Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 101/2017/01341/И |
Дугаар | 210/МА2018/01827 |
Огноо | 2018-08-15 |
Маргааны төрөл | Компанийг үүсгэн байгуулсан буюу өөрчлөн байгуулсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2018/01827
Игийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00955 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Япон улсын иргэн,”Ф ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Игийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Ф ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Эд холбогдох
Хувьдаа ашигласан 552 510 873 төгрөг болон "Ф ББСБ" ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах, "Ф ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, Компаний тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгөх, Компаний хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгуулах нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Эы зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23 987 336 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц түүний өмгөөлөгч Б. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, өмгөөлөгч О.Сайнгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Игийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсын иргэн И Рёосүки нь тус компанийг үүсгэн байгуулагч, 89,53 хувийн хувьцаа эзэмшигч. Т.Э нь тус Компаний 10,47 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэж байсан. Т.Э нь Компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2014-2016 онд их хэмжээний мөнгийг залилан мэхэлж хувьдаа завшсан гэж үзэж учруулсан хохирлыг төлүүлэх, зээлийн гэрээний үндсэн дээр авсан зээлээ төлөхгүй байгаа тул төлүүлэх, Компаний ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, Компаний гэрчилгээ тамга тэмдгийг хүлээлгэн өгөхгүй байгаа тул тамга, гэрчилгээг гаргуулан Компаний хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Ф ББСБ ХХК-ийн 2009-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд “А” ХХК-иас санхүүгийн материалд тулгуурлан шалгалт хийж, зөрчил илрүүлсэн. Тайланд Компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Э нь Монгол Улсын Компаний тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчиж, Компаний үйл ажиллагаанд зориулагдаагүй, онц их хэмжээний буюу 552 510 873 төгрөгийг хувьдаа ашигласан гэсэн дүгнэлт гарсан. Иймд Т.Эы хувьдаа авч ашигласан 552 510 873 төгрөгийг төлүүлж өгнө үү.
И нь Т.Этай 2009 оны 12 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 107 851 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 28 ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 1 хувийн хүү, хүү төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд жилийн 5 хувийн хүү төлөх, зээлийг төлөөгүй тохиолдолд "Ф ББСБ" ХХК-ийн хувьцааг шилжүүлэх өгөх, нөхцөлүүдийг тусгасан ба Т.Э нь зээлийг хүлээн авсан. Т.Э нь зээлийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул зээлийн төлбөрийн хэмжээ гэрээний хугацааны 5 жилд үндсэн зээлийн 107 851 000 төгрөг, 5 жилийн хүүгийн 26 962 750 төгрөгийн, бүгд 134 813 750 төгрөг, гэрээний хугацаа дуусаад 2 жил өнгөрсөн тул адил нөхцөлөөр тооцвол, 10 785 100 төгрөг, нийтдээ 145 598 850 төгрөг болж байгаа. Иймд Т.Эы зээлсэн 145 598 850 төгрөгийг төлүүлэхээр шаардсан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, "Ф ББСБ" ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулахаар нэхэмжилсэн. Учир нь И Рёосүки болон Т.Э нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийн төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буцаан төлөөгүй тохиолдолд Ф ББСБ ХХК-ийн Т.Э нь эзэмшиж буй 10,47 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг И Рёосүкэд шилжүүлнэ гэж тохиролцсон. 10.47 хувийн хувьцааг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Компани нь Монгол Улсын Компаний тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй байгуулагдсан бөгөөд санал өгөх эрхтэй 4 гишүүний бүрэлдэхүүнтэй. Компаний тухай хууль болон Компаний дүрмийн холбогдох заалтуудыг баримтлан Компаний ТУЗ-ийн дарга Игээс ТУЗ-ийн хурлыг хуралдуулахаар шаардсаны дагуу хурал 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зарлагдаж товлогдсон ба ТУЗ-ийн гишүүн Т.Эд албан бичгээр мэдэгдсэн. Т.Э нь товлосон өдөр хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин явуулахаар шийдвэрлэсэн. Гэвч Т.Э хуралдаанд дахин шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуралдааныг бусад ТУЗ-ийн гишүүдийн 75 хувийн ирцтэйгээр явуулж, Компаний гүйцэтгэх захирлын албан тушаалд С.Чг томилж, Т.Эыг чөлөөлөхөөр шийдвэрлэж тогтоол гаргасан. Хуралдааны шийдвэр гарсны дараа Т.Э нь Компаний гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгөхгүй байгаа төдийгүй Компаний удирдлага, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхөөс зайлсхийж, Компаний өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул эрх зүйн үр дагавар бүхий үйл явдал болох Компаний гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоож, Компаний тамга тэмдгийг хүлээлгэн өгөхийг Т.Эд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Эы шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э нь 2010 оны 01 дүгээр сараас эхэлж Р.Итай хамтран "Ф ББСБ" ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшин хамтран ажилласан. Компаний хөрөнгө мөнгийг хувьдаа завшиж, үрэгдүүлж байсан удаагүй тул Игийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн А ХХК гэгч Компаний аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчдын хооронд 2009 онд 107 851 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээний 4 дүгээр зүйлийг үндэслэн зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний эзэмшлийн хувьцаагаар хангуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй. Хэрэв зээлийн гэрээг байгуулахад хувьцаагаа барьцаалсан бол Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр гэрээ байгуулна. Мөн үнэт цаасаар гэрчлүүлэхийн тулд урьдчилан тэмдэглүүлэх ёстой. Иймд зээлийн гэрээний шаардлагыг хувьцаагаар хангах үндэслэлгүй. Хариуцагчаас шаардаж буй 107 851 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, энэ нь холбогдох баримтаар хангалттай тогтоогдоно. Уг шаардлага нь компанид учирсан хохирол гэвэл хувьцаа эзэмшигч И нэхэмжлэх боломжгүй, нэхэмжлэх эрх нь компанид байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад хувьдаа ашигласан, завшсан гэж байгаа нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна. 2016 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад хандан, хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр гомдол гарган шалгуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гэмт хэргийн нөхцөл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. А ХХК-ийн дүгнэлтийг 100 хувь үндэслээд 552 510 873 төгрөгийг нэхэмжилсэн нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлд аудитын байгууллага аудитын өөрийн баталгаажуулсан тайлангийн талаар эцсийн дүгнэлтээ тухайн ББСБ болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлнэ гэснийг зөрчсөн. Мөн А ХХК-ийн тусгай зөвшөөрөл нотлох баримтаар хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй, аудитын дүгнэлт хийлгэхээр байгуулсан гэрээнд үйлчлүүлэгч, захиалагчийг төлөөлөөд гарын үсэг байхгүй, дугаар байхгүй, ямар зарчмаар яаж хийгдсэн нь тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтнуудтай нэг ч удаа уулзаагүй, холбогдох бичиг баримтыг үзээгүй, захиалагч нь зөрчил гэж тооц гэсний дагуу тооцсон тайлан гаргасан.
Нэхэмжлэгч талаас "Ф ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Т.Эыг чөлөөлж, С.Чг томилсон гэж маргадаг. Тус Компаний эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал нь жил бүрийн эхний 4 сард хуралдаж, тухайн жилийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох үүрэгтэй, сонгоогүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хуралдах эрх нь үлддэг. Гэтэл ажлаас чөлөөлсөн ТУЗ-ийн шийдвэр гаргасан ТУЗ-ийн гишүүд мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн гишүүдийн эрхийн хугацааг сунгасан, шинээр томилсон талаар нотлох баримт байхгүй. Хууль бус ТУЗ-ийн шийдвэрээр гарсан шийдвэрээр шаардлага хүргүүлж байна. Хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргавал хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч болон хуралд оролцоод эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нар гомдлоо Санхүүгийн зохицуулах хороонд гаргана. Санхүүгийн зохицуулах хороо хянаад энэ хурал хуулийн дагуу эсэх гэдэг дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй. Т.Эы маргах эрхийг хааж шүүхэд дуудсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.Э нь Ф ББСБ ХХК-ийн хувь нийлүүлэгч, 2010 оноос хойш 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэлх ногдол ашиг болох нийт 88 468 865 төгрөгийг Компаний татвар төлсний дараах цэвэр ашгаас гаргуулж өгнө үү гэж шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зохигчдын хооронд 2009 онд 107 851 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсаныг хариуцагч Т.Э төлснөөс гадна илүү 23 987 336 төгрөгийг төлсөн. Иймд Итай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23 987 336 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: И нь Т.Эд хамтран ажиллах хугацаандаа 2012-2014 онд 278 сая төгрөгийн орон сууцны байр, 100 сая төгрөгийн машин зэргийг цалин хөлсөнд үл тооцон олгосон. Зохигчид 2009 онд 107 851 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлд хэдийг төлсөн нь тодорхойгүй, илүү төлбөр гарсан уу гэдгийг бодитоор гаргаж чадаагүй. Зохигчдын хооронд хэд хэдэн зээлийн гэрээ байгуулагдсан. Уг 107 851 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хариуцагч хийгээгүй. Харин бусад зээлийн гэрээний төлбөрөөс алдан онон төлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Компаний тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 86 дугаар зүйлийн 86.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Япон улсын иргэн Игийн хувьдаа ашигласан 552 510 873 төгрөг болон "Ф ББСБ" ХХК-ийн 10.47 хувийн хувьцааг гаргуулах, "Ф ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, Компаний тамга тэмдэгийг хүлээлгэн өгөхийг даалгуулахыг хүссэн үндсэн болон хариуцагч Т.Эы зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23 987 336 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3 720 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 322 614 төгрөг гаргуулж хариуцагч Т.Эд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, өмгөөлөгч Б.Н нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Ф ББСБ” ХХК нь хувьцаа эзэмшигч 2 гишүүнтэй бөгөөд ТУЗ-ийн бусад 2 гишүүд нь Компаний хувьцаа эзэмшигч биш тул хувь нийлүүлэгчдийн хурал гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх Компаний тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж Компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрхэд Компаний гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг нь тогтоох хуулийн заалт нь “Ф ББСБ” ХХК-ийн дүрэмд нийцээгүй байна, тиймээс гүйцэтгэх удирдлагыг томилох эрх олгогдоогүй байна гэж дүгнэсэн.
Мөн ТУЗ-ийн зарим гишүүд хуралд итгэмжлэлээр оролцсон нь дүрэмд нийцэхгүй байна гэж үзсэн нь хууль бус. Анхан шатны шүүх 2009 оны, хувьцаатай холбоотой авсан зээлээ төлсөн, төлөхдөө яагаад илүү төлсөн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбар нь нотлогдоогүй, тогтоогдох боломжгүй, тогтоогдохгүй байна, төлсөн гэж үзэх боломжгүй гэх зэргээр дүгнэсэн. Гэвч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй Талууд арбитрын хэлэлцээрийн талаар маргаагүй, хариу тайлбар гаргасан, талууд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр зөвшөөрсөн болох нь тогтоогдсон.
Анхан шатны шүүх “А” ХХК нь, Сангийн яамнаас олгосон Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд “Ф ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн, Компаний үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчсөн, гүйцэтгэх захирал Т.Э нийтдээ 347 500 000 төгрөг касснаас хувьдаа бэлнээр авсан, бэлэн авсан мөнгөө кассанд үлдэгдлээр байгаа мэтээр тайлагнаж байсан, нэр бүхий хүмүүст 102 010 873 төгрөг зохих дүрэм, журмыг зөрчин олгосон, 88 000 000 төгрөгийг Компаний дүрэм зөрчиж бусдад хүүгүй, барьцаагүй олгосон болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байна гэж бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийн зүгээс гаргасан ямар ч нотолгоогүй тайлбарт үндэслэн хариуцагчийг хувьдаа завшсан гэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Шүүх хуралдаан эхэлсний дараа сөрөг нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн тухай мэдсэн, зохих ёсоор няцаах, нотлох баримт бүрдүүлэх боломжгүй байсан. Энэхүү нөхцөл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00995 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талууд бүрэн мэтгэлцсэн тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Япон улсын иргэн, "Ф ББСБ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч И нь хариуцагч “Ф ББСБ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Эд холбогдуулан хувьдаа ашигласан гэх 552 510 873 төгрөг гаргуулах, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд "Ф ББСБ" ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах, Компаний гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоолгох, Компаний тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгах, Компаний хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч Т.Э эс зөвшөөрч “..,компаний хөрөнгийг хувьдаа ашиглаагүй, зээл бүрэн төлөгдсөн, нэхэмжлэгчийн зохион байгуулсан хурал хууль бус” гэж маргаж, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 23 987 336 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч И нь “Ф ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 89,53 хувийн хувьцаа эзэмшигч, хариуцагч Т.Э нь 10,47 хувийн хувьцаа эзэмшигч болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр хуудсанд авагдсан лавлагаа, гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн, 154, 176, 3-р хх-ийн 139-150/
Нэхэмжлэгч Япон улсын иргэн И нь Ф ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийнхээ хувьд тус компаний хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Т.Эд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин зээлийн гэрээний хувьд иргэд хоорондын зээлийн гэрээгээр шаардлага гаргажээ.
Талууд Компаний 89,53 хувийн хувьцаа эзэмшигч Игийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, улмаар Компаний гүйцэтгэх захирлыг өөрчилсөн тогтоол гаргасан нь хуульд нийцсэн эсэх асуудлаар маргажээ.
1.Компаний 10-аас дээш хувийн буюу 89,53 хувийн хувьцаа эзэмшигч И нь компаний гүйцэтгэх удирдлага санхүүгийн жил дууссанаас хойш тайлан тавиагүй хувь нийлүүлэгч буюу хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулаагүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хэргийн 6 дугаар хуудасны баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд 89,53 хувийн хувьцаа эзэмшигч И Рёосүки нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай санал шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. Компаний тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэгтэй. Уг санал шаардлагыг хүлээж аваагүй гэж хариуцагч няцаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм.
Компаний тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал шаардлага гаргасан, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт зааснаар ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэх удирдлага шийдвэр гаргаагүй тохиолдолд санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болохоор байна.
Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д зааснаар компаний гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарч байна. Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар нэг хувьцаа саналын нэг эрхтэй байх ба 89,53 хувийн хувьцаа эзэмшигчийн оролцоотойгоор хийсэн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулахаар заажээ. Хэрэгт тухайн “Ф ББСБ” ХХК ТУЗ-тэй эсэх, ТУЗ-ийн гишүүдийн талаарх тодорхой баримт авагдаагүй. Санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулахгүй байгаа, Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болох, бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болох хууль зүйн эрсдэл бий болсон тохиолдолд тус компаний 89,53 хувийн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан арга хэмжээг буруутгах боломжгүй.
Компаний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар компаний хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй тул хурлын ирц, түүнээс гарсан шийдвэрийг зөв гэж үзнэ.
Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрэмд Компаний тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан болон банк бус санхүүгийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах болон төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа явуулах журмыг тусгана гэжээ. “Ф ББСБ” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.7 дах хэсэгт “Ээлжит бус хурал. Хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг гүйцэтгэх захирал зарлан хуралдуулна. Хяналтын зөвлөл болон ББСБ-ын нийт саналын эрхтэй энгийн хувьцааны 10-аас доошгүй хувийг эзэмшигчдийн хүсэлтээр ээлжит бус хурлыг энэхүү дүрмийн 8.4.11, 12.7 дах хэсэгт тус тус заасны дагуу зарлан хуралдуулж болно”.- гэж заасан боловч дүрмийн 12.7 дах хэсэгт аудитортой холбоотой заалт тусгагдсан байна. Иймд Компаний тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт зааснаар зохион байгуулсан хурлыг буруутгах боломжгүйгээс гадна тус Компаний 10,47 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Т.Э хурлын шийдвэрийн талаар гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгч тал компаний хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг даалгуулах гэсэн ерөнхий агуулгатай шаардлага гаргасан. Шүүхээс уг шаардлагыг тодруулахад компаний хаягийг хариуцагч өөрчилснөөс компани дээр очих боломжгүй болсонтой холбон тайлбарласан. Иймээс Компаний хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг “Компаний хаягийг тодорхой болгож, тамга, тэмдэг, гэрчилгээг гаргаж өгөх” гэсэн утгаар ойлгож биелүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам хугацааг заах гэсэнтэй нийцэх юм.
2.Нэхэмжлэгч И нь хариуцагч Т.Эд холбогдуулан хувьдаа ашигласан гэх 552 510 873 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг буруутгах боломжгүй. Компанид учруулсан гэх хохирлыг хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирлаас шаардах эрхийг Компаний тухай хуулиар олгосон байна. Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компаний хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компаний үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компаний өмнө хариуцна гэж заасан. Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.7 дах хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь компаний дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна, гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна гэжээ.
“Ф холдинг ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Э нь Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан компаний эрх бүхий албан тушаалтанд хамаарна. Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт зааснаар Компаний эрх бүхий албан тушаалтан нь хууль болон компаний дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх юм. Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол компаний хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хэрэгт гүйцэтгэх захирлын хүлээх хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, эд хөрөнгийн хариуцлага тооцох тухай гэрээ авагдаагүй, 552 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн "А" ХХК-ийн аудитын дүгнэлт гарсан байна. /1-р хх-ийн17-25, 2-р хх-ийн 26-40/
Нэхэмжлэгч нь 552 510 873 төгрөгийг санхүүгийн зөрчил, гүйцэтгэх удирдлага хувьдаа завшсан гэх мэтээр тодорхойлсон. Компаний тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол компани санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитын байгууллагыг томилон ажиллуулж болохоор байна. Тухайн хэрэгт ажилласан гэх "А" ХХК нь компанитай гэрээ байгуулсан аудитын байгууллага гэж үзэх үндэслэлгүй, “Ф ББСБ” ХХК-ийн дүрмийн 12.6 дах хэсэгт заасан аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээг хувь нийлүүлэгчдийн хурал батална гэсэнтэй нийцээгүй.
Түүнчлэн “Ф холдинг ББСБ” ХХК-ийн дүрмийн 10.6 дахь хэсэгт гүйцэтгэх захирлын хүлээх хариуцлагын хэмжээг гэрээгээр нарийвчилан тогтооно гэж заасан боловч гэрээгээ хэрэгт нотлох баримтаар гаргаагүйгээс гадна дээрх зөрчил нь санхүүгийн зөрчил, хувьдаа хөрөнгө завшсаны алин болохыг тогтоогоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ. /1-р хх-ийн 159-175/
3. "Ф холдинг ББСБ" ХХК-ийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах шаардлагын тухайд.
Зохигчдын хооронд 2009 оны 12 сарын 28-нд 107 851 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэнд талууд маргаангүй. /1-р хх-ийн 15-16/
Зохигчдын хооронд байгуулагдсан 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр Япон улсын иргэн И нь хариуцагч Т.Эд 107 851 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй, хэрэв заагдсан хугацаанд хүү төлөөгүй бол хоцроосон хохирол болгож 4 хувийг нэмж төлнө гэж тохиролцжээ.
Үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хохирлын агуулгаар хүүгийн хэмжээг нэмэгдүүлэн тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцжээ./1-р хх-ийн 15-16/
Талууд зээлийн хүүг жил тутам төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба зээлийн гэрээний 1 хувийн хүү нь жилийн 1 078 510 төгрөг, 5-н жилийн хүү /5х1 078 510/ 5 392 550 төгрөг болж байна. Мөн талууд зээлийн гэрээнд зээл төлөгдөөгүй нөхцөлд 4 хувийг нэмж төлнө гэж тохиролцсон ба 4 хувийн хүү нь /4х1 078 510/ 4 314 040 төгрөг юм. Иймд хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Игид зээлийн гэрээний дагуу 117 557 590 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн гэж үзнэ.
Нотлох үүргийн хувиарлалтаар авч үзвэл зээл, хүүгээ бүрэн төлсөн гэж баталж байгаа тал буюу хариуцагч тал үүргээ бүрэн гүйцэтгэсэн, илүү гүйцэтгэсэн гэх байдлаа баримтаар нотлох үүрэгтэй юм. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч өөрийн хөрөнгөөр дээрхи төлбөрийг төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Нотлох баримтаар гаргасан шилжүүлгийн агуулга нь орлого гэж бичсэн, Ф ББСБ ХХК-иас Итай харьцсан гүйлгээнүүд байна.
Уг зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд Т.Э зээлийг төлөөгүй нөхцөлд өөрийн 10,47 хувийн хувьцааг Ид шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ. /1-р хх-ийн 15-16/
Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компаний хувьцаа эзэмшигч нь компаний болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компаний дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй гэсэн журамд нийцээгүй. Нэгж хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн 10,47 хувийн хувьцааг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Харин хэлцэл хүчин төгөлдөр бус тул 10,47 хувийн хувьцааны хувьд гэрээнээс үүдэлтэй шаардах эрх нэхэмжлэгч Игид үүсэхгүй. Харин иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, гол нөхцөлүүд нь /4 дүгээр заалтаас бусад нь / хүчин төгөлдөр хуульд нийцсэн. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул хувьцааг гаргуулахгүй тохиолдолд хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж 117 557 590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Талууд гэрээний 5 дугаар заалтаар маргасан байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний 5 дугаар заалтын “ А-гийн / Игийн / харьяаллын анхан шатны шүүх” гэсэн үгийг Игийн иргэний харьяаллын биш харин түүний Монгол улсад ирж очиж, түр болон бүр оршин сууж, ажиллаж амьдардаг газрын буюу Монгол улсын анхан шатны шүүх гэж ойлговол зохих юм. Талууд анхан шатны шүүхэд тухайн иргэний хэрэг үүсэх үед харьяаллын асуудлаар маргаагүй, нэхэмжлэлийн хувийг хүлээн авч тайлбар гаргажээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 23 987 336 төгрөгийг илүү төлсөн гэх байдлаа баримтаар нотлоогүй. Энэ талаар хийсэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд нэхэмжлэгчийг 23 987 336 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг гардаж аваагүй гэж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдсан ч энэ нь баримтаар нотлогдоогүй. Сөрөг нэхэмжлэлийг гардаж авсан баримт хэрэгт авагдсанаас гадна нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг гардаж авахгүй, тайлбар байхгүй гэсэн тайлбартайгаар шүүх хуралдаанд оролцож байжээ./ 1-р хх-ийн 117/ Cөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн хувь гардуулсан бланкийг гүйцэт таглахгүй техник алдаа гаргаж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Компаний тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 84 дүгээр зүйлийн 84.7, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1,9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Ф ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг шинээр томилсон болохыг тогтоосугай, тус Компаний тамга тэмдэг, гэрчилгээг хүлээлгэн өгч, Компаний хэвийн үйл ажиллагааг явуулах боломж бүрдүүлэхийг хариуцагч Т.Эд даалгасугай, 552 510 873 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримталж 117 557 590 төгрөгийг хариуцагч Т.Эаас гаргуулж нэхэмжлэгч Ид олгосугай, Ф ББСБ ХХК-ийн 10,47 хувийн, Т.Эы эзэмшлийн хувьцааг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Эы 23 987 336 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтийн “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Т.Эаас 815 937 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ид олгосугай” өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 720 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Ш.ОЮУНХАНД