| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2018/00488/И |
| Дугаар | 210/МА2018/01865 |
| Огноо | 2018-08-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2018/01865
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02075 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Мд холбогдох
179 251 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч Б.Мтэй 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, 213 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 800 000 төгрөг, нийт 383 400 000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон боловч энэхүү гэрээг цуцалсан. Гэвч бид, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороонд баригдаж буй орон сууцнаас 1 дүгээр байр, 4 дүгээр орц, 3 дугаар давхарт 5 тоот хаягт 96.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 750 000 төгрөг, нийт 169 000 000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон. Хариуцагч өмнө 106 070 000 төгрөг төлснийг гэрээний төлбөрөөс хасч, үлдэх 63 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон элс, хайрга, тоосго зэргээр төлөхөөр болж, тэрээр энэ хугацаанд нийт 38 000 000 төгрөгийг төлсөн. Үүнийг дурьдвал 25 400 000 төгрөгийг дансаар, 5 870 000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 1 280 000 төгрөгт тоосго, 2 450 000 төгрөгт хайрга, нийт 38 000 000 төгрөг болсон. Гэтэл хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн зүгээс гэрээний үүргээ үл биелүүлж, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг төлөөгүй тул 12 500 000 төгрөгийн алданги тооцож, нийт 37 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн манай компани Брайт пойнт ХХК-иар хариуцагчийн эзэмшиж буй орон сууцны талбайн хэмжээг хэмжүүлэхэд тэрээр өөрт үл хамаарах талбайд нэвтэрч, нийт 53.31 м.кв талбайг илүү эзэмшиж байх тул түүнээс уг талбайн үнэ 94 167 500 төгрөг, алданги 47 083 750 төгрөг, нийт 141 251 250 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Учир нь, бидний зүгээс гэрээнд заасан 96.5 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэхдээ анхнаасаа талбайн хэмжээг хэтрүүлж барьж өгсөн гэж маргаагүй, харин хариуцагчийг өөрийн өмчлөлд үл хамаарах хэсгийг эзэмшиж байгаа учраас террас болон террас руу гарах хэсгийг оруулан тооцож, нийт 53.31 м.кв талбайн үнийг алдангийн хамт нэхэмжилж байна. Иймд, хариуцагчаас 178 751 250 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчаас тус шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх бид нэхэмжлэгчтэй 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, 213 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 800 000 төгрөг, нийт 383 400 000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр тохирсон боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, тухай орон сууцыг өөр этгээдэд худалдсан байсан. Ингээд болсон явдлын талаар мэдээд нэхэмжлэгчтэй уулзаж, өмнө төлсөн 106 070 000 төгрөгийг хэрхэн буцааж авах талаар ярилцахад 96.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 750 000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр болж, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин гэрээ байгуулсан. Үлдэгдэл 63 000 000 төгрөгийг бэлэн мөнгө болон элс, хайрга, тоосгоор нийлүүлэхээр тохиролцсон. Б ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Мийн төрсөн ээж Б.Этэй харилцаж, түүнд удаа дараа бэлэн мөнгө өгч, түүний хүсэлтээр хэд хэдэн удаа элс, хайрга, тоосго зэргийг нийлүүлж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үлдэгдэл төлбөр 5 780 000 төгрөг байхад төлж, хоорондын тооцоогоо дуусгасан. Нэхэмжлэгч 25 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурьдсан 53.31 м.кв талбайн хувьд нэхэмжлэгч тал анхнаасаа намайг дээвэрт гарах хэсгийг ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд тус компани гэрийн хаалгыг шатны довжоо хүртэл сунгаж барьсан байсан. Тухайн хэсэг талбайг бодитоор өмчилж аваагүй тул 94 167 500 төгрөг, алданги 47 083 750 төгрөг, нийт 141 251 250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан хариуцагч Б.Мд холбогдох 178 751 250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 054 360.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргадаг хуулийн зохицуулалттай. Гэвч хариуцагч Б.М нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 17 хоногийн дараа буюу 2018 оны 02 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг рүү шилжсэн /ХХ-н 24/. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилох, гэрч асуулгах хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, хүсэлтээс нь өөрөөр нь татгалзуулж хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн зүгээс дахин хүсэлт гараагүй гэсэн дүгнэлт хийж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Талуудын хоорондох мөнгөн төлбөрийн тооцооны асуудал дууссан тохиолдолд талууд төлбөр тооцоо дууссан талаарх "Тооцоо нийлсэн акт” үйлдэх юм. Б.М үнэхээр 169 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бол уг үйл баримт тогтоогдох ёстой байсан. 169 000 000 төгрөгний хэдийг нь мөнгөөр хэдийг бараа материалаар хэзээ хаана төлсөн талаарх үйл баримт нотлогдох ёстой. Дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад анхан шатны шүүх таамгаар тооцоо дууссан гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
Б.Э нь "Б" ХХК-нд ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд "Б" ХХК-ний өмнөөс Б.Мтэй холбоотой төлбөр тооцооны талаар ямар нэгэн акт үйлдэх, эрх зүйн харилцаанд оролцох, төлбөр тооцооны асуудлыг дуусгавар болгох этгээд биш юм. Түүнчлэн "Б" ХХК-ийн зүгээс Б.Эт хүлээлгэн өгсөн 5 870 000 төгрөгийг хүлээн зөвшөөрснөөс бус Б.Мөнх-Эрдэнийн төлөх ёстой 25 000 000 төгрөг түүний алданги 12 500 000 төгрөгийг дуусгавар болгосон асуудал биш юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Мэс 37 500 000 төгрөг гаргуулж "Б" ХХК-нд олгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэргийн үйл баримтыг зөв дүгнэж хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт, алдангид нийт 179 251 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийг бүрэн төлсөн ” гэж маргажээ. /хх-ийн 1-2, 47-49/
Нэхэмжлэгч “Б ХХК” нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б.Мтэй гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй орон сууцнаас 1 дүгээр байрны 4 дүгээр орцны 2 дугаар давхарт 3 тоот хаягт 213 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 800 000 төгрөгөөр, нийт 383 400 000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /х.х-ийн 8-11-р хуудас/.
Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ гэж зөв дүгнэжээ.
Харин өмнөх гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор талууд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дахин, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороонд баригдаж буй орон сууцнаас 1 дүгээр байр, 4 дүгээр орц, 3 дугаар давхарт 5 тоот хаягт 96,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1 750 000 төгрөгөөр, нийт 169 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсоныг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу байна. /х.х-ийн 14-17-р хуудас/
Талууд 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр Б.Мөнх-Эрдэнийн өмнө төлсөн 106 000 000 төгрөгийг суутган тооцож, худалдан авагч буюу хариуцагч Б.Мөнх-Эрдэнийн гүйцэтгэх үүргийн үлдэгдлийг 63 000 000 төгрөгөөр тогтоож, хэсэгчлэн, үе шаттайгаар, графикийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 14-18/
Уг 63 000 000 төгрөгийн үүргээс хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Б ХХК-д 38 000 000 төгрөг төлсөнд талууд маргаангүй.
Хэргийн 70 дугаар талд “..,96 м.кв байрны тооцоо 5 870 000 төгрөгийг хүлээж аваад төлбөр тооцоо дууссан” гэсэн баримтыг компанийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч Б.Э хариуцагчид олгожээ.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэжээ. Анхан шатны шүүхээс хариуцагчийн төлбөл зохих төлбөр бүрэн дууссан, үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. /х.х-ийн 151-160/
Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт “өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үздэг. Б.Мэс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5 870 000 төгрөгийг Б.Эт өгснөөр 96 м.кв байрны тооцоо дууссан гэж анхан шатны шүүхээс үгийн шууд утгаар нь тайлбарлаж шийдвэрлэсэн нь зөв байна. /хх-70/
Нэхэмжлэгч “Б” ХХК нь 25 000 000 төгрөгт анз тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын төлбөр тооцоо хийсэн сүүлийн өдрийн байдлаар 5 870 000 төгрөгийг хариуцагч нь хугацаа хэтрүүлэн төлсөн учраас 50 хувиар анз тооцоод алданги 2 935 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй юм.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 53,31 мкв, илүү эзэмшиж байгаа гэх талбайн хэмжээнд ногдох төлбөрийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг хэлдэг.
Уг талбай нь нийтийн эзэмшлийн талбайд хамаарч байгаа гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд нийтийн эзэмшлийн талбайг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй холбоотой шаардах эрхийг зөвхөн тухайн орон сууцны оршин суугчид буюу Сууц өмчлөгчдийн холбоо нь хэрэгжүүлэх эрхтэй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мэс 2 935 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 175 816 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 054 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мэс 61 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ш.ОЮУНХАНД