| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0133/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч М.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ад холбогдох эрүүгийн 2436000000173 дугаартай, 178/2024/0133/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Буянт багийн 1-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын Б*******, регистрийн дугаар *******.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******ын Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт архи согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр Д.Батболдын толгой тус газарт чулуугаар цохиж хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* овогт *******ын Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны орой 23 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт архи согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр Д.Батболдын толгой тус газарт чулуугаар цохиж хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Д.Батболдын мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал), яллагдагчаас авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал), Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч Б.Цэндхүүгийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 480 дугаартай ... Д.Батболдын биед гэмтэл учирсан байна. Д.Батболдын биед зүүн чамархайн урд хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Д.Батболдын биед учирсан дээрх гэмтэл цаг хугацааны хувьд шинэ байх ба тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Батболдын биед учирсэн дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.Батболдын биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Батболдын биед учирсан дээрх зүүн чамархайны урд хэсгийн хуйханд шарх, хамар ясны 2 талд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 22-24 дэх тал), яллагдагч М.Б*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 55-57 дахь тал), яллагдагч М.Б*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч М.Б******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос яллагдагч М.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 700000 төгрөг төлөгдсөн, хор уршиг нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчид оногдуулах 500000 төгрөгний торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б*******ад мэдэгдэж ирүүлжээ.
Иймд шүүгдэгч М.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б*******ад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2436000000173 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.Батболдод 700000 төгрөг төлөгдсөн, хохирол хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч М.Б*******ад торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*******ад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*******ад оногдуулсан таван зуун мянган төгрөгний торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2436000000173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, хохирогч Д.Батболдод 700000 төгрөг төлөгдсөн, цаашид хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч М.Б*******ад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.Б*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА