Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0019

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

                   Прокурор                                                           Ц.И

           Шүүгдэгч                                                           Ч.Ц

           Нарийн бичгийн дарга                                 Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Цт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овгийн Ч-н Ц,

 

Шүүгдэгч Ч.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2018 оны 11 сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Өндөр” хотхоны ар талын авто зам дээр 41-80 ОРО улсын дугаартай Мазда демо загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж эвдрэлийн улмаас ослын дохионы гэрлээ асаан зам дээр зогсож байсан 40-31 УНИ улсын дугаартай Хьюндай Аксент загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овгийн Ч-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Ч.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-т тус тус заасныг журамлан шүүгдэгч Ч.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 600.000 төгрөгний торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Цын эдлэх 1 жил, 7 сар, 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Ч.Цт буцаан олгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г давж заалдах гомдолдоо:

 

... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 5 дугаар хуудас “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй...” гэж үздэг, гэтэл гэрч Цагдаагийн албан хаагч Д.Э тодорхойлох хэсгийн 2 хуудас “... 41-80 ОРО улсын дугаартай цагаан өнгийн Мазда Демо маркийн тээврийн хэрэгслийг цагаан өнгийн жижиг машин чирчихсэн зогсож байсан.” Мөн өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ч.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тээврийн хэрэгслийг нь чирж явсан жижиг цагаан машины жолоочид ах нь юм мөргөчих шиг боллоо тийшээ хүргээд өгөөч гэж хэлээд осол болсон газар руу чирүүлж явж байхад цагдаа нар зогсоосон байдаг. Энэ жижиг цагаан машины жолоочийг гэрчээр асуусан бол Ч.Ц нь авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч  зугтаах гэмт хэргийг шууд санаатайгаар үйлдэж зугтаах идэвхтэй үйлдэл байгаагүйг хэлэх байсан талаар ярьдаг. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Мөрдөгч, Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж манай үйлчлүүлэгч Ч.Цын эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн зарчмуудыг зөрчсөн.

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 6 дугаар хуудас “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдэл байдаг, гэтэл шүүх Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж гэмт хэргийн шинжийг үгүйсгэж шүүгдэгч Ч.Цын эрх зүйн байдлыг дордуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 41-80 ОРО улсын дугаартай цагаан өнгийн Мазда Демо маркийн тээврийн хэрэгслийг цагаан өнгийн жижиг машин чирчихсэн явж байсан чирж явсан тээврийн хэрэгслийн жолоочийг гэрчээр асуувал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдох ач холбогдолтой талаар хэлэлцүүлгийн явцад ярьж байсан боловч энэ талаар өмгөөлөгч миний саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ч.Цт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогчид төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Ч.Цт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

         Ч.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Өндөр хотхоны” ар талын авто зам дээр 41-80 ОРО улсын дугаартай Мазда Демо маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, ослын дохионы гэрлээ асаан эвдрэлийн улмаас зам дээр зогсож байсан 40-31 УНИ улсын дугаартай Хьюндай Аксент загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж, Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

         Хохирогч Б.Б-н ...Дэнж багийн Элит хорооллын тэнд явж байхад машин түг гэж дугарахаар нь буугаад машиныхаа ослын гэрлээ асаагаад копутыг сөхөж байхад миний машины араас гэнэт машин мөргөөд түс тас гээд явчихсан. Миний машины арын дугуй, урд дугуй хөлөн дээгүүр минь гараад явчихсан... Мөргөсөн машин тэр чигээрээ яваад өгсөн. Араас нь дугаарыг нь харахад 41-80 улсын дугаартай цагаан өнгийн машин байсан... гэсэн мэдүүлэг

 

         Шинжээч эмчийн ...Хохирогч Б.Б-н биед зүүн шагайн үений дотор хавчаар яс болон зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн шагайн үений хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр, хөнгөн зэргийн  гэмтэл учирсан талаарх 819 дугаартай дүгнэлт,

 

         Шүүгдэгч Ч.Цыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчснөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй болохыг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 77 дугаартай дүгнэлт,

 

         Шүүгдэгчийн цуснаас 1,35 промилл процент этиллийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн 278 дугаартай дүгнэлт,

 

         Мөргөлдсөн машинуудын эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн 284 дугаар дүгнэлт,

 

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Д.Э, Б.Б нарын мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

         Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2.д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн  27.11 дүгээр зүйлийн 1.д зааснаар 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1.д заасныг журамлан 1 жил 6 сарын хорих ял дээр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэжээ.

 

         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

         Гэвч шүүгдэгч Ч.Ц нь  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2.д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг  оногдуулж, анхан шатны шүүхээс оногдуулсан  хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Шүүгдэгч Ч.Ц нь согтуурсан үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөөд зогсолгүйгээр хэргийн газраас зугтаж, Хивсний үйлдвэрийн урд талын зам дээр ирж зогсоод машин нь асахгүй болохоор нь машинаа гэртээ аваачиж тавихаар чирүүлээд явж байхад нь цагдаагийн ажилтан зогсоосон үйл баримтуудаар  шүүгдэгч нь хэргийн газрыг зориуд орхин зугтаасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

 

         Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар ...согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...,  мөн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар ...тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн... тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г-н ...Ч.Цт холбогдох Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 , 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар  заалтын “1 жил 6 сарын хорих ялаар” гэснийг “6 сарын хорих ялаар” гэж,

Тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “1 жил 6 сарын хорих ял дээр” гэснийг “6 сарын хорих ял дээр” гэж, “1 жил 7 сар 10 хоног” гэснийг “7 сар 10 хоног” гэж,

Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “1 жил 7 сар 10 хоногийн” гэснийг “7 сар 10 хоногийн” гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.д зааснаар шүүгдэгч Ч.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас тоолсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА