Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, өсвөр насны шүүгдэгч С.*******, түүний хууль ёсны төлөөлөгч С.Бямбарагчаа, өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2436000160149 дугаартай, 178/2024/0132/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл дөрөв, эцэг, эх ах, эгч нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2023 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө найз охин Х.Энхзаяаг гэрээсээ гарч ирсэнгүй гэх шалтгаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-7 тоотод оршин суух Д.Хатанбаатарын байшингийн хаалгыг гадна талаас нь төмөр утсаар баглаж, гэрийн өрхний оосор болон бүснүүдийг тасалж, түүний эзэмшлийн 91-73 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн 4 дугуйг санаатайгаар зүсэж, хууль бусаар устгаж хохирогчид 400000 төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Гэм буруугийн талаар:

 Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2023 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө найз охин Х.Энхзаяаг гэрээсээ гарч ирсэнгүй гэх шалтгаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-7 тоотод оршин суух Д.Хатанбаатарын байшингийн хаалгыг гадна талаас нь төмөр утсаар баглаж, гэрийн өрхний оосор болон гэрийн бүснүүдийг тасалж, түүний эзэмшлийн 91-73 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйг  санаатайгаар зүсэж, хохирогчид 400000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хохирогч Д.Хатанбаатарын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 76 дахь тал), өсвөр насны яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал), DamnoХХК-ийн №ХВЦ-24-046 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 38-47 дэх тал), өсвөр насны яллагдагч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 55-57 дахь тал), яллагдагч С.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Өсвөр насны шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн хохирогчид 400000 төгрөг төлсөн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос өсвөр насны шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 400000 төгрөг төлөгдсөн, хор уршиг нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх аладлагын арга хэмжээ авах саналыг ирүүлжээ.

 Иймд өсвөр насны шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуул, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх аладлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн 2436000160149 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн хар толботой 12 см урттай1 ширхэг хутгыг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,  хар өнгийн хос 42 размер хэмжээтэй хар өнгийн гутлыг өсвөр насны шүүгдэгчид буцаан олгох, хохирогч Д.Хатанбаатарт 400000 төгрөг төлөгдсөн, хохирол хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдаж, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж өсвөр насны шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******д хоёр зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******д оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн хар толботой 12 см урттай-1 ширхэг хутгыг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,  хар өнгийн хос 42 размер хэмжээтэй хар өнгийн гутлыг өсвөр насны шүүгдэгчид буцаан олгож, өсвөр насны шүүгдэгч С.*******гаас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 400000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино … гэх журмыг өсвөр насны шүүгдэгч С.*******д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.ЦЭЦЭГМАА