Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01875

 

 “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Н дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2018/00294 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н газарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 62 379 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н газар нь гурван сая дахь иргэнийг шагнахаар манай компанитай 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н дүүргийн 2 дугаар хороо, Ану хотхоны 31Б байрны 5 давхарын 21 тоот 51,22 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын талбайн үнийг 1 300 000 төгрөгт тооцож нийт 66 586 000 төгрөгөөр худалдан авсан. Орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгч, гурван сая дахь иргэний нас чацуутан Х.Х-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн.

Хариуцагч нь орон сууцны төлбөрт 25 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж хүлээцтэй хандсан. Иймд хариуцагчаас 41 586 000 төгрөг, алданги 20 793 000 төгрөг, нийт 62 379 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Г.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н газар, “П” ХХК-наас 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орон сууц худалдан авч, гурван сая дахь иргэнд тус компанийн 51.22 м.кв бүхий 66 586 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байр бэлэглэсэн.

Гэрээний үлдэгдэл төлбөр болох 41 586 000 төгрөгийг 2017, 2018 оны төсөвт тусгуулахаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлт хүргүүлсэн боловч Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын дагуу төсөв хэмнэх шаардлагатай гэж үзэн батлагдаагүй. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, санхүү, төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороогоор тус компанид олгох үлдэгдэл 41 586 000 төгрөгийн төлбөрийг хэлэлцүүлсэн бөгөөд 2018 оны төсвийн тодотгол хийгдсэн тохиолдолд орон нутгийн төсөвт батлахаар санал дэмжигдээд байна. Иймд  эдийн засгийн байдал муудаж төсөвт гэнэтийн шийдвэр гарч төсөв хэмнэгдэж, батлагдаагүй тул алдангийн төлбөрөөс чөлөөлж үндсэн төлбөр 41 586 000 төгрөгийг 2018 оны төсвийн тодотголоор батлагдсанаар бүрэн төлнө гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.8.-д заасныг баримтлан Н газраас 51 982 500 /тавин нэгэн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж “П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 396 500 /арван сая гурван зуун ерэн зургаан мянга таван зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 469 845 /дөрвөн зуун ерэн зургаан мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н газраас улсын тэмдэгтийн хураамжид 417 862 /дөрвөн зуун арван долоон мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хариуцагч талыг хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд гуравдагч этгээдээс шууд хамааралтайгаар хугацаа хэтрүүлснийг үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болсон гэж хэлэхэд учир дутагдалтай байна гэжээ.

Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдээс шалтгаалаагүй гэж үзсэнд гомдолтой байна.

Алданги 10 396 500 төгрөгийг төлөх боломжгүй,шүүхийн шийдвэрийн алданги 10 396 500 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “П” ХХК хариуцагч Н газарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 41 586 000 төгрөг, алданги 20 793 000 төгрөг, нийт 62 379 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...,алданги 20 793 000 төгрөг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ. /хх-1-2, 34/

 

Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н дүүргийн 2-р хороо, АНУ хотхоны 31Б байрны 05 дугаар давхарын 21 тоот, 51,22 мкв орон сууцыг нэхэмжлэгч “П” ХХК барьж хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь орон сууцны үнэд 1 м.кв талбайн үнийг 1 300 000 төгрөгөөр тооцож нийт 66 586 000 төгрөгийг 2015 онд багтаан төлж дуусахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /хх-13-18/

 

Дээрх харилцааг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Уг гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлж, тодорхой орон сууцыг хариуцагчийн нэрлэн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Н газар нь 25 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 41 586 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлөөгүй байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-1-2,34, 49-50 /

 

Талуудын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...худалдан авагч нь орон сууцны төлбөрийг 2015 оны дотор бүрэн төлөх”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...,харилцан тохиролцож хойшлуулснаас бусад тохиолдолд гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нөхцөлд 0,1 хувиар алданги төлөхөөр” тохиролцжээ. /хх-13-18/

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцах юм. Хугацаа хэтрүүлсний хариуцлагад талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар анз тооцохоор бичгээр тохиролцсон. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгаж тогтоосон байх бөгөөд уг заалтаар анзаас бүрэн чөлөөлөх боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Н дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШШ2018/00294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н газрын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 294 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Б.НАРМАНДАХ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД