Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч Мягмар овогт Амгалантогтохын *******д холбогдох эрүүгийн 2436002830200 дугаартай, 178/2024/0143/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл нэг, Ховд аймгийн ******* сумын Төгрөг гол багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлагаа хүлээж байгаагүй, Мягмар овогт Амгалантогтохын *******, регистрийн дугаар *******.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Мягмар овогт Амгалантогтохын ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Мөнхтуяаг “гадуур хонолоо” гэх шалтгаанаар биед нь халдаж 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ маргалдаж үснээс чирэх, толгой хэсэгт өшиглөх, баруун хацар, шанаа хэсэгт, зүүн хацар шанаа хэсэгт гараараа олон удаагийн давтамжтай цохих зэргээр биед халдаж биед нь баруун нүд шанаа, хацар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд, доод зовхины баруун хэсгийн зулгаралт, хоёр өгзөгний гадаргууг бүхэлд нь хамарсан цус хуралт, зүүн гуяны гадна дээд болон дунд хэсгийг  хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Мөнхтуяаг “гадуур хонолоо” гэх шалтгаанаар биед нь халдаж 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ маргалдаж үснээс чирч, толгой хэсэгт өшиглөж, баруун хацар, шанаа хэсэгт, зүүн хацар шанаа хэсэгт өшиглөж гараараа олон удаа цохиж биед нь халдаж баруун нүд шанаа, хацар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд, доод зовхины баруун хэсгийн зулгаралт, хоёр өгзөгний  гадаргууг бүхэлд нь хамарсан цус хуралт, зүүн гуяны гадна дээд болон дунд хэсгийг  хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хохирогч Х.Мөнхтуяагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 76-77 дахь тал), Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлээр “бага” (хавтаст хэргийн 8-10 дахь тал), Ховд аймаг дахь Баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч дэслэгч Я.Мөнхнасангийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 481 дугаартай ... Х.Мөнхтуяагийн биед нь гэмтэл учирсан байна. Х.Мөнхтуяагийн биед баруун нүд шанаа, хацар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд, доод зовхины баруун хэсгийн зулгаралт, хоёр өгзөгний  гадаргууг бүхэлд нь хамарсан цус хуралт, зүүн гуяны гадна дээд болон дунд хэсгийг  хамарсан цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх баруун нүд шанаа, хацар хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины цус хуралт, дээд, доод зовхины баруун хэсгийн зулгаралт гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 24 цагийн дотор, бусад биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь үзлэг хийгдсэн өдрөөс  өмнө 3-5 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”... гэх дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн 30-31, 50-54 дүгээр тал), яллагдагч А.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 59-62 дахь тал), яллагдагч А.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос яллагдагч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хор уршгийн төлбөрт хохирогчид нөхөн төлөх хор уршиггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4- т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******д тайлбарлан ирүүлжээ.

Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан найман зуун мянган төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2436002830200 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Х.Мөнхтуяа нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мягмар овогт Амгалантогтохын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мягмар овогт Амгалантогтохын *******д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай..

4. Эрүүгийн 24362830200 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч А.*******д мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч А.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.ЦЭЦЭГМАА