Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00736

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/00736

Улаанбаатар хот

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, Т ХХК /РД:2../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. тоотод оршин суух, Б.О /../-д холбогдох

 

Хариуцагч: Т.Б  /.../ нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 63 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Х..., хариуцагчийн төлөөлөгч Т.Т..., гэрч Д.С..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани төмрийн худалдаа, төмөр хийцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Б.О өөрийн биеэр манай компани дээр ирж скруббер-80 төхөөрөмж хийлгэх санал тавьсан. Үүний дагуу хоёр тал 2015 оны 8 сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан үнэт металл баяжуулах 80 скруббер төхөөрөмжийг 90 000 000 төгрөгөөр 66 хоногт багтаан хийхээр гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөр 30 000 000 төгрөгийг гүйцэтгэгч талд буюу манай талд төлсөнөөр тухайн төхөөрөмжийг тогтоосон хугацаанд захиалагч талын баталсан ажлын зураг, орц норм, стандартын дагуу хугацаандаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг 2 хувааж буюу 2015 оны 10 сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөг, 2015 оны 11 сарын 01-ний өдөр 30 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон. Ингээд Б.О үлдэгдэл төлбөрөөс 18 000 000 төгрөг төлсөн. Б.О нь уг төхөөрөмжийн үнийг төлж чадахгүйн улмаас уг төхөөрөмжийг Т.Б гэдэг хүнд шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөрийг Т.Б нь төлж дуусгахаар манай компанитай тохиролцсан. Улмаар энэ тухайгаа баталгаажуулж, барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 42 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй манай компанийг хохироосоор байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу алданги 21 000 000 төгрөг нийт 63 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч одоо хариуцагч Б.Охиндоод холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, мөн алдангийн 21 000 000 төгрөгөөсөө татгалзаж, хариуцагч Т.Батбаатараас гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Т.Б -н  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сарын орчимд “Тэнүүн-Өлзий” ХХК-иас Т.Б -н  танил Б.О 90 сая төгрөгний үнэ бүхий алт угаах төхөөрөмжийг 30 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд үлдснийг нь лизингээр төлөх гэрээ байгуулсан байсан. Тэгээд О нь энэ тухайгаа ярьж “...цаашид лизингээ төлж чадахгүй болчихлоо” гэхээр нь би үргэлжүүлэн мөнгийг нь төлөөд дуусгая гэж тохиролцон уг төхөөрөмжийг худалдан авахаар болсон. Ингээд би Б.Охиндоогийн хамт “Т ХХК-д очиж захирал Буян-Өлзийтэй уулзаж үлдэгдэл 60 сая төгрөгийн өр төлбөрийг төлж дуусгахаар амаар тохиролцож, 2016.07.9-ний өдрийг хүртэл хугацаанд 18 сая төгрөгийг тус байгууллагад шилжүүлсэн. 2016 оны 07-08 саруудад ашигтай ажиллаж чадаагүйгээс компанийн мөнгийг өгч чадахгүй болсон. Тэгтэл намайг “Т  ” ХХК -ны удирдлагууд “..мөнгөө өг, эсхүл барьцаанд ямар нэг зүйл тавь." гэхээр нь миний бие нь Д.Сайннямбуугаас худалдан авсан, LG935N маркийн урдаа шанагатай ачигч машинаа тус компанийн хуулийн зөвлөх Хангал, Баярмагнай нарт төхөөрөмжийн гаалийн бичиг баримтыг эх хувиар нь, итгэмжлэл, 1 ширхэг түлхүүрийг өгсөн байдаг. Дараагаар өр төлбөрөө төлж, машинаа авахаар “Т  ” ХХК дээр иртэл миний машиныг бусдад 40 сая төгрөгөөр зарчихсан гээд буцаан өгөөгүй. Тухайн ачигч машины хувьд би Д.Сайннямбуугаас зээлээр худалдан авсан, төлбөр тооцоо дуусаагүй байснаас /одоо төлбөр тооцоо дууссан/ тээврийн хэрэгслийн бичиг баримт, улсын дугаар аваагүй юм. ... Ингээд харьяа цагдаагийн хэлтэст эд хөрөнгийг дураар аашлан үрэгдүүлсэн тухай гомдол гаргасан. Улсын Ерөнхий Прокурорын 2017.08.07-ны өдрийн 1153 тоот мэдэгдэх хуудсаар намайг хохирлоо дээрхи “Т  ” ХХК-иас гаргуулах боломжтой болохыг мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл байцаан шийтгэх ажиллагаа явуулсаны үндсэн дээр уг компанийн гэм буруутай үйлдлийг тодорхойлж, мөн намайг хохирсон этгээд болохыг хүлээн зөвшөөрсөн утгыг илэрхийлдэг. Иймд би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Т  ” ХХК-ийг хариуцагчаар татан гэм хорын хохирлын нэхэмжлэл гаргасанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2017.11.15-ны өдрийн 183/ШШ2017/02493 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болж дахин шийдэхээр буцаасан. Нэхэмжлэгч этгээд нь миний эд хөрөнгийг дураар аашлан үрэгдүүлсэн тул уг хэргийг эцэслэн хянан шийдвэрлэгдэх хүртэл энэхүү хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хүсэлт гаргасан боловч хангаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх гэрч Д.Сайннямбуугийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Охиндоо, Т.Батбаатарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 63 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч хариуцагч Б.Охиндоод холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т.Батбаатарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 21 000 000 төгрөгөөр багасгаж, ажлын хөлсний дутуу 42 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК болон Б.О нарын хооронд 2015 оны 8 сарын 26-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т ХХК нь 80 скруббер төхөөрөмжийг 2015 оны 8 сарын 26-наас 2015 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл ажлын 66 хоногт хийж Б.Охиндоод хүлээлгэн өгөх, Б.О нь ажлыг хүлээн авч, 90 000 000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 11-12/

 

Уг гэрээний дагуу Т ХХК нь үнэт металл баяжуулах 80 скруббер төхөөрөмжийг Б.Охиндоод хүлээлгэн өгч, ажлын хөлсөнд 30 000 000 төгрөгийг төлсөн  байна.

Үүний дараа Б.О нь төхөөрөмжийн үнийг төлөх боломжгүй болж, улмаар Т.Батбаатарт төлбөрийг үргэлжүүлэн төлж дуусгах, уг төхөөрөмжийг худалдан авах санал тавьсан байх ба энэ талаараа Т ХХК-ийн захирал Буян-Өлзийтэй уулзаж, амаар тохиролцсон байна.

 

Түүнчлэн Т.Б нь уг эд хөрөнгийг авсны дараа 18 000 000 төгрөгийг төлж, гэрээний үүрэгт 42 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа талаараа тайлбарлаж байх ба зохигчид эдгээр асуудлаар маргаагүй байна.

Эдгээрээс дүгнэхэд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “эзэмшигчтэй нь тохиролцсоноор буюу үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болохоор...” зааснаар хариуцагч Т.Б нь Б.Охиндоогийн 42 000 000 төгрөг төлөх өрийг Т ХХК-ийн захирал Буян-Өлзийтэй тохиролцсоноор өөртөө шилжүүлэн авсан байна.

Өөрөөр хэлбэл Т.Б нь талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 заасан ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргийг өөртөө шилжүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь дутуу авсан ажлын хөлсөө шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч Т.Б нь төлбөрийг төлөхгүй шалтгаанаа “нэхэмжлэгч компани нь өр төлбөрөө төлж машинаа авахаар иртэл миний барьцаанд тавьсан LG935N маркийн урдаа шанагатай ачигч машиныг бусдад 40 сая төгрөгөөр зарчихсан гээд буцаан өгөөгүй, ... миний эд хөрөнгийг дураар аашлан үрэгдүүлж хохироосон” гэж тайлбар гарган маргаж байх ба уг гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлтэй бие даасан хэрэг тусдаа тус шүүхээр хянагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гэм хор учруулснаас үүрэг үүргийн шаардлагатай нэгтгүүлнэ гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлт үндэслэлгүйн дээр уг барьцаанд тавьсан LG935N маркийн урдаа шанагатай ачигч машинд үзлэг хийлгэх, шинжээч томилуулах тухай хүсэлтүүд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хангахгүй орхиж, эдгээр шаардлагууд нь харилцан тооцох шаардлага биш гэдгийг дурдах нь зүйтэй юм.

 

Иймд хариуцагч Т.Батбаатараас 42 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч Б.Охиндоод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Батбаатараас 42 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Охиндоод холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 473 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 367 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай.

                

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ