| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0175/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/180 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/180
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Ц-ын Б-ид холбогдох 2428001830225 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Lexus 470” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж иргэн О.Э-ы жолоодож явсан улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гарган зорчигч Б.Ж-ы биед зүүн шаант ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр найз залуутайгаа хөдөө явах гээд явж байгаад “Наран дөл” дэлгүүрийн урд бид хоёр чигээрээ явах ёстой байсан чинь машинтай ах гэнэт хажуугаас орж ирээд мөргөсөн. Ямар ч зогсох үйлдэл хийгээгүй. Тэгээд эмнэлэгт очоод үзүүлэхэд миний зүүн хөлийн шилбэний яс сэтэрхийтэй хугарсан байна гэж хэлсэн. Би төмрийн харшилтай учраас хагалгаанд ороогүй. 4 сар гэрээр эмчилгээ хийлгэсэн. Нэг удаа эгчтэйгээ ирж уулзсан. Эгч нь та хоёрын буруу гээд загнаад байсан. Уучлалт ерөөсөө гуйгаагүй. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Сүүлд манай ээжтэй яриад танай хүүхдийн буруу гэж загнасан байсан. Би бээлийний үйлдвэрт ажилладаг байсан. Сарын дундаж цалин 2,950,000 төгрөг бөгөөд ажлаа хийж чадахгүй 4 сар гэртээ байсан тул ажилгүй байсан хугацааны цалин 9,830,000 төгрөг, эм, эмчилгээний төлбөр 642,000 төгрөг, хот явсан зардал 240,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол төлбөр 8,573,400 төгрөг, нийт 19,285,400 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 05 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед би найз залуу болох Эы амьдардаг Баруунсайхан хорооллын ... тоот хаягаас Этай хамт мотоциклоор би ард нь суугаад засмал замаар доошоо Нарандөл дэлгүүрийн 4 уулзвартай зам дээр бид хоёр гол замаараа чигээрээ явж байхад ... улсын дугаартай 470 загварын машин гэнэт хажуугаас орж ирээд мөргөсөн. Тэгээд мөргүүлсний дараа би мотоцикл дээрээс унаад хөл өвдөөд, бага зэргийн цочролд ороод эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод рентген зураг авхуулахад хөлийн шилбэний яс сэтэрхийтэй хугарсан байна гэж эмч хэлсэн... Нэрийг нь би сайн мэдэхгүй байна, тухайн жолооч ахтай би уулзаагүй ба манай ээжийн данс руу нэг сая төгрөгийг хийсэн байсан. Миний зүүн хөлийн шилбэний яс хугарсан ба өөр гэмтсэн зүйл байхгүй. Би гомдолтой байна. Би өөрт учирсан сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлаа нэхэмжилж авмаар байна.” (хавтаст хэргийн 22-26 дахь тал)
Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний орой хөдөө Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум руу явж тэмээ хяргах гээд найз охин болох Ж-ы хамт мотоциклоор Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Баруунсайхан гэр хорооллын ... тоот хаягаас хөдлөөд 26 дугаар цэцэрлэгийн урд талын дөрвөн замын уулзвар дээр 470 загварын машинтай мөргөлдөж осолд орсон. Тухайн үед миний ард сууж явсан манай найз охин Ж хөл өвдөөд байна гээд байсан. Тэгээд тухайн 470 загварын машины жолооч ах бууж ирээд яаж байгаа юм гэхээр нь би өөдөөс нь та өөрөө яаж яваад байгаа юм гэж хэлээд найз охин Ж-аас яаж байна гайгүй юу гээд асуухад Ж хөл өвдөөд байна эмнэлэг оръё гээд уйлаад байсан. Тэгээд нөгөө 470 загварын машины жолооч ах за гялс суучих эмнэлэг явъя гээд бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн... Би тухайн 470 загварын тээврийн хэрэгслийг харсан ба тухайн 470 загварын тээврийн хэрэгсэл зүүн тийшээгээ эргэх дохио өгсөн зогсож байхаар нь би тоормосоо гишгэхээ болиод чигээрээ явахад тухайн 470 загварын тээврийн хэрэгсэл миний унаж явсан мотоциклын зүүн талын хойд хэсэг рүү мөргөж зогссон. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй.” (хавтаст хэргийн 30-32 дахь тал)
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр орой 22 цаг 40 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 26 дугаар цэцэрлэгийн урд талын зам дээр зүүн талаас баруун зүг рүү хүрч ирээд дөрвөн замын уулзвар дээр ирээд зүүн тийшээгээ эргэх гээд дохиогоо өгөөд зогссон. Тэгээд эргээд замынхаа 70 хувийг туулсан явж байхад миний өмнүүр мотоциклтой хүүхдүүд хар хурдаараа орж ирсэн. Би сандарсандаа баруун талаараа дараад зөв талынхаа купер хэсгээр шүргэхэд тухайн мотоциклтой хүүхдүүд чигээрээ яваад замын боржуур мөргөөд ойчсон. Би бууж очоод цагдаа дуудъя гэхэд тухайн мотоциклыг жолоодож явсан хүн яах юм бэ хэрэггүй гэхээр нь би тэр хоёр хүүхдийг машиндаа суулгаад эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Эмнэлэг дээр очсоны дараа аав, ээж нь гээд хүмүүс ирээд уулзахаар нь би цагдаа дуудаж шалгуулъя гэхэд тухайн аав, ээж гэх хүмүүс нь яах юм бэ өөрсдөө тохиролцоод учраа олъё гэж хэлсэн. Тэгээд эмчид үзүүлсний дараа ард нь сууж явсан зорчигч охины хөл нь цуураад хугарсан байна өнөөдөртөө гипэстүүлээд явуулъя гэж байсан.” (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би хохирогч Б.Ж-ы ээж болох Ш.Т гэх хүний хаан банкны данс руу хохирол төлбөр болох 1,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Тэрнээс өөрөөр одоогоор хохирол төлбөр өгч барагдуулаагүй байгаа. Удахгүй хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна.” (хавтаст хэргийн 63-64 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Ж-ы биед зүүн шаант ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 35-36 дахь тал)
“...” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-А: ... улсын дугаартай “Lexus.lx470-j100" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.5 /а,б,в,г/ зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. в/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх. г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн. Хариулт-Б: Улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан жолооч О.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох. 3.4 в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 3.5 /а,б,в,г/ зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. в/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх. г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн. Хариулт-В: Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй Хариулт-Г: Тухайн зам тээврийн осолд ... улсын дугаартай “Lexus.lx470-j100” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Б-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн.” (хавтаст хэргийн 52-54 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1205 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б-ын Ж /РД:.../-н сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” (хавтаст хэргийн 112-113 дахь тал)
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дэх тал)
“...” ХХК-ийн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 92 дахь тал)
Эмнэлгийн магадлагаа (хавтаст хэргийн 93-94 дэх тал)
Амбулаториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 98-100 дахь тал)
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд (хавтаст хэргийн 151-163 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 70, 150 дахь тал)
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал)
Өмнөговь аймаг Сэврэй сум ... багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 72 дахь тал)
Жолооны үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал)
Төрийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 89 дэх тал)
“...” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/203 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 149 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б-ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-д төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 18,285,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг миний үйлчлүүлэгч 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр осолд өртөж зүүн шаант ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б нь хууль бус үйлдэлтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хэргийн зүйлчлэлийн талаар өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал, маргах зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчийн биед нь хүндэвтэр гэмтэл учирч, сэтгэцэд нь хохирол хор уршиг учирсан нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1205 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хохирол, төлбөрийг нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу 2 дугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлнэ гэж заасны дагуу шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 8,573,400 төгрөг нэхэмжилж байгаа. Миний үйлчлүүлэгч нэмж өгөх зүйлүүдийг өгөөгүй байсан учраас өнөөдөр гаргаж өгсөн. Ингээд эмчилгээний зардал болон Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх гэж ирж очсон зардал, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 10,712,000 төгрөг дээр сэтгэцэд учирсан хохирол төлбөр 8,573,400 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. Энэ гэмтлийн улмаас акттай байсан хугацааг 2024 оны 05 дугаар сарын 24-нөөс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 3 сар 20 хоногийн хугацаанд тооцож үзсэн. Үүнд хагас, бүтэн сайн өдрүүд ороогүй байгаа. Энэ хугацааны цалинг 9,830,000 төгрөг гэж тооцож гаргасан. Эм, эмчилгээний төлбөр 642,000 төгрөг, хот явсан зардал 240,000 төгрөг, нийт 19,285,400 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч нь хэрэг гарсан өдөр харилцан тохиролцсон гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгчид 1,000,000 төгрөг төлсөн. Үүнийг хасаж тооцох боломжтой гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл манай үйлчлүүлэгч Ц.Б-ийн зүгээс өөрийн өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргаж мэтгэлцэхгүй байгаа. Тухайн зам тээврийн осол гарахад тухайн мотоциклын жолооч жолоодох эрхийн үнэмлэхгүй, мөн хэд хэдэн зөрчлийг нэг үйлдлээр үйлдсэн байдаг. Тухайн жолоочийг жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдсээр байж хохирогч тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан нь энэ осол гаргахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэг гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг... Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт нийт 19,285,400 төгрөг нэхэмжилдэг. Сэтгэцэд учирсан хохирлыг дээд хэмжээгээр хохирогчийн зүгээс нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоодог. Энэ хохирол төлбөрийг тогтоохдоо хохирогчийн биед учирсан гэмтэл, хохирогчийн сэтгэл санааны байдал, эмнэл зүйн эмчилгээ авсан нөхцөл байдал, хэрэг гарсан нөхцөл байдал зэрэг бүх талыг нь харж байж сэтгэцийн хор уршгийг мөнгөөр илэрхийлж гаргадаг. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирогчийн хайнга үйлдэл нөлөөлсөн гэдгийг цохон тэмдэглэж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг багаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг манай үйлчлүүлэгч төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байгаа. Эм тариатай холбоотой гаргаж өгсөн нотлох баримтаас 308,300 төгрөгийн баримтыг шаардлага хангаснаар гаргаж өгсөн байна. Улаанбаатар хот руу 3 удаа явсан гэж байгаа боловч энэ талаар тодорхой хэлж мэдүүлдэггүй. Эхлээд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр явж үзүүлсэн, 2024 оны 09 дүгээр сарын 20-нд давтан үзүүлсэн гэж хэлсэн. Гэхдээ 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шатахууны баримтыг асуухад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хувийн унаагаар явсан юм байна гэдэг эргэлзээтэй нөхцөл байдлыг хариулдаг. Улаанбаатар хотод очоод хэд хоноод ирсэн гэдэг. Улаанбаатар хот руу явахдаа замын Альфард машинаар явж ирсэн. Нэг талын зардал 60,000 төгрөг... Зардал төлсөн баримтыг нь харахаар 120,000, 120,000 төгрөгөөр шилжүүлсэн байдаг. ... Үнэхээр альфард тээврийн хэрэгслээр явсан бол ямар улсын дугаартай ямар тээврийн хэрэгслээр яваад тухайн тээврийн хэрэгслээрээ буцаж ирсэнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас замын зардал, шатахууны зардлыг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна... Эмнэлэгт үзүүлж л байгаа бол таны амбулаториор эмчлүүлэгсдийн карт дээр заавал тэмдэглэл хийгддэг. Тэмдэглэл үйлдэгдэж байж энэ хүн Улаанбаатар хотод очоод эмнэлэгт үзүүлсэн байна гэдэг нь нотлогдоно... Сард 2,950,000 төгрөгийн цалин авдаг гэсэн цалингийн тодорхойлолт нь ямар байгууллагаас гаргаж өгч байгаа нь мэдэгдэхгүй бичгийн цаасан дээр хэвлэсэн тодорхойлолт хавтаст хэргийн 92 дугаар хуудаст авагдсан байдаг. Тухайн тодорхойлолтыг хэн олгоод байгаа нь мэдэгдэхгүй гарын үсэггүй тодорхойлолт байгаа учраас үнийг үндэслэж нотлох баримтаар тооцох боломжгүй байна. Мөн тухайн хүний цалин авдаг гэдгийг нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоох боломжтой. Нийгмийн даатгал төлдөггүй тохиолдолд энэ хүн сар бүр орлого олж байгаа бол хүн амын орлогын албан татвар төлсөн баримтаар цалин хөлс нь тогтоогдоно. Гэтэл өнөөдөр хохирогчийг 2,950,000 төгрөгийн цалин авдаг байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудсанд эмнэлгийн магадалгаа авагдсан байдаг. Тухайн магадалгаануудыг 14, 14 хоногийн хугацаагаар 2 удаа сунгагдсан. Нэг нь 3 удаа сунгагдсан баримт авагдсан байна. Эмнэлгийн хуудас олгох, хянах журмын 3 дугаар зүйлд эмнэлгийн хуудас олгох, бичих хугацааг зааж өгсөн байдаг. 3.2-т амбулаториор эмчлүүлсэн иргэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг 14 хүртэл хоногоор олгоно гэсэн байдаг. Мөн 3 дугаар хэсэгт амбулаторийн тусламж үйлчилгээг 14 хоногоос дээш хугацаагаар үзүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанууд маань энэ журмын 3.7-д заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд эмнэлгийн хяналтын комиссын хурлын шийдвэрээр үндэслэн эмнэлгийн хуралд олгоно гэсэн журам байна. Гэтэл 14 хоногоос дээш хугацаагаар эмнэлгийн хуудас олгох тохиолдолд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор орж шийдвэрлэгдэх байтал ингэж шийдвэрлэгдсэнтэй холбоотой баримт авагдаагүй байна. Мөн 3.4-д ахуйн болон үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн мэргэжлээс шалтгаалсан өвчин, хорт хавдар сүрьеэ зэрэг удаан хугацааны эмчилгээ шаардах өвчний үед хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудасны хугацаа 30 хүртэл хоног байна. Бусад тохиолдолд 7 хоног хүртэл хугацаагаар сунгана гэж заасан байна. Энэ сунгасан хугацаа журмыг зөрсөн байгаа учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн сунгах болсон үндэслэл шалтгааныг амбулаториор эмчлүүлэгсдийн карт дээр бичиж үнэхээр сунгах шаардлагатай юу үгүй юу гэдгийг эмч тодорхой бичиж 7 хоногоор сунгаж журам байна. Тийм учраас 3 сар 20 хоног хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн хяналтад байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тийм учраас цалин хөлсийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 3,300,000 төгрөг, эм тариатай холбоотой 308,300 төгрөг, нийт 3,608,300 төгрөгийг төлөх эрх зүйн үндэслэлтэй байна. Үүнээс 1,000,000 төгрөгийг төлсөн байгаа учраас одоо 2,608,300 төгрөгийг хохирогчид төлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж нь хохирол төлбөрөө бүхэлд нь нэхэмжилж байна гэх тайлбарыг,
Шүүгдэгч нь хохирогчийн картад миний эмнэлэгт аваачиж үзүүлснээс өөр тэмдэглэгээ хийгээгүй байсан. Өмгөөлөгч нь 06 дугаар сарын 12, 13-ны үед уулзаад надаас мөнгө нэхэмжилсэн. Хуулийн ямар ч мэдлэггүй хүнийг дарамталсан. Мөн тухайн үед надаас 12,000,000 төгрөг нэхэмжилсэн. Түүнээс хойш би Цагдаагийн байгууллагад хандъя гээд энэ хүмүүстэй дахиж холбоо аваагүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Lexus 470” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж иргэн О.Э-ы жолоодож явсан улсын дугааргүй мотоциклыг мөргөж зам тээврийн осол гарган зорчигч Б.Ж-ы биед зүүн шаант ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Жы мэдүүлэг (хавтаст хэргийн 22-26 дахь тал), гэрч О.Э-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), “Харцага тайж” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
“...” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-А: ... улсын дугаартай “Lexus.lx470-j100" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.5 /а,б,в,г/ зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх. б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх. г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн... Хариулт-В: Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй Хариулт-Г: Тухайн зам тээврийн осолд ... улсын дугаартай "Lexus.lx470-j100" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Б-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн.” (хавтаст хэргийн 52-54 дэх тал) гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Ц.Б-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-ы биед зүүн шаант ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 320 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчихыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Ц.Б нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-ийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,573,400 төгрөг, эмчилгээний зардал 642,000 төгрөг, замын зардалд 240,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 9,830,000 төгрөг, нийт 19,285,400 төгрөг нэхэмжилсэн болно.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.”,
2.4-т “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно” гэж хуульчилжээ.
Мөрдөгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр гуравдугаар зэрэглэл (хавтаст хэргийн 102 дахь тал)-ээр тогтоосон боловч шүүгдэгч уг зэрэглэлийг эс зөвшөөрснөөр шинжилгээ хийх эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулахаар мөрдөгч 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Шинжээч томилж, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (хавтаст хэргийн 115 дахь тал) үйлдсэний дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1205 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч, уг дүгнэлтэд: “Б-ын Ж /РД:.../-н сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” (хавтаст хэргийн 112-113 дахь тал) гэж тогтоосон байна.
Шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Жы сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч, уг шинж сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1205 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 112-113 дахь тал)-ээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн нас, гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөл, зовуурь, шаналал, гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэлээ.
Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,573,400 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн эмчилгээний зардал 642,000 төгрөг, замын зардалд 240,000 төгрөгийн нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул эмчилгээ болон замын зардлын 882,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 8,573,400 төгрөг, нийт 9,455,400 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.
Үүнээс шүүгдэгч Ц.Б-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-д хохирол төлбөрт төлсөн 1,000,000 төгрөг (хавтаст хэргийн 89 дэх тал)-ийг хасаж, үлдэх 8,455,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгчээс 8,455,400 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-д олгох шийдвэр гаргасантай холбогдуулан шүүгдэгчийн зүгээс түр завсарлага авч шүүхээс тогтоосон дээрх төлбөрөөс 4,000,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Жы дансанд шилжүүлж, үлдэх 4,455,400 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сард 500,000 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлж барагдуулахаар хоёр тал харилцан тохиролцсон болох нь хүсэлт (хавтаст хэргийн 166 дахь тал) болон оролцогчдын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс 4,455,400 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Жд олгох нь зүйтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж нь ажилгүй байсан хугацааны цалин 9,830,000 төгрөгийг “...” ХХК-ийн цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 92 дахь тал)-ыг үндэслэн нэхэмжилж байх боловч тухайн тодорхойлолт нь албан ёсны байгууллагын хэвлэмэл хуудсанд үйлдэгдээгүй, тамга тэмдэггүй буюу нотлох баримтын шаардлага хангагдаагүй баримтаар хохирогчийн цалинг тодорхойлох боломжгүй бөгөөд олсон орлогоо баталгаажуулж нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвар төлж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул ажилгүй байсан хугацааны цалин 9,830,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэгийн зүгээс шүүгдэгч нь хохирол төлбөр төлж барагдуулаагүй, хохирогчоос уучлалт гуйж байгаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээг хуульчилсан байдаг. Шүүх ялын бодлогыг хангах шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэхийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Хуульд хохирол төлбөрөө төлөөгүй тохиолдолд торгох шийтгэл оногдуулахгүй байх заалт байдаг. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг ойлгосон хэдий ч хэсэгчлэн төлж байгаагүй учраас шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэлийн хувьд манай үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөрөө төлөөгүй нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг агуулгаар тайлбарлаад байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг нь тусдаа асуудал. Манай үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирол төлбөрийг тухай бүрд нь төлөөгүй гэдэг асуудлыг ярьж байна. Гэтэл хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Шүүх хуралдааны шатанд хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Манай үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар хохирол төлбөр төлөөгүй асуудал гаргаагүй эмчилгээтэй холбоотой төлбөрт 1,000,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байгаа. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүхээс тогтоох хуулийн зохицуулалттай. Шүүхээс тогтоогоогүй байхад бид нар урьдчилаад хэдий хэмжээгээр төлье гэдэг талаар хохирогчтой ярилцаж тохиролцсон зүйл байхгүй учраас шүүхээс тогтоохыг нь хүлээж байсан. Тийм учраас хохирол төлбөр төлөхгүй санаачилга гаргаагүй гэдэг нь үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болдог. Манай үйлчлүүлэгчийн хувьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдож байгаа. Хохиролт төлбөрийн хувьд мөрдөн байцаалтын шатанд 1,000,000 төгрөг төлсөн. Мөн сая шүүхээс тогтоосон хэмжээний 4,000,000 төгрөгийг төлсөн, ингээд нийт 5,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Мөн үлдэгдэл хохирол төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хохирол төлбөрөө төлсөн болон төлөхөө илэрхийлж байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлууд болно гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, том хүүхэд нь 3 настай, бага хүүхэд нь 4 сартай. Эхнэр нь 2 бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг. Ц.Бийн хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа авч явдаг. 2022 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл ... гэх газар “...” ХХК-д тогтвор суурьшилтай, тогтмол цалин, орлоготой ажиллаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын сонгох санкцтай гэмт хэрэг байгаа. Хохирогчийн зүгээс мөн сундалж явсан тээврийн хэрэгслийн жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхгүйг мэдсээр байж зорчсон хайхрамжгүй үйлдэл нь хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тийм учраас манай үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Учир нь хохирогчид хохирол төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулна, мөн өөрөө 2 бага насны хүүхэдтэй учраас орлогын байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх хугацааг 1 жилээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж болон шүүгдэгч нарын зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тус тус харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах зэрэг гурван төрлийн албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 4,455,400 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сард 500,000 төгрөгийг хэсэгчлэн хувааж төлж барагдуулахаар хоёр тал харилцан тохиролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б-ид оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-д 5,000,000 (таван сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ид шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-оос 4,455,400 (дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ж-ы ажилгүй байсан хугацааны цалин 9,830,000 (есөн сая найман зуун гучин мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацааны цалин, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Жд 5,000,000 (таван сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ