Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                

    Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж

Улсын яллагч М.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр

Шүүгдэгч Ж.Булганбаатар 

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Жаргалсайханы Булганбаатарт холбогдох 201703000039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн 1а тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овгийн Жаргалсайханы Булганбаатар /РД:ан91062810/

 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 

Яллагдагч Боржигон овгийн Жаргалсайханы Булганбаатар нь шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг Худагийн 05 тоотод байх хохирогч Ч.Дамдингийн гэрээс 0.75 литрийн “Болор” нэртэй архи 4 ширхэг, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи 2 ширхэг, 0.5 граммын “Альфа” нэртэй архи 2 ширхэг, хэвийн ааруул 10 кг, адууны мах 5 кг, сүү 5 литр зэргийг хулгайлж, Ч.Дамдинд 254.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Булганбаатарын мэдүүлсэн: ...Ч.Дамдин гэх айлаас 4 шил “Болор” нэртэй архи, ааруул авсан нь үнэн бөгөөд ааруулаа Баярсайхан гэх найздаа 2 шил архиар зарсан. Бусад 4 шил архи, адууны мах, сүү энэ тэрийг би аваагүй, байцаагчдаа аваагүй гэж хэлсэн чинь чамаас өөр авсан хүн байхгүй байна, авсан гэж хэл гэж байцаалт аваад бичүүлсэн. Тухайн үед би өмгөөлөгч аваагүй байсан. Авсан 4 шил архинаас ээж архи уулаа гээд нэгийг нь хагалсан, хоёрыг нь Дагва эгчийнд орж уусан, ааруулыг нь хоёр шил архинд өгсөн. Байцаагч мэдүүлэг авахдаа “Соёрхол”, “Альфа” нэртэй архи байсныг нь энд тэнд явж байгаад хаясан гэж мэдүүлэг өг гэж хэлээд өгүүлсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

  

            Мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Ч.Дамдины мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Худагийн 05 тоотод ганцаараа амьдардаг юм. 2016 оны 11 сарын 10-ны үед санагдаж байна, нэг орой хүүгийндээ очиж хонохоор болж гэрээ цоожлоод явсан. Тэгээд маргааш өглөө нь гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байхаар нь гэртээ орсон чинь хоймор байх авдрын цоож байхгүй болсон байсан. Тэгээд би авдраа онгойлгож харсан чинь дотор нь байсан “Болор” нэртэй архи 4 ширхэг, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи 2 ширхэг, 0.5 литртэй “Альфа” нэртэй архи 2 ширхэг нийт 8 шил архи мөн хөлдөөгчинд байсан хэвийн ааруул 10 кг, адууны мах 5 кг, сүү 5 литр зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгсэн дээрх эд зүйлсийг манай сумын иргэн Жаргалсайханы Булганбаатар гэх залуу хулгайлсан байсныг цагдаа нар олж өгсөн. Би алдсан эд зүйлээ зах зээлийн ханшаар үнэлж байгаа. Архи бол үйлдвэрээсээ гарсан архи байгаа, сүү, ааруул нь манай өөрсдийн хийсэн нутгийн цагаан идээ юм, мах бол адууны тарган мах байсан. Манай гэрийн хаалга болон бусад эд зүйлд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учирсан зүйл байхгүй. Би үнэлгээний тайлантай танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй бөгөөд үнэлгээг зөвшөөрч байна. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ж.Булганбаатар миний хохирлыг бүрэн төлж дуусгасан. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд суухгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

 

Гэрч Б.Баянбаатарын мэдүүлсэн: ...Ч.Дамдин манай хадам аав байгаа юм. 2016 оны 11 сарын дундуур санагдаж байна, манай хадам аав Ч.Дамдин гуайн гэрт хулгай ороод авдар дотор нь байсан 8 шил архи, хөлдөөгчинд байсан ааруул, сүү, мах зэрэг хүнсний зүйлийг нь хулгайлсан байсан. Тухайн хэрэг гарах үед би хөдөө байсан юм. Хэргийн талаар дараа нь мэдсэн. Ямар ч эд зүйл эвдэрч устсан зүйл намайг ирэхэд байгаагүй, Дамдин гуай ч эвдэрч гэмтсэн талаар яриагүй. Манай хадам аав олон жил багийн дарга хийсэн, хувиараа аж ахуй эрхэлдэг, их хөдөлмөрч, ард түмэндээ нэр хүнд сайтай, амьдрал ахуй ч сайн хүн байгаа юм. Харин Булганбаатарыг зүс танихаас цаашгүй, зан аашийг нь мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Гэрч З.Дагвадоржийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын дундуур санагдаж байна, яг хэдний өдөр байсныг мэдэхгүй, нэг орой 22 цагийн үед Ж.Булганбаатар манайд согтуу орж ирээд том шилтэй архи гаргаж ирээд, хоёулаа хувааж уух уу гэхээр нь би тэр архинаас 2 хундагыг л уугаад, ах нь одоо уухгүй гэж хэлсэн. Тэр архи ямар архи байсныг мэдэхгүй байна. Ж.Булганбаатар надад ярихдаа “Болор” гэдэг архи байгаа юм, үнэ нь 20.000 төгрөг гэж ярьж байсан бөгөөд тэр архийг хаанаас авч ирсэн талаар надад яриагүй, би ч асуугаагүй. Ж.Булганбаатар тэр архийг хаанаас авсан талаар надад яриагүй, харин хэд хоногийн өмнө дээрх архийг Ч.Дамдин гэдэг айлаас авсан шүү гэж надад ярьсан. Тухайн үед Ж.Булганбаатар манайд ганцаараа орж ирээд 30 орчим минут болоод гарсан бөгөөд би хаашаа явсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Гэрч  М.Баярсайханы мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын эхээр шиг санагдаж байна, яг хугацааг нь би сайн санахгүй байна, Цэцэрлэг сумын төвд худгаас ус авах гэж байтал Булганбаатар ирээд надад хандаж чихэртэй хэвийн ааруул авах уу гэхээр нь би түүнд хандаж мөнгө төгрөг байхгүй, бололцоо байхгүй гэж хэлтэл Булганбаатар 2 шил архи авч өгөөд ааруул ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд 0.5 граммын хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи авч өгөөд би түүнээс шар тортой ааруул авсан. Тухайн ааруул нь шар торны дундуур л байсан бөгөөд нойтон, хуурай холилдсон чихэртэй, бөөрөнхий хэлбэртэй ааруулууд байсан. Би тухайн ааруулыг идэж уугаад хэрэглээд дуусгасан. Би бол жинлэж үзээгүй учраас хэдэн кг байсан талаар сайн хэлж мэдэхгүй байна, ойролцоогоор 5-7 кг байсан болов уу гэж бодож байна. Булганбаатар бол суманд багш хийж байсан бөгөөд аав, ээж нь сумын сургуульд багш байсан. Тийм учраас Булганбаатарыг хулгай хийнэ гэж бодоогүй юм. Хулгайн ааруул гэдгийг угаасаа мэдээгүй. Одоо л мэдэж байна. Би ааруул авахдаа Булганбаатартай хамт гэрт нь очиж авсан. Булганбаатар жижиг амбаараасаа ааруулаа гаргаж өгсөн. Мөн Булганбаатарын гэрт ороход гэрт нь хэн ч байгаагүй. Булганбаатарын гэрт өөр ямар нэгэн зүйл байсныг би анзаараагүй. Би Булганбаатарын амбаарт нь ороогүй. Булганбаатар нь архи дарс уусан байж харагддаг, сумын төвд эхнэр, 3 хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Би түүнтэй ойр дотно нөхөрлөөд байдаггүй. Тийм учраас би сайн мэдэхгүй байна. Надад гомдол санал байхгүй. Би Булганбаатараас ааруул авахдаа хулгайн ааруул байсанг мэдэхгүй учраас худалдаж аваад хэрэглэсэн. Одоо тэр ааруул нь байхгүй бөгөөд 2 шил архиар худалдаж авсан. Тийм учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Гэрч А.Сарантуяагийн мэдүүлсэн: ...Булганбаатар бол миний төрсөн хүү байгаа юм. Харин Дамдин гуайтай нэг нутгийн хүмүүс байгаа юм. ...2016 оны 11 сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Худагийн 05 тоотод байх Дамдингийн гэрээс 4 шил “Болор” нэртэй архи, торны тал ааруул зэрэг эд зүйлийг хулгайлсан гэсэн. Өөр нарийн зүйлийг бол мэдэхгүй байна. Цэцэрлэг сумын төвд 2016 оны 11 сарын 10-11-нд шилжих шөнө яг хэдэн цаг болж байсан талаар санахгүй байгаа бөгөөд би Булганбаатартай таарахад Булганбаатар нилээн согтуу явж байсан. Би түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл гэрт нь “Болор” нэртэй архи байхаар нь аваад хагалсан бөгөөд тэр гэртээ унтаад үлдсэн. Ийм л зүйл болсон. ...Булганбаатар нь 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Тэрээр сумынхаа цэцэрлэгт явж байгаад сумынхаа дунд сургуульд орж бүрэн дунд боловсрол эзэмшээд, Монгол Улсын Боловсролын их сургуулийг төгсөж, мэдээлэл зүйн багш мэргэжил эзэмшсэн. Тэгээд Цэцэрлэг сумын дунд сургуульд багшаар орсон бөгөөд одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 3 хүүгийнхээ хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Худагийн 01-03 тоотод оршин сууж байна. Булганбаатар нь хүнд их тусархаг, хүнт итгэмтгий, хүнтэй эвсэг харьцаатай, ажилсаг хөдөлмөрч хүн байгаа юм. Тэрээр бусадтай хэрүүл, маргаан зодоон цохион хийгээд байдаггүй. Тэрээр хааяа л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25хуу/

 

Гэрч А.Энхболдын мэдүүлсэн: ...Булганбаатар бол миний төрсөн дүү Сарантуяагийн хүү байгаа юм. Булганбаатар нь бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөсөн. Тэгээд Архангай аймгийн Цэцэрлэг сумын дунд сургуулийг төгсөөд Монгол Улсын Боловсролын их сургуульд суралцаж багш мэргэжил эзэмшсэн. Тэгээд Архангай аймгийн Цэцэрлэг сумын дунд сургуульд багшилж байгаад ажлаасаа гарсан. Булганбаатар нь одоо эхнэр, 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Тэрээр дөлгөөн, номхон зантай, ажилсаг, хичээнгүй, хүнд их тусархаг хүүхэд байгаа юм. Сүүлийн үед архи дарс жаахан уудаг болсон гэсэн. Би байнга хажууд нь байдаггүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Тэрээр урьд өмнө нь цагдаагийн байгууллагад ямар нэгэн байдлаар шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч Д.Жаргалсайханы мэдүүлсэн: ...Би Булганбаатарын холбогдсон хэргийн талаар мэднэ. Нэг өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттогттох гэх хүн надад хандаж танай хүү Булганбаатарыг аймгийн төв рүү аваад явлаа гээд аваад явсан. Би Булганбаатараас юу болсон талаар асуухад надад хандаж Дамдин гуайн гэрээс эд зүйл нууцаар авсан гэж хэлсэн. Өөр нарийн зүйл хэлээгүй. Булганбаатар нь 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай гурав дахь хүү болон Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Тэрээр бага наснаасаа эхлэн цэцэрлэгт явсан бөгөөд Архангай аймгийн Цэцэрлэг сумын дунд сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд тухайн жилдээ буюу 2009 онд Монгол Улсын боловсролын сургуулийн физик мэдээлэл зүйн ангид элсэн суралцаж, бакалаврын боловсрол эзэмшсэн юм. Тэрээр сургуулиа төгсөөд Архангай аймгийн Цэцэрлэг сумын дунд сургуульд мэдээлэл зүйн багшийн ажлыг 3 жил хийгээд 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Манай хүү хүнд их тусархаг, илэн далангүй хүүхэд байгаа юм. Өөр муу зуршил байхгүй. Гэр бүлийн байдал гэвэл эхнэр, 3 хүүгийн хамтаар Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багт байнга оршин суудаг юм. Түүний том хүү нь 6 настай, дундах хүү нь 4 настай, бага хүү нь 2 настай юм. Манай хүү Булганбаатар анх удаа л цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Манай хүү гэр бүлийнхэнтэйгээ эвтэй, нийцтэй харьцдаг, ямар нэгэн байдлаар эхнэр, хүүхдээ хүчирхийлэх, дарамтлах, агсан согтуу тавих, гэр орныхоо эд зүйлийг зарж үрэх асуудал гаргаж байгаагүй. Цэцэрлэг суманд хааяа нийлээд архи дарс уудаг ганц хоёр хүн байдаг. Эдгээр хүмүүстэй архи л уудаг. Өөр ямар нэгэн дотно найз нөхөд байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

 Э.Булганбаатарын сэжигтэнээр мэдүүлсэн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө ойролцоогоор 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Худагийн 05 тоотод оршин суух Дамдин гуайн гэрээс 4 шил “Болор” нэртэй 0.75 граммын хэмжээтэй архи, 2 шил “Соёрхол” нэртэй архи 0.75 граммын хэмжээтэй архи, 2 шил 0.5 граммын хэмжээтэй “Альфа” нэртэй архи архи, 5 кг адууны мах, 5 литр үнээний сүү, 10 кг орчим хэвийн чихэртэй ааруул зэргийг хулгайлсан. Би хулгайлсан архинуудаасаа “Болор” нэртэй 3 шил архийг нь уусан. Нэг шил архийг Дагва гэх айлд хувааж уусан, гэхдээ талд нь ортол уугаад талыг нь би авч гадаа гараад явж байгаад хаясан. Нэг шил архийг нь намайг хулгай хийсэн шөнө манай ээж намайг гэрт хүргэж өгөхдөө архи уулаа гэж уурлаад хагалсан, 2 шил “Болор” нэртэй архийг гэртээ ганцаараа уусан, харин ааруулыг нь Баяраа гэх залууд хулгай хийснийхээ маргааш нь хоёр шил архиар зарчихсан. Би Дамдины гэрт орж хулгай хийхдээ согтуу байсан. Би бодохдоо адууны мах, үнээний сүү, “Альфа” нэртэй 2 шил архи, “Соёрхол” нэртэй архи 2 шил зэргийг гудамжинд явж байгаад хаясан байх, эсвэл хүмүүст өгсөн байх. Би Дамдины гэрээс хулгайлсан эд зүйлээ авч гарсан. Нэг мэдэхэд л гэртээ хариад 1 шил архийг ганцаараа ууж байсан, хэсэг хугацааны дараа 1 шил “Болор” нэртэй архийг нь аваад Дагвадоржийнд очсон бөгөөд Дагвадорж бид хоёр тухайн архийг талд нь хүртэл хувааж уусан, тэгээд үлдсэн тал шил архиа аваад гарсан. Тэгээд талыг нь Дагвадоржийн гэрийн урд талд явж байгаад газарт хаясан. Ингээд явж байтал манай ээж ирээд намайг гэрт хүргэж өгсөн. Ээж манай гэрт орж ирээд “Болор” нэртэй архи байгааг хараад тухайн архийг хагалсан. Тэгээд ээжийг явсны дараа үлдсэн 1 шил “Болор” нэртэй архиа ганцаараа уусан. Ингээд гэртээ тасраад унасан байна лээ. Би ээждээ тухайн “Болор” нэртэй архийг дэлгүүрээс зээлж авсан юм гэж хэлсэн. Би Дамдины гэрт очиход гаднаасаа цоожтой байсан бөгөөд хүчтэй дугтартал цүү нь мултарч унаад хаалга онгойсон, дотогш ороод гэрлийг нь асаагаад авдарных нь цоожийг гараараа таттал мөн л онгойсон. Тэгээд дотор нь “Болор”, “Альфа”, “Соёрхол” нэртэй архинууд болон чихэр, булган малгай, мөнгөн бүс зэрэг эд зүйлс байсан. Би тухайн авдарнаас архинуудыг нь авсан. Тэгээд хөлдөөгч рүү харахад хөлдөөгчний хаалга жижигхэн онгойсон байсан. Тэгээд онгойлгоод үзтэл ааруул болон мах, сүү байсан бөгөөд тэгээд л авсан. Би согтуу байсан бөгөөд ухаан орж гараад л байсан. Би хулгайлсан эд зүйлээ ямар нэгэн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн зүйл байхгүй, би архинуудаа халааснууддаа хийгээд мах, сүү, ааруул зэргээ бариад гарсан санагдаж байна. Би ганцаараа байсан бөгөөд архи ууж яваад л ийм зүйл болчихлоо. Би хохирол мөнгөө бүрэн барагдуулж Дамдин гуайг гомдолгүй болгосон. Би гудамжинд хүнтэй архи уугаагүй шиг санагдаж байна. “Болор” нэртэй архинуудыг хэрхэн, яаж, ууж идсэнээ санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/  

 

Архангай аймгийн Цэцэрлэг сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11 хуу/

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 46-47 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-53,54 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Булганбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг Худагийн 05 тоотод байх хохирогч Ч.Дамдингийн гэрээс 0.75 литрийн “Болор” нэртэй архи 4 ширхэг, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи 2 ширхэг, 0.5 граммын “Альфа” нэртэй архи 2 ширхэг, хэвийн ааруул 10 кг, адууны мах 5 кг, сүү 5 литр зэргийг хулгайлж, Ч.Дамдинд 254.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Ч.Дамдины мэдүүлсэн: ...Тэгээд маргааш өглөө нь гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байхаар нь гэртээ орсон чинь хоймор байх авдрын цоож байхгүй болсон байсан. Тэгээд би авдраа онгойлгож харсан чинь дотор нь байсан “Болор” нэртэй архи 4 ширхэг, 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи 2 ширхэг, 0.5 литртэй “Альфа” нэртэй архи 2 ширхэг нийт 8 шил архи мөн хөлдөөгчинд байсан хэвийн ааруул 10 кг, адууны мах 5 кг, сүү 5 литр зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэгсэн дээрх эд зүйлсийг манай сумын иргэн Жаргалсайханы Булганбаатар гэх залуу хулгайлсан байсныг цагдаа нар олж өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Б.Баянбаатарын мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын дундуур санагдаж байна, манай хадам аав Ч.Дамдин гуайн гэрт хулгай ороод авдар дотор нь байсан 8 шил архи, хөлдөөгчинд байсан ааруул, сүү, мах зэрэг хүнсний зүйлийг нь хулгайлсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, гэрч З.Дагвадоржийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын дундуур санагдаж байна, яг хэдний өдөр байсныг мэдэхгүй, нэг орой 22 цагийн үед Ж.Булганбаатар манайд согтуу орж ирээд том шилтэй архи гаргаж ирээд, хоёулаа хувааж уух уу гэхээр нь би тэр архинаас 2 хундагыг л уугаад, ах нь одоо уухгүй гэж хэлсэн. Ж.Булганбаатар тэр архийг хаанаас авсан талаар надад яриагүй, харин хэд хоногийн өмнө дээрх архийг Ч.Дамдин гэдэг айлаас авсан шүү гэж надад ярьсан...гэх мэдүүлэг, гэрч М.Баярсайханы мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын эхээр шиг санагдаж байна, яг хугацааг нь би сайн санахгүй байна, Цэцэрлэг сумын төвд худгаас ус авах гэж байтал Булганбаатар ирээд надад хандаж чихэртэй хэвийн ааруул авах уу гэхээр нь би түүнд хандаж мөнгө төгрөг байхгүй, бололцоо байхгүй гэж хэлтэл Булганбаатар 2 шил архи авч өгөөд ааруул ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд 0.5 граммын хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи авч өгөөд, түүнээс шар тортой ааруул авсан... гэх мэдүүлэг, гэрч А.Сарантуяагийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Худагийн 05 тоотод байх Дамдингийн гэрээс 4 шил “Болор” нэртэй архи, торны тал ааруул зэрэг эд зүйлийг хулгайлсан гэсэн. Өөр нарийн зүйлийг бол мэдэхгүй байна. Цэцэрлэг сумын төвд 2016 оны 11 сарын 10-11-нд шилжих шөнө яг хэдэн цаг болж байсан талаар санахгүй байгаа бөгөөд би Булганбаатартай таарахад Булганбаатар нилээн согтуу явж байсан. Би түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл гэрт нь “Болор” нэртэй архи байхаар нь аваад хагалсан бөгөөд тэр гэртээ унтаад үлдсэн...гэх мэдүүлэг, гэрч Д.Жаргалсайханы мэдүүлсэн: ...Нэг өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттогттох гэх хүн надад хандаж танай хүү Булганбаатарыг аймгийн төв рүү аваад явлаа гээд аваад явсан. Булганбаатараас юу болсон талаар асуухад надад хандаж Дамдин гуайн гэрээс эд зүйл нууцаар авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг, Э.Булганбаатарын сэжигтэнээр мэдүүлсэн: ...Би 2016 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө ойролцоогоор 22-23 цагийн орчимд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Худагийн 05 тоотод оршин суух Дамдин гуайн гэрээс 4 шил “Болор” нэртэй 0.75 граммын хэмжээтэй архи, 2 шил “Соёрхол” нэртэй архи 0.75 граммын хэмжээтэй архи, 2 шил 0.5 граммын хэмжээтэй “Альфа” нэртэй архи архи, 5 кг адууны мах, 5 литр үнээний сүү, 10 кг орчим хэвийн чихэртэй ааруул зэргийг хулгайлсан..гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар түүний үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь 4 шил архи, сүү, мах зэргийг хулгайлаагүй гэж мэдүүлэг өгч байгаа боловч мөрдөн байцаалтын үед сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө дээрх эд зүйлсийг хулгайлсан талаараа мэдүүлэг өгсөн, энэ мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгээр батлагддаг бөгөөд шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтуудаар батлагдахгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Булганбаатарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

 Иймд Шүүгдэгч Боржигон овгийн Жаргалсайханы Булганбаатарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудаснаас үзэхэд шүүгдэгч Ж.Булганбаатар нь ял шийтгүүлж байгаагүй нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Булганбаатарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Булганбаатар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул энэ байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Ж.Булганбаатар нь  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзэв.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Булганбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                         

     

    ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Жаргалсайханы Булганбаатарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Булганбаатарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ж.Булганбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ж.Булганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Булганбаатарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                           

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ОДХҮҮ    

                             

 

                                                                   

                   

 

­