Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Н, Э.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                   Прокурор                                                           Б.Ж

           Шүүгдэгч                                                           Э.Н, Э.Д

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                               М.Г, М.М

           Нарийн бичгийн дарга                                 Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Н, Э.Д нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г, М.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, О овогт Э-н Д.

 

Монгол Улсын иргэн, О овогт Эн Н.

 

Шүүгдэгч Э.Д, Э.Н нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Долоон хайлаастын адаг” гэх газар байх 20 га хашаажуулсан талбайгаас 24-40 ОРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 16 ширхэг боодол ногоон тэжээлийг хулгайлж 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч О овгийн Э-н Д, О овгийн Эн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Н-г 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Э.Д-г 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус  шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Н, Э.Д нарын эдлэх тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н, Э.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Н-аас 500.000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г, М.М нар нь давж заалдах гомдолдоо:

 

“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж заасан байх бөгөөд бусдын эд хөрөнгө гэх ойлголтын хувьд хуульд зааснаар аливаа иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс байх хуулийн шаардлагыг хангаж байх учиртай. Гэтэл Орхон аймгийн Цагдаагийн газраас Э.Н, Э.Д нар нь өвс хулгайлсан гэх үйлдлийг шалгахдаа хохирогч С.Ц-н гэх өвсийг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан эсэх талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж бүрдүүлээгүй байна.

Тодруулбал хавтаст хэргийн 4-р талд хохирогчийн гаргасан өргөдөл ...20 га газар торон хашаатай..., 20 орчим боодол толгойтой ногоон овъёос 2018 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө алдлаа..., торон хаалга онгорхой байсан... гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хавтаст хэргийн 17-р талд мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд ...торон хашаатай гэх боловч хавсаргасан фото зургаас харвал хашааны гэх дотор талд мал орсон, торон хашаа нь нурсан, зарим хэсэгтээ тороор хаагаагүй онгорхой, хашаа байгаа эсэх бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эсэх нь тодорхойгүй, хавтаст хэргийн 21-р талд хохирогчоос авсан мэдүүлэгт ...20 га хашаажуулсан талбай... миний уясан уяаг тайлаад хашааны хаалгыг нээсэн байсан..., 20 боодол байх гэж бодсон Т-н 16 боодол гэсэн зөв байх... гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 27-р талд байгаа гэрч Т-с авсан мэдүүлэг зэргээс үзвэл хэрэг учрал болсон газарт хохирогч С.Ц-ын эзэмшил, өмчлөлийн газар мөн эсэх, ямар комбайнаар хэн гэдэг иргэнээр хадуулж бэлдүүлсэн, өөрийн эзэмшлийн талбай нь мөн эсэх, 20 га газар эзэмшдэг, тариа тариалж үр шимийг хүртэх эрхтэй эсэх, өөрийн эзэмшлийн гэх 20 га /1 га= 10.000 мкв талбайтай тэнцэнэ, 20 га = 200.000 мкв/ газрыг хашаажуулсан эсэх, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эсэхийг бусдад мэдэгдэхүйц байдлаар эзэнжүүлж, хамгаалсан эсэхийг тус тус шалгаж тогтоогоогүй, хэргийн газарт үзлэг хийж, тус 20 га газарт хашаа байгаа, эзэн байгаа эсэх, эзэмших эрхийн гэрчилгээ байгаа эсэх, хэн эзэмшиж байгаа талаарх ажиллагааг огт хийлгүй, хохирогчийн мэдүүлгийг дангаар нь үнэлж түүнд бат итгэсэн нь энэ талаарх нотлох баримт цуглуулж, бүрдүүлээгүйгээс харагдаж байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5, 1.6-д заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байхад Э.Н, Э.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, 3-т мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалт зэргийг анхан шатны шүүх анхаарахгүйгээр гэм буруугаа хүлээсэн гэж үзэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Э.Д нь 2-р анги төгссөн гэх боловч тэр талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй /өөрийнх нь одоо хэлж байгаагаар төгсөөгүй, бичиг үсэг сайн мэдэхгүй, маш удаан үсэг үсгээр нь уншдаг, ингэж уншсанаа бүрэн гүйцэт сайн ойлгодоггүй гэх/ байх ба хавтаст хэргийн 30-р талд байгаа биеийн байцаалт үнэн бодит байдалд нийцээгүй, хавтаст хэргийн 50-р талд байгаа яллагдагчаас авсан мэдүүлэгт биеийн байцаалтанд ... бага боловсролтой... гэх, 104-р талд байгаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5/13 дугаартай яллах дүгнэлтэнд тусгасан ...биеийн байцаалтанд ...бага боловсролтой... гэх мэдээллүүд нь бодит үнэн байдалтай нийцэхгүй, хавтаст хэргийн 51-р талд ...би муухан уншиж чадна... гэж хэлж байсныг мэдсээр байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчиж мэдүүлэг авч хавтаст хэрэгт хэргийн 98-р талд байгаа ...өмгөөлөгч авахгүй... гэх хүсэлтийг бичүүлж, гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргасан нь энэ хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, сэжигтэн яллагдагч, гэрчийн эрхийг сануулсан, Э.Дгын гарын үсгээр баталгаажуулж буй бүх ажиллагаанд хуульд заасны дагуу оролцуулаагүй нь түүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Ийнхүү хавтаст хэргийн 103-р талд авагдсан өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан ч Э.Д-гийн эрхийг зөрчсөн ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байгааг харуулж байна.

Дээрх байдлаас үзвэл яллах дүгнэлтэнд заасан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, гэрч, хохирогчийн эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн эрхийг зөрчиж авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтанд үндэслэж Э.Н, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г, М.М нарын гаргасан заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Энэ хэрэгт нотлогдвол зохих байдлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан ”гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ”-г нарийвчлан тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн байхад шүүх хэргийг шийдвэрлэжээ.

 

Тухайлбал: Уг хэрэгт С.Ц хохирогчоор тогтоогдсон байх бөгөөд тэрээр мэдүүлэхдээ “... Т-н хамт бэлдсэн нь үнэн, гэхдээ тухайн үед өвс пэрээслэн бүх ажлыг Т хийж байсан, би 20 орчим боодол өвс бэлдсэн байна гэж бодсон, гэхдээ Т пэрээслэн хурааж байсан учраас яг хэдэн боодол өвч байсан талаар сайн мэдэж байгаа ... ” гэж,

 

гэрчээр мэдүүлсэн Г.Т “... би өөрийн хуурай ах Ц-н хамт Жаргалант сумын хөдөө 7 хайлааст гэх газар 20 га газарт ногоон тэжээл тарьсан юм. Ц ах бид хоёр тарьсан тэжээлээ комбайнаар хураасан ... ямар ч байсан 15-16 боодол байсан ...” гэж /хх 27/, дахин мэдүүлэхдээ “...яг үнэндээ бол 16 ширхэг боодол өвч байсан...” гэж /хх 34/,

Э.Н гэрчээр мэдүүлэхдээ “...14 боодол овьёосны толгойтой ногоон тэжээл хулгай хийж авсан ... хулгай хийсэн 14 боодол өвсний 4-ийг үхэр идсэн. Одоо 10 боодол өвс нь манай хашаанд байгаа ... хажуу талаар нь задгай өвс байсан, тэрийг ачаагүй...” гэж /хх 29, 33/,

 

мөн Э.Д гэрчээр мэдүүлэхдээ “...уг талбайгаас 14 боодол өвсийг дүү бид хоёр хамтдаа машиндаа ачсан...” гэж /хх 30/ тус тус мэдүүлснээс үзэхэд алдагдсан гэх ногоон тэжээлийн өмчлөгч, эзэмшигч нь хэн болох, мөн тухайн үед хэдэн боодол ногоон тэжээл алдагдсан, өөрөөр хэлбэл уг хэрэгт хохирогчийг зөв тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Мөн шүүгдэгч Э.Д нь бага боловсролтой, 2 дугаар анги төгссөн гэх бөгөөд яллагдагчаар мэдүүлэхдээ “муухан уншиж бичиж чадна” гэсэн /хх 51/ байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авах болон түүнд хэргийн материал танилцуулахдаа өмгөөлөгч оролцуулаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн магадлагаагаар Э.Н, Э.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 24-40 ОРХ улсын дугаартай Хюндай Портер маркийн автомашины үнэлгээг тогтоосон /хх 93/ боловч мөрдөгч нь мөн өдөр уг автомашины үнэлгээг “Найдвар-Од” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчээр хийлгэхээр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрхийг хуульчилсан бөгөөд мөрдөгч дээрхи тогтоолыг Э.Дд танилцуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүгдэгчийн эрхийг зөрчсөн байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2-д “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч,... өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ ... мэдэгдсэний дараа ... хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ “ гэж заасан.

 

Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай дээрхи тогтоолын дагуу автомашины үнэлгээ гараагүй байхад прокурор 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5/13 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсний дараа “Найдвар-Од” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 03/19 дугаартай үнэлгээг шүүхэд ирүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байна.

 

Мөн уг үнэлгээг шүүгдэгч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.5-д заасан шүүгдэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г, М.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Г, М.М нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.Н, Э.Д нарт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ