| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0072/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******, шүүгдэгч (хохирогч) Ц.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч (хохирогч) Д.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Хүрд овогт Даймайгийн *******, Эмчийнхэн овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 178/2024/0072/Э индекстэй 2436000000028 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Хүрд овогт Даймайгийн *******, 1976 оны 01 дүгээр сарын 28- ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 9-19 тоотод оршин суух, хувиараа Баруун бүс төв зах дээр гэр ахуйн бараа зардаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20- ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, РД:*******
2. Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1978 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-хоёр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 10-22 тоотод оршин суух, хувиараа Баруун бүс төв зах дээр гэр ахуйн бараа зардаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, РД: ПБ 78062900
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Хүрд овогт Даймайгийн ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.*******тай маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа болон түүний зарж байсан ширмэн тогоогоор цохиж, эрүүл мэндэд нь... тархи доргилт, дагзны дээд хэсгийн хуйхан доорх зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений гадна хэсгийн цус хуралт, баруун мөр болон бугалганы гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу хэсгийн цус хуралт гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Эмчийнхэн овогт *******гийн ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим Д.*******ийн өөрийг нь хэл амаар доромжилсон, зодсон гэх шалтгаанаар өөрийн зарж байсан тогоо, шанага зэргээр толгой, нүүр, баруун гар, мөр, шүдэнд нь цохиж эрүүл мэндэд нь дагзны дээд хэсгийн шарх, зүүн хацарт зулгаралт, баруун сарвуунд, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд 1, 2-р /21,22/ шүднүүд 2-р зэргийн хөдөлгөөн, буйлан цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Гэмт хэргийн талаархи ... Д.*******ийн Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр Баруун бүс төв зах дотор 2023 оны 12 дугаар сарын 31- ний өдөр Ц.Баямаа нь намайг зодсон ... гомдол мэдээлэл (хавтаст хэргийн 02 дахь тал)
1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ийн өгсөн ... Би “ Төв зах дээр ” худалдаа эрхэлдэг. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай ойр орчмын хүмүүс шинэ жилийн хаалт хийгээд бялуу задлаад нэг шил виски ууцгаасан. Тэгээд бараагаа хураагаад хамт зогсож байсан найз Л.Соёлмаагийн хамт хаалгаар гарч явтал Ц.******* намайг хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр маргалдаж байхад Ц.******* нь намайг зодсон. Миний толгойн орой хэсэгт хагарч 3 оёдол тавиулсан, нүүр дух хэсэгт шалбарсан, үүдэн хоёр шүд хөдөлсөн байсан. Хэл амаар доромжилж биед гэмтэл учруулсанд гомдолтой байна ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05, 125 дахь тал)
1.3 Бараан бүс төв захын хяналтын камерийг шалгаж үзэхэд ... Тухайн захын урд эгнээг дээрээс доошоо чиглэлтэй, ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй, харсан камерт үзлэг хийв. Тухайн камерийн цаг нь он сар өдрийн хувьд нэг хоногийн зөрүүтэй, цагийн хувьд 2 цагийн зөрүүтэй явж байв. Тухайн камерийн бичлэгийн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 20 миунтанд дээрээс үргэлжлүүлэн үзлэгийг хийхэд тухайн бичлэгт хүмүүсийн нүүр царай хэвийн харагдаж байх бөгөөд гадна гэрэлтэй захаар үйлчлүүлж буй хүмүүсийн царай танигдаж байв. Ертөнцийн чигээр хойноос урагшаа чиглэлд цэнхэр өнгийн дээлтэй хар ноосон малгайтай, хүзүүндээ ороолттой эмэгтэй хүн байх ба царай зүс нь танигдаж иргэн Д.******* байв. Харин хажууд хар өнгийн дээлтэй ноосон малгайтай ороолттой зүүн гартаа тортой зүйл барьсан баруун гартаа хайрцагтай бялуу барьсан эмэгтэй байх ба тухайн хоёр эмэгтэй өөрсдийн контейнерийг хаагаад хойноос урд зүгт чиглэлтэй явах замдаа ертөнцийн зүгээр зүүн харсан байрлалтай төмөр контейнерийн үүдэнд зогсож байх Ц.******* гэх хүний хажуугаар өнгөрч явахдаа тухайн хүн рүү хандаж үг хэлээд баруун гараараа цохиж байх ба өмнөөс нь Ц.******* гэх хүн 2 удаа цохиж байгаа нь харагдана. Цааш нь тухайн хоёр хүн хоорондоо маргалдаж, нэг нэг рүүгээ гараараа чичиж гараараа зааж маргалдах явцтай байв. Тэр үед Ц.******* гэх хүн цагаан өнгийн төмөр зүйлийг Д.******* рүү шидэх ба тухайн зүйл нь толгой дээгүүр нь гарах ба өмнөөс Ц.******* бас сав шидэж харагдав. Тэгээд захаас гарах хаалга чиглэж явах гэхэд Ц.******* араас нь очиж толгойн ар хэсэгт төмөр таваг бүхий зүйлээр нэг удаа цохиж байгаа. Тэр үед Д.******* газар унах ба дахин босоод эргэж очоод Ц.*******тай маргаж байх үед Ц.******* өмнөөс нь түлхэж унагах үед өмнөх дэлгүүрийн ягаан цамцтай эмэгтэй босгож салгаж явуулах гэхэд Д.******* явахгүй дахин эргэлдэж Ц.******* руу юм шидэх гэхэд Ц.******* дахин урдаас нь очиж түлхэж цохиж газарт унагаж байгаа бичлэг байв. Ц.******* цаашаа эргэж явахад Д.******* босож ирээд малгайгаа өмсөж, хоорондоо маргаж, нэгэндээ үг хэлээд хажуудаа явсан хүнийг дагуулж захаас гарч явж байгаагаар бичлэгийг дуусгаж, үзлэгийг дуусгав гэх ... үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал)
1.4 Хүний биеэс биологийн дээж авсан... 2023 оны 12 дугаар сарын 31- ний орой Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгийн ээлжийн сувилагч оролцогч Д.*******ийн гараас 5 мл цус авсан ... тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 10-11 дэх тал)
1.5 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Соёл-Эрдэнийн өгсөн... Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай эргэн тойронд наймаа эрхэлдэг 4-5 хүн байсан. Бид нар тэрүүхэндээ баяр болж байсан тул 1 бялуу задлаад нэг виски задалж хувааж ууцгаасан. Би бараагаа хурааж дээшээ явах замдаа Д.******* эгчийн барааг хураалцаж, контейнерийг нь цоожилж өгөөд бид хоёр захын дээд хаалгаар гарах гээд явж байгаад Ц.*******гийн контейерийн үүдээр өнгөрөхөд тэр хоёрын нэг нь үг хэлэх шиг болоод хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгэхээр нь би дундуур нь орж салгах гэхэд үгэнд орохгүй хоорондоо хэрэлдэж маргалдаад барилцаж аваад байж байхад Ц.******* нэг зүйл Д.******* рүү шидсэн. Тэгтэл Д.******* өмнөөс нь тогоо авч шидсэн. Тэгээд нэг нэгнийхээ өмнөөс юм шидээд байсан. Тухайн үед Ц.******* нь намайг мөн янхан архичин авгай гэж хэлж бйсан. Би Д.*******ийг дагуулаад захаас гарсан. Тэр хоёр ямар шалтгаанаас болж маргалдсаныг би мэдэхгүй. Д.******* архи уусан байсан. Бид нар 4-5 уулаа нэг шил виски ууцгаасан байсан. Ц.******* архи уусан эсэхийг би мэдэхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)
1.6 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн 83 дугаартай .... Д.*******ийн биед дагзны дээд хэсгийн шарх, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн сарвуунд, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд 1, 2-р /21,22/ шүднүүд 2-р зэргийн хөдөлгөөн, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 2 хоногийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи толгойн дагзны хуйханд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн хацрын зулгаралт, зүүн мөр, баруун зүүн сарвуунд цус хуралт, зүүн дээд 1,2 –р /21,22 / шүднүүд нь 2-р зэргийн хөдөлгөөн буйланд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)
1.7 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08- ны өдрийн 14 дугаартай ... Д.*******ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Д.*******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. Д.*******ийн биенээс авсан гэх цусанд 3.6 промиллийн этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
1.8 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 09- ний өдрийн 97 дугаартай ... Ц.*******гийн биед гэмтэл учирсан байна. Ц.*******гийн биед тархи доргилт, дагзны дээд хэсгийн хуйхан доорх зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений гадна хэсгийн цус хуралт, баруун мөр болон бугалганы гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралыг үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ц.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.*******гийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагзны дээд хэсгийн хуйхан доорх зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений гадна хэсгийн цус хуралт, баруун мөр болон бугалганы гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу хэсгийн цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд ч гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
1.9 Хэргийн газар үзлэг хийсэн ... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүс төв зах ХХК-ны урд эгнээний дээд талын хаалгаар орж, урагшаа чиглэлд харсан хүрэн улаан өнгийн контейнерт болсон байх ба тухайн контейнерийн эзэмшигч Ц.*******гаар хэрэг хаана болсон, ямар эд зүйлээр иргэн Д.*******ийн бие халдаж цохисоныг заалгаж, үзлэгийг хийв. Үзлэг хийх үед хөндлөнгийн гэрчийг байлцуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад тухайн контейнер нь зүүн зүгт харсан, өмнөөс нь харсан улаан өнгийн тоосгон дэлгүүр байв. контейнерийн үүдэнд байгаа Ц.*******гийн зарж борлуулж буй бараа материалын ерөнхий зургийг гэрэл зургаар бэхжүүлэв. Иргэн Ц.******* нь ямар тогоогоор Д.*******ийг цохисныг заалгаж, гэрэл зургаар дарж баримтжуулж, Б.******* рүү шидсэн гэх төмөр шанага байгаа газрыг заалгаж, Д.*******ийн шидсэн гэх төмөр ширмэн тогоог заалгаж, гэрэл зургаар баталгаажуулав. Хэргийн газрын үзлэгээр Ц.*******гийн контейнерээс 45х16 см, 26х25 см, 18х0.2 см хэмжээтэй ишний урт 195х2 см хэмжээтэй таглаан дээрээ жижиг саарал өнгийн бариултай том жижиг хоёр ширхэг тогоо, нэг ширхэг шанага зэргийг хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 53-58 дахь тал)
1.20 Эд мөрийн баримтаар ... төмөр саарал өнгийн хайлш бүхий том жижиг хоёр ширхэг тогоо, шанага нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (хавтаст хэргийн 53-58 дахь тал)
1.21 БОЭТ-ийн гэмтлийн тасагт Д.*******ийн 2024 оны 01 дүгээр сарын 05- ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн 354 дугаартай өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 76-101 дэх тал)
1.22 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.*******ийн яллагдагчаар өгсөн... 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай захын ойролцоо зогсдог хүмүүс нэг бялуу задлаад нэг виски ууцгаасан. Тэгээд бараагаа хураагаад хамт зогсдог М.Соёлмаагийн хамтаар захын дээд хаалгаар гарах гээд явж байхад Ц.******* нь намайг 2-3 нөхөр үхүүлсэн алуурчин авгай, захын накчин согтуу авгай гэхээр би өмнөөс нь мөн нөхрөө алсан алуурчин авгай гэж хэлсэн. Ц.*******гийн нөхөр С.Батхүү нь манай нөхөр С.Лхагвасүрэнгийн дүү юмаа. Түүнийг нас барснаас хойш бид нарын дунд жаахан хэрүүл маргаан гарах болсон ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дахь тал)
1.23 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.*******гийн яллагдагчаар өгсөн... 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төв захын манай эгнээнд зогсдог Д.******* нь өөрийн контейнерийн үүдэнд чанга дуугараад байхаар нь харсан чинь “ над руу салаавч гаргаад алуурсан авгай минь шоронд орохгүй наанаа юу хийж байгаа юм” гээд өөрийн контейнер луу бараагаа шидээд галзуурсан юм шиг авир гаргаад байсан. Тэгээд миний хажуугаар хамт зогсдог М.Соёлмаагийн хамт өнгөрч явахдаа над руу хандаж “ шоронгийн хадаас минь шорондоо орохгүй наанаа юу хийж байгаа юм” гээд миний зарж байсан бараан дундаас ширмэн тогоогоор миний толгой хэсэгт цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд Д.*******ийг түлхэж унагасан. Миний урд байх контейнерийн Цэцэгсүрэн эгч түүнийг “согтуу байна” гээд салгасан. Намайг 3 удаа цохисон. Манай хадам ахыг өдөөн турхирч байгаад намайг хэд хэдэн удаа цохиулж байсан. Манай нөхрийг нас барснаас хойш алуурчин авгай гэж хэлэх болсон. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 141-142 дахь тал)
1.24 Мөрдөн шалган ажиллагаанд шүүгдэгч Ц.*******гийн хохирогчоор өгсөн... 2023 оны 12 дугаар сарын 31- ний өдөр төв захын манай эгнээнд зогсдог Д.******* нь өөрийн контейнерийн үүдэнд чанга дуугараад байхаар нь харсан чинь “ над руу салаавч гаргаад алуурсан авгай минь шорогд орохгүй наанаа юу хийж байгаа юм” гээд өөрийн контейнер луу бараагаа шидээд галзуурсан юм шиг авир гаргаад байсан. Тэгээд миний хажуугаар хамт зогсдог Соёлмаатай өнгөрч явахдаа над руу хандаж “ шоронгийн хадаас минь шорондоо орохгүй наанаа юу хийж байгаа юм” гээд миний зарж байсан бараан дундаас ширмэн тогоогоор миний толгой хэсэгт цохисон. Тухайн үед миний зогсож байсан Цэцэгсүрэн эгч “согтуу байна” гээд салгасан. Мөн гараараа миний толгой руу чичсэн. Дараагийн удаа 12 литрийн ширмэн тогоо над руу авч шидэхэд миний баруун мөр,толгойн хэсэгт цохисон. Би эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирсон. Би гомдолтой байна ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 146 дахь тал)
1.25 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар(хавтаст хэргийн 157-161 дэх тал)
1.26 ПИ 76012801 дугаарын регистртэй Хүрд овогт Даймайгийн *******т “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 162 дахь тал)
1.27 ПБ 78062900 дугаарын регистртэй Эмчийнхэн овогт *******гийн *******д “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 164 дэх тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд:
Шүүгдэгч Хүрд овогт Даймайгийн ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.*******тай маргалдаж, түүний толгойн тус газарт нь гараараа болон түүний зарж байсан ширмэн тогоогоор цохиж, эрүүл мэндэд нь... тархи доргилт, дагзны дээд хэсгийн хуйхан доорх зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үений гадна хэсгийн цус хуралт, баруун мөр болон бугалганы гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Эмчийнхэн овогт *******гийн ******* нь шүүгдэгч Д.*******ийн өөрийг нь хэл амаар доромжилсон, зодсон гэх шалтгаанаар өөрийн зарж байсан тогоо, шанага зэргээр толгой, нүүр, баруун гар, мөр, шүдэнд нь цохиж эрүүл мэндэд нь дагзны дээд хэсгийн шарх, зүүн хацарт зулгаралт, баруун сарвуунд, зүүн мөрөнд цус хуралт, зүүн дээд 1, 2-р /21,22/ шүднүүд 2-р зэргийн хөдөлгөөн, буйлан цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.Хохирогч Д.*******ийн биед учирсан... дагзны дээд хэсгийн хуйханд шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт ... хамаардаг болох нь Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Я.Мөнхнасангийн 2024 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн 83 дугаартай,, мөн хохирогч Ц.*******гийн биед учирсан... тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт ... хамаардаг болох нь Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Д.Тогтохын 2024 оны 01 дүгээр сарын 09- ний өдрийн 97 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Д.*******, Ц.******* нар нь харилцан маргалдаж, нэг нэгнийгээ гараараа, төмөр тогоо, шанага зэргээр цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж харилцан зодолдож, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Д.*******ийн биед “дагзны дээд хэсгийн хуйханд шарх”, шүүгдэгч Ц.*******гийн биед “тархи доргилт” гэх гэмтэл тус тус учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Д.*******, Ц.******* нар нь харилцан маргалдаж, нэг нэгнийгээ гараараа, төмөр тогоо, шанага зэргээр цохиж, Д.*******ийн биед “дагзны дээд хэсгийн хуйханд шарх”, шүүгдэгч Ц.*******гийн биед “тархи доргилт” гэх гэмтэл тус тус учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Шүүгдэгч Д.*******, Ц.******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5. Мөн шүүгдэгч Д.*******, Ц.******* нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хувьд хэргийн үйл баримт,хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
6. Иймд шүүгдэгч Д.*******, Ц.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7. Шүүгдэгч нар нь хэн нэгнийгээ хүндэтгэдэггүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Д.*******, Ц.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3. Шүүгдэгч Д.*******, Ц.******* нар нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20- ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар(хавтаст хэргийн 157-161 дэх тал), ПИ 76012801 дугаарын регистртэй Хүрд овогт Даймайгийн *******ийн “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 162 дахь тал), ПБ 78062900 дугаарын регистртэй Эмчийнхэн овогт *******гийн *******гийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 164 дэх тал) –аар тус тус тогтоогдож байна.
6.Шүүхийн хэлэлцүүлэгийн шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэн нэгнээсээ хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7.Шүүгдэгч Д.*******, Ц.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.*******д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг тус тус 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино… гэх журмыг шүүгдэгч Д.*******, Ц.******* нарт мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хэн нэгнээсээ хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн тул төлөх төлбөргүй байна..
2.Шүүгдэгч Д.*******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн 2436000000028 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
3.Шүүгдэгч Д.*******, Ц.******* нарт шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хүрд овогт Даймайгийн *******, Эмчийнхэн овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрд овогт Даймайгийн *******т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Эмчийнхэн овогт *******гийн *******д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн 2436000000028 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Д.*******, Ц.******* нарт мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******, Ц.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА