Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                

    Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж

Улсын яллагч М.Батзаяа

                Шүүгдэгч Б.Сандуйжав

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан ирүүлсэн Түвдэн овгийн Батжаргалын Сандуйжавт холбогдох 201703000173 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, 4 дүгээр ДЦС-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5 дугаар хороо 45-ын 1 дүгээр байрны 09 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Түвдэн овгийн Батжаргалын Сандуйжав /РД: ию89122591/

 

Холбогдсон хэргийн талаар / яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Сандуйжав нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Цуурай гэх газарт аспалтан зам дээр 63-92 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Энхжаргалын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сандуйжавын мэдүүлсэн: ...Би өөрийнхөө анхаарал болгоомжгүйгээс болоод хамаатны эгч С.Энхжаргал болон охиныхоо биед гэмтэл учруулсан. Шаардлагатай гэсэн бүх л эмчилгээг хийлгэсэн. Цаашдаа ч хийлгэх болно. Миний охин цэцэрлэгт явдаг байсан боловч энэ ослоос болоод одоо цэцэрлэгт явахгүй байгаа. С.Энхжаргал эгчийн эмчилгээ, нутаг руугаа явах зардалд 3.600.000 гаруй төгрөгийг төлсөн. Тухайн үед ажлаасаа амралт авчихсан байсан. Цагдаа, прокуророор хэргээ шийдүүлэх гэж цаг хугацаа их зарцуулсан. Ажлаасаа цалингүй чөлөө авсан учраас манай ар гэрийн санхүүгийн байдал маш хүнд байна. Энэ байдлыг харгалзан үзэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

 

            Мөрдөн байцаалтын шатанд:

 

            Хохирогч С.Энхжаргалын мэдүүлсэн: ...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хот руу дүү Сандуйжав жолоочтой хамт 63-92 УНБ улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай явсан. Завханаас 19 өнгөрч байхад гараад, замдаа 2 цаг унтаад, Солонготын даваа даваад 1 цаг гаруй унтаад өглөө 07 цаг өнгөрч байхад Цахир сумаас хөдөлсөн. Би урд суудал дээр Сандуйжавын 2 нас 5 сартай охин Энэрэлбуяныг тэврээд унтаж явсан. Гэнэт Сандуйжав уулга алдаад тэрхэн зуур би сэртэл машин замын баруун гар тал руу унаж онхолдсон. Би Энэрэлбуянтай хамт машины цонхоор шидэгдээд газар уначихсан. Тухайн үед цаг хартал 09 цаг болж байсан. Осол Өндөр-Улаан сумын Донгой багийн Цуурай гэх газар болсон. Миний биеийн зүүн гарын бугалга хэсэгт хугаралттай, нуруундаа аарцаг хугаралтай, нуруундаа С1, L1 /сэртэнгийн/ хугаралтай, С1 нь зөрүүгүй хугаралтай бөгөөд эдгээр гэмтлүүд учирсан. Энэрэлбуянгийн хөлний зөөлөн эд гэмтсэн. Сандуйжавын биед гэмтэл учраагүй. Сандуйжав машин жолоодоод түүний охин Энэрэлбуян бид 3 хамт явсан. Осол юунаас болж гарсныг мэдэхгүй, би унтаж явсан. Осол хоромхон зуур болсон. Унтаж явсан болохоор хурдыг мэдээгүй, жолооч архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би 182 тоот дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Би эмчилгээний зардал болон бусад зардалд 3 сая орчим төгрөг зарцуулсан. Би Сандуйжавтай сайн дураараа эвлэрч, хохирлын талаар маргаангүй болсон бөгөөд одоо болон цаашид гомдол саналгүй. Хэргийг шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

            Б.Сандуйжавын сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2017 оны 04 сарын 08-ны орой 19 цаг 30 минутын орчим Завхан аймгаас Улаанбаатар хот руу хамаатны эгч Энхжаргал, 2 нас 5 сартай манай охин Энэрэлбуянгийн хамтаар өөрийн эзэмшлийн 63-92 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар гарсан. Замдаа 2 цаг машиндаа унтаж амарсан. 04 сарын 09-ний өглөөний 09 цагийн орчим Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Цуурай гэх газар явж байтал нэг мэдсэн чинь машины рүүл зүүн гар тал руугаа булаагаад замын эсрэг урсгал руу орохоор нь гэнэт сандраад баруун гар тийш дараад, тормос гишгэтэл шарвасан бөгөөд нэг мэдсэн чинь баруун гар талын далан руу онхолдчихсон. Хамаатны эгч Энхжаргалын биед зүүн гар талын бугалганы яс, аарцагны яс хугарсан, манай охины хөлийн зөөлөн эд гэмтсэн, зулай нь халцарсан байсан. Өөр гэмтэл бэртэл учраагүй. Би ойролцоогоор 80 км/цагийн хурдтай явж байсан. Осол яг юунаас болсныг санахгүй байна, хоромхон зуурт нэг мэдэхэд зүүн талын эсрэг урсгал руу машин орсон. Би баруун тийш сандарч дараад аваар осол гарсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бүх шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Би Энхжаргалтай сайн дураараа эвлэрч хохирол болох 3 сая/ 3.000.000/ төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Бидний хооронд одоо болон цаашид гомдол санал байхгүй. Хэргийг хөнгөн шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

 

             2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 25 тоот шинжээчийн дүгнэлт: ...1. Жолооч Б.Сандуйжав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Б.Сандуйжав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Б.Сандуйжав нь тус заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. 3.Замын нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/

 

            2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шинжилгээний албаны 182 дугаартай шинжээчийн дүгнэлт: ...1. С.Энхжаргалын биед зүүн умдаг ясны дээд ирмэгийн хугарал, зүүн бугалга ясны доод хэсгийн далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги байдлаар нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38 хуу/

 

            2017 оны 04 сарын 15-ны өдрийн шүүхийн шинжилгээний албаны 19 дугаартай химийн шинжилгээний дүгнэлт: ...1. Б.Сандуйжавын гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40 хуу/

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 хуу/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08 хуу/

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 39-42 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59-60 хуу/

            Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 хуу/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 хуу/

            Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66 хуу/

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 67 хуу/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.   

 

            Шүүгдэгч Б.Сандуйжав нь 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Цуурай гэх газарт 63-92 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Энхжаргалын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч С.Энхжаргалын ...Гэнэт Сандуйжав уулга алдаад тэрхэн зуур би сэртэл машин замын баруун гар тал руу унаж онхолдсон. Би Энэрэлбуянтай хамт машины цонхоор шидэгдээд газар уначихсан...гэх мэдүүлэг, Б.Сандуйжавын сэжигтнээр мэдүүлсэн ...04 сарын 09-ний өглөөний 09 цагийн орчим Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн Цуурай гэх газар явж байтал нэг мэдсэн чинь машины рүүл зүүн гар тал руугаа булаагаад замын эсрэг урсгал руу орохоор нь гэнэт сандраад баруун гар тийш дараад тормос гишгэтэл шарвасан бөгөөд нэг мэдсэн чинь баруун гар талын далан руу онхолдчихсон....гэх мэдүүлэг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 25 тоот шинжээчийн дүгнэлт, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн шинжилгээний албаны 182 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 хуу/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08 хуу/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 Иймд Б.Сандуйжавыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Сандуйжав нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгч Б.Сандуйжавтай сайн дураар эвлэрсэн байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Сандуйжав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                         

     

        ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Түвдэн овгийн Батжаргалын Сандуйжавыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Сандуйжавыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Сандуйжав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Сандуйжавын бичиг баримт шүүхэд ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Б.Сандуйжавт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентгэн зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                           

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ОДХҮҮ 

                             

 

                                                                   

                   

 

­