэрээнд тодорхой бичсэн. Нэхэмжлэгч тал 280,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэрээнд заасан хүснэгтийн 1 болон 2-т заасан графикийн дагуу 280,031,000 төгрөгийг Н.******** хүлээгээд авчихсан. Одоо гэрээний хүснэгтийн 3-т заасан 200,000,000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсний дараа хүлээж авах байсан. Гэтэл Н.З  нь зохих ёсны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ  биелүүлээгүй, барилга угсралтын ажлыг улсын комисст хүлээлгэж өгөх ажлаа Н.Зхийгээгүй ба энэ ажлыг нь Ш.Г ах болон хяналтын инженер  Н.Б нар хийсэн. Барилга угсралтын ажил бүрэн гүйцэд дууссаны дараа барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулах, шаардлагатай материалыг бүрдүүлэх ажил болон хавтаст хэрэгт авагдсан барилга угсралтын ажлыг улсын комисст  хүлээлгэж өгсөн бүрэлдэхүүнд Н.Знэр байхгүй. Н.З холбогдох гэхээр утас нь холбогдохгүй алга болсон. Төлбөрийг ажил дууссаны дараа төлөхөөр байхад түшиц хана хийхэд мөнгө хэрэгтэй байна гээд манайхаас мөнгө шаардсан.  Барилгын ашиглалтын хугацаанд үүссэн доголдлыг барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн компани хариуцахаас түшиц хана хийлгэсэн Н.******** хариуцахгүй тул манайх тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулахыг шаардсан. Манай тавьсан шаардлагыг Н.З хүлээн зөвшөөрч 122,218,278 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр болсон. Талууд хамтраад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гурвалсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээний зорилго нь Б талын хүлээх үүрэгт заасан газрын хойд хэсэгт дунд голын дагуу 92 м тулгууртай түшиц ханыг батлагдсан зураг төслийн дагуу хийх ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр Б талд төлбөрийг өгөх, төлбөрөөс хасаж тооцоход оршино. Хамтран ажиллах гэрээний 3.2.1-т заасан Б тал дараах үйл ажиллагаа явуулна гэснийг газрын хойд хэсэгт дунд голын дагуу 104 м хүртэл урттай, 4,5 м өргөнтэй түшиц ханыг батлагдсан зургийн дагуу Б талын санал болгосон гүйцэтгэгч компани болох Лордскай ХХК-иар гүйцэтгүүлнэ гэж өөрчилсөн. Энэхүү ажлын төлбөрийг үндсэн гэрээгээр Б талд шилжүүлэх төлбөрөөс суутган тооцуулна. Энэхүү ажил нь 122,218,278 төгрөг болно гэж хамтран ажиллах гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаад Н.З түшиц ханыг хийх байсныг Лордскай ХХК-иар гүйцэтгүүлнэ гэж гэрээндээ өөрчлөлт оруулсан.  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Лордскай ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 61,109,139 төгрөгийг шилжүүлэхээр тохирсон. Манай компани гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн. Лордскай ХХК-д түшиц ханаа барих шаардлага тавихад танай компанийн ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг Н.******** гэдэг хүн аваад явчихсан, манайх энэ ажлыг гүйцэтгэхгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Манайхаас Н.********той холбогдох гэхэд утас нь холбогдохгүй, Лордскай ХХК-иас танайх төлбөрөө төлөөгүй учраас манайх энэ ажлыг гүйцэтгүүлэхгүй гэсэн хариу өгсөн. Лордскай ХХК-тай байгуулсан гэрээгээр ажил гүйцэтгэх хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээсэн. Сүүлд Ш.***** ах Лордскай ХХК-тай очиж уулзаж байсан. Үүнээс харахад Н.******** нь гэрээгээр хүлээсэн үүргээ Лордскай ХХК-д шилжүүлсэн ба Лордскай ХХК-руу шилжүүлэх мөнгийг өөртөө шилжүүлж авсан. Улсын комисс ажил хүлээж авснаас хойш шилжүүлэх төлбөрийг урьдчилж шилжүүлж авсан. Үүнээс хойш Н.********той холбогдох гэж удаа дараа холбогдоход утас нь болохгүй байсан. Манайхаас түшиц ханыг өөр компаниар хийлгэхээс өөр арга байгаагүй, учир нь гадна инженер, дэд бүтцийн ажил хийгдсэний дараа доторх ажлыг хийж хүлээлгэж өгөх байсан. Тухайн өвлийн улиралд түшиц ханыг хийсэн, хавар ажил эхлэхээс өмнө түшиц ханы ажлыг хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас өөр компани болох ******* ХХК-д үнийн санал тавихад хүйтэрсэн байгаа учраас хүйтний нэмэгдэл нэмэгдэнэ гадаа хүйтэрсэн учраас бүтээлэг авч бүтээж хийхээс өөр арга байхгүй гэж хэлсэн ба гэрээний дагуу 154,807,000 төгрөгөөр ажлыг гүйцэтгэсэн. Н.******** нь гэрээгээр хийсэн үүргээ биелүүлээгүй тул манайхаас мөнгө нэхэмжлэх үндэслэл байхгүй. Лордскай ХХК-ийн хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд түшиц хана барих ажлын төлбөрийг Б талд өгөх төлбөрөөс суутгаж тооцно гээд 61,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ******* ХХК-иар хийлгэсэн ажлын хөлсөнд 154,807,000 төгрөгийг шилжүүлсэн. *******ний эх ХХК нийт дүнгээрээ 496,000,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Н.З гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч хамтран ажиллах гурвалсан гэрээний үүргийн дагуу 50,000,000 төгрөгийг Н.Э гаргуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ********** апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гаражийг Ш.Г гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан гаргажээ.

          

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ний эх ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг *******ний эх ХХК-ийн захирал Н.Э гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч Н.Э, *******ний эх ХХК нар хариу тайлбартаа “...Н. гэрээний үүргийг биелүүлээгүй” гэх, хариуцагч Ш.Г хариу тайлбартаа “...түүний хийх байсан ажлыг би хийсэн, Н. түшиц ханыг хийх байсан  боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй“ гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2018.04.09-ний өдрийн 01 дугаартай Хамтран ажиллах гурвалсан гэрээнээс үзэхэд А тал буюу Ш.Г нь өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үйлчилгээ орон сууцны зориулалтаар ашиглах 3390 м/кв газрыг В тал буюу *******ний эх ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх байдлаар хамтын ажиллагаанд оролцох, харин Б тал буюу Н.З нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л баримт бичиг, материалыг бүрдүүлэх, шаардлагатай баримт бичгүүдийг эрх бүхий этгээдээр батлуулах, хянуулах...., болон хамтын ажиллагааны үр дүнд буюу ажлын эцэст барилгыг улсын комисст  хүлээлгэн өгөх зэрэг аливаа зөвлөх болон зөвлөгөөг хэрэгжүүлэх, В тал буюу *******ний эх ХХК нь шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хариуцан гаргах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохирсон байна.     

 

Шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж тус тус заажээ.

 

Дээрх хамтран ажиллах гурвалсан гэрээний 4.1, 4.2-т зааснаар Б тал буюу Н.******** энэхүү гэрээний үр дүнд бий болох хөрөнгөнөөс мөнгөн хэлбэрээр үр ашиг авахаар шийдвэрлэсэн ба 200,000 ам доллар буюу 478,200,000 төгрөгийг В талын хуваарьт хөрөнгөнөөс шилжүүлэх, хамтын ажиллагааны гэрээний явцад шилжүүлсэн төлбөрүүдийг Б талд төлөх үлдэгдэл төлбөрөөс хасч тооцохоор тохирсон байна.      

           Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 476.3.2, 476.3.3, 476.3.5, 476.3.7-д зааснаар хамтран ажиллах гэрээндээ хамтын үйл ажиллагааны төрөл, зорилготалуудын эрх, үүрэгашиг, алдагдлыг хуваарилах журамгэрээний хугацааг талууд тодорхой тусгасан байх бөгөөд Б тал буюу Н.З нь өөрийн авах үр ашигт үлдэгдэл 50,000,000 төгрөгийг хариуцагч *******ний эх ХХК-иас,  мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ********** апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гаражийг Ш.Г гаргуулахаар маргаан үүсгэжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...478,000,000 төгрөг төлөхөөс 280,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 198,000,000 төгрөгнөөс 50,000,000 төгрөг өгөхгүй байна” гэж тусгасан боловч хамтран ажиллах гурвалсан гэрээний 4.2-т зааснаар Н.З авах үр ашгийн хэмжээг 478,200,000 төгрөг гэж тодорхойлсон байх бөгөөд *******ний эх ХХК-иас нийтдээ 319,877,739 төгрөг /258,768,600+61,109,139/-ийг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно”, 479.4-т “нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзан” гэж тус тус заажээ.

Гэрээний 4.2-т заасан мөнгөн хөрөнгөнөөс үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ Н.******** гэрээний 3.2-т заасан зарим үүргээ  биелүүлээгүй, барилга угсралтын ажлыг улсын комисст хүлээлгэж өгөх ажлаа хийгээгүй, 2019.10.11-ний өдрийн хамтран ажиллах гурвалсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1, 3.1, 3.2-т заасан газрын хойд хэсэгт дунд голын дагуу 104 метр хүртэл урттай, 4,5 метр өргөнтэй түшиц ханыг батлагдсан зургийн дагуу Б талын санал болгосон гүйцэтгэгч компани болох Лордскай ХХК-иар гүйцэтгүүлэх ажил хийгдээгүй гэж тайлбарласан байна.

Тэрээр барилга угсралтын ажил бүрэн гүйцэд дууссаны дараа барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулах, шаардлагатай материалыг бүрдүүлэх ажил болон хавтаст хэрэгт авагдсан барилга угсралтын ажлыг улсын комисст  хүлээлгэж өгсөн бүрэлдэхүүнд Н.********ын нэр байхгүй гэжээ.

Иргэний хуулийн  206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд Н.******** нь хамтран ажиллах гурвалсан гэрээний 3.2-ын 1-ийн 4,5,8,9,11-д заасан ажлуудыг, мөн 2019.10.11-ний өдрийн хамтран ажиллах гурвалсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1, 3.1, 3.2-т заасан ажлыг хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2019 оны 10 сараас хойш хамтын үйл ажиллагаанд оролцоогүй болох нь шүүх хуралдааны явцад талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг,  хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

             Түүнчлэн гэрээг *******ний эх ХХК-тай байгуулсан атлаа иргэн Н.***********ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн үнийн дүн 50,000,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь ойлгомжгүй, хамтран ажиллах гурвалсан гэрээгээр Ш.***** 1 гараж өгөх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотолсон баримтгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 

           *******ний эх ХХК нь 2019.12.10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг ******* ХХК-тай байгуулсан, гэрээний нийт дүн 154,872,000 төгрөгөөр 104 метр хүртэл урттай 4,5 метр өргөнтэй түшиц ханыг ******* ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байна.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.***********, *******ний эх ХХК нараас 50,000,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Ш.*****оос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ********** апартмент хотхоны 16 дугаар байрнаас 1 гараж гаргуулахыг  хүссэн нэхэмжлэгч Н.********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 583,000 төгрөг /175,000+408,000/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ