| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0158/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/163 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид холбогдох 178/2024/0158/Э индекстэй эрүүгийн 2436001770124 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1975 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд нярав ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Наран багийн 24-03 тоотод оршин суух хаягтай, сарын өрхийн орлого-2500000-2800000 төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр ...“Яллагдагч Ж.******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн нягтлан бодогчийн өрөөнд “нүүрс пүүлж ав” гэх шаардлагыг эсэргүүцэж тус сургуулийн нягтлан бодогч ажилтай Б.*******тэй маргалдаж түүний толгой, нүүр, 2 гарын орчимд гараараа цохиж биед нь баруун чамархайн дунд, дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Ховд аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.*******ээс Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг 7 дугаар дунд сургуульд иргэн Ж.******* нь миний биед халдаж зодсон ... гэх гомдлыг гаргасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),
1.2 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ийн өгсөн ... “2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай сургууль дээр нүүрс авахаар болсон. Тэгээд би нярав Ж.******* руу залгаж “нүүрс ирсэн байна пүүлээд аваарай” гэж хэлсэн. Тэгтэл утасны цаанаас “хэн тэгсэн юм бэ” гэж хэлээд “тэгж хэлсэн хүнийхээ утасны дугаарыг өг” гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө байж байтал Ж.******* орж ирээд хэрүүл маргаан хийгээд байсан. Намайг өрөөнөөс гараад явсан чинь миний араас дагаж гарч ирчихээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би эргээд өрөөндөө орсон. Тэгтэл Ж.******* надтай хэрүүл хийгээд байхаар нь дахиад гарч явах гэтэл хаалга алдалж зогсчихоод миний цээжрүү гараараа түлхсэн. Тухайн үед би Ж.*******ид чи яаж байгаа юм бэ гээд түлхсэн. Тэгтэл миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би цагдаад хандсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Тухайн хэрэг болсны дараа Ач- Заяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 100000 төгрөгний зардал гарсан байгаа. Тухайн мөнгөө гаргуулна. Гомдолтой байна ” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37, 84 дүгээр хуудас),
1.3 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Ховд аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Д.Тогтохын Хүний биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээ хийсэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаартай "... Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. Б.*******ийн биед баруун чамархайн дунд, дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна.” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
1.4 Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Ховд аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Д.Тогтохын Шүүх анагаах ухааны хүний биед хийсэн шинжилгээ хийсэн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаартай "... Ж.*******ийн биед зүүн чихний дэлбээний дээд дотор хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 6-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
1.5 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №0787322 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Б.*******т Зөрчлийн тухайн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
1.6 Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Д.Тогтохын өгсөн ... “Би Б.*******ийн биед 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дүгнэлтээ гаргасан. Дээрх асуултад дурдагдсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унах үед үүсэх боломжтой. Б.*******ийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Би Б.*******ийн биед гэмтлийн зэрэг тогтоохдоо шинээр үүссэн байна гэх хариулт бичигдсэн. Учир нь тухайн иргэний биед хуучин гэмтэл байсан бол гүн зулгаралт, шархны сорви, цус хуралт эдгэрсэн байх байсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
1.7 ******* овогт *******гийн *******ийн /*******/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас (хавтаст хэргийн 92 дугаар хуудас),
1.8 ******* овогт *******гийн *******ийн /*******/-гийн Ховд аймгийн ******* сумын Наран багийн 24-3 тоотод оршин суудаг талаархи иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
1.9 ******* овогт *******гийн *******ийн /*******/-гийн Ховд аймгийн ******* сумын Наран багийн 24-3 тоотод оршин суудаг талаархи иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
1.10 Шүүгдэгч Ж.*******ийн яллагдагчаар өгсөн ... “2024 оны 03 дугаар сарын 06- ны өдөр өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирээд байж байхад Б.******* миний дугаарлуу залгаад “сургуулийн гадна нүүрс ирчихсэн байна, нүүрсээ пүүлж авмаар байна аудитын шалгалтаар ирсэн залуу нүүрсээ пүүлж ав гэж байна” гэхээр нь тухайн залуугийн дугаарыг надад мессежээр явуулчих, тэр залууг яваад хамт пүүлж авмаар байна гэж хэлсэн. Утсаар ярьж дуусаад 10 минут орчим хүлээгээд дугаарыг нь өгөхгүй болохоор нь Б. *******ийн дугаарлуу залгахад утас нь ярьж байгаа дохио өгөөд байхаар нь өрөөндөө явж ороход Б. ******* өрөөндөө ганцаараа цонхны хажууд утсаар яриад зогсож байсан. Тэр үед Б.*******ээс нөгөө хүний дугаар надруу явуулах юу болсон бэ гэж асуухад утсаар ярьж байхдаа надад нэг дугаар хэлсэн би тэр дугаарыг нь тэмдэглэж аваагүй. Би Б. *******т хандаж “нүүрс пүүлж авахдаа тулах юм бол тэр шалгалтаар ирсэн залууг өөрийг нь дагуулж очоод өөрийг нь байцуулж байгаад пүүлж авмаар байна та өөрөө бас хамт яв” гэж хэлэхэд Б.******* би пүүлж ав гэж хэлээгүй шалгалтаар ирсэн аудитын залуу пүүлж ав гээд байна. Чи нүүрсний асуудлаа өөрөө учраа ол, надад хамаа байхгүй гэж надад хэлсэн. Танд яагаад хамаагүй байдаг юм бэ, би тэр залууг очоод дагуулаад ирье гэж хэлэхэд чи наад асуудлаа өөрөө учрыг нь ол надад хамаа байхгүй гэж надад хэлээд ширээний араас босоод өрөөнөөс гарч яваад удалгүй буцаж ирээд намайг өрөөнөөс гар гээд миний хувцаснаас зууралдаад татаад орилоод байхаар нь та намайг өрөөнөөс яагаад хөөгөөд байгаа юм бэ гэж хэлэхэд чи хуцалгүй өрөөнөөс гар гээд миний баруун хацар луу гараараа нэг удаа алгадсан, уруул хэсэгт бас нэг удаа цохиж зулгарсан, зүүн чихний дотор хэсэгт шалбарч цус гарсан байсан. Бид хоёрын дунд ажил хэргийн улмаас маргалдах асуудал гардаг. Бид хоёр нүүрс пүүлж ав гэснээс болж маргалдсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас),
1.11 Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... Яллагдагч Ж.******* нь тус сургуулийн 213 тоот өрөөнд хохирогч Б.*******тэй маргалдсан. Тухайн үед Б.******* хаалгаар гарч явахаар нь араас нь гарах үед миний урдаас ирээд хаалган дээр намайг өрөөнөөс гар гээд түлхсэн. Тэр үед гарахгүй гээд нэгнээ түлхсэн гэж заасныг 1 тоогоор, 2 тоогоор Б.******* намайг нэг удаа алгадаж гараа атгаж 2-3 цохисон, мөн тухайн үед бид хоёр нэгнээ татаж түлхсэн гэж хэлж заасан ба тухайн үйл явцыг гэрэл зургаар бэхжүүлэв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас),
1.12 Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ... Хохирогч Б.*******ийн мэдүүлгийг тус сургуулийн 213 тоот өрөөнд явуулав. Б.******* нь тус өрөөн дотор маргаан болоод би өрөөнөөс гар гэхэд Ж.******* нь хаалга алдалж зогсоод намайг гаргахгүй гээд миний гарлуу цохиж түлхсэн гэх цэгийг 1 тоогоор, тэмдэглэв. 2 тоогоор тэмдэглэсэн хэсэгт намайг хүчтэй түлхэж миний нүдний шилийг газарт унагаж миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, тэр үед би ширээний ард очоод цагдаад мэдэгдэнэ гээд орилоход Ж.******* гараад явсан” ... гэм тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),
1.13 Хохирогч Билэгтийн *******ийн Ач-Заяа эмнэлэгт 2024 оны 03 дугаар сарын 21- ний өдөр хэвтэн эмчлүүлсэн төлбөрт 100000 төгрөг төлсөн EW47983529 дугаартай баримт (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),
1.14 Гэрч Б.Сайнсанаагийн мөрөн шалгах ажиллагаанд өгсөн ... “ Бид Ховд аймгийн ******* сумын Наран багийн 24-03 тоотод оршин суух хаягтай боловч ******* сумын Жаргалан багийн Гүн чандманы 07 тоотод оршин суудаг,Ж.*******ийн эзэмшилд 63-10 ХОҮ улсын дугаартай FIT маркийн тээврийн хэрэгсэл, Гүн чандмань дахь 2 өрөө байр байгаа. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед нөхөр Ж.*******ийн дугаар луу залгахад “би цагдаа дээр байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд очиж уулзах гээд явж очоод хайхад олдоогүй. Дахиад залгахад “хүүхдийн ордон дээр байна” гэхээр нь яваад очиход ордны гадна талд машинаа арчаад зогсож байсан. Тэгээд уруул нь язарчихсан, баруун талын хацар нь үл мэдэг хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад Б.******* бид хоёр хоорондоо маргалдаад нөхөр хүүхдүүд нь ирээд намайг цохих гээд дайрсан юм. Тэр үед цагдаагийн алба хаагч нар ирээд бид нарыг аваад ирсэн юм гэж хэлсэн. Би Б.*******ийн нөхөрт хандаж танай эхнэр дарамтлаад байна гэж хэлэхэд Б.******* чам шиг юмыг дарамталж байхад яадаг юм гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа буюу 6 хоногийн дараа шүүх шинжилгээний байгууллагад очиж үзүүл гээд цагдаагаас холбогдож ярьж хэлж байсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас),
1.15 Шүүх хуралдаанд хохирогч Б.*******ийн өгсөн ... Намайг ажлын шаардлага тавьсанаас болж зодсон. Уг нь зодоон болоод байх зүйл байхгүй байсан юм. Түүнээс хойш байнга дарамттай байна, ажил хийж болохгүй байгаа, ажил хийх гээд залгахаар утсаа авахгүй байнга мессэж бичиж харьцаж байгаа, би сэтгэл санаагаар маш их унасан. Цагдаа нар ирээд явсаны орой нь өрөөнд орж ирээд элдэв янзаар хэлж байгаад гарсан. Надаас огт уучлалт гуйгаагүй. Надад эмчилгээний зардалд 100000 төгрөг төлсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг,
1.16 Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.*******ийн өгсөн... Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Одоо гэм буруу дээрээ маргахгүй учраас мэдүүлэг өгөхгүй ... гэх мэдүүлэг
1.17 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ийн өгсөн... Ж.*******ид зодуулсны улмаас надад хөнгөн гэмтэл учирсан. Өөрөөсөө 100000 төгрөг гаргаж Ач- Заяа эмнэлэгт хэвсэн. Тухайн 100000 төгрөгийг Ж.******* төлсөн. Мөн өмгөөлөгчид төлсөн 300000 төгрөгийг төлсөн. Ж.******* нь өөрийн сайн дураар надад 400000 төгрөгний хохирол төлсөн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1. 1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад баримттай харьцуулан дүгнэж, үзэхэд: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн нягтлан бодогчийн өрөөнд “нүүрс пүүлж ав” гэж хэллээ гэх шалтгаанаар тус сургуулийн нягтлан бодогч ажилтай Б.*******тэй маргалдаж улмаар түүний толгой, нүүр, 2 гарын орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн дунд, дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Хохирогч Б.*******ийн биед учирсан... баруун чамархайн дунд, дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт бүхий гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Ховд аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Тогтохын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн нягтлан бодогчийн өрөөнд хохирогч Б.*******ийн толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж, хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмч Д.Тогтохын мэдүүлэг, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон гэж шүүх үзсэн болно.
3. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Б.*******ийг толгой, нүүр хэсэгт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... баруун чамархайн дунд, дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт ... бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
4. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Б.*******ийн нүүр хэсэгт гараараа цохиж ... баруун чамархайн дунд, дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын уг хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, зүүн гарын шууны урд дунд хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт ... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5.Иймд шүүгдэгч Ж.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
6. Хохирогч шүүгдэгч нарын хоорондын үл ойлголцол, мөн бие биенээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэхэд шалтгаан болжээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч Ж.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэргийн 92 дугаар хуудас дахь ******* овогт *******гийн ******* /*******/-гийн урьд “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” хуудас, гэрч Б.Сайнсанаагийн өгсөн... Ж.******* нь даруу төлөв зантай, илүү дутуу зан авир ааш байхгүй, ажилсаг, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, тусархаг, хүнтэй хэрүүл хийгээд байдаггүй хүн байгаа. Одоо Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн Гүн чандмань орон сууцны 07 тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. Хувьдаа Fit маркийн автомашин, мөн 2 өрөө орон сууцны хөрөнгөтэй. 1994-1995 онуудад цэргийн албыг төв аймгийн Сэргэлэн суманд хаасан”... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.Шүүгдэгч Ж.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчаас шүүгдэгч Ж.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр гаргасан ялын дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ид оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино … гэх журмыг шүүгдэгч Ж.*******ид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ээс шүүгдэгч Ж.******* нь хор уршигт тооцож 400000 төгрөг төлсөн, төлсөн талаархи баримтыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нь төлөх төлбөргүй байна.
2.Шүүгдэгч Ж.*******ид холбогдох эрүүгийн 2436001770124 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ..хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ид оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2436001770124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч Ж.*******ид мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА