Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0441

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0441

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ннар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т компани нь анх 2009 онд байгуулагдсан бөгөөд өөрийн үндсэн чадавхид тулгуурлан эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй үйл ажиллагаа эрхэлж, Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр, оруулан, улсын болоод бүсийн хэмжээнд өндөр нэр хүнд, бизнесийн зохистой практик бүхий, тогтвортой үйл ажиллагааг явуулж, Мэдрэл, дотрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, архаг өвдөлтийн оношлогоо, эмчилгээ болон 1 уламжлалт эмнэлгийн үзлэг оношлогоо, эмчилгээний чиглэлээр нарийн мэргэжлийн төрөлжсөн Чулуунаа үүдэн эмнэлэг байгуулан ажиллаж байна.

 

Тус компани нь сүүлийн үед дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж буй Өвдөлт намжаалт-ын тусламж үйлчилгээг нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд хамтран баг бүрдүүлэн орчин үеийн рентген техник, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын эм бэлдмэлийг ашиглан тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах Эмнэлгийн аялал жуучлал-ын шинэ салбарыг хөгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Манай улсад дээрхи төрлийн баг, эмч нарыг бүрдүүлэх мэргэжилтнүүд хангалттай байгаа боловч зарим техник, тусгай зориулалтын эм бэлдмэл байхгүйгээс бид архаг өвдөлтийг намжаах, эмчлэх тусламжийг одоог хүртэл цогцоор явуулж чадахгүй байна.

Өвдөлт намжаах асуудал нь зөвхөн хурц өвдөлт, хагалгааны дараах өвдөлтийг намжаах чиглэлээр бус дэлхий нийтээр мөрдөгдөж буй International association for the study of pain холбооны баримталж буй зарчмын дагуу ажиллах Pain clinic байгуулах шаардлагатай байгаа бөгөөд ингэхдээ эмнэлгийн аялал жуучлалыг дэлхийн нэр хүнд бүхий улстай хамтран хөгжүүлэх шаардпага урган гарч байна.

Ингэснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эх орондд хийн гүйцэтгэх, гадагш урсах валютын урсгалыг сааруулах, хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад зэрэг улс орнуудад тухайн тусламж үйлчилгээ нэвтэрч амжаагүй, орон нутгийн болон гадаадын жуулчдыг эмнэлгийн аялал жуулчлалд зуучлах, зорилтын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 1.0 га газрыг Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайдын 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2012/34 тоот гэрчилгээгээр ашиглах болсон.

Уг газрыг ашиглах үед газар дээр барилгын хог шороо овоорсон, газрын эвдрэл ихтэй байсныг засаж сайжруулсан төдийгүй газар ашиглалтын төлбөрийг цаг тухай бүрт нь бүрэн төлсөөр ирсэн. Гэтэл 2019 оны 07 сарын 18-ны өдрийн

Байгаль орчин, аялал жуучлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 1088 тоот мэдэгдлээр Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 07 сарын 10 өдрийн А/******* тоот тушаалаар газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг 2019 оны 07 сарын 23-ны өдөр гардуулж өгсөн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Тушаал хүчингүй болгох тухай 2019 оны А/******* дугаар тушаалыг авч танилцахад Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай

хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 заалтыг үндэслэн тушаалыг гаргахдаа : Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын зориулалтаар хууль зөрчин олгосон гэсэн үндэслэлээр манай компаний 2012 оны 05 сарын 21 өдрийн 2012/34 тоот газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон байна. Манай компани хууль ёсны дагуу газрыг ашиглах эрхийг авсан.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээрхи шийдвэр бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна., 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 26.2 дахь хэсэгт Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.", 27.2 дахь хэсэгт Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: гээд 27.2.1 дэх заалтад хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх; 27.2.2 дахь заалтад хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх. гэж тус тус зохицуулжээ. Тус яамны холбогдох газар, хэлтэс албан тушаалтнуудаас хуульд заасан манай компанийн эрхийг хангаагүй бөгөөд хуульд заасан тайлбар гаргах, санал өгөх эрхийг ноцтой зөрчсөн.

Манай компани хууль тогтоомжид заасны дагуу газар ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд, тогтоосон хувь хэмжээгээр тогтмол төлж ирсэн бөгөөд энэ талаар ямар нэг зөрчил дутагдалгүй болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Тушаал хүчингүй болгох тухай 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2012/34 тоот гэрчилгээгээр ашиглаж буй Богдхан Уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 1.0 га газрын ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд 1 га газрыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2012/34 тоот гэрчилгээгээр ашиглаж байсан. Уг газрыг ашиглах үед газар дээр барилгын хог шороо овоорсон, газрын эвдрэл ихтэй байсныг өөрийн хөрөнгөөр засаж сайжруулсан төдийгүй цаг тухай бүрт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын төлбөрийг төлж нитй газрын төлбөрт 78,775,000 төгрөгийг төлсөн. Ингээд Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2019.7.10-ны өдрийн А/******* тушаал, Богд хан уулын дархан цаазат газрын захиргааны 2019.7.18-ны өдрийн 1088 тоот мэдэгдлээр Т ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг мэдэгдсэн, мэдэгдлийг 2019.7.23-ны өдөр гардуулан өгсөн байдаг. Уг тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17.3-т зааснаар тусгай зөвшөөрөл олгосон байна гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ншүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т ХХК-д 2012.4.27-ны өдрийн А/155 тоот тушаалаар Богд хан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар буюу Ташгайн амны хязгаарлалтын бүсд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг. 2019.710-ны өдөр уг тушаалыг хүчингүй болгох А/******* тоот тушаалаар Дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар олгодоггүй гэдэг хуулийн агуулгыг барьсан. Байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын зориулалтаар газар олгоод байшин барих эрх нь нээлттэй байдаг талаар зохицуулсан зохицуулалтыг буруу хэрэглэж аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь Тусгай хамгаалалтын тухай хуулийн 11.7, 12.1, 12.5, 12.11-д заасныг зөрчсөн. Энд байшин барилга барьж газрын хэвлийг ухах болон дэглэмийг зөрчхийг 1996 онд батлагдсан Тусгай хамгаалалтын тухай хуулиар хориглосон. Хуулийн заалтыг зөрчснөөр Дархан цаазат газар Зайсангийн аманд газар олгогдоод байшин барилга баригдаад явчихсан байдал нийтэд илэрхий харагддаг. Газрын төлбөрийн тухайд тушаалд ороогүй, эрхийг хүчингүй болгохтой холбоотой маргаан байгаа. Газрыг 2012 оноос хойш ашигласан зүйл байхгүй. Хашаа татсан байдалтай байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Т ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай дугаар А-******* тоот тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Ташгайн ам нэртэй газарт байрлах 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон байна.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай дугаар А/******* тоот тушаалаар Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон үндэслэлээр Т ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ гэж, 11 дүгээр зүйлд Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно, 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зэргээр дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг хуульчилсан байх ба уг зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагаанд аялал жуулчлалын үйл ажиллагааг хамааруулаагүй байна.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгохыг хуулиар зөвшөөрөөгүй байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-******* дүгээр тушаалаар Т ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд хариуцагч нь анх 2012 оны А-******* дүгээр тушаалаар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохдоо аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн байх ба уг хууль зөрчсөн алдааг залруулж сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар А/******* тоот тушаалыг гаргасан байх тул маргаан бүхий 2019 оны А/******* тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай газрын зэргэлдээх газруудыг бусад аж ахуй нэгжүүдэд мөн адил аялал жуулчлалын зориулалтаар олгосон атлаа эдгээр аж ахуй нэгжүүдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохгүй байгаа нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэсэн үндэслэлээр маргаж байх хэдий ч энэ үндэслэл нь анхнаасаа хууль зөрчиж газар ашиглах эрх олгосон сайдын 2012 оны А-******* дүгээр тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн энд тэмдэглэхэд, нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А-******* дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосны улмаас 70 гаруй сая төгрөгийн газрын төлбөр төлсөн, маргаан бүхий газарт байсан овоолсон хог шороог техник хэрэгсэл ашиглан тэгшилж цэвэрлэсний улмаас олон сая төгрөгийн хөрөнгө, зардал гаргасан гэсэн агуулгаар тайлбарлан үүнийг нотлох холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгч байх бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/******* дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Т ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ