| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/ШШ2022/00561 |
| Дугаар | 101/2021/05706/И |
| Огноо | 2022-02-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 101/2021/05706/И
| 2022 о 02 с 10 ө | Дугаар 101/ШШ2022/00561 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...................-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......................... холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03112 дугаар шийдвэрээр .........с 69,288,810 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073075 дугаарт бүртгэлтэй Б................тоотод байрлах 48.7 мкв талбайтай амины зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4-167/22466 дугаартай Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэлд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Батдэлгэрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073075 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13335/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 203 дугаар байрны 37 тоотод байрлах 48.7 мкв талбайтай амины зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 125,136,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилон барьцаанд байгаа миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 125,136,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь миний хөрөнгийн байршил, давуу тал болон онцлогийг харгалзаагүй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлгээнд гомдол гаргаж байна. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .............. дугаар захирамжаар .......... нараас 69,288,810 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 574.594 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Б.Батдэлгэрт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын .......... дугаарт бүртгэлтэй, .........., 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 167/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 05-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 19260911/06 дугаартай тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11/322 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Баян модот компаниар тогтоолгоход 125,136,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4-167/22463, 4-167/22466 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан Баян модот ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: үнэлгээний мэдэгдэл 1 хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Батдэлгэрт хүргүүлсэн ........... 2 өрөө орон сууц анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тухай мэдэгдэл 1 хуудас,
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: 2018.10.03-ны өдрийн 3112 дугаартай шийдвэрийн хуулбар 3 хуудас, 2019.01.30-ны өдрийн 00165 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар 1 хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх 19260911 дугаартай мэдэгдэл 1 хуудас, шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл 1 хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 1 хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, эд хөрөнгө хураах тухай 19260911/06 дугаартай тогтоол 1 хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2 хуудас, төлбөр төлөгч ......... үнийн санал 1 хуудас, төлбөр төлөгч ......... үнийн санал 1 хуудас, Голомт банк ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Хөндлөнгийн шинжээч томилуулах тухай албан хүсэлт 1 хуудас, шинжээч томилох тухай тогтоол 1 хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт 1 хуудас, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл 1 хуудас, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт 1 хуудас, Баян модот ХХК-ийн үнэлгээний тайлан 15 хуудас, үнэлгээний мэдэгдэл 1 хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, Б.Батдэлгэрт хүргүүлсэн үнэлгээний мэдэгдэл 1 хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1 хуудас, Голомт банк ХХК-д хүргүүлсэн үнэлгээний мэдэгдэл 1 хуудас,
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........хариуцагч ......... газарт холбогдуулан Ү-2204073075 дугаарт бүртгэлтэй ..............2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 125,136,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан, хөндлөнгийн шинжээч үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03112 дугаар шийдвэрээр .............. нараас 69,288,810.34 төгрөг гаргуулж .........-д олгох, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол ............ 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 00165 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, ажиллагаа явуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч ............ 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр битүүмжлэн, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хураан авсан болох нь эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч .............нарын орон сууцыг тус тус 490,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн гэх баримтгүй, зөвшөөрөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 11/322 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байна.
....................2 өрөө орон сууцыг 125,136,000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч талын ... байршил, давуу болон онцлог талыг харгалзаагүй, зах зээлийн үнээс багаар үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.
Төлбөр төлөгч .........ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норовт үнэлгээний мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч ......... 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж өгсөн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал энэ талаар маргаагүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилсон, Баянмодот ХХК нь орон сууцыг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Баянмодот ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч ...............ийн ............... 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 125,136,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч .........ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2022/01328 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ