Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эмнэлгийн чанартай албадлагын

арга хэмжээ хэрэглэх тухай

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 

Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Иргэдийн төлөөлөгч: Ж.Ариунтунгалаг

Шүүгдэгч: Д.Эрдэнэцогт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн сэтгэцийн өвчтэй яллагдагчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлэх тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Довчинсамбуугийн Эрдэнэцогтод холбогдох 201603000516 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, тусгай дунд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 1, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овгийн Довчинсамбуугийн Эрдэнэцогт /РД: хн57070770/

 

Холбогдсон хэргийн талаар: /Сэтгэцийн өвчтэй яллагдагчид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар хэргийг шүүхэд шилжүүлэх тогтоолд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Эрдэнэцогт нь ялтай байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой 20-21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хасу” худалдааны төвд байрлах “Хаан” банкны автомат теллер машины дэлгэцийг чулуугаар хагалан гэмтээж, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Эрдэнэцогтын мэдүүлсэн: ... Би 2011 онд тархиндаа цус харвасан. Тухайн үед эмч нар намайг эрүүл агаарт байх хэрэгтэй гэхээр нь би Архангай аймагт ирсэн. Намайг амьд байгаа болохоор хорсож атаархсан миний дүү нар болон цагдаа, прокурор байгаа. Эдгээр хүмүүс намайг хэрэг хийгээгүй байхад гүтгэж шоронд явуулаад байгаа болохоор их ууртай болсон. Миний ухаан санаа ч муудаж байна. Эрүүл хүн ч цочролд орохоор тийм байдалтай би амьдарч байна. Гэртээ ганцаараа байгаа учраас ярилцаад суух хүн байхгүй, ганцаарддаг учраас хааяа группийн мөнгө авахаараа 100 грамм уудаг бөгөөд уусан үедээ сэтгэл хөөрөөд хүн амьтантай ярьж хөөрөөд, сэтгэл санаа сайхан болдог. Тэр үедээ өөрөө мэдээд гэртээ харьдаг, заримдаа давраад дахиад хэд хэдэн архи уучихсан байдаг.  Энэ хэрэг болох үед 11 цаг болж байсан юм байна лээ. Юу бодож тийшээ явсан юм бол мэдэхгүй. Миний дансанд уг нь 18.000  төгрөг байсан. Би АТМ картаа хийгээд уншуулахад улаан өнгөөр түр хүлээгээд дахин гэсэн утгатай үг гараад ирсэн. Тухайн үед 2-3 удаа картаа хийсэн бөгөөд асдаггүй зурагтыг л цохиод асаадаг шиг санасан байх. Би тухайн үед биеэ барьж чадаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Танхайраад шорон яваад байдаг хүн би биш шүү. 2013 онд 12 дугаар дэлгүүрт ороод юмны үнэ асуусан чинь ээлжийн ахлагч нь аягатай цай барьсан явж байхаар нь сохор юм уу чи гээд загнасан чинь намайг танхайрсан гэж үзсэн. Хүнд юм хэлж болохоо байсан цаг байна. Хүү маань хань ижилтэй болсон болохоор би их тайван байгаа. Болж бүтэхгүй байгаа зүйлд их уур хүрдэг болсон байна. Монгол хүн ёс жудаггүй болчихсон байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Г.Сугарсүрэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 09-ний орой 20-21 цагийн орчимд хөгшиндүү эрэгтэй хүн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Хасу” худалдааны төвд байрлах Хаан банкны автомат теллер машин буюу АТМ-ийн дэлгэцийг хагалж  гэмтээсэн. Би үүнийг анх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэдээс сонссон бөгөөд үүний дагуу тус АТМ дээр очиход дэлгэц нь хагараад, дэлгэц дээр гардаг мэдээллүүд нь сайн харагдахгүй байсан. Тэгээд хяналтын камер шүүгээд үзэхэд хөгшиндүү эрэгтэй хүн эхлээд карт шургуулаад мөнгө л авах гээд байгаа юм шиг үйлдэл хийгээд байсан ба 3-4 удаа АТМ рүү картаа хийсэн. Тэгээд сүүлдээ гараа дэлгэц рүү нь цохиод, тохойлдоод байснаа том чулуу мэт зүйлийг гаднаас оруулж ирж цохьсон. Мөн АТМ-ны дэлгэц рүү нулимаад байсан. Ийм л зүйл болсон. Дээрх АТМ нь одоогоор ажиллагаа нь хэвийн ч дэлгэц нь гэмтсэн бөгөөд өөрөөр хэлбэл иргэд картаа уншуулан мөнгө авах гэхээр дэлгэц дээрх мэдээлэл нь маш бүдэг харагдаж байгаа. Уг АТМ-ны дэлгэцийг Монгол улсад янзалж засварладаг газар байхгүй, тухайн дэлгэцийг гаднаас л оруулж ирдэг гэж сонссон. Тухайн АТМ-ны дэлгэцний үнийг “Хаан” банкны төв салбараас ирүүлсэн албан бичигт 700.000 төгрөгийн ханштай гэж тогтоосон байсан. Архангай аймгийн хэмжээнд миний л мэдэхээр АТМ-ны дэлгэц хагалж байсан асуудал гарч байгаагүй. Харин Монгол улсын хэмжээнд гарч байсан эсэхийг нь мэдэхгүй. Би гомдолтой байна, би буруутай этгээдээс 700.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Гэрч Ё.Агваанданзангийн мэдүүлсэн: ...”Хасу” худалдааны төвийн гаднах бэлэн мөнгөний машин болох АТМ-ны дэлгэцний хамгаалалтын гадна шил нь бяцарсан байсан. Энэ нь чулуу болон төмөр хатуу зүйлээр цохиход үүснэ, тэрнээс хүний гараар цохиход хагардаггүй зүйл. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой хагарсан гэж надад Сугарсүрэн хэлсэн. Би Улаанбаатар хотод ажлаар явж байсан. Тиймээс би АТМ-ны дэлгэцийг бяцалсан гэх буруутай этгээдийг тогтоохын тулд камерын бичлэгийг нь шүүн үзэхэд настай гэмээр хүн хагалсан байсан бөгөөд сахалтай хүн байна лээ, гараараа цохиод дийлэхгүй болохоор нь хар өнгөтэй блок гэмээр зүйлээр цохиод бяцалсан. Бэлэн мөнгөний машин болох АТМ нь хэвийн ажиллаж байсан, ямар нэгэн байдлаар гацах болон доголдох асуудал байгаагүй. Дэлгэцийг бяцалсан шалтгааныг сайн мэдэхгүй байсан, картаа хийгээд буцааж аваад тэгээд гэнэт уурлаад байх шиг байсан. “Хасу” худалдааны төвийн гаднах бэлэн мөнгөний машин болох АТМ өмнө нь ямар нэгэн гэмтэлгүй хэвийн ажиллаж байсан, гэмтэл гарсан бол би мэдэх боломжтой бөгөөд учир нь “Хаан” банкны төвөөс миний гар утсанд /танай Архангай аймгийн салбарын АТМ/-нд алдаа гарсан байна гэж мэдээлэл гарч ирдэг. Тиймээс би мэдэх боломжтой байсан. Одоо уг АТМ нь хэвийн ажиллаж байгаа. АТМ-ны үндсэн дэлгэц хагараагүй, хамгаалалтын шил нь бяцарсан байсан. “Хаан” банкны хэвийн үйл ажиллагаа доголдох асуудал гараагүй, АТМ ажиллаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Гэрч С.Энхмаагийн мэдүүлсэн: ...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Улаанбаатар хотоос Архангай аймагт ирээд “Нийтийн худалдааны төв”-өөс хүүхдэдээ хувцас авах гээд “Хасу” худалдааны төвийн “Хаан” банкны АТМ орсон бөгөөд намайг ороход уг АТМ-ны дэлгэцний гадна талын шилэн нүүр хэсэг хагарч цуурсан байдалтай байсан. Тэгээд ажиллахгүй байгаа юм байхдаа гэсэн чинь хэвийн ажиллаж байсан. Тэгээд картаа хийгээд мөнгөө авахад хэвийн ажиллаж байсан бөгөөд мөнгөө аваад би гараад явсан. Гадна талдаа дэлгэцний гол хэсэг нь хагарсан, бяцарсан байсан, тэрнээс бүүр ажиллахаа больчихсон зүйл байхгүй байсан, гадна талын хамгаалалтын шил хагарсан байсан. “Хаан” банкны АТМ-ны дэлгэц хагарсан талаар би гэрийнхэндээ ярьсан, энэ талаар гадуур хүмүүс яриад яваад байсан. Архангай аймагт олон хүн мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Гэрч С.Эрдэнэбатын мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 09-ний өдөр Архангай аймгийн “Хасу” худалдааны төвийн гаднах “Хаан” банкны АТМ-ын  дэлгэцний гадна талын шилэн нүүр хэсэг хагарч цуурсан болох нь АТМ-ын дэлгэцийг гэмтээсэн гэж үзнэ. Учир нь энэ АТМ-ыг унагааж, шатааж, өөр тийш нь зөөвөрлөөгүй. Уг АТМ-ыг солиулсан бөгөөд солихдоо 700.000 төгрөгөөр солиулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг хэрэгт манай байгууллагын нөөцийн ажилтан Сугарсүрэн хохирогчоор оролцоод явж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Гэрч Э.Цогтбилэгийн мэдүүлсэн: ... Энэ камерын бичлэгт гарсан хүн  миний аав мөн байна. Манай аав 1957 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн Эрдэнэцогт гэх хүн байгаа юм. Ажил төрөл хийдэг боловсролтой сайн хүн байсан. Манай ээжээс 2003 онд салсан бөгөөд би аав, ээж хоёр дээрээ ээлжилж очдог, 2 дугаар ангиасаа аавынхаа талын хүмүүс дээр байдаг байсан. Манай аав 2011 онд тархиндаа цус харвасан. 2013 онд ял эдлээд ирснээс хойш биеийн байдал болон зан нь өөрчлөгдсөн бөгөөд өдөр ирэх тусам биеийн байдал доройтож байгаа. Сүүлийн үед тогтворгүй зантай болсон. Миний харснаар согтуудаа зурагт үзэж байгаад суваг солиод зурагт руугаа нулимаад, таалагдахгүй байна гэх мэтийн зүйлүүдийг яриад байдаг. Сэтгэцийн байдлын хувьд тогтворгүй өөрчлөлттэй болсон. Сэтгэцийн байдлаас гадна биеийн байдал нь мөн давхар муудаж байгаа, архи уухаараа хурдан согтдог болсон байна лээ. Эрүүл үедээ зан байдал нь тогтвортой байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/

 

Д.Эрдэнэцогтын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Би Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дугаар зүйлд заасны дагуу өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Би өмнө нь энэ бүх хэргүүдийг хилсээр хүлээж байсан. Одоо дахиад хэрэгт орооцолдсон нь гүтгэлэг гэж бодож байна. Ерөнхийлөгч Элбэгдоржийн манж ухааныг бүгд сурсан манжийн шээснүүд гэж бухимдав. Намайг шүүх шоронд явуулж байсан гэж чанга дуугаар хэлсэн. Би Эрүүгийн хуулийн ямар ч зүйл анги байсан хүлээн зөвшөөрөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43/

2017 оны 03 сарын 23-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 5 дугаартай магадлал

1. Яллагдагч Д.Эрдэнэцогт нь хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үедээ тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгтэй байжээ. Сэтгэцийн хувьд дээрх өвчний улмаас сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан байсан тул өөрийн үйлдэл нийгмийн аюулын шинж чанарыг зөв ухамсарлаж үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй байсан.

2. Яллагдагч Д.Эрдэнэцогт нь хэрэг үйлдэх тэр үедээ буюу 2016.11.09-ний өдөр өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон удирдан жолоодож чадахгүй байсан. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчний улмаас сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан байсан.

3. Одоо сэтгэцийн хувьд дээрх өвчтэй тул албадан эмчилгээний арга хэмжээ /эмнэлэгийн чанартай/ авах шаардлагатай.

4. Болсон явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй.

5. Яллагдагч Д.Эрдэнэцогт нь хэрэг хариуцах чадваргүй. гэх дүгнэлт  /хх-ийн 99-100 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-05-06х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-07, 14 хуу/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуу/

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Хаан” банкны тодорхойлолт /хх-ийн 17 хуу/

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хаан” банкны хохирол төлөгдсөн тухай тодорхойлолт /хх-ийн 93 хуу/

Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 33, 35 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48-49 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50, 103 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 53-65 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 хуу/

Эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 104 хуу/

Хэсгийн байцаагч О.Отгонбаярын тодорхойлолт /хх-ийн 105 хуу/

Амбулатороор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 106-109 хуу/

Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 110-111 хуу/

Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн Д.Эрдэнэцогт нь шилэн дэлгэцний үнэ болох 700.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ХААН банкинд шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 143 хуу/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэцогт нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ 2016 оны 11 дүгээр сарын 09-ний орой 20-21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хасу” худалдааны төвд байрлах “Хаан” банкны автомат теллер машины дэлгэцийг  чулуугаар цохиж гэмтээн, 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Г.Сугарсүрэнгийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 09-ний орой 20-21 цагийн орчимд хөгшиндүү эрэгтэй хүн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Хасу” худалдааны төвд байрлах Хаан банкны автомат теллер машин буюу АТМ-ийн дэлгэцийг хагалж  гэмтээсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, гэрч Ё.Агваанданзангийн мэдүүлсэн: ...Тиймээс би АТМ-ны дэлгэцийг бяцалсан гэх буруутай этгээдийг тогтоохын тулд камерын бичлэгийг нь шүүн үзэхэд настай гэмээр хүн хагалсан байсан бөгөөд сахалтай хүн байна лээ, гараараа цохиод дийлэхгүй болохоор нь хар өнгөтэй блок гэмээр зүйлээр цохиод бяцалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, гэрч С.Энхмаагийн мэдүүлсэн: ...2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Улаанбаатар хотоос Архангай аймагт ирээд “Нийтийн худалдааны төв”-өөс хүүхдэдээ хувцас авах гээд “Хасу” худалдааны төвийн “Хаан” банкны АТМ орсон бөгөөд намайг ороход уг АТМ-ны дэлгэцний гадна талын шилэн нүүр хэсэг хагарч цуурсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/, гэрч Э.Цогтбилэгийн мэдүүлсэн: ...Энэ хүн миний төрсөн аав. Энэ камерын бичлэгт гарсан хүн  миний аав мөн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 хуу/ болон Д.Эрдэнэцогтын сэтгэцийн байдлыг тогтоосон шүүх сэтгэц гэм судлалын 5 дугаартай магадлагаа /хх-ийн 99-100 хуу/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд Д.Эрдэнэцогтын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, түүний хувийн байдал, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

           

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Эрдэнэцогт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD нэг ширхэгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв.  

   

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298, 378, 385 дугаар зүйлийн 385.1, 385.5-д заасныг тус тус  удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Довчинсамбуугийн Эрдэнэцогтыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Д.Эрдэнэцогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт байлгах эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасны дагуу тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий Сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

5. Д.Эрдэнэцогтыг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт очтол урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                     

   ШҮҮГЧИД                                                        П.ГАНДОЛГОР

 

      Э.ОДХҮҮ