Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/00773

 

 

 

 

 

 

 

 

 

       2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2018/00773

                  Улаанбаатар хот

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...  тоотод оршин суух, О.Д  /.../-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: ...  тоотод оршин суух, А.Б /.../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д , хариуцагч А.Б , нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б д 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр өөрийнх нь хүсэлтийн дагуу зээлдүүлсэн. А.Б  нь зээлийн гэрээнд заасны дагуу сар бүр хүүгээ төлж байгаад, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 1 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Ингээд А.Б  үлдсэн 1 000 000 төгрөгийг 10 хүүтэй нь 2-3 сарын дараа төлнө гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сард 1 000 000 төгрөгийн хүүг төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийхгүйгээр алга болчхоор нь би гэрт очиж уулзаад, мөнгө хэзээ төлөх юм бэ? гэхэд А.Б  “би мөнгө хэзээ өгөхөө мэдэхгүй байна” гэсэн учраас би шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 300 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг А.Б аас гаргуулж өгнө үү. Мөн эхнэр А.Алтанчимэг нь надаас 2016 оны 11 сарын 2-нд 1 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд би зээлийн гэрээг нь хэрэгт өгсөн байгаа гэв.

 

            Хариуцагч А.Б  шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр О.Д гээс өөрийн хүсэлтээр 2 000 000 төгрөгийг зээл авсан үнэн. О.Д тэй тохиролцсоны дагуу би Дархан хотод байрлах байраа түрээслүүлээд чиний төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулна гэдгээр аман гэрээ байгуулсан. Гэтэл би уг байраа түрээсэлж чадаагүй. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 1 000 000 төгрөгийг хүүгийн хамт О.Д д төлж барагдуулсан. Тухайн үед би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсэгт шалгагдаж байсан тул уг асуудлыг шийдвэрлэгдэж дууссаны дараа зээлээ төлье гэхэд, О.Д  хүлээн зөвшөөрөхгүй, “тэр бол чиний асуудал” гэж хэлсэн учраас бидний дунд үл ойлголцол бий болсон. Бидний дунд байгуулагдсан гэрээ 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан. Иймд бидний дунд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан гэдгээ тодорхой бичиж өгсөн байх тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Д  нь хариуцагч А.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 300 000 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд 2016 оны 12 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр О.Д  нь 2 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр А.Б д зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Дээрх гэрээний дагуу хариуцагч А.Б  нь хүүг төлж байгаад, 2017 оны 10 сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 1 000 000 төгрөг, хүүнд 200 000 төгрөгийг төлсөн талаар тайлбарлаж хэн аль нь эдгээр асуудлаар маргаагүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчид нь 2016 оны 12 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээ 2017 оны 10 сард дүгнэж, улмаар зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хэн аль нь зөвшөөрсөн гэж үзэхээр байна. 

Харин хариуцагч А.Б  нь зээлийн гэрээг 2017 оны 4 сарын 1-нийг хүртэл байгуулсан бөгөөд уг зээлийн төлбөрт нийт 3 225 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, нотлох баримтаар А.Алтанчимэгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч О.Д  нь “хариуцагч А.Б ын төлсөн гээд байгаа мөнгөний дүнд эхнэр А.Алтанчимэгт 2016 оны 11 сарын 02-ны өдөр зээлдүүлсэн 1 000 000 төгрөгийн хүүгийн төлөлт болон зээлийн мөнгө орсон байгаа тул үндэслэлгүй гэж тайлбарлан” хэрэгт А.Алтанчимэгтэй байгуулсан зээлийн гэрээг ирүүлсэн байна.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаатай гэж үзэх, А.Б ын хавтаст хэрэгт нотлох баримтаар А.Алтанчимэгийн Хаан банкны дансны хуулгаас нэхэмжлэгч О.Д д зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэснээр нэхэмжлэгчийн 1 000 000 төгрөгөөс хүү шаардсан шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б аас 1 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Д д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б аас улсын тэмдэгтийн хураамжинд 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Д д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ