| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336003190106 дугаартай 178/2024/0088/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймийн Дуут суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Олон Улсын их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл тав, эцэг, эх, эгч нарын хамт Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Дөрвөд овогт *******ын *******, регистрийн дугаар *******.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Дөрвөд овогт *******ын ******* нь 2023 оны 08 дугаар сарын 19-21-ний адрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт Ч.Жавзандуламын өмчлөлийн 49-29 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой насанд хүрээгүй хохирогч Л.Хуланг 14 нас 11 сар 16 хоногтой байхад нь бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Дөрвөд овогт *******ын ******* нь 2023 оны 08 дугаар сарын 19-21-ний адрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт Ч.Жавзандуламын өмчлөлийн 49-29 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой насанд хүрээгүй хохирогч Л.Хуланг 14 нас 11 сар 16 хоногтой байхад нь бэлгийн харьцаанд орсон болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), насанд хүрээгүй хохирогч Л.Хулангийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 20 дахь тал), насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Баяржаргалаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал), Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Цэндхүүгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1040 дугаартай ... Л.Хулангийн биед гэмтэл тогтоогдоогүй. Л.Хулангийн охин хальс нь 3, 5 цагийн байрлалд урагдалтай байна. Уг урагдал нь цаг хугацааны хувьд хуучин байна. Бусдад хүчиндүүлсэн гэдэг нь хуулийн ойлголт тул хариулах боломжгүй байна. Л.Хулан нь бэлгийн харьцаанд орсон байна. Л.Хулангийн охин хальс нь сунамтгай шинж чанартай ба 3, 5 цагийн байрлад урагдал гэмтэлтэй байна. 10, 11, 12 Л.Хулан гэх БОЭТ-ийн Серологи болон Мазокийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна”... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), Лхагва овогтой Хулангийн нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 52 дахь тал), ******* овогтой *******ийн нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 57 дахь тал), яллагдагч Х.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 180-183 дахь тал), яллагдагч Х.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 180-183 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 201 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Х.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос яллагдагч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хор уршгийн төлбөрт хохирогчид 3000000 төгрөг төлж, цаашид нөхөн төлөх хор уршиггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгч Х.*******өд оногдуулах 1000000 төгрөгний торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүгдэгч Х.*******өд тайлбарлан ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******өд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2336003190106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Л.Хулан нь хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дөрвөд овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дөрвөд овогт *******ын *******өд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******өд оногдуулсан 1000000 төгрөгний торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2336003190106 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хор уршигт тооцож 3000000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Х.*******өд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.*******өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА