Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0035

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ч.С

Шүүгдэгч                                                       Б.М, Б.Э

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

Нарийн бичгийн дарга                             Т.Баялаг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой, Б.М, Б.Э нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н М.

 

Монгол улсын иргэн Б овогт Б-н Э.

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баийн Овоотын 22-23а тоотод иргэн Х.Б-тэй хамт архи ууж байгаад Х.Б-н эзэмшлийн ХААН банкны виза картыг нууцаар хууль бусаар авч, картнаас бэлэн мөнгө уншуулан авч 1.100.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.М-ийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон 1.100.000 төгрөг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Б-н М-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Б-н Э-г Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг 2 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Б.Эад оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Б.Э шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мийн цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Б.Эыг 12 хоног цагдан хоригдсоныг дурьдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Э нараас тус бүр 550.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Б-д олгуулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

          Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

“... Би урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний амьдрал тийм ч сайн биш. Хүүхэд маань Энэрэл төвд байдаг. Би энд байх хугацаанд буруугаа маш сайн ойлгосон. Дахиж ийм болчимгүй үйлдэл гаргахгүй. Одоо дулааны улирал болж байгаа тул ажил хийж хохирол гомдлыг барагдуулна. Миний энэ хэцүү байдлыг харгалзан үзэж миний эдлэх ялыг тэнсэн болгож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.С дүгнэлтдээ: “...  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

Б.М, Б.Э нар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 22-23а тоотод оршин суух иргэн Х.Б-н гэрт түүнтэй хамт архи ууж байгаад Б.М нь Х.Б-н эзэмшлийн ХААН банкны виза картыг нууцаар хууль бусаар авч, картнаас нь 1.100.000 төгрөг авсан, шүүгдэгч Б.Э нь дээрхи 1.100.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Шүүх Б.М-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Эыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан гэм буруутайд тус тус тооцож, Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.М нь “... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ... ажил хийж хохирол гомдлыг барагдуулна. Миний энэ хэцүү байдлыг харгалзан үзэж миний эдлэх ялыг тэнсэн болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “ ... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс Б.Мт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... М-н үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй ...” гэсэн тайлбар гаргасан боловч энэ нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М нь тухайн үйл баримтын талаар мэдүүлэхдээ “... Б нь манай гэрт орж ирээд үхлээ, гурвуулаа манай гэр рүү оръё гэж хэлээд гэр рүүгээ дагуулж ороод Э-д виза картаа өгөөд тамхи, нэг шил архи захисан юм. Тэгээд тэрийг нь хамт хувааж уусан. Тэгээд байж байтал дахиад архи аваад ир гэж хэлээд бас л виза картаа өгсөн. Би дэлгүүрээс хоёр шил архи авсан, тухайн үед Б бид хоёрт хүүхдэдээ юм аваарай гэхээр нь хүүхдэдээ бэлэг авсан. Тэгээд буцаж очоод архиа хувааж уусан. Энэ үед бүгдээрээ согтсон байсан, би тэр чигт нь картыг нь аваад Вансэмбэрүү дэлгүүрийн ХААН банкны АТМ-аас 300.000 төгрөгөөр нэг удаа, 800.000 төгрөгөөр нэг удаа уншуулсан. Тэгээд мөнгийг архи авч уусан, буудалд хонож үрж дуусгасан ... би урьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ асуудалд нөхөр маань ямар ч хамаагүй гэж буруу мэдүүлэг өгсөн ... картнаас мөнгө авч байхад Э надтай хамт байсан. Б-н карт гэж мэдэж байгаа ... би урьд өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан...” гэж /хх 4/,

шүүгдэгч Б.Э нь яллагдагчаар мэдүүлэхдээ “...архи уугаад дууссаны дараа Б тасраад унтаад өгсөн юм. Би тухайн үед бас согтсон байсан. Нэг мэдэхэд хорооллын Вансэмбэрүү дэлгүүрийн ХААН банкны АТМ дээр бид хоёр зогсож байсан ...Тухайн карт нь Б карт байсан...”гэж /хх 10/, 

мөн тэрээр гэрчээр мэдүүлэхдээ “...эхнэр бид хоёр картыг нь уншуулаад хоёр шил Ерөөл 0.75 граммын архи, тамхи, хүүхдэдээ бэлэг авсан. Тэгээд гэрт нь очоод уусан. Тэгээд картыг нь буцаагаад Б-д өгсөн юм. Архиа ууж дуусгаад Б нь тасраад унтсан юм. Тэгээд эхнэр бид хоёр тэдний гэрээс гарсан. Энэ үед л М нь Б-н халааснаас картыг нь авсан юм шиг байна лээ, би сүүлд нь мэдсэн ... ” гэж /хх 26/,

хохирогч Х.Б нь “... би энэ хоёртой дэлгүүр орж нэг шил архи аваад буцаж гэр лүүгээ харьсан. Гэртээ дэлгүүрээс авсан нэг шил архиа хувааж уусан. Тэгээд л нэг мэдэхэд тасраад унтсан байна лээ ... ” гэж /хх 21/, харин дахин мэдүүлэхдээ “... сүүлд нь М, Э хоёрт хоёуланд нь картаа өгөөд дэлгүүр лүү явуулсан. Тэгээд би М-с картаа аваад дэрэн доороо хийсэн ... би тэр картаа буцааж авсан гэдгээ маш сайн санаж байна...” гэж /хх 67/ тус тус мэдүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаас дүгнэхэд Х.Б нь Б.М-т өөрийн виза картыг итгэмжлэн хариуцуулсан гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд харин дэлгүүрээс эд зүйл авахуулах зорилгоор шүүгдэгч нарт өгч явуулсан ... буцаж ирэхэд нь картаа авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Х.Б нь шүүгдэгч Б.Мт өөрийн виза картыг итгэмжлэн хариуцуулахаар үүрэг хүлээлгээгүй, Б.М нь хууль буюу гэрээнд зааснаар түүний виза картыг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд биш байх тул өмгөөлөгч Р.Б-н гаргасан “...хэргийн зүйлчлэл тохироогүй...” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ