Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******ид холбогдох 178/2024/0124/Э индекстэй эрүүгийн 2436000000117 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.                                  

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Ноёнцорос овогт *******ын *******, 1995 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн ******* сумын  Тахилт багийн 4-7 тоотод оршин суух, урьд ял эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, сарын орлого 2-3 сая төгрөг, аминдаа том тээврийн хэрэгсэл-нэг, регистрийн дугаар: *******.

                                          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 03 дугаар сарын 04- ний өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” нэртэй зоогийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үедээ үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Нүрзэдийн эрүүл мэндэд нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөж, түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт, зүүн нүдний хараа -0.5 хүртэл бууралт, тархи доргилт” бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Д.Нүрзэдийн Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн 2 дахь  тал),

1.2 Д.Нүрзэдийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 4 дэх тал),

1.3 Хохирогч Д.Нүрзэдийн  өгсөн "... Би 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ганцаараа “Итгэл” бааранд орсон. Бааранд орж бахад араас Г.Сүхболд, Ц.Очирбат, Х.*******, Х.Баянмөнх нар намайг араас дуудаад тэгээд бид нар мэндэлсэн. Тэгээд бид нар хамт нэг ширээнд суухаар болсон. Ширээн дээр суугаагүй байхад Х.******* намайг толгойгоороо мөргөсөн. Би нүүрээ дараад доош харж суугаад нүдээ нээгээд харах гэтэл харж чадахгүй байсан. Х.*******той хамт явсан найз Баянаа  нь ирээд юу болсон талаар асуухаар нь *******ид цохиулчихлаа эмнэлэг явъя гэхэд Баянаа намайг эмнэлэгт хүргэж өгч  би эмчид үзүүлсэн. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан. Х.*******той элдэв янзын зүйл яриагүй”  ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7,9 дэх тал),

1.4 Гэрч Г.Сүхболдын гэрчээр   өгсөн ...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бид нар найз Ц.Очирбатын төрсөн өдрийг тэмдэглэж гадуур явж байгаад “Итгэл” баар орсон. Итгэл бааранд ороод үүдний коридорт ороод зогсож байгаад Д.Нүрзэдтэй таарсан. Би тэр үед нилээд муудсан байсан. Тэр үед Д.Нүрзэд ирээд бид хоёр юм ярьж байсан. Манай найзууд Д.Нүрзэдтэй муудалцаад явуулсан гэдгийг тэд нарын ярианаас мэдсэн. Өчигдөр Д.Нүрзэд надруу залгаад Х.*******той “яагаад намайг цохичиховоо” гээд дугаарыг авсан”   .. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

1.5  Гэрч Х.Баянмөнхийн  өгсөн "...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бид нар найз Ц.Очирбатын төрсөн өдрийг тэмдэглэж гадуур явж байгаад “Итгэл” баар орсон. “Итгэл” бааранд ороод үүдний коридорт Д.Нүрзэдтэй таараад мэндэлсэн. Тэгэхэд Х.*******, “Д.Нүрзэдээ би хэзээ чиний хөгшин болчихсон юм бэ” гээд жаахан маргаж байгаад бид нар дотогшоо ороод ширээнд суусан. Х.*******, Д.Нүрзэд хоёр бид нараас 2 ах болдог юм. Ширээн дээр бид дөрөв сууж байхад Д.Нүрзэд гартаа нэг пиво барьчихсан ирсэн. Би тэр үед гараад тамхи татчихаад буцаад ороод ирэхэд Д.Нүрзэд нүдэндээ цохиулчихсан сууж байсан. Тэгээд би Д.Нүрзэдээс яасан талаар асуухад “Х.******* цохичихлоо” гэж хэлсэн. Д.Нүрзэдээс  асуухад зүгээр байж байгаад намайг  “Баажий цохичихлоо” гээд нүдээ дараад сууж байсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

1.6. Гэрч Ц.Очирбатын  өгсөн "...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бид нар миний төрсөн өдрийг тэмдэглэж гадуур явж байгаад Итгэл баар орсон. Бид нарыг “Итгэл” бааранд ороход Д.Нүрзэд үүдэнд таараад бид нар хоорондоо мэндэлсэн.  Бид нар заалны ширээн дээр сууж байхад Д.Нүрзэд бид нарын ширээн дээр ирээд суусан. Тухайн үед Х.Сүхболд Д.Нүрзэд хоёр хоорондоо юм ярьж сууж байсан яг юу ярьж байгааг мэдээгүй. Нэг мэдэхэд Х.*******, Д.Нүрзэд хоёр ширээний хоёр талаас өөд өөдөөсөө хараад юм ярьж зогсож байсанаа Х.******* Д.Нүрзэдийг алгадаад авсан тэгэнгүүт би ширээнээс босож Х.*******ийг боль гээд барьж авсан. Тэр хооронд Х.Баянмөнх байхгүй байсан. Тэгээд Х.Баянмөнхийг гаднаас ороод ирэхээр нь “ангийнхаа хүүхдийг аваад яв” гээд өгөөд явуулсан. Д.Нүрзэд, Х.Баянмөнх нарыг гараад явсаны дараа би Х.*******оос яасан талаар асуухад надруу “хөгшин ална шүү” гээд хэллээ гэж хэлсэн. Би Х.Баянмөнхийн гар утасруу залгаад Д.Нүрзэд яасан талаар асуухад “эмнэлэг дээр байна одоо ингээд гэрт нь хүргэж өгнө” гэж хэлсэн” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

1.7 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Ховд аймаг дахь баруун бүсийн  шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 295 дугаартай "... Д.Нүрзэдийн биед гэмтэл учирсан байна. Д.Нүрзэдийн “зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт, зүүн нүдний хараа-0.5 хүртэл бууралт, тархи доргилт” ... бүхий  гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн цаг хугацааны хувьд шинэ гэмтлүүд байна. Д.Нүрзэдийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" ... гэх  дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх  тал),

1.8 Шүүгдэгч Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2436000000117 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 32-35 дахь тал),

1.9 Мөрдөн шалгах ажиллагаанд Х.*******ийн яллагдагчаар өгсөн... Би 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр  найзууд болох Ц.Очирбат, Г.Сүхболд, Х.Баянмөнх нартай хамт гадуур явж байгаад “Итгэл” бааранд орой 23 цагийн үед байх орсон. Баарлуу ороход коридорт Д.Нүрзэд гэдэг танил залуутай таарсан. Д.Нүрзэдтэй таарахад Д.Нүрзэд намайг “юу байна хөгшөөн” гэхэд нь би “арай хөгшөөн” гэх болоогүй чамтай гэж хэлээд цааш яваад баар луу орж  бид нар ширээнд суусан. Бааранд ороод сууж байхад Д.Нүрзэд  бид нар дээр гартаа  1 шилтэй пиво барьчихсан ирээд Х.Сүхболдтой  юм яриад сууж байсан. Тэр хооронд би тамхилахаар гадагшаа гараад буцаад орж ирэхэд Д.Нүрзэд Г.Сүхболдын дэргэд юм яриад сууж байсан. Би Д.Нүрзэдийг босохыг нь хүлээгээд ширээний хажууд зогсоод байж байхад Д.Нүрзэд босож ирээд надруу уусан идсэнээ зөв шингээ” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би “юу гэнээ” гээд асуухад урдаас дахиж тэгж хэлэхээр нь Д.Нүрзэдийг  баруун гараараа зүүн талын шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд Д.Нүрзэд нүүрээ дараад ширээн дээр суусан. Тэгээд би баарнаас буцаж гараад Х.Баянмөнхөд найзтайгаа муудалцчихлаа хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд удалгүй Х.Баянмөнх ирээд Д.Нүрзэдийг аваад эмнэлэгт хүргэж үзүүлсэн байналээ. Бааранд ороход пээдийсэн байдалтай байгаад байсан. Бид нарын сууж байсан ширээн дээр  ирээд суусан. Тэгээд сүүлд нь надруу намайг “уусан идсэнээ зөв шингээ хөгшөөн” гэж Х.Баянмөнхөд хэлэхээр нь баруун гараараа зүүн талын шанаанд нь нэг удаа цохичихсон юм”  ... гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 40 дэх тал)

1.10 Шүүгдэгч Х.******* /*******/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах”  хуудас  (хавтаст хэргийн 46 дахь тал)

1.11 ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* нь ... Ховд аймгийн ******* сумын 10-р /Тахилт/ багийн 4 дүгээр гудамжны 7 тоотод оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал),

1.12 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн... Би өөрийн гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед бид хоёрын дундын үл ойлголцлоос болж ийм асуудал болсон. Би шүүх хурал орохын өмнө хохирогчтой ярилаа. Тэгээд би 2 сая төгрөгийг өгөхөөр боллоо гэхдээ тэр мөнгийг 2-3 хоногийн дараа өгөхөөр болсон. Тэгээд одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй гэж хэллээ”... гэх мэдүүлэг зэрэг болно.       

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 03 дугаар сарын 04- ний өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” нэртэй зоогийн газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Нүрзэдийн “хөгшөөн гэж хэллээ”, “уусан идсэнээ зөв шингээ хөгшөөн гэж хэллээ” гэх шалтгаануудаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөж түүний эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт, зүүн нүдний хараа -0.5 хүртэл бууралт, тархи доргилт” бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч Д.Нүрзэдийн биед учирсан ... зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт, зүүн нүдний хараа -0.05 хүртэл бууралт, тархи доргилт бүхий   гэмтлүүд  шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 295 дугаартай  дүгнэлтээр “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Х.******* нь хохирогч Д.Нүрзэдийн  нүүр хэсэгт гараараа цохиж толгойгоороо мөргөхөд гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт, зүүн нүдний хараа -0.05 хүртэл бууралт, тархи доргилт... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Х.******* нь хохирогч Д.Нүрзэдийн нүүр хэсэгт нь гараараа цохиж толгойгоороо мөргөж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... биед зүүн нүдний дээд зовхи болон алиманд цус хуралт, зүүн нүдний хараа -0.05 хүртэл бууралт, тархи доргилт ... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Х.*******ийн хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Х.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бие биенийгээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Х.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нь хэргийн 46 дугаар талд авагдсан ... ******* дугаарын регистртэй ******* овогт *******ын ******* нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” гэх баримтаар тогтоогдож байна.

4. ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* нь ... Ховд аймгийн ******* сумын 10-р /Тахилт/ багийн 4-7 тоотод оршин суудаг...” гэх  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.

5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч Д.Нүрзэд нь 2 сая төгрөгний хохирол авахаар, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээлгэх хүсэлттэй байгаа талаараа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

6.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан...  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн  ... гэх  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

7.Шүүгдэгч Х.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид хохирол, хор уршигт тооцож 2000000 төгрөг төлөхөөр тохирсон, сарын өрхийн орлого 2-3 сая төгрөг, хувиараа тээвэр эрхэлдэг зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан...  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн ... гэх  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, мөн улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ид оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч Х.*******ид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд шүүгдэгч х.******* нь хохирогч Д.Нүрзэдтэй харилцан тохирч 2000000 төгрөгийг өгөхөөр тохирсон, мөн цаашид хохирогч гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлт гаргасныг хангаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэв.

2.Шүүгдэгч Х.*******ид холбогдох эрүүгийн 2436000000117 дугаартай  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогчид 2000000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг  тус тус дурдав.

3.Шүүгдэгч Х.*******ид шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ид оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2436000000117 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2000000 төгрөг төлөхөөр эвлэрсэн, хохирогч Д.Нүрзэд нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Х.*******ид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ЦЭЦЭГМАА