| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0180/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/172 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ж.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т. Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Нарантуяа, улсын яллагч Ж.Алтансолонго, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, түүний өмөөлөгч Л.Ганболд нарыг оролцуулан Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2436001520217 дугаартай, 178/2024/0180/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Солоон овогт Цэрэндоржийн Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Жаргалант суманд 1986 оны 05 дугаар сарын 07-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Ховдын Өргөө ХХК-д мужаан гагнуурчин, ам бүл тав, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 13-08 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2436001520217 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 13-ний орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 36-62 ХОҮ улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг 2.18% промиль согтолттойгоор жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2436001520217 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/,
- Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 53 дахь тал/,
- Баримт бичиг хураан авах тухай тогтоол /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
- Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0236643 дугаартай шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
- Гэрч Ч.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
- шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугар хуудас/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн амьсгал дахь спиртийн агууламж 2.18% промиль согтолт илэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан согтолтын зэрэг шалгасан эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар Ц.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ний орой 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 36-62 ХОҮ улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг 2.18% промиль согтолттой үедээ жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно” согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор аутентик тайлбар хийжээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Ц. Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц. Бат-Эрдэнэд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэж шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц. Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц. Бат-Эрдэнэд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Солоон овогт Цэрэндоржийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц. Бат-Эрдэнэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Бат-Эрдэнэ нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Бат-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Ц. Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА