Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0086/з |
Дугаар | 221/МА2017/0169 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2017/0169
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Адилбиш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Сүйжин” ЗБН-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1022 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сүйжин” ЗБН-ийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Сүйжин эмнэлэг нь 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа барилгаа хувьчилж авах давуу эрхтэй гэдгийг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Сүйжин ЗБН нь байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос хойш 2 дугаар төрөхийн байранд 18 м.кв талбайг анх түрээслэн ажилладаг байсан бөгөөд 1999 оноос хойш Өмчийн харилцааны газрын зөвшөөрөлтэйгээр 90 м.кв талбай бүхий 5 өрөөг түрээслэн 10 ор бүхий эмэгтэйчүүдийн эмнэлгийг ажиллуулж үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Уг байр 1998 онд Нийслэлийн өмч харилцааны газарт шилжсэн. 2005 оны 9 дүгээр сараас “Баялаг бийлд инвест” ХХК-д шилжсэн. 2005-2011 он хүртэл мөн түрээсийн гэрээ байгуулж төлбөрөө төлж ажилласаар ирсэн. 2011 оноос хойш түрээсийн гэрээ хийгээгүй боловч түрээсийн төлбөрөө төлж 2011 онд “Баялаг бийлд инвест” ХХК-ийн захирал н.Доржтой түрээсийн гэрээ хийх гэтэл хүлээж бай гээд гэрээ хийгээгүй. Гэтэл “Баялаг бийлд инвест” ХХК болон иргэн П.Энхээ нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт “Баялаг бийлд инвест” ХХК-ийн эзэмшлийн газар болон газар дээрх үл хөдлөх хөрөнгийн тооцож шилжүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2322 тоот “Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжаар иргэн П.Энхээд газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Гэтэл энэхүү шүүгчийн захирамжид шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШТ2015/0843 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Уг захирамжийг хүчингүй болгосноор уг өмч улсын өмч болох ёстой байтал өнөөдрийн байдлаар улсын өмчид очоогүй гуравдагч этгээд П.Энхээгийн эзэмшилд шилжээд байгаа юм. Анхан шатны шүүхээс хариуцагч болох нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийнхээ дагуу “Баялаг бийлд инвест” ХХК-ийн газар эзэмших эрхийг гуравдагч этгээд П.Энхээд шилжүүлснийг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэжээ. Гэвч “Баялаг бийлд инвест” ХХК-ийн эзэмшлийн дээрх объект нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 465 тоот тогтоолоор “Баялаг бийлд инвест” ХХК-ийн хөрөнгийг 100 хувь битүүмжилж, битүүмжилсэн хөрөнгөөр төлбөрийг гаргуулж, үлдсэн хэсгийг улсын орлогод олгохоор шийдвэрлэсэн улсын өмч байх ёстой газар юм. Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийнхээ дагуу “Баялаг бийлд инвест” ХХК-ийн газар эзэмших эрхийг болон газар дээрх үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд П.Энхээд шилжүүлсэн гэх боловч П.Энхээд шилжүүлэх тухай анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул тус нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болох ёстой тул Нийслэлийн засаг даргын захирамж хуульд нийцээгүй байна. Мөн уг газар улсын өмчид шилжсэнээр өмч хувьчлах асуудал дээр нэхэмжлэгч оролцох боломж үүсч байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад анхан шатны шүүхээс ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр “Сүйжин” ЗБН нь түрээсэлж байгаа объектын доорх төрийн өмчийн газрыг эзэмших эрхгүй боловч 14 жилийн турш тасралтгүй төлбөрөө төлөн түрээсэлж хууль ёсны дагууу ашиглаж байгаа тул хууль ёсны ашиг сонирхолгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Газар эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тогтоолыг биелүүлэхгүй байгаа нь Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж байгаа юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж “Сүйжин” ЗБН-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
“Сүйжин” ЗБН нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Сүйжин эмнэлэг нь 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа барилгаа хувьчилж авах давуу эрхтэй болохоо тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдаан дээр давуу эрхийг тогтоолгох шаардлага нь бие даасан шаардлага бус, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхтэй холбоотой гаргасан тодруулга гэж тайлбарласны улмаас шүүх “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар амаржих газрын хуучин ашиглаж байсан зөвлөх амбулаторийн 305 м.кв талбай бүхий барилгыг “Баялаг бийлд инвест” ХХК-нд 8 орон сууцны төлбөрт тооцон шилжүүлсэн, барилгыг шилжүүлсэнтэй холбоотойгоор түүний доорхи газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 461 дүгээр захирамжаар тус компанид шилжүүлсэн, өмчлөгч өөрчлөгдсөнтөй холбоотойгоор “Сүйжин” ЗБН нь “Баялаг бийлд инвест” ХХК-тай 2005-2011 он хүртэл түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж үйл ажиллагаа явуулж байсан үйл баримтууд нотлогдсон.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “тус эмнэлэг Эх барих эмэгтэйчүүдийн 2 дугаар амаржих байранд 1997 оноос Нийслэлийн өмч харилцааны газар болон “Баялаг бийлд инвест” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж ирсэн, уг барилгын газрыг өөр этгээдэд шилжүүлснээр 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан “Сүйжин” ЗБН-ийн барилгын өмчлөгч өөрчлөгдөхөд давуу эрхтэй оролцох эрхийг зөрчсөн” гэж тайлбарлаж байх бөгөөд маргаан бүхий актаар барилгын хувьчлалын асуудлыг шийдвэрлэсэн бус газар эзэмших эрхийг шилжүүлсэн, тухайн газар хэн нэгний өмчлөлд бус төрийн өмч хэвээр байх тул өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж заасныг зөрчсөн гэж үзвэл тухайн барилгын өмчлөгч байсан “Баялаг бийлд инвест” ХХК-нд холбогдуулан шаардлагаа гаргах нь зүйтэй бөгөөд түрээсийн гэрээний түрээслэгч талд хуулиар олгосон өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхийг маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамж зөрчөөгүй, энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгч “Сүйжин” ЗБН-ийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс “маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамж Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2322 дугаар захирамжийг үндэслэн гарсан боловч уг захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаад хүчингүй болгосон тул тухайн өмч эргээд улсын өмч болох ёстой, улсын өмч болсон тохиолдолд худалдан авах давуу эрх хангагдах, өмч хувьчлах асуудал дээр нэхэмжлэгч оролцох боломж үүснэ” гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий Засаг даргын захирамж гарах үед тухайн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсан, “Баялаг бийлд инвест” ХХК, П.Энхээ нарын гаргасан хүсэлт болон бусад холбогдох баримтыг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба шүүх “Сүйжин эмнэлэг нь 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа барилгаа хувьчилж авах давуу эрхтэй болохоо тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгээр шийдвэрлэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг баримталсан алдааг гаргасныг зөвтгөх нь зүйтэй.
Мөн шүүх “Сүйжин” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг “Сүйжин” зохион байгуулалттай нөхөрлөл гэж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсныг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1022 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан “Сүйжин” ЗБН-ийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН