Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч Яргай овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2436000000127 дугаартай, 178/2024/0117/Э индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 01-ний Ховд аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Яргай овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Яргай овогт *******ийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэрт “ахыгаа хамгаалаад намайг барьдаг хэн бэ” гэх шалтгаанаар Ч.Эрдэнэхишигийн нүүрэн тус газарт гараараа цохиж дээд эгнээний 1-р /21/ шүдний булгарч уналт, буйланд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч *******ийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэрт “ахыгаа хамгаалаад намайг барьдаг хэн бэ” гэх шалтгаанаар Ч.Эрдэнэхишигийн нүүрэн тус газарт гараараа цохиж дээд эгнээний 1-р /21/ шүдний булгарч уналт, буйланд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч Б.Эрдэнэхишигийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Цэндхүүгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 316 дугаартай ... Ч.Эрдэнэхишигийн биед гэмтэл учирсан байна. Ч.Эрдэнэхишигийн биед дээд эгнээний 1-р /21/ шүдний булгарч уналт, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ч.Эрдэнэхишигийн биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.51.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ч.Эрдэнэхишигийн дээд үүдэн зүүн талын 1-р шүд нь 2024 оны 03 дугаар сарын 10-нд унасан байх боломжтой, цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна.  Ч.Эрдэнэхишигийн унасан гэх нэг шүдийг шинжилгээнд ирүүлээгүй учир хуучин гэмтэлтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй. Ч.Эрдэнэхишигийн унасан гэх дээд үүдэн зүүн талын 1-р шүдний хажууд тулгуур шүд байсан байна. Ч.Эрдэнэхишигийн дээд, доод уруулын дотор хэсэгт гэмтэл шарх байхгүй байна.Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд 5% нөлөөлнө ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 16-18 дахь тал), яллагдагч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 35-38 дахь тал), яллагдагч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллагдагч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 1000000 төгрөг төлөгдсөн, хор уршиг нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчид оногдуулах 450000 төгрөгний торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлан ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436000000127 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ч.Эрдэнэхишигт 1000000 төгрөг төлөгдсөн, хохирол хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Б.*******д торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Яргай овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2436000000127 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, хохирогч Ч.Эрдэнэхишигт 1000000 төгрөг төлөгдсөн, цаашид хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.ЦЭЦЭГМАА