Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/03162   

 

2021 оны 12 сарын 21 өдөр                 Дугаар 183/ШШ2021/03162                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.С

 

Хариуцагч: Л.Д

Гэрээний үүрэгт 1,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д зээлээр өвс өгсөн ба өвснийхөө мөнгийг авах гэж утсаар ярьж, нэхсэн боловч өгөхгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Л.Д шувуун фабрикт үхэртэй ба манай нөхөр бид 2 хүнээс өрөндөө өвс аваад таньдаг эгчээр дамжуулаад өвс авах хүн байна уу гэж асуухад хэд хэдэн хүн байна гэж хэлээд тэнд байдаг хүмүүст өвсөө зээлээр өгсөн. Өвс авсан хүмүүс нь өвсөө авснаас хойш 2 сарын дотор мөнгөө төлье гэж хэлсэн ба Л.Д бусад хүмүүс мөнгөө өгсөн. Л.Д нь өвсний мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн гэв.

 

Хариуцагч Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... миний бие М.С нэхэмжлэлийн шаардлага болох  1,235,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2022.02.01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

  

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх М.С гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч М.С гэрээний үүрэгт 1,235,000 төгрөг гаргуулахыг хариуцагч Л.Д шаардсан, нэхэмжлэлийн үндэслэлээ нэг боодол өвсийг 10,000 төгрөгөөр тооцож 95 боодол өвс зарсан, өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгээгүй гэжээ.

 

Хариуцагч Л.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022.02.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж 2021.11.15-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...2021 оны 2 сард нэг боодол өвсийг 10,000 төгрөгөөр тооцож 95 боодол өвс зарсан, нийт үнийн дүн 950,000 төгрөгийг сарын 10 хувийн хүү тооцож,  2021.06.05-нд бүрэн төлөхөөр тохирсон” гэж тайлбарласан болно.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

  Хэрэгт авагдсан 2021.09.16-ны өдрийн зээлийн гэрээ, 2021.09.17-ны өдрийн  гэрээнд нэмэлт өөрчлөлтөөр 1,235,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн гэх, гэрээний хугацаа 2021.06.05-наас 2021.10.17 хүртэл, заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх боловч худалдах, худалдан авах хэлцлийн дагуу шилжүүлсэн 95 боодол өвсний үнэ, төлөх хугацаа, төлбөл зохих хүүг харилцан тохиролцсон байна.

 

            Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ, 263.2-т зааснаар бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээхэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаатөлбөл зохих хүүгийн хэмжээ, үнийг заавал тусгах бөгөөд талууд худалдсан өвсний үнэ, төлөх хугацаа, төлбөл зохих хүүг гэрээндээ тусгасан гэж үзлээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,235,000 төгрөгийг 2022.02.01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн, талууд нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй байх тул хариуцагч Л.Д 1,235,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хариуцагч Л.Д шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Д гэрээний үүрэгт 1,235,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С олгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  34,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ