| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 136/2016/00443/И |
| Дугаар | 136/шш2017/00001 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 136/шш2017/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймаг С сум Г б худалдааны төвийн 1 давхарт байрлах Тийн банкны Д салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д овогт Тгийн Г /РД: *******/,
Г /РД: *******/ нарт холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 39,748,992.04 төгрөг, зээлийн хүүнд 244,439.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,84 төгрөг, нотариатийн зардал 10,000 төгрөг нийт 40,003,468.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар У.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төрийн банкны Д салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Г, Г.Г нар нь 2014 оны 11 дүгээр 06-ны өдөр 49 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан боловч зээлийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн. Мөн Т.Г, Г.Г нар нь манай банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан. Т.Г нь сүүлийн 1 жилийн хугацаанд С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажиллаж байсан ба ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш зээл төлөх боломжгүй болсон бөгөөд бизнесийн үйл ажиллагаа нь ямар ч орлогогүй болсон. Мөн Т.Гын бизнес нь улирлын чанартай тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагатай байна. Иймд Т.Г нь зээлээ байнга хугацаа хэтрүүлж төлдөг бөгөөд цаашид зээлээ хуваарийн дагуу төлөх боломжгүй юм. Манай банкны ажилчид зээлээ төлнө үү гэж Т.Гтай уулзахад та нарын асуудал надад хамаагүй, надад зээл төлөх боломж байхгүй тул шүүхдээ ханд гэж удаа дараа хэлж байсан. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 39,748,992.04 төгрөг, зээлийн хүүнд 244,439.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,84 төгрөг, нотариатийн зардал 10,000 төгрөг нийт 40,003,468.58 төгрөгийг Т.Г, Г.Г нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь амьдарч буй хашаандаа 18 төрлийн 3000 ширхэг мод, бут ургуулж усан оргилуур цөөрөм, хүмүүсийн амрах алжаал тайлах нөхцөл бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой ажиллаж байгаа. Д аймаг дахь Тийн банкнаас 2014 онд 50,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл авсан. Гэтэл Тийн банкны Д салбараас намайг зээлийн төлбөрийг төлөхөөс зориуд зайлсхийж байгаа гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг цуцлах саналыг гаргасан. Энэ нь бодит нөхцөлтэй нийцэхгүй байгаа. Эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан зээл төлөлтийг 5-19 хоногоор хугацаа хэтрүүлж байсан нь үнэн. Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр 30-ны өдөр 873,623 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн. Бизнесийн онцлог нөхцөл байдлаа ойлгуулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг удаа дараа тавьж байсныг Төрийн банк хүлээж аваагүй. Гэтэл зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж болох заалт тусгагдсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулахдаа 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч тухайн банк зөвшөөрөхгүй байна гэж хэлж байсан. Банкид зээлийн 6 төрлийн ангилал байдаг юм байна лээ. Миний авсан зээл хэвийн зээлнээс гарсан, хугацаа хэтрэлт нь 1 сар л байсан, 2017 оны 06 дугаар сараас хойш орлого орж зээлийг төлөх боломжтой гэж бодож байна. Миний 30 жилийн турш хийсэн ажил хөдөлмөр тэнд байгаа. Аялал зуучлалын үйлчилгээ үзүүлэх боломжтой гэсэн тул зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэрээний заалтын 2.2.2 дахь хэсэгт заасан зүйлийг ойлгож байгаа боловч нөгөө заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр намайг санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн гэж дурдсан байсан. Миний ажилгүйдлийн тэтгэмжийг бүгдийг нь банк руу шилжүүлсэн байсан. Зориуд санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж болохгүй. Банк нь харилцагчтайгаа түрэмгий байдлаар ханддаг, банкны хүлээх үүрэг бага мөртлөө эдлэх эрх нь асар их байдаг. Төрийн банк зээлийн гэрээнд тусгагдаагүй байгаа зүйлийг буюу 30 жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг хурааж авна гэдэг зүйл байхгүй. Манай газар 2,000 мкв талбайтай учир 30 гаруй сая төгрөгийн оронд манай газрыг авна гэхэд би гомдолтой байна. Миний хөрөнгө 30 сая төгрөгөөр үнэлэгдэх боломжгүй гэж үзэж байна. Зээлийг хүлээн зөвшөөрч цаашид төлөх боломжтой гэж үзэж байна. Зээлийн тал дээр ахлах эдийн засагч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярилцсан боловч надад боломжгүй гэж хэлсэн. Миний авсан зээл бол засгийн газрын зүгээс олгогдсон зээл бөгөөд би 80 сая төгрөгөөр төслөө хийж өгсөн, барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэхэд нь орлогоо нэмж оруулсан. Төрийн банк нь миний барьж байгаа 2 давхар орон сууцыг авна гэж хэлсэн. Миний хувьд зээлийг өөр зүйлд зарцуулсан зүйлгүй, цэцэрлэгт хүрээлэнгийнхээ тохижилтын асуудалд л зориулсан. Авсан зээлийнхээ 60 хувийг төлсөн байгаа. Банкнаас эхлээд зээлийн хүүг их өндөр авдаг. Зээл аваад 24 сар болж байхад 60 хувийг төлсөн байгаа гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тийн банкны Д салбар нь хариуцагч Т.Г, Г.Г нарт холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 39,748,992.04 төгрөг, зээлийн хүүнд 244,439.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,84 төгрөг, нотариатийн зардал 10,000 төгрөг нийт 40,003,468.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх боломжгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч Т.Г, Г.Г нар нь уг зээлийн гэрээгээр Тийн банкнаас 50,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, үйлчилгээний зориулалттай амины орон сууц барих, ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Д аймаг, С сум, * дүгээр баг Д **-** тоотод байрлах, 70 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-71****** дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, Д аймаг, С сум, * дүгээр баг Д **-** тоотод байрлах, 64 мкв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-07****** дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууц, улсын бүртгэлийн Г-07******* дугаарт бүртгэгдсэн 2060 мкв газар, Д аймаг, С сум, * дүгээр баг Д **-** тоотод байрлах, 48 метр куб талбай бүхий улсын бүртгэлийн Ү-07********* дугаарт бүртгэгдсэн гүний худгийг тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хх-8-18 дугаар тал/
Хариуцагч зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, нэмэлт хугацаа тогтоож байсан болох нь зохигчийн тайлбар, гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-22-23 дугаар тал/
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нотариатчийн хөлс нь нэхэмжлэгч талаас гарч буй эд хөрөнгийн зардал мөн бөгөөд тухайн эрх зүйн маргааны хувьд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл гаргаж нэхэмжлэгч шүүхэд хандан, нотариатын үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байх тул нотариатын хөлс 10,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэлээ.
Хариуцагч талаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 873,623 төгрөгийг төлсөн байх тул нийт 40,003,468.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон 39,129,845.58 төгрөгийг хариуцагч Т.Г, Г.Г нараас гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Д салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 353,599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 39,129,845.58 төгрөгийг хариуцагч Т.Г, Г.Г нараас гаргуулж, нэхэмжлэгч Тийн банкны Д салбарт олгож, 873,623 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 353,599 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тийн банкны Д салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА