Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0456

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0456

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ү ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд: Т ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2.    Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.Н, гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-17 тоот тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.

Ү ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар шийдвэрээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амины орон сууц-ны зориулалтаар 3.5 га талбайг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон ба 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчилгээгээ авч, үүнээс хойш газраа хуулийн дагуу эзэмшиж ирсэн болно.

Бид эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаагаа явуулах гэтэл манай газрыг тойруулан хашаа барьсан байсан бөгөөд уг асуудлаар захиргааны байгууллагуудаас тодруулахад Т ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-27 тоот тушаалаар ашиглуулах эрх олгосон болохыг олж мэдлээ.

Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь ...дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс-д аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ...гаргах эрх хэмжээтэй байх бөгөөд Богдхан Уулын дархан цаазат газрын хилийн заагийг Монол Улсын Их хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор баталжээ.

Эндээс үзэхэд манай компанид эзэмшүүлсэн газар нь Богдхан Уулын Дархан цаазат газарт хамаарахгүй, хилийн зурвасаас гадна оршдог бөгөөд энэ тухай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар-аас Нийслэлийн Газрын албанд хандан хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/499 дугаар албан бичгээр тодорхойлогдож байна.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу газар эзэмших эрх олгох эрхгүй атлаа уг шийдвэрийг гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана, 9.1.3-д заасан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан гэж заасанд хамаарах илт хууль бус захиргааны акт байна.

Иймд Т ХХК-д газар эзэмших эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-27 тоот тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 20185 оны А/******* дугаар тушаалаар Т ХХК-д Богдхан уулын тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Хан-Уул дүүргийн Нүхтийн задгайд 3.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон.

Богдхан уулын тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан хилийн заагийн цэг, тэмдэгт, өндөрлөгүүдээр тогтоогдсон хилийн зааг дотор Т ХХК-ийн 3.8 га газрын газар ашиглах эрх олгогдсон.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А-******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нутаг дэсвгэрт Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/726 дугаар захирамжаар Ү ХХК-д олгосон 35000 м.кв газар нь Улсын Их хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Богдхан-Уулын Дархан цаазат газрын хил хязгаарт хамаардаггүй болно.

Иймд нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Т ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай компани 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах өргөдөл өгч улмаар хууль журмын дагуу тухайн оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-******* дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Нүхтийн задгайд 3.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 2015/77 дугаар гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, 2015/044 дугаар гурвалсан гэрээг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан Уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны дарга нартай хийж авсан. Одоог хүртэл манай компани гэрээний дагуу ямар нэгэн зөрчилгүйгээр шат дараалалтай үйл ажиллагаа явуулж, 2019 оны 08 дугаар сард барилгын ажлын хашаа барьж байх үед 2 үл таних залуу ирж энэ манай газар гэж ажил зогсоох гэж оролдсон нь Ү ХХК байсан байна

Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэл дээр дурдсан 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 тогтоолыг үзэж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар-аас Нийслэлийн Газрын албанд хандан хүргүүлсэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/499 дугаар албан бичиг нь манай байгууллагын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 811-062 тоот хүсэлтийн хариу болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар-аас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2171 албан бичигтэй харьцуулан үзэхэд цаг хугацааны хувьд доголдолтой, баримт болгож оруулсан нь ойлгомжгүй гэж үзэж байна. Ү ХХК-ийн тус гаргасан баримт нь А/726 тоот шийдвэрээс 2 жил, гэрчилгээ авснаас хойш 1 жилийн дараа байгаа нь 1995 оны 26 тогтоолтой хамааралгүй гэж бодож байна.

Мөн Ү ХХК нь эзэмшлийн газраа 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 тоот шийдвэрээр 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, манай 2015 онд авч одоог хүртэл дуур дурдсанчлан хууль ёсны дагуу ашиглаж буй газар дээр давхцуулан авсан нь дахин цаг хугацааны хувьд доголдолтой, бас тус газрын авах хүсэлт гаргах болон авахдаа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон бусад харъяа байгууллагаас хилийн бүс, газрын давхцалыг шалгуулж тодруулсаны дагуу Нийслэлийн Засаг дарга, иргэдийн хурлаар баталгаажуулж авсан баримт байхгүй нь манай байгууллагын эрх ашгийг хөндсөн илт хууль бус явдал гэж бодож байна.

Түүнчлэн Ү ХХК нь 2019 оны 8 дугаар сард тааралдсанаас хойш болон нэхэмжлэл гаргаснаас хойш өөрийн эзэмшлийн газрын байршлыг тодорхой мэдэхгүй, нэхэмжлэлд дурдсаны дагуу давхцал үүссэн гэх хэсэг талбайг мэдэхгүй, нэхэмжлэлд өгсөн бичиг баримт нь он, сар, өдрийн хувьд хоцролтой, доголдолтой нь Т ХХК буюу манай компанийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд нэхэмжлэлийг дахин эс зөвшөөрч байгааг дээрх үндэслэлүүдээр тайлбарлаж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан болно. Үүнд:

1. Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-******* дугаартай тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар А/******* тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/******* дугаар тушаалаар Т ХХК-д 3.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай дугаар А/726 тоот захирамжаар Ү ХХК-д 35000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, амины орон сууцны хотхоны зориулалтаар анх эзэмшүүлсэн байна.

Т ХХК-д ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны дугаар А/******* тоот тушаалыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль ... энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан байна.

Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд Т ХХК-д маргаан бүхий газрын ашиглах эрхийг Ү ХХК-аас 2 жил гаруй хугацааны өмнө олгосон болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, Т ХХК-д цаг хугацааны хувьд өмнө буюу 2015 онд газар ашиглах эрх олгосон байх ба харин Ү ХХК-д 2017 онд газар эзэмших эрх олгосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан байна.

Иймд Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.3-д заасан зохицуулалт болон Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтуудад үндэслэн дүгнэж үзвэл, Т ХХК-д газар ашиглах эрх Ү ХХК-аас цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж үүссэн байх ба үүнээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга 2017 оны дугаар А/726 тоот захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ уг газарт бусдын эзэмшил, ашиглалт үүссэн эсэхийг нарийвчлан шалгах үүрэгтэй байсан байх ба уг үүргээ Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №2/195 тоот болон 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №2/375 тоот албан бичгүүдэд ...Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг нь зарим хэсэгтэй маргаантай бөгөөд маргааныг шийдвэрлэх зорилгоор тус газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа тул Ү ХХК, Т ХХК-ийн газруудыг дархан цаазат газрын заагтай давхцуулан харуулсан нотлох баримтыг гаргах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан байх ба үүнээс үзэхэд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг тодорхойгүй байна.

Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг тодорхойгүй байгаа нөхцөл байдлыг шийдвэрлээгүй төрийн байгууллагуудын үйл ажиллагааны улмаас цаг хугацааны хувьд түрүүнд буюу 2015 онд газар ашиглах эрх авсан Т ХХК-ийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар заасан ба маргаан бүхий энэ тохиолдолд Т ХХК-д хууль ёсны итгэл үүссэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтай захиргааны хэрэгт А/225 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан уг шинжээчийн дүгнэлтэд үндэслэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас газрын кадастрын мэдээллийн сангийн зургуудыг ирүүлсэн, уг зургуудаас үзэхэд маргаан бүхий газар нь дархан цаазат газрын хилийн заагийн гадна талд байх тул Байгаль орчны сайд нь эрх хэмжээ олгогдоогүй байхад газар ашиглах эрх олгосон байна гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Т******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох ******* индекстэй захиргааны хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/225 дугаар Шинжээчийн дүгнэлт гарсан байх ба уг шинжээчийн дүгнэлт нь тус захиргааны хэрэгт хамааралгүй байна.

Учир нь Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд Т ХХК-д тус тус холбогдох тус захиргааны хэрэг нь Т******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох ******* индекстэй захиргааны хэргээс маргаан бүхий газрын байршлаар өөр буюу үйл баримт өөр, мөн хэргийн оролцогчид нь өөр байна.

Иймд Т******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн 2017 оны А/225 дугаар Шинжээчийн дүгнэлт тус захиргааны хэрэгт хамааралгүй байх тул Т******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт А/225 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан уг шинжээчийн дүгнэлтэд үндэслэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас газрын кадастрын мэдээллийн сангийн зургуудыг ирүүлсэн, уг зургуудаас үзэхэд маргаан бүхий газар нь дархан цаазат газрын хилийн заагийн гадна талд байх тул Байгаль орчны сайд нь эрх хэмжээ олгогдоогүй байхад газар ашиглах эрх олгосон гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал, жуулчлал, ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны А/******* дугаартай тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай дугаар А/******* тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал, жуулчлал, ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны А/******* дугаартай тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буюу сайдын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/******* дугаартай тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн учир Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл шүүх Байгаль орчин, аялал, жуулчлал, ногоон хөгжлийн яамны сайдын 2015 оны А/******* дугаартай тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан Т ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/******* дугаар тушаалын Ү ХХК-ийн эзэмшил газартай давхцах хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ү ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ